Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

           -шүүгдэгч Л.Билгүүн нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жагар овогт Лхагвасүрэнгийн Билгүүнд холбогдох эрүүгийн 201619000375 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ти Ти Ти Ви Си Өү” ХХК-нд мастер ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Авто замчдын 56а-25 тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Жагар овогт Лхагвасүрэнгийн Билгүүн, /РД:ТЯ91020513/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Билгүүн нь Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант сум руу салдаг уулзвар” гэх газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Приус-20 маркийн 65-92 УБИ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 10.6б дэх заалтуудыг зөрчсөний Бенз ML-320 маркийн 00-77 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг зүүн урд талын хаалга хэсэгт мөргөж, бусдад 13.716.882 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Билгүүн шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр замын хөвөө рүү орж зам тээврийн осол гаргасан. Миний ухаан балартсан байсан...” гэв.

Хохирогч С.Мөнхтуяа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай дүү Буманбаяр нь Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орохоор миний Бенз-ML-320 маркийн 00-77 УБЗ дугаарын машиныг жолоодож яваад оройн 22 цагийн үед над руу залгаад Жаргалант сумын орох уулзвар дээр приус машин ирээд эргэх гээд зогсож байхад хажуугаар орж ирээд мөргөчихлөө гэж ярьсан. Би араас нь очиход приус машинтай шүргэлцээд миний машины зүүн тал тэр чигээрээ зурагдаж хонхойн шат нь эвдэрсэн байсан, суудлын дэрүүд задарч ослын бүс задарсан байсан...Бенз ML-320 маркийн 00-77 УБЗ улсын дугаарын машин Б.Баяржаргал гэдэг хүний нэр дээр байдаг Баяржаргал нь манай найз худалдаж аваад 3 жил болж байгаа, нэрээ шилжүүлж амжаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Баяржаргал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Бенз ML-320 маркийн 00-77 УБЗ улсын дугаартай машин миний нэр дээр байдаг боловч энэ машин нь С.Мөнхтуяа гэдэг хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл осолд орж эвдэрсэн гэж сонссон энэ машин миний нэр дээр байдаг боловч С.Мөнхтуяагийн машин энэ хохирлын талаар С.Мөнхтуяа хариуцах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4-5, 54-61 дүгээр хуудас/

Замын цагдаагийн тасгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 49, 58 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 65 дугаар хуудас, 94 дүгээр хуудас / зэрэг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Билгүүн нь Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант сум руу салдаг уулзвар” гэх газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Приус-20 маркийн 65-92 УБИ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 10.6б дэх заалтуудыг зөрчсөний Бенз ML-320 маркийн 00-77 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг зүүн урд талын хаалга хэсэгт мөргөж, бусдад 13.716.882 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Мөнхтуяагийн: “...манай дүү Буманбаяр нь Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сум орохоор миний Бенз-ML-320 маркийн 00-77 УБЗ дугаарын машиныг жолоодож яваад оройн 22 цагийн үед над руу залгаад Жаргалант сумын орох уулзвар дээр приус машин ирээд эргэх гээд зогсож байхад хажуугаар орж ирээд мөргөчихлөө гэж ярьсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Баяржаргалын “..С.Мөнхтуяа гэдэг хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл осолд орж эвдэрсэн гэж сонссон энэ машин миний нэр дээр байдаг боловч С.Мөнхтуяагийн машин энэ хохирлын талаар С.Мөнхтуяа хариуцах болно...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7013 тоот дүгнэлт, үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 45 дугаартай дүгнэлт, шинжээчийн 49 дугаартай дүгнэлт, шинжээчийн 58 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Билгүүний хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч С.Мөнхтуяа нь шүүгдэгч Л.Билгүүн нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Л.Билгүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Л.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг болох №697748 дугаартай ВС ангиллын Л.Билгүүний жолооны үнэмлэхийг Л.Билгүүн буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийгтус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жагар овогт Лхагвасүрэнгийн Билгүүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Билгүүн нь хохирогч С.Мөнхтуяатай сайн дураараа эвлэрсэн байх тул Л.Билгүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Л.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг болох №697748 дугаартай ВС ангиллын Л.Билгүүний жолооны үнэмлэхийг Л.Билгүүн буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА