Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 15

 

 

                                   Г.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04  дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Энхбаатарт холбогдох

“1 100 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Эрдэнэ-Очир нь 2014 оны 02 дугаар сард С.Энхбаатарт өөрийн өмчлөлийн ЗИЛ-130 автомашиныг 2 сая төгрөгөөр зарсан. С.Энхбаатар нь 2014 оны 04 дүгээр сард нийт 2 сая төгрөгийг ямааны ноолуурынхаа мөнгөнөөс миний төрсөн ахын эхнэр Долгор, дүү С.Лхагвадорж нарын дансанд хийхээр тохиролцож авсан. Үүнээс хойш 2014 оны 05 дугаар сард 400000 төгрөгийг дүү Лхагвадоржийн дансанд хийсэн, мөн 2014 оны 09 дүгээр сард 400000 төгрөгийг миний өөрийн дансанд хийсэн. Үүнээс хойш үлдсэн мөнгийг өгөхгүй байхаар нь би С.Энхбаатарыг боломжоороо цувуулаад өгөөрэй гэж гуйсан. Үүнээс хойшхи  хугацаанд намайг мөнгөө нэхэхээр өгнө л гэдэг байсан ба 2016 оны 09 дүгээр сараас эхлэн эрүүлдээ өгнө гээд согтуудаа өгөхгүй гэж хэлсээр өнөөг хүргэлээ. Би 2016 оны 09 дүгээр сард Эрдэнэмандал сумын ХААН банкин дээр таараад мөнгөө нэхэхэд хэл амаар доромжилж, ална хядна гэж согтуугаар доромжилсон. Иймд С.Энхбаатараас авах автомашины үлдэгдэл төлбөр 1100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Энхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Сандагжав овогтой Энхбаатар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Шардаваанд оршин суудаг. Би Г.Эрдэнэ-Очирт болон эхнэр Өлзийбуян нарт 2800000 төгрөг өгсөн. Үүнд 2013 оны 1 сард 680000 төгрөг өгсөн, 2015 оны 6 сард Эрдэнэ-Очирт 400000 төгрөг өгсөн, 2015 оны 09 сард Сарлагийн эр үхэр 500000 төгрөгөөр бодож өгсөн, 2016 оны 5 сард эхнэр Өлзийбуянд 500000 төгрөг өгсөн. Ингээд нийт 2080000 төгрөг болж байна. Учир нь 2014 оны 01 сард Г.Эрдэнэ-Очироос ЗИЛ-130 маркийн хуучин машин 1 сая 500 мянгаар авсан юм. Машины мөнгөний оронд 2 сая 80000 төгрөгийг өгсөн. Эрдэнэ-Очирын нэхэмжилсэн 1 сая 100000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С.Энхбаатартай найзууд байсан учир эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай эвлэрье гэсэн. С.Энхбаатар 500000 төгрөгийг надтай хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан Өлзийд өгсөн гээд, Өлзий нь авсан гэсэн боловч хэлсэн ярьсан нь хоорондоо зөрөөд байсан. Гэхдээ 500000 төгрөгийг нэг нь өгсөн, нэг нь авсан болог, 600000 төгрөгөөр тохиръё гэсэн боловч зөвшөөрөөгүй учир шүүхэд хандсан. 600000 төгрөгөөр тохироод эвлэрье гэж байсан. Гэтэл өөрөө зөвшөөрөхгүй гэсэн. Хаа байсан 2012 онд 682000 төгрөг өгсөн гэсэн байсан. Ярьж, хэлж байгаа нь дан зөрүүтэй байгаад байгаа. Би С.Энхбаатартай өөртэй нь тохиръё гэсэн боловч ямар ч баримтгүй, гэрчгүй 680000 төгрөг өгсөн гэдэг. 680000 төгрөг авсныг гэрчлэх хүнээ дагуулаад ирвэл зүгээр байна. 2012 онд яах гэж мөнгө авснаа мэдэхгүй байна. С.Энхбаатар “Эхнэр чинь банкинд өртэй гэсэн” гэж байна. 680000 төгрөгийг би авсан зүйл байхгүй. 400000 төгрөг С.Энхбаатар аваад буцааж өгнө гэж байсан. Тэр мөнгөө өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би хэсэг хугацаанд нэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад ээжийгээ Дархан хот руу явуулчихаад хойноос нь очиж байсан. Салаад 2-3 жил болсон хүнтэй холбож яриад байх юм. Тэр эмэгтэйтэй хамтран амьдарч байсан нь үнэн юм чинь хоёулаа тохиръё гэсэн боловч тохирохгүй гээд байна. “Чиний машины мотор нь цохисон. Өмнө өгсөн мөнгөө суутгана” гээд хаа хамаагүй зүйл ярьж байна. Би нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хэрэв С.Энхбаатар 683000 төгрөг өгсөн гэж байгаа бол гэрчээ асуулгах нь зүйтэй байх.  Хэзээ, хаана хэнийг байхад 683000 төгрөг өгснийг би мэдэхгүй байна. Эвлэрүүлэн зуучлалын уулзалтанд ирэхдээ миний өмнө хамтран амьдарч байсан эмэгтэйг дагуулж ирсэн. Тэр эмэгтэй “500000 төгрөг ноднин ноолуурын үеэр авсан” гээд С.Энхбаатар болохоор өөрөөс нь 2 жилийн өмнө 500000 төгрөг авсан гэдэг. Ярьж байгаа зүйл нь ингээд хоорондоо зөрүүтэй байгаад байгаа юм. Тэр асуудал яах вэ?. Нэг нэгийгээ хүндэлье, шүүхийг хүндэтгээд 500000 төгрөг авсан гээд 600000 төгрөг авахаар тохиролцъё гэсэн боловч С.Энхбаатар өөрөө зөвшөөрөөгүй. Ямар ч баримтгүй зүйл ярьж байна. С.Энхбаатар өөрөө тайлбараа хэлэх байх. 2015 онд наймаа хийхээр тохирсоныг би нэхэмжлэлдээ 2014 гэж буруу бичсэн байсан. Хариуцагч гэрийн мод 800000 төгрөгөөр тооцож өгсөн гэж байна. Энэ тухайд би гэрийн мод ерөөсөө аваагүй. Би ээжийгээ хараад Дархан руу яваад 2-3 жил болоход авсан эсэхийг мэдэхгүй. Энэ балай авгай үрчихнэ. Миний дүүгийн дансанд хийе. Миний дансанд хийвэл архи дарс уучихна” гээд ээжийн тэтгэврийн зээлийг авч Дархан руу явсан. “Эвлэрүүлэн зуучлалаар ороход Өлзий ирээд 500000 төгрөг авсан гэж хэлсэн”. Энэ уг нь худлаа юм байгаа юм. “Чи бид хоёр найз байсан болохоор би чамайг хүндэтгэе нэг нь 500000 төгрөг өгсөн болог, нөгөөх нь авсан болог. Тэгээд 600000 төгрөгөөр тохиръё” гэсэн. Гэтэл С.Энхбаатар үгүй гээд янз бүрийн тайлбар хэлсэн. Би бол Өлзийг 500000 төгрөг аваагүй гэж бодож байгаа. “Монгол хүн байна даа гэр орноороо ирэхгүй юм” гэж Өлзийг ярихад нь би “Нэгэнт салчихсан юм чинь би чамтай харьцахгүй. Чи намайг шүүхэд хүнд байдалд оруулсан. Ерөөсөө чамтай харьцахгүй” гэсэн. Тухайн 500000 төгрөгийг Өлзий өөрөө өмнө авсан гэж ярьчихаад одоо аваагүй гэдэг.  Өлзий, С.Энхбаатар хоёр хуйвилдаад янз бүрийн юм яриад байгаа учир 500000 төгрөгийг аваагүй гэж үзэж байгаа. Тийм учраас С.Энхбаатараас 1100000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч С.Энхбаатар шүүхийн өмнө үнэнээ ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Наймаа хийх үед манай эгч, бага банди нь жолоочоор ирсэн байсан. Тэгээд бид 4 гэрт биш машины дэргэд зогсоод “Энэ авгайгийн дансанд мөнгө хийхгүй” гэж бүгд ярилцсан шүү дээ. Гэрийн мод, 680000 төгрөгийн талаар ерөөсөө яриагүй. Хэрэв энэ талаар ярьсан бол гэрчээр асуугдсан Лхагвадорж хэлэх байсан. “2000000 төгрөг өгнө. Ажаа таны данс руу шууд хийнэ” гээд манай эгч, дүүд хэлээд чи 400000 төгрөг дансаар шилжүүлсэн. 5 сарын дараа 400000 төгрөг хийсэн байдаг. Өөр зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч С.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2012 онд 680000 төгрөг өгснийг тухайн үед хамт байсан Мэндээ гэх найз маань мэднэ. Мэндээ одоо аймагт байхгүй байгаа. 683000 төгрөг өгөхөд Г.Эрдэнэ-Очиртой хамтран амьдарч байсан Өлзий гэх эмэгтэй “Банкны мөнгө хийх хэрэгтэй байна” гээд авсан. Одоо болохоор аваагүй гээд байна. Намайг мөнгө өгснийг Мэндээ мэдэж байгаа, энэ хоёр цуг ирж авсан. 2012 оны 01 сард би 1500000 төгрөгтэй ирээд 680000 төгрөгийг өгсөн. Ноднин Өлзий “Хүүхдийн бие нь муу байна. Тэр машин миний ч хөрөнгө. Чи 500000 төгрөг өгөөч” гээд утсаар яриад байхаар нь хавар 500000 төгрөг өгсөн. Нэг сарлагийн хязаалан эр үхэр мөн өгсөн. Нийтдээ 2080000 төгрөгийг бий өгсөн. Уг нь Г.Эрдэнэ-Очир бид хоёр машин наймаалцахдаа “Гэрийг модыг 800000 төгрөгөөр бодоод дээр нь 300000-400000 төгрөг нэмж өгье” гэж тохирсон. Гэтэл одоо машинаа 2000000 төгрөгөөр зарахаар тохирсон гэж худал ярьж байна. Өгөх мөнгөө би бүгдийг нь өгчихсөн. Гэрийн модоо 800000 төгрөгөөр бодож байсан. Өлзийгийн банди нь гэрийн мод хэрэгтэй байна гэхээр нь “Би уг нь 1000000 гаруй төгрөгөөр өгнө гэж бодож байсан юм. Та хоёрт 800000 төгрөгөөр өгье” гэсэн. “Гэрийн модоо 800000 төгрөгөөр бодъё. Дээр нь 300000-400000 төгрөг ихдээ л 500000 төгрөг өгье. Илүү ихийг өгч чадахгүй” гэж хэлсэн. Одоо болохоор “Миний эгчийн дансанд хэдэн төгрөг, ийм хүний дансанд тэдэн төгрөг хийнэ” гэсэн гээд худлаа худлаа яриад байна. Машин нь яагаад ч 2000000 төгрөг хүрэхгүй. Хүн болгон л мэднэ. Шүүхэд нэхэмжлэл гаргаад надаас мөнгө авна гэж байгаа бол тэр машинаа буцааж аваад миний өгсөн мөнгийг өгчих гэж л хэлнэ. Надад ийм л хүсэлт байна. Би мөнгө төгрөгийг нь хангалттай өгсөн. 680000 төгрөг аваагүй гээд гүрийгээд байх юм. Машины наймаа хийхээс 2 жилийн өмнө өгсөн. Би өөрөө тархи толгойдоо гэмтэл авч байсан учир зарим зүйлийг нь мартаад байх юм. Өлзийбуян, Г.Эрдэнэ-Очир бид нар урд талын буудалд хэд хоносон юм. Тэр үед 680000 төгрөг өгсөн. Гэтэл одоо аваагүй гэж ярьж байна. Охинд нь ч гэсэн 20000 төгрөг өгч байсан. Өлзий, Г.Эрдэнэ-Очир хоёрт 680000 төгрөг өгсөн. Мэндээд 80000 төгрөг өгсөн. Одоо Мэндээ аймагт байхгүй, хөдөө байгаа. Тэр үед Мэндээ хамт байсан болохоор миний мөнгө өгснийг мэдэж байгаа. 2015 оны 01 сард машиныг авсан. Анх  2015 оны 01 сард авсан. Наймаа хийхдээ бид өмнөх 680000 төгрөгийг суутгаад, гэрийн модоо 800000 төгрөгөөр тохироод, дээр нь 300000-400000 төгрөг нэмж өгөхөөр тохиролцсон юм. Наймаа хийхээр тохирох үед Г.Эрдэнэ-Очир, Өлзий, манай охин, манай эхнэр ч байсан. Лхагвадорж наймаа хийх үед байгаагүй. Гэхдээ н.Лхагвадорж миний данс руу хийгээрэй гэсэн. Учир нь  “Г.Эрдэнэ-Очирын дансанд хийж болохгүй. Архи дарс уучихаж магадгүй. Миний дансанд хийгээрэй” гэсэн учир н.Лхагвадоржийн дансанд хийсэн. Г.Эрдэнэ-Очир, Өлзий гэх 2 хүн хамт амьдарч байх үедээ машин зарсан өгсөн наймаа хийсэн. Нэг гэрийн мод өгчих гэж Өлзий хэлсэн. “Өмнө нь та 2 надаас 680000 төгрөг авсан. Тэр мөнгөө суутгачих. Дээр нь гэрийн модоо 800000 төгрөгөөр тооцъё. Тэгээд ноолуурын үеэр 300000-400000 төгрөг өгье” гэж тохирсон. Бид 200000 төгрөгөөр тохироогүй, нэг сая 1500000 төгрөгөөр л тохирсон. “Гэрийн мод авахгүй. Бид хоёрын хамтын хөрөнгө. Чи ямартай ч надад 500000 төгрөг өг” гээд Өлзий нь ярьсан. Ээжийнх нь бие муу гэхээр нь сэтгэлээрээ 400000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг би машины мөнгө гэж өгсөн гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Энхбаатараас 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очирт олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30950 /гучин мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 30950 /гучин мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал давж заалдах гомдолдоо:

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд ЗИЛ-130 маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авах болон төлбөрийг хэрхэн төлөхөөр тохирсон талаар маргасан. Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир хариуцагч С.Энхбаатараас 1.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Машинаа 2.000.000 төгрөгөөр зараад одоо 1.100.000 төгрөг үлдсэн гэдэг. Гэтэл хариуцагч С.Энхбаатар машиныг ЗИЛ-130 машиныг 1.500.000 төгрөгөөр авсан. Мөн шүүх хуралдааны тайлбарт нэмэжлэгч Г.Эрдэнэ-Очирын хамтран амьдарч байсан эхнэр Өлзийд 500.000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд “надтай хамтран амьдарч байгаа Өлзийд С.Энхбаатар 500.000 төгрөг өгсөн, Өлзий нь 500.000 төгрөг авсан гэсэн” гэсэн тайлбарыг өгдөг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.100.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг хасч тооцох боломжтой байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 191 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-Очир, хариуцагч С.Энхбаатараас “1 100 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

                Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ба гомдолд нэхэмжлэлийн шаардлагаас Г.Эрдэнэ-очирын хамтран амьдарч байсан Өлзийд өгсөн 500.000 төгрөгийг хасч тооцох боломжтой учир шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                Г.Эрдэнэ-очир нь өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн автомашиныг 2015 оны 02 сард С.Энхбаатарт 2.000.000 төгрөгөөр үнэ тохирон, зээлээр худалдсан бөгөөд тэд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

                Хариуцагч С.Энхбаатар машиныг 1.500.000 төгрөгөөр тохиролцож авсан гэж маргасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба тэрээр шүүхэд гаргасан тайлбартаа “машины мөнгөний оронд 2 сая 80 мянган төгрөг өгсөн” гэснээс үзэхэд тэд машиныг 2.000.000 төгрөгөөр тохиролцсон байх үндэслэлтэй юм.

 

                Нэхэмжлэгч Г.Эрдэнэ-очир машины үнэнд үхэр 500.000 төгрөгөөр тооцон авсан, мөн дүүгийнхээ дансаар 400.000 төгрөг авсан гээд машины үнэнээс нийт 900.000 төгрөг төлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 1.100.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хариуцагч С.Энхбаатар нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1.100.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  нотлоогүй байна.

 

                Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                Хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын давж заалдах гомдлыг хангаагүй учир хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30950 төгрөгөөс 15650 төгрөгийг төвлөрсөн төсвийн олрогод үлдээж, илүү төлсөн 15300 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн                             167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 191  дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.3-т зааснаар хариуцагч С.Энхбаатарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 950 /гучин мянга ёсөн зуун тавь/ төгрөгөөс 15650 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 15300 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос хариуцагч С.Энхбаатарт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                      Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                          М.МӨНХДАВАА

                                           Л.НЯМДОРЖ