Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1613

 

2018.11.28

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                           

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч С.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гөрөөчин овогт Самбуугийн Бямбасүрэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0525 21576 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гөрөөчин овогт Самбуугийн Бямбасүрэн, 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастайд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ********* тооотод оршин суух хаягтай, урьд 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, ********** тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Атэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хөл рүү нь өшиглөн хугалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирогчийг хараад айгаад зугтаасан. Хохирол төлбөрт нийт 1.740.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч С.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би найзуудтайгаа уулзаад халамцуу байсан. Тэгээд бид нар тамхи татах гээд байж байтал нэг залуутай муудалцсан, ингээд намайг өшиглөсөн. Миний хөл хугарсан би босох гээд чадаагүй. Би одоо 2 дахь хагалгаанд орох шаардлагатай, шүүх хуралдааны дараа орох гэж байна. Хохирлоо барагдуулаад авчихвал санал гомдол гэх зүйл байхгүй. Эм тарианд 1.435.560 төгрөг, аппарат 560.000 төгрөг, сордог аппарат 250.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөг нийт 6.125.860 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс өнөөдөр эмчилгээний зардал гэж 1.740.000 төгрөгийг хүлээн авсан. Энэ хүнд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Нарантуул зах руу орж яваад зүс таних нэрийг нь мэдэхгүй миний насны залуутай таарсан. Тэр надаас хэрүүл гуйгаад байсан. Бид 2 маргалдаж байх үед тэр залуу миний баруун хөл рүү хөлөөрөө жийсэн. Тэр үед миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарч яс ил гарч цус алдсан. Тэр залуу зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7634 дугаартай дүгнэлт: “С.Аийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-21/,

Хохирогч С.Аийн мэдүүлэг /хх25-27/, шинжээчийн №7634 дугаартай дүгнэлт /хх-21/, яллагдагч С.Бгийн мэдүүлэг /хх28-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-33/, шийтгэх тогтоолын хуулбар, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий сидии зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Атэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хөл рүү нь өшиглөн хугалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч С.Бгийн: “...Алтансүх цээж нүцгэн зогсч байхаар нь цээж рүү нь нэг жийгээд арагшаа ухрахад нь Алтансүхийн зүүн хөлийн хавсараад газар унагаатал баруун хөл нь хугарчихсан тэгтэл Алтансүх босч ирэх гээд байхаар нь би түүнд “битгий бос хөл чинь эвгүй болчихлоо” гэхэд өөрөө босох гээд газар тэмтрээд хэд хэд зүтгэтэл баруун хөл нь хугараад яс гараад аягүй их цус гарахаар нь би зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Аийн: “...Би Нарантуул зах руу орж яваад зүс таних нэрийг нь мэдэхгүй миний насны залуутай таарсан. Тэр надаас хэрүүл гуйгаад байсан. Бид 2 маргалдаж байх үед тэр залуу миний баруун хөл рүү хөлөөрөө жийсэн. Тэр үед миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарч яс ил гарч цус алдсан. Тэр залуу зугтаагаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дүрс бичлэг бүхий сиди болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.А нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин бусад гэм хорын хохиролд нийт 6.121.860 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн болно. Хохирогчийн хавтаст хэрэгт өгсөн нотлох баримт бүхий эмчилгээний зардал 1.728.690 төгрөгийн баримт авагдсан бөгөөд шүүгдэгч С.Б нь 1.740.000 төгрөгийг хохирогчид шүүхийн хэлэлцүүлэгт хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримт бүхий эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

Харин хохирогч С.А нь ажилгүй байсан хугацааны цалин, гэм хорын бусад хохирлын талаарх гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн гэх баримт нь энэ хэрэгт хохирсон цаг хугацаанаас өмнөх баримт байх бөгөөд энэ хэрэгт хохирсон цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд ажил эрхлэх боломжгүй болж нийгмийн даатгал төлөгдөөгүй болохыг нотлохгүй байна.

Иймд хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогч С.А нар нь шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гэм буруутай этгээдийг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү, учир нь цаашид гарах зардлыг нөхөн төлөх боломж олгох үүднээс ийм саналтай байна гэж мэтгэлцсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гөрөөчин овогт Самбуугийн Бямбасүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ /10.000*1.000=10.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Бд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас, С.Бгийн урьд цагдан хоригдсон нийт 63 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 945 нэгж /63*15=945/ буюу нийт 945.000 төгрөгийг торгуулын ялаас хасч, С.Бгийн торгох ялыг 9.055.000 /есөн сая тавин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч С.Аэд нийт 1.740.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  7. Хохирогч С.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР