| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/04165/и |
| Дугаар | 3580 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 3580
| 2017 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2017/03580 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т-т холбогдох,
Гэрээний үүрэгт 3,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О миний бие Оюу худалдааны төвийн захирал Н.Т тай 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 3,2 м.кв урттай талбайг ногоо, нарийн ногоо борлуулах зориулалттайгаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн билээ. Гэрээний дагуу түрээсийн үүргийн биелэлтийн барьцаа болох 550,000 төгрөг, мөн эхний сарын түрээс 550,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг хүлээлгэн өгч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл түрээслэгч тал болох Оюу худалдааны төвийн захирал болох Н.Т нь түрээсийн гэрээний 2.1, 2.3, 3.9, 5.6, 9.3 заалтуудыг зөрчиж, түрээслэгч намайг ажилгүй болгон санхүүгийн хямралд оруулаад байна. Түрээслэгч тал болох Н.Т нь гэрээний дагуу түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2 сарын өмнө өгөөгүй. Цагийг тулгаж 10 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд шалтгаан нь түрээслүүлэгч маань Мандарва гэгч Монгол улсын иргэний өмчийг өөртөө зориулан түрээслэн авсан боловч давхар бидэнд хууль бусаар түрээслэж ашиг олж байсан. Байрны эзэн Мандарва нь олж мэдэн Нацагдоржын Тунгалагтай гэрээгээ цуцалж, Н.Т нь бид нартай гэрээгээ цуцлахад хүрсэн. Н.Т нь тухайн худалдааны талбайг өөрийн өмч мэт түрээслэгч бид нарт давхар түрээслүүлсэн нь хууль зөрчсөн хэрэг юм. Иймээс бид энэ хүний буруугаас болж алдагдал хүлээх ёсгүй хэмээн үзэж байна. Хэдийгээр түрээслэгч нь өөр худалдааны талбайг олсон боловч мөн л хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн гэрээний 3.9-т заасан заалтыг зөрчиж түрээсийнхээ үнийг 550,000 төгрөгнөөс 750,000 төгрөг болгосон. Энэ нь бас л гэрээгээ зөрчсөн үйлдэл болно. Түрээслэгч С.Д миний бие 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс түрээсийн талбайгаа түрээслэж эхлэхдээ, түрээсээ цаг тухайд нь төлж, ямар нэгэн хоцорсон өр төлбөрийн үлдэгдэлгүй өнөөг хүртэл ажилласааар ирсэн. Түрээсийн төлбөрийг банкны гуйвуулгаар авч байгаачээ, эсвэл бэлнээр төлөхөд баримт өгөөчээ хэмээн удаа дараалан шаардаж байсан боловч, өнөөг хүртэл төлбөр хийж байсан баримтыг өгч байгаагүй. С.Д надад зөвхөн хувиараа бизнес эрхлэгчийн татвар төлсөн байна. Шаардлагатай үед материалд хавсаргахад бэлэн. Түрээслүүлэгч Н.Т ийн буруугаас болж түрээсийн гэрээний 2.1, 2.3, 3.9, 5.6, 9.3 заалтууд зөрчигдөж түрээслэгч С.Д би хохирон үлдэж байгаа тул түрээслүүлэгч тал болох Н.Т аас миний хохирол болох түрээсийн үлдсэн хугацаанд 2017 оны 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр саруудад олж болох байсан миний сарын хамгийн бага ашиг болох 1 сарын 400,000 төгрөгөөр бодож 3,200,000 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгч тусална уу” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч С.Д ий гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түрээсийн байрны эзэн нь байраа буцаан авах болоод нэхэмжлэгчид 08 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, өөр лангуу руу нүүж орох санал тавьсан. Гэвч өөр лангуу руу орохгүй гээд, барьцаа мөнгөө аваад гарсан. Бусад түрээслэгч нар санал болгосон лангуу руу нүүж орон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласан. Нэхэмжлэгч нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Н.Т т холбогдуулан гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид болох С.Д , Н.Т нар нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 417 дугаар байранд байрлах “Оюу худалдааны төв”-д 3,2 метрийн урттай талбайг хүнсний ногоо, нарийн ногооны лангууны зориулалтаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулжээ. Энэ талаар зохигчид маргааүй. /хх-5-8/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н.Т өөртөө зориулан түрээслэсэн бусдын өмчийн байрыг хууль бусаар давхар түрээслэснээс гэрээ цуцлагдаж алдагдал хүлээсэн, гэрээг цуцлах мэдэгдлийг 2 сарын өмнө өгөөгүй тул гэрээний хүчинтэй байх хугацаанд олох байсан ашгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч Н.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 417 дугаар байрны G01 тоотод байрлах 86,4 м.кв талбайтай үйлчилгээний байрыг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Ц.М тай 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, түрээслэсэн байна. /хх-32-41/ Уг гэрээний 5.1-д “Түрээсийн байрыг зориулалтынх нь дагуу цаг хугацааны болон аливаа хязгаарлалтгүйгээр эзэмшин үйл ажиллагаа явуулна” гэж заасан байх бөгөөд Н.Т нь түрээсийн байрыг бусдад түрээслэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Д нь 3,2 метрийн урттай талбайг ногоо, нарийн ногооны зориулалтаар 2017 оны 04 дүгээр сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд түрээслэн ажиллуулж, тус хугацаанд түрээсийн төлбөрт сар бүр 550,000 төгрөгийг түрээслүүлэгч Н.Т т төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.
Түрээсийн байрны өмчлөгч Ц.М түрээсийн байрыг буцаан авах шаардлага гаргасны дагуу хариуцагч Н.Т нь түрээсийн гэрээ байгуулсан түрээслэгч нарт худалдааны өөр талбайд шилжин ажиллах саналыг тавьсан байх бөгөөд нэхэмжлэгч С.Д нь тухайн түрээсийн талбайн түрээсийн төлбөр өндөр байна гэсэн үндэслэлээр ажиллахаас татгалзаж, түрээсийн гэрээний дагуу барьцаанд тавьсан 550,000 төгрөгийг Н.Т аас авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан тул түрээсийн үлдсэн хугацааны буюу 2017 оны 09-12 дугаар сар, 2018 оны 01-04 дүгээр саруудад олж болох байсан сарын хамгийн бага ашиг болох 1 сарын 400,000 төгрөгөөр тооцож 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч С.Д нь ногоо, нарийн ногооны лангууг ажиллуулж 1 сард 400,000 төгрөгийн орлого олдог байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь нэг сард 400,000 төгрөгийн орлого олдог болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Т т холбогдох гэрээний үүрэгт 3,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Т т холбогдох гэрээний үүрэгт 3,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Д ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР