Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00537

 

Б.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2019/00910 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

Б.М-ы нэхэмжлэлтэй,

“Х” ТӨХК-ийн Т-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ТӨХК-ийн Т нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 00/ХТ2019/00526 дугаар тогтоолыг үл тоомсорлон, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд томилж дүр эсгэн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлж хууль зөрчиж байна. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн ба тогтоолыг гар дээрээ 5 дугаар сарын сүүлээр авсан санагдаж байна. 2017 оны тайланг би 2018 оны 3 сард дүгнүүлэхэд хангалттай гэж дүгнэгдсэн байхад намайг 2018 оны аудитын тайланг муу дүгнүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас дахин чөлөөлсөн. Энэ нь үндэслэлгүй юм. Дээрх аудитын тайланг надад огт танилцуулж байгаагүй. Мөн дээд шатны байгууллагын удирдамжгүй дураараа хурал хийж хууль зөрчиж байгаа учир Б.М намайг “Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Х” ТӨХК-ийн Тийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай шийдвэрээр Б.Мыг ажлаас чөлөөлж, 06 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7 800 000 төгрөгийг олгосон байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолын дагуу 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Тийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажилд авсан боловч Б.М нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн болно.

Компанийн тухай хуулиар Т нь Хувьцаа эзэмшигчдийн өмнө гаргасан шийдвэрийн дагуу бүрэн хариуцлагаа хүлээдэг. Тийн эзгүйд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг хэрэгжүүлдэг. Гэтэл Б.М нь ажлаа хангалтгүй гүйцэтгэж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, арга хэмжээ авахыг зөвлөмж болгосон байдаг. Тиймээс Т нэхэмжлэгчид итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж заасны дагуу Б.М нь 60 нас хүрсэн тул тэтгэвэрт гаргах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2019/00910 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч “Х” төрийн өмчит хувьцаат компанийн Тд холбогдох урьд ажиллаж байсан “Х” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 910 дугаар шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 1 дэх заалтыг “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мыг Х төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтын “дурьдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “Х” төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мы давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 01 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 01 дугаар магадлалыг хууль зүйн хувьд үндэслэлгүй хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Учир нь Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Х” ТӨХК-ийн Тийн шийдвэрийг Монгол улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Нөхцөл байдлыг тодруулж үзвэл, “Х” ТӨХК-ийн Тийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 тоот шийдвэрээр иргэн Батаа овогтой Б.Мыг ажлаас халж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7 800 000 төгрөгийг олгосон байдаг.

Харин Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00526 дугаар шийдвэрийн дагуу “Х” ТӨХК-ийн Төөс дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэн Б.Мыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь “Х” ТӨХК-ийн Тийн “Ажилд томилох тухай” 15 дугаартай тогтоол болон иргэн Б.Мы шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож, тогтоогдож байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн.

Мөн иргэн Б.Мд ажилгүй байсан хугацааны цалин болох 16 165 393 төгрөгийг компаниас гаргаж өгсөн. Ийм байхад “Х” ТӨХК-ийн Т нь Монгол улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

“Х” ТӨХК-ийн Төөс компанийн 2018 оны санхүүгийн аудитын тайлан болон нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, зөвлөмж, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шаардлага болон удирдамжийн дагуу иргэн Б.Мыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас эгүүлэн халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан ...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.М нь “...ажлаас халагдсан тухайгаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Тийн хуралд биечлэн оролцож мэдсэн бөгөөд анхан шатны шүүх хуралд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр тушаалаа гардан авсан...” гэдэг тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо хугацаа хэтрүүлэн гаргасан гэж үзэж болохоор байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар “...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх” ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Т.Ууганбаярын тайлбар, мэдүүлгийг тус шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байв.

Хөдөлмөрийн тухай хуулиар хэрвээ ажил олгогч Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн, компани хууль ёсны эрх ашиг сонирхолд халтай үйл ажиллагаа явуулсан захирал болон бусад ажилтныг ажил олгогчийн санаачлагаар халах эрх нээлттэй. Энэхүү маргааны нэхэмжлэгч нь удаа дараагийн Төрийн аудитын байгууллагын нийцлийн аудитын тайлангаар үйл ажиллагаа нь зөрчилтэй, компани өмчийг зохисгүй зарцуулсан, цаашид тус компанийг удирдахад ёс зүйн хувьд огт нийцэхгүй гэдэг нь нэгэнт тогтоогдсон хүнээр төрийн өмч, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргаж байгаа нь амьдралд нийцэхгүй, хууль хэрэглээний хувьд хэт өнгөц дүгнэлт хийсэн. Хэдийгээр хөдөлмөрийн хууль ажилтны эрх ашгийг хамгаалж байгаа, гэхдээ нөгөө талдаа ажил олгогч нэгэнт тухайн байгууллагад тохирохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг заавал ажиллуулах ёстой гэсэн дүгнэлт хийж байгааг огт ойлгохгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад “Х” ТӨХК-ийн Тийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас чөлөөлсөн 16 дугаар тогтоолд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс энэ байдалд дүгнэлт хийсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Б.Мыг “Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 526 тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсныг үндэслэн “Х” ТӨХК-ийн Тийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №15 тогтоолоор ажилд нь эгүүлэн томилсон боловч мөн өдрийн №16 тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. дахь заалтыг үндэслэн 2018 оны санхүүгийн аудитын тайлан болон нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, зөвлөмж, эрх бүхий байгууллагын удирдамжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Б.М “Х” ТӨХК-ийн Тд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль зөрчсөн, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан гэж тайлбарлан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэсэн тайлбар үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр маргаантай үйл баримтыг зөв тодорхойлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх заалтыг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ баримтаар нотлоогүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Л.Нямдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                        ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД