Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр                        

  2019/ДШМ/18                                                        Зуунмод

Б.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.Д-д холбогдох 1834000000442 дугаартай 1 хавтас, 63 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1972 оны 02 сарын 07-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Төв аймгийн Өндөрширээт сумын 4 дүгээр багийн төв уурын зууханд галч ажилтай, Төв ...  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Д , /РД:НЕ7.. 73/.

 

 Шүүгдэгч Б.Д нь согтуугаар 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 16  цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг байшинтийн 1-1 тоотод өөрийн гэртээ иргэн В.Нарантогтохыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжаар: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

  Прокурор эсэргүүцэлдээ: “Б.Д-д холбогдох эрүүгийн 1834000000442 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 878 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

 

Шүүгчийн захирамжид "...хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д-н цохиж, өшиглөснөөс хохирогч В.Нарантогтохын эрүүл мэндэд ... духанд шарх бүхий хөнгөн хохирол... учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 763 дугаартай дүгнэлтээр тогтоогддог, хөнгөн хохирол учруулсан үйлдлээ шүүгдэгч Б.Д хүлээн зөвшөөрч маргадаггүй болно..." гэж захирамжийн эхний хэсэгт дүгнэсэн атлаа, захирамжийн төгсгөл хэсэгт "...чухам ямар шалтгааны улмаас шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд маргаан болж, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж, хөнгөн хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна" гэж дүгнээд "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр..., 1.6-д заасан ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл... зэргийг нэмж тодруулах шаардлагатай байх тул..." гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүх хэргийг нотлогдсон гэж дүгнэчхээд нэмэлт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөн хохирогч болон шүүгдэгч нарын аль аль нь хэргийн талаар маргадаггүй ба хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу ажиллагаа явуулсныг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Үүнд:

 

1. Б.Д-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг бөгөөд шүүх хэргийг хүлээн аваад мөн бүлэгт заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

 

2. Б.Д нь В.Нарантогтохыг "миний төмсөгнөөс базлаа" гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, дээрх шалтгааны улмаас хохирогчийг хөлөөрөө өшиглөж байгаа, маргааны үеэр В.Нарантогтохтой харилцаж байгаа харилцаа зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна.

 

Тодруулбал шүүгчийн захирамжид дурдагдсан гэрч С.Төрмандах, С.Бадамсамбуу, Х.Чулуунхүү нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдоод байхад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нэмж тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй болжээ.

 

Иймд шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бүрэн эрхийн хэмжээндээ үнэлж, дүгнээд хэргийг шийдвэрлэх боломжтой тул Б.Д-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 878 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан дүгнэлтдээ: “ ... хэргийн сэдэлт, шалтгаан тогтоогдсон. Шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй байх шаардлага хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх “Б.Д-н цохиж, өшиглөсөн үйлдлээс болж хохирогч В.Нарантогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй” талаар буюу хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа маргааны шалтгаан юу байсан болох,  шүүгдэгч хохирогчийг цохиж, хөнгөн хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй гэсэн агуулгын зөрчилтэй дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн хэрэгт ямар нөхцөл байдлыг дахин нэмж шалгаж мухарлах шаардлагатай гэж үзсэн болох, хэргийг буцааснаараа ямар ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай нь тодорхойгүй, хэргийг прокурорт буцаасан захирамжийн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

 

 Шүүх Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

 Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б.Д-д холбогдох хэргийг тухайн шүүхэд буцааж дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Б.Д-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг тул  хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, тухайн өдрөө шүүх хуралдаан хийж 878 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг шүүх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тухайн өдрөө оролцогчдод танилцуулсан байна. /хх-40,44,54,61,63 хуудас/

Харин хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр давж заалдах шатны шүүхэд  хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг 31 хоногоор  хэтрүүлсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг  баримталж ажиллах шаардлагатайг  тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт нь тухайн байгууллагын бланканд бичигдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагддаг эрхийн акт учир шүүгч яллах дүгнэлт дээр /“биеийн байцаалт” хэсэгт/ байнга гараар бичиж тэмдэглэгээ хийдэг нь буруу тул цаашид анхаарах  шаардлагатай.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 878 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                  ШҮҮГЧИД                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                           Г.БОЛОРМАА