Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Эрхэмбаяр,

-хохирогч Х.Мөнгөнзул,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /№0695/,

-шүүгдэгч Д.Бадамдорж нарыг оролцуулан

Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор адуу овогт Доржгочоогийн Бадамдоржид холбогдох Эрүүгийн 201619000453 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 38-03 тоотод оршин суух,бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бор адуу овогт Доржгочоогийн Бадамдорж /РД: ЕЙ58122618/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Бадамдорж нь Төв аймгийн Зуунмод сумын 3-р багийн нутагт байрлах “Ивээл” хүнсний дэлгүүрт иргэн Х.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,улмаар тулж явсан таягаараа зүүн гарлуу цохиж, зүүн шуу ясыг нь хугалан, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Бадамдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

Хохирогч Х.Мөнгөнзул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: "..2016 оны 06 сарын 21-ний өдөр Бадамдорж гуай Ария хоёр хамт 0,5 граммын Хараа архи хувааж уучихаад манай дэлгүүрт орж ирээд ааваас архи зээлчих гээд хашигчаад байсан. Би лангууны ард зогсож байгаад юун архи яах гээд байгаа юм бэ зээл өгөхгүй гэсэн чинь Бадамдорж гуай надад 5500 төгрөг өгсөн. Тэгээд  би юу авахийн 3.500 архи авах юм уу гэхэд 8000 төгрөгийн архи авна гэхээр нь би мөнгө чинь хүрэхгүй гсэн чинь 2500 төгрөг гаргаж өгөөд нэг шил архи авж гарч явчихаад 10-20 минутын дараа орж ирээд би чамд 20.000 төгрөг өгсөн гээд мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би таниас 20.000 төгрөг аваагүй, бид нар тэр дэлгүүрийг 20-д жил ажиллуулж байгаа манайхаар хөгшин залуу янз бүрийн хүмүүс үйлчлүүлдэг тэр болгонд бид нар мөнгөнөөс нь хумслаад байсан бол манайд үйлчүүлэгч олдохгүй байсан. Тэгээд би та 2 маргалдаад яахав хоёулаа камераа шалгъя гээд би цагдаа дуудсан. Цагдаа 1 цагийн дараа ирсэн цагдаа дуудсанаас хойш 40 минутын дараа миний гарыг цохиж хугалсан байсан. Тэгээд намайг цагдаа ирэх хүртэл хэл амаар маш их доромжилсон....” гэв.

 

Гэрч Б.Мөнхгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...оройн 20 цагийн үед цагдаагаас над руу залгаж манай аавыг хүний гар хугалсан байна ирээд ав гэсэн, аав маань цагдаа дээр байсан ба болсон асуудлыг лавлатал манай хорооны “Ивээл” нэртэй дэлгүүрийн худалдагч хийж байсан Мөнгөнзул гэдэг хүний гарыг хугалсан гэж байсан. Аав маань надад нэг их яриагүй гэрт очоод “Мөнгөнзулд 20.000 төгрөг өгсөн чинь 6.000 төгрөг өгсөн гээд байсан” тэгэхээр нь муудалцаад гарыг нь таягаараа цохиод хугалчихсан юм гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р ху/,   

 

Гэрч Г.Хишигтогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Тухайн өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний 16 цагийн үед манай дэлгүүрт манай хорооны Аръяа, Бадамдорж гээд жаахан архи уучихдаг хувийн байдалтай хоёр хүн орж ирсэн ба надаас архи зээлж авна гээд гуйгаад байсан. Тухайн үед би дугарахгүй байсан, тэгсэн чинь надтай хамт байсан Мөнгөнзул тэр хоёрт архи зээлэхгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Бадамдорж надад 5.500 төгрөг өгөөд 8.000 төгрөгний архи авна гээд байсан тэгсэн чинь манай охин мөнгө нь хүрэхгүй байна гээд байсан. Тэгсэн чинь Бадамдорж дахиад 2.500 төгрөг нэмж гаргаж ирээд надад өгөөд нөгөө архиа аваад гараад явсан. Тэгснээ  дахиад удалгүй Бадамдорж ганцаараа дэлгүүрт орж ирээд би чамд 20.000 төгрөг өгсөн ш дээ гээд манай охинтой муудалцаад байсан, тэгэхээр нь би цагдаа дуудна шүү гэсэн чинь дууд дууд гээд орилоод 20.000 төгрөг нэхээд байхаар нь манай охин Бадамдоржийг дэлгүүрийн үүдэнд байхаар нь гар гээд өшиглөсөн, тэгээд манай охин лангууныхаа ард буцаад очсон чинь Бадамдорж таягаараа нэг далайгаад 2 дахь далайлтаараа манай охин руу цохисон чинь охин маань зүүн гараагаа хаагаад гараа цохиулчихсан. Тэгсэн чинь манай охин ёо гар цохичихлоо ш дээ бадайраад байна гээд хаалга онгойлгоод Бадамдоржийг хаалгаар гаргасан. Тухайн өдөр Бадамдорж нь Аръяатай 13 цагийн үед байсан санагдаж байна.Манай дэлгүүрт орж ирээд 0.5 граммын Хараа нэртэй архи авсан. Тэгээд 16 цагийн орчим дахиж орж ирээд манай охины гарыг цохисон би хараад зогсож байсан, согтуу байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р ху/,

 

Гэрч М.Аръяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай багийн найз Бадамдорж гэдэг өвгөн надтай хамт манай гэрт нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан архиа дуусгаад бид хоёр 16 цагийн үед  дахиад архи авах гээд манай гэрээс холгүй байх “Ивээл” нэртэй хүнсний дэлгүүр лүү орсон тухайн үед бид хоёр архи авах гээд надад мөнгө байхгүй болохоор нь би Хишигтогтох гээд дэлгүүрийн эзнээс нь архи зээлж авъя гээд гуйгаад зогсож байсан тэгсэн чинь Бадамдорж мөнгөтэй байсан болотой нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авсан. Ингээд бид хоёр архиа аваад гарсны дараа Бадамдорж би  20.000 төгрөг  дэлгүүрийн худалдагчидөгсөн чинь миний хариулт мөнгийг өгөхгүй байна гээд буцаад дэлгүүрлүү явсан би гэртээ харьсан. Маргааш нь дэлгүүрийн худалдагчтай муудалцаад гарыг нь хугалсан гэж дуулдсан. Тухайн өдөр би нэг их согтоогүй байсан Бадамдорж харин нилээн согтсон бололтой байсан гэрт байхад 20 жилийн өмнө нас барсан хүнийг амьд байгаа гэж яриад байсан. Бадамдорж надад худалдагч хүүхэн гар гэж хөөгөөд өшиглөөд байхаар нь таягаараа гар луу нь цохисон гэж надад хэлж байсан.Тухайн үед Бадамдорж бор өнгийн модон таяг тулж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р ху/,

 

Гэрч Б.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "Тухайн өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 21-нд “Ивээл” нэртэй хүнсний дэлгүүр лүү юм авах гээд орсон чинь тухайн үед дэлгүүрт нь таягтай, буурал толгойтой өвөө байсан ба дэлгүүрийн худалдагчтай хэрэлдээд байсан. Миний бодлоор мөнгө өгсөн өгөөгүй гээд хэрэлдээд байсан. Тэр өвгөн худалдагч эгчийг лангууныхаа ард байхад таягаараа цохиж байсан, яг хаашаа цохисныг нь би хараагүй би худалдагч эгчийн ааваас нь юм аваад гарч ирсэн, худалдагч нь чи муу намайг цохьчихлоо ш дээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р ху/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 308 тоот: "...1. Х.Мөнгөнзулын биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т ззааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар нь эмчилгээнээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26-рт/,

 

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/,

-эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-9/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/,

-шүүгдэгч Д.Бадамдоржийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-39/,

-шүүгдэгч Д.Бадамдоржийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр /хх-33-34/ сэжигтнээр, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр /хх-35-36/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Бадамдорж нь Төв аймгийн Зуунмод сумын3-р багийн нутагт байрлах “Ивээл” хүнсний дэлгүүрт иргэн Х.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,улмаар тулж явсан таягаараа зүүн гарлуу цохиж, зүүн шуу ясыг нь хугалан, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Х.Мөнгөнзулийн:  ".. таягаараа нэг далайсан тэгэхээр нь би гараараа хамгаалсан. Тэгээд дахиад таягаараа далайхаар нь гараараа хамгаалсан чинь намайг таягаараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Б.Мөнхгэрэлийн ".. аав маань цагдаа дээр байсан ба болсон асуудлыг лавлатал манай хорооны “Ивээл” нэртэй дэлгүүрийн худалдагч хийж байсан Мөнгөнзул гэдэг хүний гарыг хугалсан гэж байсан.." гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Г.Хишигтогтохын “..Бадамдорж таягаараа нэг далайгаад 2 дахь далайлтаараа манай охин руу цохисон чинь охин маань зүүн гараараа хаагаад гараа цохиулчихсан...” гэх мэдүүлэг /21/, гэрч М.Аръяагийн: “..Бадамдорж надад худалдагч хүүхэн гар гэж хөөгөөд өшиглөөд байхаар нь таягаараа гар луу нь цохисон гэж надад хэлж байсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Уранчимэгийн: “..худалдагч нь чи муу намайг цохьчихлоо ш дээ гэж байсан..” гэх мэдүүлэг, шинжээчийн №308 тоот дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Д.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Бадамдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бадамдоржид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бадамдорж нь “ хүнд ажил хийх боломжгүй, зүүн талын хөлөө гэмтээсэн “ гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар зэргээс шалтгаалан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэлгүй, ялын хөнгөн төрөл болох албадан ажил хийлгэх ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

 

Хохиролын талаар:

Хохирогч Х.Мөнгөнзул нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эрүүл мэндийн хохиролд нийт 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн   шаардлага  гаргаснаас  шүүгдэгч Д.Бадамдорж нь шүүхийн шатанд 200 000 төгрөгийг төлсөн байна.

Хохирогч Х.Мөнгөнзулын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгсөн 716268 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 1083732 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний баримт бичиг баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Бадамдорж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар бор шаргал өнгийн 83 сантиметр урттай, 2.5 см диаметртэй бариулны урт нь 13 см урттай модон таягийг хууль ёсны эзэмшигч Д.Бадамдоржид буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бор адуу овогт Доржгочоогийн Бадамдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Д.Бадамждорийг 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Бадамдоржийг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Ялтан Д.Бадамдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Д.Бадамдорж нь хохирогч Х.Мөнгөнзулд 200.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Х.Мөнгөнзул нь 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн 83 сантиметр урттай, 2.5 см диаметртэй бариулны урт нь 13 см урттай модон таягийг Д.Бадамждоржид буцаан олгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Бадамдоржид урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА