Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 16 өдөр             Дугаар 128/ШШ2019/0897              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б /РД:*********/

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын “Э.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын “Э.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд хуулийн дагуу зохих ёсоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулав.

Нэхэмжлэгч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б миний бие 2003 оноос хойш газрын харилцааны салбарт ажиллаж, дүүргийн газар зохион байгуулагчаас эхлээд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны дарга хүртэлх ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг ханган, төрийн албаны мерит зарчмын дагуу шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн билээ.

Гэтэл “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газрын албаны нэрийг Газар зохион байгуулалтын алба болгон өөрчилснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар албаны бүтэц, орон тоонд ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр нэрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хэмээн өөрчлөн баталсан бөгөөд албаны нэр өөрчлөгдсөн хэдий ч миний эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар миний биеийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар 62.1.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргын албан тушаалаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжаар удирдлагаас *******өн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төрийн албанаас халсан байна.

Нийслэлийн Засаг даргын дээр дурдсан захирамжууд нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн шийдвэр тул энэхүү гомдлыг гаргаж байна:

Нэг. Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаас чөлөөлж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь илт хууль бус тухайд:

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/ нь нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага юм. Тус агентлагийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт өөрчлөлт оруулаагүй байхад нэрийг нь Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гэж өөрчилсөн нь уг байгууллагыг өөрчлөн байгуулж буй хэрэг биш бөгөөд гагцхүү хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилж байгаа хэрэг гэж үзэж байна.

Учир нь хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, оноосон нэрийг өөрчлөх зэрэг нь өөр өөр утга агуулга бүхий хууль зүйн нэр томьёо бөгөөд хууль зүйн хувьд харилцан адилгүй үр дагавартай байдаг. Тухайлбал, Иргэний хуулийн 31 дүгээр зүйл болон Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллагыг хуульд заасан журмын дагуу зөвхөн нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болохоор хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж, 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны нэрийг “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба” хэмээн өөрчилсөн нь тус байгууллагыг хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулж байгаа хэрэг биш гэдэг нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны үйл ажиллагааг зогсоож, эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон болон өөр бусад хуулийн этгээдэд шилжүүлээгүй, эсхүл  үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр зарим эрх, үүрэг, хариуцлагыг нь шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлээгүй, түүнчлэн зохион байгуулалтын төрөл хэлбэр, үндсэн зорилгыг нь өөрчлөөгүй тул тус агентлагийг хууль зүйн хувьд өөрчлөн байгуулагдсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаар захирамж гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг үндэслэн миний биеийг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 49.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, 49.2-т “энэ хуулийн 62.1.2, 62.1,3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж, 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй,  халагдахгүй байх нэмэгдэл баталгааг эдлэхээр хуульчилсныг тус тус зөрчсөн илт хууль бус үйлдэл болно.

Нөгөө талаас, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлээр, шилжүүлэн ажиллуулах журмыг уг хуулийн 44 дүгээр зүйлээр тус тус хуульчлан тогтоосон эдгээр журмыг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, шилжүүлэн ажиллуулах аливаа шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Тухайлбал, хуулиар хэрэгжүүлж буй бүх чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны оноосон нэрийг өөрчилсөн үндэслэлээр тус албаны даргыг чөлөөлж, шилжүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ апбан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, 44 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үндэслэлийг зөрчсөн шийдвэр болно.

Түүнчлэн дээрх шийдвэрүүд нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагаан баримтлах үндсэн зарчим мөн” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг баримтлах”-аар заасантай тус тус нийцэхгүй байна.

Хоёр. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус тухайд:

Э.Б миний биед төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжид дурдахдаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” нийтлэг үүргээ биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон хэмээсэн нь үндэслэлгүй, бодитой бус байна.

Учир нь миний бие Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны даргаар 2016 оны 08 дугаар сард томилогдсон үеэс хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж ирсэн. Үүнийг Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны 2016 оны сүүлийн хагасаас 2019 оны эхний улирлын үйл ажиллагааны үр дүн, түүнийг дүгнэсэн харьяа дээд байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас *******өн үнэлгээ нотолно. Тухайлбал,

Нэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2017, 2018 онд Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-наас зохион байгуулсан ажлыг үнэлж “Шилдэг ажил”, “Шилдэг менежер”-ийн шагналаар тус шагнасан.

Мөн Нийслэлийн Засаг даргаас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэр төртэй биелүүлэн, бусдыг манлайлан ажилласан гэж үнэлж, Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны 2017 оны үйл ажиллагааг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн бөгөөд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны ажил дүгнэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/52 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албаны 2018 оны үйл ажиллагааг “Бүрэн амжилттай” гэж дүгнэжээ.

Хоёр. Нийслэлийн Засаг даргаас зарласан “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Газар чөлөөлөлтийн ажил” нь нийтийн талархлыг хүлээж, салбарын 2018 оны “Шилдэг ажил”-аар шалгарсан байна.

Мөн түүнчлэн нийслэлийн иргэдэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох ажиллагааг олон нийтэд ил тод зохион байгуулж, нийслэлийн төсвийн өмнө хүлээсэн үүрэг болох газрын төлбөрийн төлөвлөгөө давуулан биелүүлэх, шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлт, явган хүний зам, гарцыг чөлөөлөх ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж, нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хэмээн нийслэлийн 33 агентлагийн дундаас 2017 онд “Хүрэл Хангарди”, 2018 онд “Мөнгөн Хангарди” шагналаар тус тус шагнагдсан байна.

Гурав. Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус 2 дугаар хуралдаанаар хэлэлцэж 90.1 хувьтай буюу хангалттай” гэж дүгнэсэн.

Мөн нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20 дугаар хуралдаанаар хэлэлцэж 92.5 хувьтай буюу “бүрэн хангалттай” гэж үнэлсэн байна.

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувьд 2017 онд сая төгрөг төвлөрүүлэхээс 34,448.0 сая төгрөг төвлөрүүлж 112.9 хувь, 2018 оны газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 31,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 41,070.9сая төгрөг төвлөрүүлж 130.4 хувь, 2019 оны 1 дүгээр улирлын газрын төлбөрийн  орлогын төлөвлөгөө 9,500.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12,183.2 сая төгрөг төвлөрүүлж 128.2 хувиар тус тус нийслэлийн төсвийн газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж ирсэн байна.

Тав. Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн акт, шаардлагад дурдсан газрын дуудлага худалдааны анхны суурь үнийн зөрүү нь эрх бүхий дээд албан тушаалтан болох Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр, 2018 оны 15 дугаар тушаалаар баталсан аргачлалын хоорондох зөрүүгээс үүссэн бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс ирүүлсэн чиглэлийн дагуу шинэ батлагдсан аргачлалаар тооцон ажиллаж байгаагаас үүссэн зөрүү гэдгийг аудитын явцын үед тайлбарлаж, холбогдох мэдээллийг тус аудитын газарт гаргаж *******өн болно.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн акт, шаардлагын хариуг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэ аудитын дүгнэлт эцэслэн гараагүй байна.

Төрийн аудитын тухай хуулийн 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр заажээ. Нийслэл дэх Төрийн аудитын газраас ирүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/127 дугаар актын биелэлтийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 01/158 дугаар албан шаардлагын биелэлтийг 2019 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн дотор гарган ирүүлэхийг даалгасан байна. Хуулиар заасан хугацаа болоогүй байхад миний биеийг Нийслэл дэх Төрийн аудитын газрын нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд илт хууль бус гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг хийгээгүй болно.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...  Нэхэмжлэгч Э.Быг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны даргаар томилсон.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны Б/178 дугаар захирамжаар Нийслэлийн даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолын 6 дах хэсгээр Нийслэлийн даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудыг тогтоож, үүнд Нийслэлийн газрын алба нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болсон.

Тус тогтоолын дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргыг томилох хүртэл Э.Быг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж,  Нийслэлийн газрын алба гэх Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өөрчлөгдсөн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын ажилд шилжүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг гарсан өдрөөс мэдсэн бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүлээн зөвшөөрч гүйцэтгэж байсан.

Өнгөрсөн хугацаанд Э.Б нь удирдлагын *******өн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн аудитын тайлан”-гаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Э.Б нь Төрийн аудитын газрын хяналт, шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдож, зөрчлийг арилгах тухай хугацаатай мэдэгдэл, албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь Төрийн эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон тул тухайн зөрчлийг хугацаа тогтоосны дагуу арга хэмжээ гүйцэтгэлээ гээд өмнөх зөрчлийн үр дагавар, хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх боломжгүй буюу зөрчил гаргасан этгээдийг удирдах албан тушаалтан заавал Төрийн аудитын газрын албан шаардлагын биелэлтийг тайлагнах хугацаа болоогүй буюу Аудитын тухай хуулийн 28 дугаар 28.2.2-т заасан санал хүргүүлсний дараагаар ажлаас халах процессийн тухай хуулийн зохицуулалт байхгүй болно.

Нэхэмжлэлийн “Э.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд дээрх дурдсаны дагуу актыг хүлээн зөвшөөрч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан буюу тус актыг 2019 оны 03  дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атал Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 23-нд гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс  хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 3542 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4083 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин шүүхэд хандсан байх бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн хариуцагчид мэдэгдсэн байна.

Харин нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд дахин хандаж Захиргааны хэрэг үүсэхэд *******өн нэхэмжлэлд зурсан газрын үсэг нь Э.Бы гарын үсэг биш байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой, илэрхий байна.

Шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргах нь тухай нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамааралтай бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан бол итгэмжлэгдсэн эрхийг дурдах бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн гарын үсгийг төлөөлөн зурах байтал нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гарын үсэг биш итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг ч биш байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Э.Бы нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э.Быг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны даргаар томилжээ.

Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Газрын албыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болгон өөрчилснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.4-д заасныг үндэслэн Нийслэлийн Газрын албаны дарга Э.Быг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Э.Бд гардуулж *******өн нь гэрчийн мэдүүлэг, сонсох ажиллагааны тэмдэглэл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/89, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/94,  2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/99, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/100, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/101 дүгээр тушаалуудад нэхэмжлэгч Э.Б нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нийт албан хаагчдыг оролцуулан сонсох ажиллагааг явуулсан байх бөгөөд тус сонсох ажиллагааны тэмдэглэлд Э.Быг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахыг мэдэгдсэн байх бөгөөд үүнд Э.Б гарын үсэг зурсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ү.Г “...Газрын алба нь газар зохион байгуулалтын алба болоод үүний дагуу Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгүүлэхээр Э.Быг томилсон. Нийт ажилчдыг цуглуулаад хамт олны хурлыг Нийслэлийн иргэний танхимд хийсэн...Би 47 дугаар захирамжийг гардуулж *******өн. Нийт хамт олны хурал хийгээд хамт олонд сонсгосон. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагт гардуулсан”, мөн гэрч Д.Б “....Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болж өөрчлөгдсөнтэй холбоотой хурал Хангарьд ордны 14 дүгээр давхарт 04 дүгээр сард болсон.”, А.Ган-Эрдэнийн “...Хангарьд ордны 14 дүгээр давхарт байрлах хурлын их зааланд Нийслэлийн Газрын албаны даргыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар шилжүүлэн томилж байгаа тушаалыг нийт албан хаагчдад танилцуулж гардуулж *******өн. Би хурлын тэмдэглэл хөтөлж оролцсон” гэх мэдүүлгүүдээс үзвэл Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Б нь тус маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжийг 2019 оны 03  дугаар сарын 29-ний өдөр мэдсэн мөртлөө Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд хуулийн дагуу зохих ёсоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/178 дугаар захирамжаар Э.Быг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар Нийслэлийн газрын албаны даргаар жинхлэн томилсон байна. 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” ******* дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн “Удирдлагаас *******өн үүрэг даалгавар биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд хийсэн аудитын тайлан”-гаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон” хэмээн Э.Быг төрийн жинхэнэ албанаас халсан байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/1885 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бд “...Удирдлагаас *******өн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд энэхүү мэдэгдлийг хүлээн авах боломжгүй талаар Э.Б нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-04/1733 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад хүргүүлжээ.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын шалгалтад 2015-2017 оныг хамруулж, тайланг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргын А/22 дугаар тушаалаар баталгаажуулж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шалгагдагч байгууллагад хүргүүлсэн байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 970 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бд Аудитын тайлангийн төслийг хүргүүлж, саналаа Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д заасны дагуу ирүүлэхийг мэдэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр тайлбар, саналуудыг тэмдэглэн хүргүүлсэн байх бөгөөд энэхүү тайлбар, саналыг хугацаа хоцроож ирүүлсэн гэх шалтгаанаар саналыг тайланд тусгаагүй байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/191 дүгээр “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.Быг Нийслэлийн Засаг даргаас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэр төртэй биелүүлэн, бусдыг манлайлан ажилласан гэж үнэлж, Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны 2017 оны үйл ажиллагааг “Бүрэн хангалттай” гэж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны ажил дүгнэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/52 дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албаны 2018 оны үйл ажиллагааг “Бүрэн амжилттай” гэж дүгнэжээ.

Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас хийсэн шалгалтаар илэрсэн ямар зөрчлүүдээс нэхэмжлэгч Э.Быг Нийслэлийн Газрын албаны даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи хугацааны ямар зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж, сахилгын арга хэмжээ авсан болон нэхэмжлэгч  удирдлагаас *******өн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох талаарх баримтыг шүүхээс удаа дараа шаардсан боловч шүүхэд ирүүлээгүй байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байх бөгөөд Э.Б нь Нийслэлийн Газрын албаны даргаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон, аудитын шалгалтанд хамрагдсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд хамгийн эцэстээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд сахилгын шийтгэл оногдуулах боломжтой байсан бөгөөд зөрчилд ногдуулах сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг”, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно” гэж тус тус зааснаас үзэхэд аудитын үйл ажиллагаа нь зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.

Хэдийгээр 2015-2017 оны “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд 2018 оны Нийслэлийн Засаг даргын зүгээс гаргасан газар эзэмших эрх олгох, шилжүүлэх захирамжуудыг дурдсан байх боловч хариуцагчийн зүгээс аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэлгүйгээр тэдгээр захирамжуудын агуулгыг нэхэмжлэгчид шууд хамаатуулан албан үүргийн зөрчилд тооцож, сахилгын арга хэмжээ авах үндэслэл болгосон нь буруу байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48 дугаар зүйлийн 48.1.3-т “төрийн албанаас халах” гэж заасан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргаас Э.Быг ажлаас халах сахилгын арга хэмжээ авахдаа удирдлагаас *******өн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн байх бөгөөд хариуцагчаас ямар үүрэг даалгаврыг өгч, хэрхэн биелүүлээгүй талаарх баримтыг тус шүүхэд ирүүлээгүйгээс гадна, Э.Б нь 2017, 2018 онд үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлсэн гэж үнэлэгдэж, Нийслэлийн Газрын албаны үйл ажиллагааг бүрэн хангалттай гэж дүгнэсэн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын “Э.Бд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд хуулийн дагуу зохих ёсоор эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 6 сар, ажлын 21 хоногийн дундаж цалин хөлс болох // 1,015,663 + төрийн алба хаасан хугацааны 15% + зэрэг дэв 26%/ * 6 сар ажлын 21 хоног/ 9,959,497 төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хураамжийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нь энэхүү шүүх хуралдааны товыг өдөр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдсэн бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн атлаа үүний дараа шүүгчийн туслахтай утсаар ярьж “хоцорч ирэх” талаараа мэдэгдсэн боловч ирмэгцээ өөр шүүх хуралдаанд оролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Э.Баас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын “Э.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан Э.Баас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, Э.Быг Нийслэлийн газар зохион байгуулалтын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 6 сар ажлын 21 хоногийн цалин болох 9,959,497 төгрөгөөс мөн хугацааны холбогдох татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                               

 

ШҮҮГЧ                        Ц.ОДМАА