Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 16

 

 

                                       Г.Итгэлийн нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04  дүгээр сарын 17-ны өдрийн 215 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Итгэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-д холбогдох

“Гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Нармандалын гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч С.Оюунсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Чулуунаа, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Г.Итгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч “Мөнгөт-Оюу” ХХК нь “Монголиан Стар Мелшерс” ХХК-тай 2013 оны 1-р сарын 1-ний өдөр байгуулсан “Бараа зээлээр худалдах худалдан авах” СС-93/025 тоот гэрээний дагуу хариуцагч компанийн импортлон борлуулдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг харилцагч байсан. Гэрээнд заасны дагуу хариуцагч худалдан авсан барааныхаа төлбөрийг 7 хоног бүрийн ням гаригт багтаан сард нэг удаа борлуулалтын падааны үнийн дүнгээр тус компанид төлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хариуцагч гэрээний төлбөрийн үүргээ гүйцэтгэлгүй явсаар 2014 оны 3-р сарын байдлаар нийт 5.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл бий болсон. "Монголиан Стар Мелшерс" ХХК 2014 оны 2-р сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тусгаарлагдаж, өргөн хэрэглээний барааны салбарын эрх үүрэг, шаардлагыг нэхэмжлэгч "Монголиан Стар Медикал" ХХК-д шилжүүлсэн байдаг. Эдгээр шаардлага, авлагын дотор хариуцагч "Мөнгөт-Оюу" ХХК-н 5.000.000 төгрөгийн телбөрийн үлдэгдэл багтсан байдаг бөгөөд хариуцагч дээрх төлбөрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлж, одоогийн байдлаар нийт үндсэн 4.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсаар байна. 2016 оны 11 сарын 3-ны өдөр “Монголиан Стар Медикал” ХХК нь Монгол улсын иргэн Г.Итгэлд хариуцагчаастөлбөр шаардах эрхээ шилжүүлсэн 01 тоот гэрээг байгуулан, “Мөнгөт-Оюу” ХХК-д мэдэгдсэн бөгөөд одоо энэхүү шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгч Г.Итгэлд байгаа болно. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7-р зүйлийн 7.2-д заасны дагуу нэхэмжпэгч алданги тооцож Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т заасан зохицуулалтын хүрээнд нийт алданги 2.000.000 төгрөгийг шаардах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөгийн хамт нийт 6.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгон өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2013.01.01-ээс “Монголиан Стар Мелшерс” ХХК-тай гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээтэй ажиллаж байсан. Тус компаний бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, мөн борлуулалт муудсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүнээ хүлээлцэж ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг манай компани гаргаж ажлаа хүлээлцсэн билээ. Эцсийн тооцоо хийж бараа бүтээгдэхүүнийг буцаасан бөгөөд 134,936 төгрөгний бараа хугацаа ойртсон, сав баглаа муудсан гэдгээр актлагдсан боловч хасч тооцоогүй. Тус компаний зөвшөөрлөөр Тансаг Трейд ХХК-д 2,139,693 төгрөгний, Госттрейд ХХК-д 181,327 төгрөгний урамшуулал тус тус олгосныг мэдсээр байж хасч тооцоогүй. Үлдэгдэл 1,544,044 төгрөг нь бүгд жижиг дэлгүүрүүдэд олгосон урамшуулал, цалингийн дутуу, байрны түрээсийн төлбөр зэргийг тооцоход тус компанид өгөх төлбөр байхгүй бөгөөд харин ч манай Мөнгөт-Оюу ХХК авлагатай билээ гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Оюунсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

2012 оны 05 сарын 21-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. 2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл дахин гэрээ хийсэн. Ерөнхийдөө 2012 онд 6 сар, 2013 онд 01 сараас 03 сарыг хүртэл 3 сар үйл ажиллагаа явуулсан. 2013 оны 12 сард дуусах байсан гэрээг хугацаанаас нь өмнө 06 сард цуцалсан. Манай хүсэлтээр гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалснаас хойш бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй. Манай байгууллагатай байгуулсан гэрээг цуцлаад “Госттрейд” ХХК-д манай эрхэлж байсан үйл ажиллагааны эрх шилжсэний дараа эцсийн тооцоо хийсэн юм. Эцсийн тооцоо нийлэхэд манай 2 байгууллагын хооронд 5.000.000 төгрөгийн тооцоо байсан юм байна. Үүнээс 1.000.000 төгрөгийг 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үед нь шилжүүлсэн. 4000000 төгрөгийг барааны үнэ, 2000000 төгрөгийг алданги гэж нийт 6.000.000 төгрөг нэхэмжилснээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний хугацаанд борлуулалтын орлогыг манай байгууллага цаг тухайд нь хийж байсан. Гэрээг зөрчсөн асуудал байхгүй. Үлдэгдлийн талаарх шаардпага, мэдэгдэл ирж байгаагүй нь үүний баталгаа болно. Иймд алдангийг төлөх боломжгүй. Г.Итгэлийн нэхэмжлэл дээр урамшуулал олгох ёсгүй гэсэн байгаа. 4.000.000 төгрөгөөс “Тансаг трейд” ХХК-нд 2.139.693 төгрөг, “Гост трейд” ХХК-нд 181.327 төгрөг, бусад дэлгүүрүүдэд 127.432 төгрөг, нийт 2.448.452 төгрөгийн урамшуулал тухайн байгууллагын эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр олгосон, 134.936 төгрөг нь актлагдсан барааны үнэ учир мөн л төлөхгүй. Иймээс 4.000.000 төгрөгөөс 1.416.612 төгрөгийг төлөх боломжтой. Гэрээнд манай байгууллага бусад дэлгүүрүүдэд бараа түгээхдээ тодорхой хэмжээний урамшуулал, хөнгөлөлт эдлүүлэх талаар заалт байхгүй ч гэрээт борлуулагчаар “Мөнгөт-Оюу” ХХК ажиллахаас өмнө ч урамшуулал авч байсан. Бусад газруудад урамшуулал олгож байсан талаарх баримтууд хавтаст хэрэгг авагдсан байгаа. Ажил хүлээлцэхэд 134.936 төгрөгийн бараа бүтээгдэхүүн сав баглаа боодол муу гэж актлагдсан байдаг. Уг бараа бүтээгдэхүүнүүд анх ирэхдээ шаардлага хангахгүй ирсэн. Удаа дараа буцаая гэхэд “Бид үнэ бууруулах шийдвэр гаргая, байж байг” гэсэн учир эцсийн тооцоо хүртэл манай компани дээр байсан. Нийт бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн, зөвхөн нярай, гоо сайханы бараа, угаалгын бодис байсан нь борлуулалтад муугаар нөлөөлж байсан учир гэрээг цуцлах, үйл ажиллагаагаа зогсоох саналыг манай компани тавьсан. “Бараа бүтээгдэхүүнээ авч өөр газар шилжүүлэх үү?” гэж харилцагч нартайгаа ярилцаад ер нь болъё гэсэн шийдвэрийг хоёр тал харилцан тохиролцож буцаасан. “Мөнгөт оюу” ХХК гэрээт борлуулагч болсон гэдгийг тухайн дэлгүүрүүдээр “Мөнгөт оюу” ХХК-ийн нягтлан бодогчийг дагуулж яваад хэлсэн байдаг. Мөн “Урамшууллыг үргэлжлүүлэн олго” гэж Өвөрхангай аймгийг хариуцсан төлөөлөгч хэлсэн байдаг. Өвөрхангай аймагт Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн 3 аймагт үйлчлэх салбар байсан. Тухайн салбарыг хариуцсан эрхлэгч нь Д.Батчимэг байсан. Д.Батчимэг нь танай байгууллагыг сонголоо” гээд Архангай аймагт салбар нээсэн. Иймд урамшуулал үнийн дүнгээс хасагдах ёстой гэж үзэж байгаа. 1.416.612 төгрөгийн үлдэгдлийн хувьд МЗМ компанитай өдөр тутам утсаар ярьдаг байсан. “Танай байгууллага ийм талбайд үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагад гэрлийн мөнгө өг. Мөн түрээсийн асуудлыг шийдэж өг” гэж ярихад “Өгөхөөс өөр аргагүй. Бид дээш нь ярьж шийдэж өгье” гэдэг байсан. 1.400.000 төгрөгийн хувьд түрээс гэхгүйгээр тухайн байгууллагатай олон удаа харилцаж байсны хувьд боломжоороо төлөөд дуусгая гэж байсан. Гэтэл “Монголиан стар дистрибъюшин” ХХК нь 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Манай байгууллага танай байгууллагыг хариуцаж ажиллахаар болсон, танай байгууллагын үлдэгдэл ийм байна гэж ерөөсөө хэлж ярилгүйгээр нэхэмжилсэн. “Монголиан стар медикал” ХХК-иас манай компаний үлдэгдэл, өр төлбөрийн талаар мэдэгдсэн зүйл ерөөсөө байхгүй. Надтай ерөөсөө үлдэгдпийн баталгаа хийгээгүй, үлдэгдэл чинь ийм байна гэж ч ярилгүйгээр 3 удаа нэхэмжпэл гаргаж байна. “Монголиан стар медикал” ХХК нь яагаад манай байгууллагаас мөнгө нэхэмжилдэг юм бэ? гэхээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр эрх шилжиж ирсэн учир уг тогтоолын дагуу нэхэмжилж байна гэдэг. Өмнө нь “Монголиан стар дистрибъюшин” ХХК мөн л хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр эрх шилжиж ирсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байсан. Шийдвэрүүдийг харахаар өмнө нэхэмжлэл гаргаж байсан “Монголиан стар дистрибъюшин” ХХК, одоо нэхэмжилж байгаа “Монголиан стар медикал” ХХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хоёулаа 02 сарын 28-ны өдөр гарсан байдаг. 02 сарын 28-ны өдрөөс өмнөх авлагыг манайх нэхэмжлэх ёстой, танай байгууллага мөн төлөх ёстой гээд “Монголиан стар дистрибъюшин” ХХК өмнө нь нэхэмжилсэн. Дараа нь “Монголиан стар мелшерс” ХХК мөн нь 02 сарын 28-ны өдрөөс өмнөх танай тооцоог манайх авах ёстой гэж нэхэмжилсэн байдаг. Би Монголиан стар мелшерс” ХХК-ий хурлын тогтоолд эргэлзэж байгаа. Уг хурлын тогтоолыг нөхөж гарсан байх гэж бодож байгаа. Иймд уг тогтоолыг хүчингүй гэж үзэж байна. Хэргийн материалаас л ийм компани нэхэмжпэл гаргасан юм байна гэдгийг л харж байгаа. Г.Итгэл гэдэг хүн “Монголиан стар мелшерс” ХХК- ий төлөөлөгч гэсэн мессеж ирсэн. МЗМ-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээг гэрээ хийхэд хувилж авч байсан. 2016.7.28-ны өдрийг хүртэл сунгав гэсэн байдаг. “Монголиан стар мелшерс” ХХК-тай гэрээ хийхэд хуулбарлан өгч байсан учир тухайн аж ахуй нэгжийн гэрчилгээ надад байдаг. “Монголиан стар медикал” ХХК-ий аж ахуй нэгжийн гэрчилгээний ар талд ажиллах хугацааг “Үйл ажиллагаа хэвээр, 2016 оны 07 сарын 28-ны өдөр сунгав” гэж тэмдэглэсэн, тухайн тэмдэглэлд өөрчлөлт ороогүй байгаа. Тухайн гэрчилгээн дээр “Монголиан стар мелшерс” компаниас “Монголиан стар медикал” ХХК салсан талаар ерөөсөө байдаггүй. “Монголиан стар медикал” ХХК-ий хурлын тогтоолыг харахад шаардпага хангасан тогтоол гэхэд бас хэцүү. Учир нь хурлын тогтоол дээр “Монголиан стар мелшерс” ХХК 2014 оны жилийн эцсийн эргэлтийн хөрөнгийн дансны авлагаас охин компани болох “Монголиан стар медикал” ХХК-ий дансны авлага, урьдчилан төлсөн тооцооны хичнээн төгрөг, бэлнээр хичнээн төгрөгийг мөн урьдчилан төлсөн өр төлбөрийг тус тус шилжүүлсүгэй” гэсэн байдаг. Гэтэл 2014 оны жилийн эцсийн тайлан гараагүй байхад 02 сарын 28-ны өдрийн тогтоол дээрээ үнийн дүнгүүдийг тодорхой бичсэн байгаа учир уг тогтоолыг мөнгө нэхэмжлэхийн тулд нөхөж хийсэн гэж бодож байна. “Монголиан стар мелшерс” ХХК нь манайхтай байнга харилцаатай байсан. “Монголиан стар дистрибъюшин” ХХК нь нэг удаа “Монголиан стар мелшерс” ХХК өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ? гэж асуусан тэр үед нь би “Санал тавъя. Үргэлжпүүлж байгаад юмаа хийе” гэж хэлсэн. “Танайх үргэлжлүүлээд явчих. Одоо өөр газар өгнө гэхээр газаргүй болчихоод байна” гэхээр нь “Борлуулалт муутай. Би хийхгуй. 140м2 талбайдаа өөр зүйл хийнэ” гэсэн. 1400000 төгрөгийг хэзээ л бол хэзээ өгч авалцаад асуудлаа дуусгах боломжтой байгаа. “Мөнгөт оюу” )0(К-ий 2013 оноос 2015 оны санхүүгийн тайлан дээр ч гэсэн МЗМ компаний үлдэгдэл гэсэн зүйл байдаггүй. Миний хувьд үнэхээр тооцоо нийлсэн актыг хянаж шалгахгүйгээр “Танайх ийм үлдэгдэлтэй байсан” гэсэн үгээр нь л “төлье” гэж байсан нь тухайн байгууллагатай хамтран ажиллаж байсны хувьд тухайн байгууллагын худал хэлэхгүй байх гэсэн итгэлцэлтэй холбоотой. “Монголиан стар мелшерс” ХХК-ий эргэлзээтэй эрх шилжсэн байдал, хоёрт бид нартай тооцоо нийлж, орлого зарлагын баримт байхгүй байгаа, бид нартай хийсэн тооцоо нийлсэн акт байдаггүй учир нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Мөнгөт-Оюу” ХХК-иас 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Итгэлд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч “Мөнгөт-Оюу” ХХК-иас 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Итгэлд олгож; Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч С.Нармандал давж заалдах гомдолдоо:

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 17-ны өдрийн дугаар 129/ШШ2017/00215 шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-аас 6000 000 төгрөг гаргуулж Г.Итгэлд олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Мөнгөт-Оюу ХХК-аас Монголиан Стар Мелшерс ХХК-д 2013 оны 01-р сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу авсан барааны үлдэгдэл төлбөр 4000 000 төгрөг, алданги 2000 000 төгрөг, нийт 6000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Аливаа төлбөр тооцоо нь санхүүгийн баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл Монголиан Стар Мелшерс ХХК, Мөнгөт-Оюу ХХК-ны хооронд 4000 000 төгрөгийн үлдэгдэл авлагатай гэсэн тооцоо нийлсэн болон дутагдал төлбөр тавигдсан акт, гэрээ дүгнэсэн дүгнэлт зэрэг 2 талын гарын үсэг зурагдсан ямарч баримт байхгүй. Хэрэгт ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, хариуцагч нь Монголиан Стар Мелшерс компанид 4000 000 төгрөг төлөх нь нотлогдохгүй гэж үзэж байна. Шүүх Мөнгөт-Оюу ХХК нь Монголиан Стар Мелшерс ХХК-д 4000 000 төгрөгний тооцооны үлдэгдэлтэй болох нь гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, харилцагчийн үлдэгдэл шилжүүлсэн жагсаалтаар нотлох баримт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь: Гэрч Д. Отгонбаяр гэгч нь шүүхэд мэдүүлэхдээ асуудпыг тодорхой сайн мэдэхгүй 6 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх гэж таамаглаж мэдүүлсэн байдаг. Мөн С.Оюунсүрэн нь тус шүүхэд “Танайх ийм үлдэгдэлтэй байсан” гэсэн үгээр нь л “төлье” гэж байсан нь тухайн байгууллагатай хамтран ажиллаж байсны хувьд тухайн байгууллагыг худал хэлэхгүй байх гэсэн итгэлцэлтэй холбоотой” гэж тайлбарласан байдаг. Монголиан Стар Мелшерс ХХК нь Монголиан Стар Медикал ХХК-д харилцагчийн тооцоо нийлсэн акт санхүүгийн албан ёсны баримтгүйгээр хүснэгтээр шилжүүлсэн байдаг. Иймээс дээрхи гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, авлагын хүснэгт материалыг үнэн зөв нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байгаа юм. Улмаар  шүүх хариуцагчийн Монголиан Стар Мелшерс ХХК-д 4.000.000 төгрөг төлөх нь нотлогдож, тогтоогдохгүй байхад 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 129/ШШ2017/00215 шийдвэрийг хүчингүй болгож, Г.Итгэлийн Мөнгөт-Оюу ХХК-иас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Итгэл, хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-ниас гэрээний үүрэг болох борлуултын төлбөр 4 000 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

            Монголиан Стар Мелшерс ХХК, Мөнгөт-Оюу ХХК-ны хооронд 2013 оны 01 сарын 01-ний өдөр Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

            Гэрээгээр Монголиан Стар Мелшерс ХХК биет байдлын болон эрхийн доголдолгүй, олон улсын болон Монгол улсын эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан “Johnson & Johnson”, “SCJ”, “Kimberry Clark”, “Henker” гэх мэт компанийн өргөн хэрэглээний барааг Мөнгөт-Оюу ХХК-д зээлээр худалдах, Мөнгөт-Оюу ХХК барааг гуравдагч этгээдэд худалдах, төлбөрийг Монголиан Стар Мелшерс ХХК-д тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

 

            Монголиан Стар Мелшерс ХХК-ийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор гоо сайхны барааны худалдаа, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн худалдааны бизнесийг компаний үйл ажиллагаанаас тусгаарлаж, Монголианстар Медикал ХХК руу шилжүүлж, үүнтэй холбоотойгоор Монголиан Стар Мелшерс ХХК-ний 2014 оны жилийн эцсийн тайлангийн эргэлтийн хөрөнгийн дансны авлагаас охин компани болох Монголианстар Медикал ХХК-д 6,432,403,626.42 төгрөгийн дансны авлагыг шилжүүлсэн байна.

 

            Монголиан Стар Медикал ХХК-нд Монголиан Стар Мелшерс ХХК-аас шилжүүлсэн харилцагчийн үлдэгдэл 2014 оны 02 сарын 28-ны байдлаар гэсэн жагсаалтын JJ2252 дугаарт Өвөрхангай-Архангай балансад 5 000 000, тооцоо нийлээгүй үлдэгдэл 5 000 000 гэж тусгагджээ.

 

            Түүнчлэн Мөнгөт-Оюу ХХК-ны захирал С.Оюунсүрэн 2014 оны 06 сарын 21-нд Монголиан Стар Мелшерс ХХК-ны захиргаанд  Мөнгөт-Оюу ХХК-ны 5 000 000 төгрөгний өр авлагыг хэрхэн барагдуулах талаар 2 төрлийн хүсэлт тавьж, шийдвэрлэж өгөхийг хүссэн бичиг илгээж байсан байх ба Мөнгөт-Оюу ХХК дээрх 5 000 000 төгрөгний тооцооны үлдэгдлээс 2014 оны 10 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөгийг төлсөн байна.

            Монголиан Стар Медикал ХХК Архангай аймгийн харилцагч Мөнгөт-Оюу ХХК-ниас нэхэмжлэх барааны төлбөр 4.000.000 төгрөг, түүний алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгний авлагыг 2016 оны 11 сарын 03-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Г. Итгэлд шилжүүлсний дагуу нэхэмжлэгч Г.Итгэл хариуцагч Мөнгөт-Оюу ХХК-ниас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

            Хариуцагч Мөнгөт-Оюу ХХК шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлүүдийг тусгасан боловч зөвшөөрөхгүй байгаа тэдгээр үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй учир хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн                             167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 215 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч С.Нармандалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 /нэг зуун арван мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                             М.МӨНХДАВАА

                                              Л.НЯМДОРЖ