Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 96

 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар магадлалтай, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 16 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нь захиргааны хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. “Пибоди винсвэй рессорсез” ХХК нь ашигт малтмалын XX/12483 хайгуулын тусгай зөвшөөрлөөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дахь Баруун Ноён уул нэртэй талбайг эзэмшдэг байсан юм. Тус хайгуулын талбайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авсны нөхөн төлбөрийн асуудлыг талууд зөвшилцөн шийдвэрлээгүй байхад Улаанбаатар Аудит ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр 2.784.411,771 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах тухай Ашигт малтмалын газрын даргын тушаал гарсан байна. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газрын даргын А/51 дугаартай тушаал гарч өмнөх А/11 дугаартай тушаал хүчингүй болгосон боловч нөхөн төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа зэргийг тогтоосон байна.

Энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүйн улмаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж гаргасан захиргааны акт юм.

Анхан шатны шүүх нь Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасны тус тус үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн байх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” а/11 дүгээр тушаалаар “Пибоди винсвэй ресорсез” ХХК-д олгох нөхөх олговрын хэмжээг “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн а-39 дүгээр тушаалаар баталсан 2 667 027 000 төгрөг дээр 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн лицензийн төлбөр болох 60 380 324 төгрөг, мөн 48 004 447 төгрөгийг тус тус нэмж нийт 2 785 411 771 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосныг, нэхэмжлэгч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуунаас “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Улаанбаатар аудит корпораци” ХХК-иар удаа дараа дүгнэлт гаргуулж байгаа нь хөндлөнгийн дүгнэлт гэж үзэх эргэлзээтэй, тушаал гаргахдаа үндэслэсэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4 дэх заалт нь нөхөх олговрын хэмжээг тогтоох тухай харилцааг зохицуулаагүй тул уг тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Ашигт малтмалын газрын даргад нөхөх олговор төлөх хугацааг нарийвчлан тогтоох эрх хэмжээ хуулиар олгоогүй байхад 1 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоож, Хурлын санал, нөхцөл боломжийг судлаагүй” гэж маргаж, уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нь дахин 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” а/51 дүгээр тушаалыг гаргасан байх бөгөөд тушаалд нөхөх олговрын хэмжээг дээрх а/11 дүгээр тушаалд заасны дагуу тогтоож, төлөх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэж зааж, улмаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн а/11 дүгээр тушаалаа хүчингүй болгосон, энэ тушаалыг гаргасан шалтгаанаа өмнөх а/11 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлаагүй орхигдуулсан байсан хэмээн тайлбарлажээ.

Шинээр акт гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн а/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар өөрчилж,  хариуцагч уг тушаалыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу “захиргааны акт гаргахад баримтлах журам, ажиллагааг гүйцэтгээгүй, эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдийн оролцоог хангаагүй” гэж маргасан байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, чөлөөлөх тухай” 8/2 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Гурвантэс, Ноён сумын нийт 233588.1 га газрыг 5 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсны дотор “Пибоди винсвэй ресорсез” ХХК-д хайгуулын XY-012483 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон Өмнөговь аймгийн Ноён сумын “Баруун баян-уул-1” нэртэй газрын 22071.01 гектар талбайг бүхэлдээ орсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

Мөн үүний өмнө “Пибоди винсвэй ресорсез”ХХК-ийн хайгуулын XY-012483 дугаар тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан шийдвэрүүдийн талаар тус компани шүүхэд маргаан үүсгэж, Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаар тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/5 дугаар тогтоолыг; түүнчлэн Өмнөговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 дугаар тогтоолын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож байжээ.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн а-39 дүгээр тушаалаар “Пибоди винсвэй ресорсез” ХХК-д олгох нөхөх олговрын хэмжээг тогтоосон байх бөгөөд уг тушаалд “...“Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн, Геологийн албанаас хянасан 2 677 027 000 /хоёр тэрбум зургаан зуун далан долоон сая хорин долоон мянга/ төгрөгөөр, хугацааг 2004 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тус тус тогтоосугай” гэж заасан байна.

Дээр дурдсанаар шүүх “орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаарх” маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосон хэдий ч “Пибоди винсвей ресорсез” ХХК нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаагүй /Өмнөговь аймгийн Байгаль орчны газар нь менежментийн төлөвлөгөөг нь баталж өгөөгүй гэх/-гээс тухайн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, нөхөх олговор олгогдоогүй, энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, “Пибоди винсвэй ресорсез” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15/47 дугаартай албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад хандаж, “...2014 оны а-39 дугаар тушаалаар тогтоосон 2 677 027 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн 2014 оны төлбөрт төлсөн 60 380 324 төгрөг нийт 2 737 407 324 төгрөгийн нөхөх олговор авахаар нэхэмжилсэн, “уг тооцоог судлах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн а/186 дугаар захирамжаар байгуулж ажиллуулсан боловч талууд тохиролцож, төлбөрийн хэмжээг тогтоож чадаагүй болох нь тогтоогдсон байна.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газар тогтоох эрх зүйн үндэслэл бүрджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14.5 дахь хэсгийн зохицуулалт нь “нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг” авах эрхтэй этгээд болон төлөх үүрэгтэй этгээд хоорондоо тохиролцож чадаагүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтээр тогтоолгох, үүнийг нь Ашигт малтмалын газар нь баталгаажуулах агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, шийдвэр гаргасан этгээдийн тохиролцохгүй байгаа “нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг” хөндлөнгийн этгээд нь дүгнэлтээр тогтоохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчийн авахаар санал болгосон хэмжээ, шийдвэр гаргасан байгууллагын өгөхөөр санал болгох хэмжээнд үндэслэх нь ойлгомжтой юм.

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пибоди винсвэй ресорсез” ХХК-ийн хайгуулын талбайд зарцуулсан зардлыг нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Улаанбаатар аудит корпораци” ХХК нь 2014 оны 4 дүгээр сар, 2016 оны 2 дугаар сард тус тус баталгаажуулж, 2 удаа “хараат бус баталгаажуулах гэрээт ажлын тайлан”-г гаргасан нь хуулийн дээрх зүйл, заалтын “хөндлөнгийн этгээдийн дүгнэлт” гэж үзэхэд эргэлзээтэй буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийн дагуу түүнтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр гүйцэтгэсэн аудитын үйл ажиллагааны үр дүнд гаргасан баримт байна.  

Тодруулбал, тус аудитын компанийн гаргасан “хараат бус баталгаажуулах гэрээт ажлын тайлан” нь тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох “Пибоди винсвэй ресорсез” ХХК-ийн  гаргасан зардлыг санхүүгийн баримтад нь аудит хийх замаар баталгаажуулсан нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тодорхойлсон санхүүгийн мэдээллийг холбогдох олон улсын стандартын дагуу шалган баталгаажуулах үйл ажиллагаа буюу аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй “бусад баталгаажуулалт”-ын ажил байна.

Иймд, хариуцагч Ашигт малтмалын газрын дарга нь “зардлыг баталгаажуулсан” аудитын компанийн дүгнэлтийг үндэслэн “нөхөх олговрын хэмжээ, хугацааг тогтоох тухай” 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн а/51 дүгээр тушаалыг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, Ашигт малтмалын газраас сонирхолын зөрчилгүй хөндлөнгийн этгээдээр дүгнэлт гаргуулж шийдвэрлэх байжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зүйл, заалтын “нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааны талаарх хөндлөнгийн этгээдийн дүгнэлт” гэдэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пибоди винсвэй ресорсез” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тус компанийн тухайн талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлыг санхүүгийн баримтад нь тулгуурлан баталгаажуулсан аудитын байгууллагын дүгнэлтийг хамааруулж, уг зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүхийн энэ тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2016 оны а/51 дүгээр тогтоол хүчингүй болсноор ижил агуулга бүхий тус даргын 2016 оны а/11 дүгээр тушаалын үйлчлэл сэргэхгүй болохыг анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 787 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн а/51 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ