Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 149/2022/0011/Э |
Дугаар | 2022/ШЦТ/08 |
Огноо | 2022-01-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч А.Алтансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Алтансувдад холбогдох 2232000050008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл-5, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Замчны 12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Адуучин овогт Амарсайханы Алтансувд/рд:МЗ88102768/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Алтансувд нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагаас 24 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг IRISH нэртэй бааранд иргэн М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нартай маргалдан улмаар М.Мөнх-Эрдэнийг түлхэж унаган Д.Мөнхчимэгийн үснээс зулгааж нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж улмаар М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтансувд мэдүүлэхдээ: …Би шүүхийн
хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн зөв. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2232000050008 тоот хавтаст хэргээс
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Мөнхчимэг найз Нямдаваа, Наранжаргал нарын хамт 23 цагийн үед irush баар орсон. Тэгээд дотор орчхоод дөрвөн ширхэг 0.5 литрийн пиво аваад ууж байгаад баар хаахаас нь өмнө хэсэг бүжиглэж байгаад гаръя гэж бодоод босоод бүжиглэж байгаад Алтансувд гэх хүнийг ухарч яваад хальт мөргөсөн тэгээд иргэж хараад уучлалт гуйх гэхэд намайг түлхэж унагаахад манай эхнэр над дээр Алтансувд гэх эмэгтэй бид хоёрыг салгах гэхэд манай эхнэрийн үснээс нь зулгааж зодоод байж байтал цагдаагийн алба хаагч нар ирж салгасан. ...Бааранд байсан Алтансувд гэх эмэгтэй уг гэмтлийг учруулсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/
Хохирогч Д.Мөнхчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн орчимд Старс караокед найзуудтайгаа сууж байгаад гараад Irish бааранд орсон. Бааранд ороод таван лааз пиво аваад нэг ширээн дээр найз Нямдаваа, Наранжаргал, Мичидмаа нөхөр Мөнх-Эрдэнэ нарын хамт сууж байгаад манай нөхөр бүжиглэе гээд байхаар нь би үгүй гээд суусан нөхрөө бүжиглэж байхад нь хараад зогсож байсан чинь манай нөхөр арагшаа хэрэхгүй ухарч алхаж байгаад үл таних эмэгтэйтэй мөргөлдсөн чинь манай нөхрийг түлхсэн. Тэгэхээр би уучлалт гуйх гээд очоод нөхрөө тэр эгчээс холдуулаад уучлалт гуйх гэхэд намайг үсдэж татах үед манай нөхөр урдуур орж ирээд салгасан. Тэгээд газраас босож ирсэн чинь намайг энд тэндээс алгадаж өшиглөж нүүр рүү цохиж үсдэж чирсэн. Тухайн үед тэнд байсан хүмүүсийг танихгүй. Намайг цохихоо болих үед босоод дээшээ харахад манай нөхрийг тэр эмэгтэйчүүд болон үл таних залуу манай нөхрийн толгой руу цохиж бөөндөө нийлж зодож байсан. Би газраас босоод нөхрөө салгаж авах гэхэд дахиад намайг зодож энэ эхнэр нь байна гээд үл таних эмэгтэй миний нүүр рүү цохиж үсдэж татаад газар унагаасан. Тэгээд миний нүүр амнаас цус гоожоод намайг баарны зөөгч эмэгтэй татаад текний араар нуусан. Тэгээд удалгүй цагдаа ирээд би эмнэлэг рүү явсан. ...Би гомдолтой байна.Миний бие маш их өвдөж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. . ...гэх мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Алтансувд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнхтунгалаг Отгондаваа дүү Туул нарын хамт Irish баар руу 21 цагийн үед орж 0.75 литрийн Болор архи хувааж ууж дуусчхаад ахиж нэмж нэг шил архи авч ууж байх үедээ уг баарны талбай дээр гарч бүжиглэж байхад намайг нэг залуу ирээд араас мөргөчихсөн тэгэхээр нь би иргэж хараад Мөнх-Эрдэнэ гэх залууг буцаагаад түлхчихсэн чинь толгойгоороо шал мөргөж унасан. Тэгээд би босгох гэж байхад цаанаас эт эхнэр нь гэх Мөнхчимэг гэх эмэгтэй ирээд орилоод над руу дайраад байхаар нь би түлхэж үснээс нь татаад толгой хэсэгт нь хоёр удаа зөөлхөн цохичхоод уг баарнаас гараад явсан. ...Би Мөнх-Эрдэнийг цохиж зодоогүй түлхэж унагаахад толгойгоороо шал мөргөж унасан. Харин Мөнхчимэгийг үснээс нь зулгааж толгой хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №16 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.М.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, баруун чамархай, зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 24-25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №15 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.Д.Мөнхчимэгийн биед дээд уруулын зүүн дотор талд шарх, зүүн нүдний дээд доод зовхи зүүн нүдний склерт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нарын гаргасан хүсэлт/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Алтансувдын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 62 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч А.Алтанчимэгийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч А.Алтанчимэг нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар үйл ажиллагаа явуулах “Irish” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нарыг үйл ялих зүйлээр буюу бүжиглэж байхдаа ирж мөргөлөө гэх зүйлээр шалтаглан маргаж улмаас хохирогч М.Мөнх-Эрдэнийг түлхэж унагааж, хохирогч Д.Мөнхчимэгийн нүүр орчимд гараараа цохиж зодож дээд уруулын зүүн дотор талд шарх, зүүн нүдний дээд доод зовхи зүүн нүдний склерт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруулд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр түүнээс олон хүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Д.Мөнхчимэгийн мэдүүлэг/Хх-ийн 12-13 дугаар хуудас/, шүүгдэгч А.Алтансувдын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн № 15, 16 дугаартай дүгнэлт/Хх-ийн 24-25, 30-31 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.Алтансувд болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Алтансувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Алтансувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Хоёр.Шүүгдэгч А.Алтансувдад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Алтансувд нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар үйл ажиллагаа явуулах “Irish” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхчимэг нарыг үйл ялих зүйлээр буюу бүжиглэж байхдаа ирж мөргөлөө гэх зүйлээр шалтаглан маргаж улмаас хохирогч М.Мөнх-Эрдэнийг түлхэж унагааж, хохирогч Д.Мөнхчимэгийн нүүр орчимд гараараа цохиж зодож дээд уруулын зүүн дотор талд шарх, зүүн нүдний дээд доод зовхи зүүн нүдний склерт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхи, зүүн хацар, уруулд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр түүнээс олон хүний биед хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин шүүгдэгч А.Алтансувдын гэмт үйлдлийн улмаас хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйчилж эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Алтансувдад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Алтансувд нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Алтансувд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Алтансувд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Адуучин овогт Амарсайханы Алтансувдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансувдыг 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансувдад оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтансувд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Алтансувдад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч А.Алтансувд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ариунжаргал гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Алтансувдад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ