Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ц.Ад холбогдох эрүүгийн 1834008600427 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд төрсөн 1985 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Ц.А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хаан 5 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газраас иргэн Д.Чимэгсайханы өмчлөлийн халтар зүсмийн, хязаалан насны 1 тооны эр үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А:

...Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг өгсөн болно.

 

Эрүүгийн 1834008600427 дугаартай хэрэгт хохирогч Д.Чимэгсайханы /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Д.Чимэгсайханы /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Ц.Аийн /хх-ийн 26-27 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Батзоригийн /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Х.Уламбаярын /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Бадамсүрэнгийн /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч М.Сумъяагийн /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Л.Хүрэлбаатарын /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Л.Будсүрэнгийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Ц.Ганбатын /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Аийн /хх-ийн 61-62 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хязаалан эр үхрийг 700.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44 дүгээр хуудас/,

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/49 дугаартай Ц.Ганбатын өмчлөлийн “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.753.866 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээ /хх-ийн 46-51 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 08 дугаар хуудас/, малын А дансны хуулбар /хх-ийн 09-11 дүгээр хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 14 дүгээр хуудас/, малын А дансны хуулбар /хх-ийн 15-16 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа, үзлэгийн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-55 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 64-66 73-78 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хаан 5 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газраас иргэн Д.Чимэгсайханы өмчлөлийн халтар зүсмийн, хязаалан насны 1 тооны эр үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Чимэгсайханы ... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай үхэр гэрийн гаднаас бөөнөөрөө бэлчээрт гарч орой үхрээ хурааж ирэхэд нэг үхэр дутсан бөгөөд үгүйлэхэд халтар зүсмийн далбин эвэртэй хязаалан гуна алдагдсан байсан. Тухайн үед тэр хавиар хайгаад болоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...,

гэрч Д.Чимэгсайханы ...2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө манай үхэр гэрийн гаднаас бөөнөөрөө бэлчээрт гарч орой үхрээ хурааж ирэхэд нэг үхэр дутсан бөгөөд үгүйлэхэд халтар зүсмийн далбин эвэртэй хязаалан гуна алдагдсан байсан. Тухайн үед тэр хавиар хайгаад болоогүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна... ...Манай үхэр Цээл сумын 5 дугаар багийн нутаг Хавцал, талын бор гэх газраар поолинд бэлчээрлэдэг халтар зүсмийн имгүй далбин /задгай эвэртэй/ жижиг биетэй хязаалан монгол үхэр...,

насанд хүрээгүй гэрч С.Батзоригийн ...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед саарал өнгийн Пробокс маркийн улсын дугаарыг сайн мэдэхгүй машинтай Бор гэх залуутай хөдөө манай гэрт бага зэрэг согтуу ирээд хоол халааж иднэ, үхэр нядалж хот явах гэсэн чинь манай үхэр олдохгүй байна. Хүрлээгийн үхэр зүүн талын поолинд байгаа дотор нь эмгүй халтар зүсмийн шүдлэн том эвэртэй үхэр байгаа туугаад ир, ах нь хотоос ирээд чамд 15.000 төгрөг өгье гэсэн... ...Ц.Аийн хэлсэн үхэр байхаар нь шууд мориор туугаад гэрийн гадна авчирсан. Ц.Аийн гэрт туугаад ирэхэд бугуйлдаж аваад Бор гэх хүнтэй нийлж нядалж гэдэс толгой ширтэй нь аваад явсан яг хаашаа явсныг би мэдэхгүй... ...Ц.А манай өөрийн үхэр гэж хэлсэн. Гэрт манай ах С.Балдорж байсан...,

гэрч Х.Уламбаярын ...манай хойд айлын Сумъяагийн хүү Батзориг нь пойлноос халтар зүсмийн хязаалан соёолон бололтой эр үхэр туугаад явж байхад нь таараад хонио асуухад хонь энэ доор байна гэхээр нь би зөрөөд явсан. Түүнээс хойш таараагүй... ...Намайг асуухад Аийн үхэр гэсэн алцгар эвэртэй, хар халтар эр үхэр туучихсан явсан...,

гэрч Б.Бадамсүрэнгийн ...Манай дүү Бор надад хэлэхдээ А нэг үхэр хийгээд өгөөч гэхээр нь Сумъяа гэх айлын гадна нэг үхрийг нь хийж өгсөн талаар л ярьсан...,

гэрч М.Сумъяагийн ...Манай үхэрт Аийн 1 тооны халтар хоншоортой, хар бор зүсмийн эм тэмдэггүй бяруу 2018 оны 07 дугаар сарын үед нийлээд 2018 оны 10 дугаар сарын үед ганцаараа алга болчихсон юм. Манай үхэрт байхад нь А харчихаад эхнэр бид хоёрыг харж байгаарай гэж хэлж байсан. Тэгсэн нэг өдөр сураггүй алга болчихсон юм... ...би Баярцэнгэлийн хулгайд алдсан гэх үхрийг би харж байгаагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна...,

гэрч Л.Хүрэлбаатарын ...Манай үхэр малд Аийн үхэр малаас байдаггүй... ...Баярцэнгэл надаас үхэр мал сураагүй... ...Би ерөөсөө Атэй энэ намар уулзаж таарсангүй... ...Борыг Бямбын Нямдорж гэдэг юм. Одоо Хэнтий аймагт айлын отрын адуу харж байгаа гэсэн...,

гэрч Л.Будсүрэнгийн ...Манайх 30 гаруй тооны үхэртэй Аийн үхэр мал манай үхэр малд байдаггүй. Манайх үхэр малаа тусдаа малладаг юм... ...Ц.А, Баярцэнгэлийн хар халтар хязаалан зүсмийн нэг тооны үхрийг Сумъяа гэх хүний хүү Батзориг гэх хүүхдээр туулгаж Сумъяагийн гадаа авчруулж хийгээд аваад явсныг нь Уламбаяр хараад Батзоригоос асуухад А ах аваад ир гэсэн гээд туугаад явж байна гэж хэлсэн. Түүнээс би Сумъяагийн гадаа хийснийг нь бол хараагүй...,

гэрч Ц.Ганбатын ...Би тээврийн хэрэгслийг 2015 онд 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан миний өөрийн нэр дээр бүртгэлтэй боловч би Ад 2018 оны 08 дугаар сард зарчихсан нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Одоо А эзэмшиж байгаа... гэсэн мэдүүлгүүд,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хязаалан эр үхрийг 700.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/49 дугаартай Ц.Ганбатын өмчлөлийн “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.753.866 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, малын А дансны хуулбар, малын А дансны хуулбар, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, үзлэгийн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Харин ...шүүгдэгч Ц.Аийг бусдын малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан... гэмт хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчид ...хулгайлах гэмт хэрэг төгссөн хойно махыг нь ачиж явсан тул тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй... гэх дүгнэлт, тайлбарыг гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх өмгөөлөгчдөөс гаргаад байгаа дүгнэлт, тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаж үзэхэд шүүгдэгч Ц.А нь уг “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлахдаа ашиглаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн газраасаа уг малыг зөөвөрлөж, захиран зарцуулж, ашиг олох зорилгоор тээвэрлэсэн гэж үзэж байх тул өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, тайлбар үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хавцал” гэх газраас иргэн Д.Чимэгсайханы өмчлөлийн халтар зүсмийн, хязаалан насны 1 тооны эр үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.  

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ц.Аийн тээврийн хэрэгсэл ашиглаж, иргэн Д.Чимэгсайханы өмчлөлийн халтар зүсмийн, хязаалан насны 1 тооны эр үхрийг хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүй нь ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олсон, энэ нөхцөл байдлыг өөрөө хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл гэж дүгнэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.А нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцдаа ашиг олох санаа зорилгоор, гэмт хэрэг үйлдэж өөрийн болгосон малын махыг зарж борлуулахаар ашигласан “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шийдвэрлэлээ.

 

Уг “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хавтас хэргийн 13, 54 дүгээр хуудаснуудад авагдсан тээврийн хэрэгслийн 01275908 дугаартай гэрчилгээний хуулбаруудаар уг тээврийн хэрэгсэл Цэдэнгийн Ганбат гэх хүний эзэмшилд байгаа боловч хавтас хэргийн 40-41 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ц.Ганбатын ...миний өөрийн нэр дээр бүртгэлтэй боловч би Ад 2018 оны 08 дугаар сард зарчихсан, нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Одоо А эзэмшиж байгаа... гэх мэдүүлгээр “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгч Ц.Аийн эзэмшилд шилжсэн нь нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Чимэгсайханд 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан.

 

Шүүхэд бичгээр гаргасан хохирогч Д.Чимэгсайханы ...шүүгдэгч Ц.Аийг  гэмт хэрэг үйлдэж учруулсан 700.000 төгрөгийн хохирлыг төлснийг... илэрхийлсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Ад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хэдийгээр шүүгдэгч Ц.Аийн хувьд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай шүүгдэгч Ц.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                          болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ц.Аийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Ц.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай шүүгдэгч Ц.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ц.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.753.866 /гурван сая долоон зуун тавин гурав мянга, найман зуун жаран зургаа/ төгрөгийн үнэ бүхий “Toyota Probox” маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тоёото пробокс маркийн 44-16 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Аийн эзэмшлээс хурааж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН