Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 12 өдөр                        

  2019/ДШМ/19                                                        Зуунмод

О.Ш-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

          Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Хохирогч С.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 852 дугаар шүүгчийн захирамжтай О.Ш-т холбогдох 1834008310434 дугаартай 1 хавтас, 110 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 05 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Онцгой байдлын Ерөнхий газрын ...  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ....  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Ш /РД:ТА..53/.

                                                                        

 Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 10 сарын 22-ны өдөр Митсубиши айртрек 45-13 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг салдаг уулзвар дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 852 дугаар шүүгчийн захирамжаар: Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1834008310434 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

  Прокурор эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834008310434 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна" гэсэн үндэслэлээр яллагдагч О.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.." гэж заасан байна.

 

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зүйлд зааснаар гэмт хэргийн ойлголт, шинжид “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл. эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно" гэж зааснаар Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг дангаараа бий болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ" гэж зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Нандин-Эрдэнэд учирсан хохирлын асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжтой төдийгүй хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Нарантуяа гаргасан тайлбартаа: “Тухайн үед шүүгдэгч хохирол төлбөр барагдуулсан. Авто осол бол цаг хугацаа өнгөрсний дараа үр дагавар нь гарч ирдэг. Хагалгаанд орох шаардлагатай болсон тул дахин хохирол нэхэмжилнэ.” гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Аймгийн прокурорын газраас О.Ш-г  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан ”жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг  энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Нарантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Э.Нандин-Эрдэнийг хохирогчоор тогтоогоогүй нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Тухайн хэргийн улмаас Э.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. “Хохирогч”, “Иргэний нэхэмжлэгч” нь эрх зүйн хувьд өөр өөр субъект бөгөөд тэдгээрийн эдлэх эрх, үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул О.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин хэргийг хянан шийдвэрлэх явцад доорх алдаа зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Үүнд:

- О.Ш-т холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг түүнд танилцуулаагүй байна.

            - Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 06-ны өдрийн 835 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 12 дугаар сарын 03-ны өдрийн 16.00 цагт хийхээр товлосон нь ойлгомжгүйгээс гадна 12 дугаар сарын 06-ны 836 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 852 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 04,14-ны өдөр шүүгдэгч, хохирогч нарт танилцуулж, хэргийг давж заалдах шатны шүүхэд  2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ирүүлжээ. /хх-75,80,85,102,108 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.”, 38.3 дугаар зүйлд “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ. Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно. Хариу тайлбар гаргасан тухай шүүх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргагчид дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ.”, 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж хуульчилсан байхад шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлснээс гадна давж заалдах шатны шүүхэд хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ирүүлсэн нь  хуульд заасан хугацааг 34 хоногоор  хэтрүүлсэн байна.

Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй тохиолдолд  богино хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх хугацаа болон давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн  байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 852 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Хэргийг прокурорт очтол О.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                           Г.БОЛОРМАА