Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0202

 

Иргэн Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Б-н нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний Б/20 дугаар Ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн нэмэгдлийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.Б  нь Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 11-нд томилогдохдоо хариуцлагатай, сайн хийх хүсэл эрмэлзэлтэй байна гэж өргөдөлдөө бичсэн байсан, үүнээс хойш 5,6 сар хүртэл ажилласан.

... 9 дүгээр сард ажлын хариуцлага алдаад сахилгын арга хэмжээ авагдсан.

... 2014 оны 11 дүгээр сарын 13-ны орой Б.Б г өрөөндөө дуудаж ажлын хариуцлага алдаж байна, урьд нь сахилгын арга хэмжээ авагдчихсан, дахиж алдаагаа давтаж байна, үүрэг даалгавар биелүүлэхгүй байна гэдэг асуудлыг тавьсан.

... Тамгын газрын дарга бол 1 дүгээр гарын үсгийг зурдаг, төсөв мөнгөө зарцуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд Б.Б  нь 09 дүгээр сараас хойш 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/07 дугаар тушаалын хавсралтаар өөрийнхөө цалинг нэмүүлж, төсвийн тухай хуулийг зөрчсөн.

... Өмнө нь Засаг даргын захирамжаар цалингийн шатлалыг нь ахиулсан байдаг ингээд 733863 төгрөгийн цалин авдаг болсон, өөрөө өөрийнхөө цалингийн шатлалыг нэмдэг эрх бүхий хүн нь биш байтал санхүүгийн дүрэм, журмыг зөрчиж ноцтой алдаа гаргаж ажлаас халагдах үндэслэл болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.

... Нэхэмжлэгч би өөр ажил хийх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг харгалзан үзэж өөр ажилд шилжүүлэн өгнө үү гэсэн он, сар тавиагүй гээд байгаа өргөдөл нь байгаа. Нэхэмжлэгч өөрөө би боловсролтой, мэдлэгтэй гэсэн хэрнээ энэ өргөдлийг бичсэн нь үнэн, үнэн санааг нь ойлгоогүй гэж хэлсэн байдаг. Энэ бол өөрийнхөө хүсэл зоригийн дагуу бичсэн, үнэхээр гарцаа байхгүй албан шаардлагаар бичсэн гэдэг нь нотлогдоогүй. Бичихгүй байх эрх нь өөрт нь байгаа.

... Сумын Засаг дарга В.М 04 дүгээр сарын 17-нд бичүүлээд 5 сарын дараа Б.Б г төсвийн тухай ямар нэгэн алдаа зөрчил гаргахыг урьдчилан мэдэх ямар ч боломжгүй юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ийн Б-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, сумын Тамгын газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 2.862,066 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга жаран зургаан/ төгрөгийг Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж, зөвхөн нэг талыг барьсан, нэхэмжлэгч талын гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж дүгнэсэн, бусад гэрчүүдийн мэдүүлэг болон бүх гэрчүүдийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд бодитой дүгнэлт хийгээгүй шийдвэрлэлээ. Үүнд: 1. Халхгол сумын Засаг дарга нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэсэн. Дээрх хуулийн заалт нь өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг огт зөрчөөгүй. Энэ нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Б  нь хүсэлт гаргахдаа Тус сумын Тамгын газрын дарга Б.Б  миний бие Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, өөр ажил хийх хүсэлтэй байгаа тул уг хүсэлтийг минь харгалзан үзэж ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн ажиллуулж өгнө үү? гэсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн. Тэгэхээр дээрх ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд орох хүсэлт гаргах шалтгаан байсан уу? аль эсвэл үнэхээр шүүхийн дүгнэж үзсэнээр уг өргөдлийг өөрийн хүсэл зоригоор бичээгүй, аргагүй хүчинд автсан уу? гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэж үзэх байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад Б.Б  нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар Сахилгын шийтгэл хүлээсэн, мөн удаа дараагийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2014 оны 09 дүгээр сарын 08, мөн оны 09 дүгээр сарын 22, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, Дорнод аймгийн Аудиторын газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09/27 дугаар албан шаардлага бүхий баримт /энэ нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болоогүй ч ажиллах хугацаандаа өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж байсан тухай мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт/ зэрэг нотлох баримтууд нь Б.Б  өөрөө ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд орох хүсэлт гаргах шалтгаан болсон. Нэхэмжлэгч Б.Б  нь уг хүсэлтийг өөрийн хүсэл зоригоор бичээгүй Засаг дарга В.М уг хүсэлтийг бичихгүй бол ажилд томилох захирамж гаргахгүй гэхээр нь надад ажиллая гэсэн зорилго байсан учраас бичсэн гэдэг боловч энэ нь ямар ч нотолгоогүй. Учир нь: 1. Б.Б г тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тухай Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны тогтоол, мөн Авилгатай тэмцэх газрын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны 05/3131 дүгээр албан бичиг /энэ бичгийг шуудангаар ирээгүй байхад утсаар лавлаж асуусны дараа шууд ажилд томилох захирамж тэр өдөрт нь гаргасан нотлох баримт хэрэгт байдаг/ зэргээс Б.Б г ажилд томилохгүй байх элдэв шалтаг барьцаа баталгаа шаардах шаардлагагүй, мөн ажиллаж байх хугацаандаа 7 сарын дараа ямар нэгэн хариуцлага алдахыг урьдчилан мэдэж /хэн ч мэдэх боломжгүй/ өөрийнх нь эсрэг ашиглах зорилгоор уг өргөдлийг хүлээж хадгалж байсан гэдэгт нь бодит үнэнтэй нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Б  нь дээрх хүсэлтийн өөрийн гараар бичихдээ түүний утга, агуулга, ач холбогдол, эцсийн үр дүнгийн талаар мэдэхгүй байх, тэр тусмаа ажилд томилогдох өдрөө бичсэн байх боломжгүй ба энэ талаар нотлох баримт байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч К.Тэрбиш мэдүүлэхдээ Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-н ажилд томилох тухай 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн хүсэлтийг Засаг даргын өгсний дагуу өргөдөл гомдлын дэвтэрт бүртгэж, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаар Ажилд томилох тухай захирамж гаргасан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө Засаг дарга В.М нь Тамгын газрын дарга Б.Б-н ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг Өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгүүлж, Хяналт шинжилгээний ажилтан Ш.Г руу өгөөрэй гэсэн, Б.Б  коридорт таараад миний захирамж гарсан уу гэж асууж байсан, тэр өдөр захирамжийг танилцуулсан эх хувийг нь өөрөө аваад явсан гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Г-н2014 оны 11 дүгээр сарын 13-ны орой ажил тарах үед намайг дуудаж, ороход Б.Б  даргатай яриад сууж байсан. Засаг дарга надад Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учир ажлаас чөлөөлөх захирамж төлөвлөж танилцуул гэж чөлөөлөх өргөдлийг 2014 оны 11 дүгээр сарын 14-нд цохолт хийж өгсөн, би тухайн өдрийн үдийн өмнө Засаг даргад танилцуулж гарын үсэг зуруулж, Б.Б-н захирамжийг гаргасан гэсэн мэдүүлгүүд нь бичгийн бусад нотлох баримт болох тус сумын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 19 дугаарт Б.Б-н ажилд томилж өгнө үү гэсэн өргөдлийн бүртгэл, 52 дугаарт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийг тус тус бүртгэсэн бүртгэлийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.

3. Б.Б-н өмгөөлөгч Ц.Б-ийн нотолгоо гэж тайлбарласан болон анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн нэгийг болгохдоо Б.Б-н ажлаас чөлөөлөх хүсэлтэд он сар бичээгүй, гарын үсэг зураагүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг зөрчсөн гэх боловч дээрх хуулийн 8.1 дэх заалт нь Өргөдөл, гомдол гаргагч нь өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй 8.2 дахь нь Өргөдөл гомдол нь үнэн зөв байна гэсэн хуулийн заалтууд нь зөвхөн өргөдөл гомдол гаргагч Б.Б д өөрт нь хамаарал бүхий заалт болохоос биш Засаг дарга В.Мөнхтайванд хамааралтай заалт биш, тэгээд ч тэр өргөдлийн утга агуулгын талаар болон өргөдөл үнэн зөв эсэх талаар нэхэмжлэгч өөрөө маргадаггүй.

4. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн талаар тайлбарлахад:

Энэ хуулийн дээрх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.1-д Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсэг зурна гэсэн хуулийн заалтууд нь мөн л Б.Б-н өөрийн гараар бичсэн өргөдөлд огт хамаарахгүй зүйл юм. Учир нь Б.Б  өргөдлөө гаргахдаа өөрийн овог нэрээ /Б.Б  миний бие/ гэж, оршин суугаа газрын хаягийн оронд өөрийн албан тушаал /өргөдөл гаргасан ТГ-ын дарга/ гэж, гарын үсэг зурна гэдэгт /өргөдөл гаргасан Б.Б / гэж тус тус бичсэн нь хэрэгт байгаа өөрийнх бичсэн өргөдлийн үг үсгээр нотлогдож, харин дээрх хуулийн заалт зөрчсөн нь батлагдахгүй байна.

5. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад нэг талыг хэтэрхий баримталж, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэхэд нэг бүрчлэн дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчин тайлбарлаж буруу шийдвэр гаргалаа. Нэхэмжлэлийн шаардлагын гол маргаан болох ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлж өгнө үү? гэсэн өргөдлийг ажилд орж байгаа өдрөө /бараг Тамгын газрын дарга гэдэг албан тушаалд томилогдоогүй байхдаа/ бичсэн гэх ба өргөдөл гаргасан Тамгын газрын дарга Б.Б  гэж бичиж суух нь бичсэн өргөдлийнхөө утга, агуулгыг мэдсээр байж түүний талаар өөрөө ажиллаж байх 7 сарын хугацаанд эргэж лавлах, асууж буцааж авах зэрэг ямар ч үйлдэл хийгээгүй байдал нь ямар ч логик талаасаа үнэн байх боломжгүй, харин өөрөө ажиллах хугацаандаа ямар ч алдаа дутагдал гаргаж байгаагүй үр ашигтай ажиллаж ирсэн гэх, түүнийг гэрч М.А , Б.Н нар Б.Б  Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хуулийн дагуу ажиллаж байсан, шилдэг ажилтан мэтээр мэдүүлж давхар нотолж мэдүүлдэг боловч дээрх 2 гэрч нь тухайн Тамгын газрын даргаар Б.Б г ажиллаж байх үед нь Б.Н нь Төрийн сангийн мэргэжилтэн, М.А  нь 2 дугаар гарын үсэг зурдаг нягтлан /төрийн сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, төрийн сангийн мэргэжилтэн Б.Н-ийн хувийн дансанд мөнгө шилжүүлсэн, ажилчдын хувцасны мөнгийг мөн хувь хүний дансанд шилжүүлж 1 дүгээр гарын үсэг Б.Б , 2 дугаар гарын үсэг М.А  зурсан эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчилтэй/ зэрэг нь Санхүүгийн мэргэжлийн Аудитын байгууллагын дүгнэлтээр нотлогддог, мөн гэрч н.О  ажлын хариуцлагаар Халхгол сумын Тамгын газар ажиллаж байгаад халагдсан, гэрч Д.Б нь төрийн албаны шалгалтад ороогүй мөртлөө хуурамч нотлох баримт бүрдүүлэн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт ажилд орсон нь илэрч, мөн ажлаас халагдсан байх тул дээрх гэрчүүд хуульд зааснаар, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв өгсөн гэдэгт эргэлзээтэй байна. Энэ тухай нотлох баримт хэрэгт байгаа. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Б гаас шүүхэд Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгох, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

Дорнод аймгийн Халх гол сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримтлан Б.Б г өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлжээ.

 

Анхан шатны шүүх тухайн тушаалыг гаргах үед Б.Б  ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн санаачлагаар гаргаагүй, энэ нь гэрч Б.Н , Б.О , П.Б нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон гэж үндэслэлтэй дүгнэжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн тушаалын үндэслэл болсон хүсэлтийг хариуцагч албан тушаалтан түүнийг тухайн албан тушаалд томилохдоо бичүүлж авсан гэх тайлбар үндэслэлтэй нь дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:

 

Б.Б  ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн агуулгатай хүсэлт гаргасан байхад маргаан бүхий актыг хариуцагч түүнийг өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн бус төрийн албанаас чөлөөлсөн агуулгаар гаргасан,

мөн огноогүй тухайн өргөдлийг Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдлийг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан мэтээр бүртгэсэн зэргээр нотлогдож байна.

 

Тиймээс Б.Б г төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн хүсэлтээр гаргасан гэх боломжгүй бөгөөд энэ үндэслэлээр түүнийг чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт хууль бус байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажиллах хугацаандаа өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж байсан тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан нь Б.Б г өөрөө ажлаас чөлөөлөгдөх шалтгаан болсон гэх боловч хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбогдуулж бус өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр гаргасан тул ажиллах хугацаандаа дурдсан зөрчлийг Б.Б  гаргасан эсэхийг шүүх тодруулах шаардлагагүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ баримталвал зохих хуулийн заалтыг баримтлаагүй, хуулийн нэрийг буруу бичсэн зэргийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 гэснийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 гэж, 3 дахь заалтын Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж, мөн хариуцагчаас гэснийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР