Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 19

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2020/0023/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагийн дүгнэлттэй, Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаярт холбогдох зөрчлийн хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагаас шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Тус аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, хошууч Н.Отгонбаяр нь “2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг Хараагийн 4 дүгээр гудамж ******* тоотод ахуйн хэрэглээний газ дэлбэрч бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” гэх 2018000271 дугаар хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан холбогдогч Ажаа овогтой *******д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 6.4 дэх заалтад зааснаар 0031307 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр, холбогдогч Амарбаяр овогтой *******ад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 6.4 дэх заалтад зааснаар 0031308 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр, холбогдогч Дэпгэрсайхан овогтой Дашид 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 6.4 дэх заалтад зааснаар 0031309 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулан шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Үүнд:

1. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаар нотлох баримт байхад хохирогчоор тогтоож мэдүүлэг аваагүй, хохирол, хор уршгийг хэн хэрхэн учруулсан болохыг тогтоогоогүй, А.*******, А.*******, Д.Даш нар нь зөрчил үйлдсэн эсэхийг бүрэн шалгаагүй, нотлох ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. А.*******, А.******* нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй байна.

Иймд тус аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаяр 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0031307, 0031308, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0031309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

                                                                        

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхтуяагийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0031307, 0031308, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0031309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагаас Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаярт холбогдуулан  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаяр нь Ажаа овогтой *******д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 0031307 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр, холбогдогч Амарбаяр овогтой *******ад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 0031308 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр, холбогдогч Дэлгэрсайхан овогтой Дашид 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 0031309 дугаартай шийтгэлийн хуудсаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаяр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт энэ хуулиййн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Д.Энхтуяагийн  “Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаярын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 0031307, 0031308, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 0031309 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч хошууч Н.Отгонбаяр нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэхь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА