Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2014/00326/и |
Дугаар | 3678 |
Огноо | 2017-11-16 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 3678
2017 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/03678 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц -д холбогдох,
Автомашины үнэ 75,000 ам. доллар буюу 140,349,000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, хариуцагч Г.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Ц нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.А ын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 75,000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан бөгөөд 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол мөнгийг нь төлсөнгүй. Миний хувьд хариуцагчаас автомашины төлбөрийг удаа дараа нэхэж байсан бөгөөд Г.Ц нь Б ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Капитал банк, Б ХХК -ууд нь харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд тул төлбөрийг төлөх учиртай гэж хүлээж байтал Г.Ц ажлаасаа гарсан гэсэн мэдээллийг авч шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас автомашины төлбөрийг өдий хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул 75,000 ам. доллар буюу 140,349,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг шүүхэд гаргаж өгсөнтэй хамааралтайгаар уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар хандаж байна. Зохигчид 2011 оны 9 дүгээр сард автомашиныг 75,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр худалдаж-худалдан авахаар тохирч автомашиныг биет байдлаар худалдан авагчид шилжүүлсэн ба Г.Ц ийн гуйлтаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг худалдан авагч талын эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Г.Ц ийн хэлснээр 25,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, уг үнийг тухайн өдрөө төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн, өр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх захирлын албан тушаалын ажиллаж байх явцад хариуцагчид энэ машиныг өгсөн юм гэж тайлбарлаад байгаа. Үүнтэйгээ хамааралтайгаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж хэлдэг. Гэтэл ямар үндэслэлээр энэ машин шилжсэн бэ гэхээр мэтгэлцээний шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт гаргаж өгдөггүй. Мэтгэлцэхдээ хөдөлмөрийн гэрээг хариуцагчаас гаргаж өгсөн гэдэг боловч энэ хөдөлмөрийн гэрээнд албаны унаа л хэрэглэх заалт байдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээгээр Б ХХК -аас хариуцагч Г.Ц ийг Ландкруйзер-200 автомашиныг авч өгнө гэж тусгагдсан зүйл огт байхгүй байна. Мөн үүнтэй хамааралтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 95,000,000 төгрөгөөр үнэлсэн, дараагийн шинжээчийн дүгнэлтээр 63,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хэргийн оролцогчийн хувьд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Энэ нь талуудын хооронд машин өгч авалцах үед Монгол банкны ханш нь 1259,08 төгрөг, 2017 оны 09 дүгээр сард энэ ханшаар тооцоход 95,000,000 төгрөг гарсан. Тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханшид хөрвүүлж тооцох юм бол 75,451 ам.доллар болж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад байгаа 75,000 ам.доллар буюу ам.доллараар илэрхийлсэн мөнгөн дүн нь “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй үндсэндээ ойролцоо, ижилхэн байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлогдсон учраас 75,000 ам.долларын хүрээнд тодорхойлж байгаа. Хоёрдугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь удаа дараа шүүх хурлууд болж байсан ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар болон хэлэлцүүлэг, мэтгэлцээний явцад хариуцагч нь 66,000 ам.доллар гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Яагаад гэхээр би ийм хэмжээний автомашиныг авах гээд үзэж байсан хүний хувьд зах зээл дээр ийм байсан гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр 75,451 ам.доллараар илэрхийлвэл ийм тоо гарч ирнэ. Үнийн хувьд онц, ноцтой, их хэмжээний зөрүүтэй үнийн дүн байхгүй юм байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай хамааралтайгаар өнөөдөр яагаад хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзээд байна вэ гэхээр энэ машин яг энэ хэлцлийн үндсэн дээр шилжчихсэн. Хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэлцэл хүчин төгөлдөр бус болох юм бол улсын бүртгэл дээр үр дагаврын асуудал яригдана. Үүнийг шүүхийн шийдвэрийн дараа асуудлыг ярилцана. Энэ нь өнөөдрийн шүүхийн шийдвэрээс шалтгаалах учраас зөвхөн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьж байгаа. Энэ хоёр тусдаа өөр шаардлага гэж дээд шатны шүүхээс тогтоогдсон учраас хүний эд хөрөнгийг үнийг нь төлж авах хэрэгтэй. Мөнгө төлсний дагуу дүр үзүүлсэн хэлцэл байгуулж байж, түүнийг шилжүүлж авах учиргүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Г.Ө г миний ажиллаж байсан Б ХХК -ийн захирал А.А ын найз ба Б ХХК -ийн эзэмшлийн “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэдгийг нь мэдэх бөгөөд 2011 оны 9 дүгээр сард би түүнээс уг автомашиныг худалдан авахаар тохироогүй, тухайн үед Г.Ө тэй автомашин худалдах-худалдан авах харилцаанд би оролцоогүй ба нэхэмжлэгч Г.Ө нь нэхэмжлэлдээ хариуцагчаас автомашины төлбөрийг удаа дараа нэхэж байсан гэдэг нь ч бас ор үндэслэлгүй худлаа юм. А.А ын Б ХХК -тай би одоогийн байдлаар хөдөлмөрийн, эд хөрөнгийн маргаантай байгаа. Би энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь ямарваа нэгэн нотлох баримтгүйгээр, гүтгэлгийн шинжтэй энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа нь хэн нэгний шахалтаар хийсэн эсхүл хариуцагчаа буруу тодорхойлсон байх боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ автомашинтай холбоотой асуудал төлөөлөгчийн хэлж байгаагаар хэлцэл хийгдээд энэ машиныг Г.Ө гээс авсан мэтээр ойлгуулах гэж хичээгээд байна. Нэгдүгээрт ямар ч ийм хэлцэл болоогүй гэдгийг удаа дараа хэлсэн байгаа. Хоёрдугаарт би энэ автомашиныг үнийн дүнг хэдээр тохирч байгаа, юу болж байгаа талаар ямар ч мэдээлэл байгаагүй гэдгийг дахин дахин хэлж байгаа. Албаны машин байна уу, амины машин байна уу, ямар ч байсан хөдөлмөрийн гэрээний дагуу автомашиныг хүлээж авах ёстой байсан учраас автомашиныг хүлээж авсан. Албан байгууллага өөрийнхөө ажилтантайгаа ямар тохиролцоо хийгээд, автомашиныг нь өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн талаарх асуудал нь хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал байх. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ө гээс энэ машиныг намайг худалдаж авсан гэдэг нотолгоог юу болгодог вэ гэхээр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Ө нь эхний өмчлөгч байсан, хоёрдахь өмчлөгч нь Г.Ц болсон, ингэхээр бид хоёрыг хоорондоо наймаа хийгээд, машиныг худалдсан байна гэдгийг нотолгоо болгох гэж оролдоод байдаг. Энэ нь нотолгоо биш. Учир нь албан байгууллагад өөрийн гэсэн бодлого байгаа, татварын асуудал гарч ирнэ. Аль нэгэн компани захаас хэн нэгэн этгээдээс автомашин, эсхүл өөр ямар нэгэн хөрөнгө худалдаж аваад, түүнийгээ өөрийн компанийн нэр дээр бүртгэчихээд дараа нь өөрийнхөө ажилтандаа өгнө гэх юм бол энэ нь тодорхой хэмжээний гэрээ хэлцлийн дагуу явагдсан байх ёстой байдаг. Үнийн дүнгээс татвар төлөх ёстой болдог. Аливаа байгууллага нь үүнийг бизнесийн орчинд зайлсхийдэг нь ойлгомжтой, шаардлагагүй гэж үздэг. Тэр утгаар шууд өөрийн нэр дээр шилжүүлж ав гэж тухайн үед намайг даргалж байсан А.А хэлээд, би автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан. А.А , Г.Ө нар нь тухайн үедээ маш сайхан харилцаатай, дотны найз нөхөд байсан. Хоорондоо ямар хэлцэл, ямар наймаа, яаж хийдэг талаар ойлголт надад байгаагүй. Би УНЛ 0105 улсын дугаартай автомашины үнийг нь 66,000 ам.доллар юм уу, 75,000 ам.доллар гэж тохирч, хүлээн зөвшөөрсөн зүйл нэг ч байх ёсгүй. Үүнийг би гуйвуулж байна гэж үзэж байна. Учир нь би энэ 66,000 ам.доллар, 75,000 ам.долларын ханш нь гадуур явж байхад машинууд ерөнхийдөө тийм ханштай байсан гэж ерөнхий байдлаар хэлж байсан. Автомашиныг хоорондоо ярьж тохироод өөр том наймааны тооцоонд оруулаад явсан юм шиг байна. Би үүнийг нь авч хэрэглэснээр хууль ёсны өмчлөгч болчихлоо гэж ойлгоод өнөөдрийг хүртэл хэрэглээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл хэрэглэж явахдаа би арчлаад, татварыг нь төлөөд явсан байгаа. Гэтэл өнөөдөр энэ автомашиныг худалдаж авсан баримтыг хүчин төгөлдөр бус болгуулъя гэж байгаа нь үндсэндээ гэрээ хэлцлийг хүчингүй болгуулаад автомашиныг буцаагаад авах гээд байгаа юм уу, тэгэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, нэмэгдүүлж байгаа нь 140,000,000 төгрөгийг авчихаад, дээрээс нь гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болгуулаад автомашинаа буцаагаад авах гээд байгаа байр суурьтай яваад байна. Төлөөлөгчийн байр суурь нь ойлгомжгүй байна. Г.Ө , Г.Ц нарын хоорондын гэрээг хүчин төгөлдөр гэдгийг нь баталгаажуулаад, нотариатаар баталгаажуулсан гэрээ хэлцэл байгаа. Тухайн үедээ Г.Ө нь 25,000,000 төгрөг гэх дүнг надад хэлж бичүүлсэн. Ингэж бичүүлчихээд дараа нь хямдхан өгсөн гэж бодсон юм уу, үүнийхээ мөнгийг А.А оос авч чадахаа больчихлоо гэж бодсон юм уу, үүнээс болж 140,000,000 төгрөгийг нэхэмжилж болохгүй. Би Г.Ө тэй 5 минут ярих гэж оролдлоо. Г.Ө гийн ярьж байгаагаар бол асуудал байгаа бол яръя, өмнө нь анх намайг очоод уулзахад ярьж байсан асуудлаас нэлээд эргэчихсэн байна. Магадгүй надтай уулзаж байх үедээ бүх зүйлээ мартсан байлгүй гэж сайнаар бодож байна. Тэр үед надад хэлэхдээ “тэр чинь миний гарын үсэгтэй тийм нэхэмжлэл явж байгаа билүү” гэж надаас тодруулж асууж байсан хүн өнөөдөр “би энэ нэхэмжлэлийнхээ дагуу ингээд явж байгаа” гэж байна. Магадгүй мартсан юм шиг байна. Нэхэмжлэл гаргасан Г.Ц ээс 140,349,000 төгрөгийн авлагатай гэж өмгөөлөгч хөлслөөд ажиллуулж байгаа, өмгөөлөгчийн хөлс төлөөд явж байгаагаа мартсан байсан бололтой. Мэдэхгүй, гэхдээ Г.Ө хамгийн сүүлд хэлж байгаа зүйл нь “чи тэгж бодож байгаа бол боломжоороо хойшлуулчих, гурвуулаа уулзаж байгаад яръя” гэж хэллээ. Үүнийг нь би Н.Мандах төлөөлөгчид хэлэхээр нь “тийм юм байхгүй”, эсрэгээрээ намайг чи үнээ хэл гэж хэлсэн гэж байна. Би хэзээ үнээ хэл гэж хэлсэн юм бэ, юу хэлэх гээд байгааг нь ойлгохгүй байна. Ямар үнэ хэлэх гээд байгаа юм бэ, надаас чамайг тоо хэлэх гэж ирж байна гэхээр нь би ингэнэ гэж бодсон гэдгээ бүх үнэнээ хэл гэж хэлсэн байхдаа. Би өөрийнхөө байгаа байдлыг бодохоор үнэхээр хэцүү байна. Автомашин хүнээс худалдаж авчихаад мөнгийг нь төлөхгүй хэдэн жил зугатаад яваад байдаг хүн болоод байгаа юм. Үгүй ээ, би ингэх хүн биш ээ. Миний хийдэг ажил, олдог орлогоор энэ автомашиныг үнэхээр төлөх нь зүйтэй гэж бодож байсан бол тухайн үедээ төлөөд явчих хангалттай боломж бол байгаа. Гэтэл би нэгэнтээ авах ёстой юмаа авсан, хэрэглэх ёстой юмаа хэрэглэж байгаа гэдэг итгэл үнэмшлээр явж байгаа. Гэтэл шүүхийн байгууллагад олон жил харьцаж явсны хувьд баримт бүрдүүлнэ гэж байдаг юм байна. Би баримт бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлсэн баримтаас болж хүмүүст боломж гаргаж өгсөн гэж ойлгож байна. Түүнээс биш, анх автомашиныг хүлээж авахдаа би автомашиныг өнөөдөр худалдаж авах хэлцэлд ороогүй. Дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхдээ 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэхдээ албан ёсоор гэрээ хийгээд албан ёсоор хэлцэлд өөрийгөө орсон гэж боддог. Ийм баримт бүрдүүлээд дараа нь Г.Ө д А.А болон Б ХХК -аас мөнгөө авахад нь хэрэг болж магадгүй гэж би тэр баримтыг бүрдүүлж өгсөн мөртлөө өөрөө эргээд ийм байдалд орчихоод яваад байдаг. Нөгөө талаас яагаад нотолгоогүй, огт надтай хэлцэлд ороогүй зүйлд надад энэ автомашиныг зарсан гэж яриад байдаг юм бэ, надад зараагүй шүү дээ. Тэр үеийн ханшийг тогтоосон хоёр газрын үнэлгээг яриад байдаг. Энэ үнэлгээ нь хоёр хүний хооронд хэлцэл хийгдэхийг хэзээ ч нотлох зүйл биш юм. Энэ хэрэгт огт хамааралгүй байж байгаад, сүүлд 2014 онд орж ирсэн Н.Мандах төлөөлөгч тэр баримтыг өөрийнхөө баримт гэж үзэх гээд байдаг. Түүнээс биш, Г.Ө , Г.Ц нарын хооронд нэгдүгээрт хэлцэл огт болоогүй, тухайн үедээ машин хэдээр өгч, авалцаж байсан бэ гэдэг нь өөр асуудал. Харин дараа нь нэр дээрээ шилжүүлэхдээ 25,000,000 төгрөгийг гаргасан. Үүнийхээ дагуу ямар нэгэн хуулийн өмнө хариуцлага хүлээвэл хүлээнэ, түүнээс биш өөр ямар ч хариуцлага хүлээхгүй. Намайг луйварчин болгож харуулах гэж хичээгээд байгаа. Би тийм зан чанартай хүн огт биш. Үүнийг надад хэн ч гэрчлээд өгнө. Миний нэр, хийсэн ажлууд, бүтээсэн компаниуд маань байна, энүүгээрээ би баталгаажуулна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Г.Ц эд холбогдуулан, 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 /Тоёота Ланд круйзер-200/ маркийн автомашины үнэ 75,000 ам. доллар буюу 140,349,000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Автомашин худалдах-худалдан авах гэрээнд дурдсан үнэ болох 25,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээвэл хүлээнэ, өөр ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Ц 2011 оны 9 дүгээр сард түүний өмчлөлийн автомашиныг 75,000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч яваад төлбөрийг нь төлөөгүй тул автомашины төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 маркийн автомашин нь нэхэмжлэгч Г.Ө гийн эзэмшлээс хариуцагч Г.Ц ийн эзэмшилд шилжсэн, уг автомашин хариуцагч Г.Ц ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх1-100-102/
Хариуцагч нь уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах болсон үндэслэлээ Б ХХК -ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед компани автомашинаар хангана гэж гэрээгээр үүрэг хүлээсний дагуу тус компанийн захирал А.А өөрийн танилаас уг автомашиныг авч өгсөн тул уг автомашины төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байна.
Б ХХК -ийг төлөөлж Б ын ерөнхийлөгч А.А , иргэн Г.Ц нарын хооронд 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд ажил олгогч, ажилтны хооронд үүсэх харилцаа, ажлын нөхцөл, эрх, үүрэг, хүлээх хариуцлагын талаар зохицуулжээ. /хх2-50-53/
Хариуцагч нь дээр дурдсан гэрээний дагуу ажил олгогч А.А Г.Ц ийн машиныг өөрт нь авч өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч Б ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Г.Ө гийн эзэмшлийн 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 маркийн автомашиныг хариуцагч Г.Ц эд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд, мөн нэхэмжлэгч Г.Ө өөрийн эзэмшлийн автомашинаар Б ХХК болон иргэн Г.Ц нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Г.Ц нь Б ХХК -аас “Менежментийн ажилтны хөдөлмөрийн гэрээ”-ний дагуу Toyota Landcruiser 200 маркийн автомашиныг шилжүүлэн авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь 2011 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлийн автомашиныг 75,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр худалдаж-худалдан авахаар Г.Ц тэй тохирч автомашиныг биет байдлаар түүнд шилжүүлсэн, автомашиныг худалдан авагч талын эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Г.Ц ийн гуйлтаар 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн тайлбарлаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч Г.Ө , хариуцагч Г.Ц нар нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Г.Ө нь өөрийн өмчлөлийн 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 маркийн автомашиныг Г.Ц эд 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, төлбөр тооцоо дууссан гэж бичигджээ. /хх1-68/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашиныг худалдан аваагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийн тулд автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж, нэхэмжлэгч нь автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдаагүй, гэрээнд бичсэнээр автомашины төлбөр тооцоо дуусаагүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд нэхэмжлэгч Г.Ө , хариуцагч Г.Ц нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байгаа хэдий ч уг өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин худалдаагүй, хариуцагч нь мөнгө шилжүүлэн өгөөгүй, гэрээнд дурдсан 25,000,000 төгрөг төлөгдөөгүй, автомашины үнийг төлсөн мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу автомашин шилжүүлсэн, төлбөрийг төлсөн үйлдэл бодитоор хийгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа нэхэмжлэгч Г.Ө , хариуцагч Г.Ц нарын хооронд үүсэхгүй.
Зохигчдын хооронд Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу автомашиныг шилжүүлэх, төлбөрийг төлөхийг нэхэмжлэгч, хариуцагч нь шаардах эрхгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ө нь автомашины төлбөрийг хариуцагч Г.Ц ээс шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Ө нь автомашины үнэ хэмээн 75,000 ам. доллар буюу 140,349,000 төгрөгийг хариуцагч Г.Ц ээс гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилж буй автомашины үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгох хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайландаа Toyota Landcruiser 200 /Тоёота Ланд круйзер-200/ маркийн автомашиныг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн. /хх1-215-220/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь автомашины үнэлгээг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн дагуу шүүхээс автомашины үнэлгээ хийж дүгнэлт гаргах шинжээчээр “Үнэлгээ консалтинг” ХХК-ийг томилсон. “Үнэлгээ консалтинг” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа Toyota Landcruiser 200 /Тоёота Ланд круйзер-200/ маркийн автомашиныг 63,000,000 төгрөгөөр үнэлсэн. /хх2-2-10/
Уг дүгнэлтийг зохигчид эс зөвшөөрч маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй тул уг үнэлгээг үндэслэн Toyota Landcruiser 200 /Тоёота Ланд круйзер-200/ маркийн автомашины төлбөрийг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй автомашин өөрийнх нь эзэмшилд шилжсэн болохыг хүлээн зөвшөөрч байгаа, уг автомашиныг ашиглаж байгаа, автомашины төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас уг автомашины төлбөрт 63,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Ц ээс 01-05 УНЛ улсын дугаартай Toyota Landcruiser 200 /Тоёота Ланд круйзер-200/ маркийн автомашины төлбөрт 63,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,349,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц ээс автомашины төлбөрт 63,000,000 /жаран гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,349,000 /далан долоон сая гурван зуун дөчин есөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859,695 төгрөг, 282,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 105 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Г.Ө д буцаан олгож, хариуцагч Г.Ц ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 472,950 төгрөг, 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө д олгосугай.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа нэхэмжлэгч Г.Ө , хариуцагч Г.Ц нарын хооронд үүсэхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Хариуцагч Г.Ц шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР