Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0110/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Т.А  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 2018000390081 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т.А суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх” зочид буудлын 04 тоот өрөөнөөс иргэн Н.Т-ын “самсунг А50” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тамхи татмаар санагдаад өрөөнөөс нь гарч яваад урьд нь тамхи гуйж авсан залуугаас дахин тамхи гуйхаар өрөөний хаалгыг нь тогшиход хаалгаа тайлаагүй. Тэгээд цаад талын өрөөнийх нь хаалга онгорхой байхаар нь хартал тухайн өрөөнд одоо таньдаг болсон хохирогч ах ганцаараа сандал дээр согтуу бололтой унтаж байсан. Ингээд би тухайн өрөөний ширээн дээр байсан Самсунг А50 маркийн гар утсыг нь авч өмднийхөө халаасанд хийгээд ширээн дээр нь байсан тал шилтэй 0,5 литрийн архийг бариад өрөөнөөс нь гарсан.  

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6/,

 

-Хохирогч Н.Т-аас “СИ” ХХК-иас “самсунг А50” маркын гар утас худалдаж авсан 0448071 дугаартай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

 

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10/,

 

-“Өсөх” зочид буудлын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11/,

 

-Хохирогч Н.Т-аас “Сайн интернейшнл” ХХК-иас “самсунг А50” маркын гар утас худалдаж авсан 0448071 дугаартай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн баримт /хавтаст хэргийн 12/,

 

-Хохирогч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос найз МБын хамт Дарханд ирсэн. Тэгээд МБын эхнэр, бас МБын найз нь эхнэртэй гээд гээд надтай нийлээд 5 хүн Шүүхийн хажуу талд байрлах “Энержи” караокед орж, хамт дуулж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би тухайн үед согтуу, муудсанаа мэдээд хонох газар байхгүй болохоор шинэ Дархан руу явж буудал хайгаад “Өсөх” гэсэн буудал руу орсон. Тэгээд би буудалд ороод өрөөгөө авч ширээний хажуу талын сандал дээр сууж байгаад тэр чигтээ унтчихсан байсан. Тэгээд би шөнө сэрээд ор луу орж унтах гэж байхдаа гар утсаа шалгаж үзэхэд миний “самсунг А50” маркын гар утас байхгүй байсан.

...гар утасны үнэлгээгээр тогтоогдсон хохирлын мөнгө болох 850000 төгрөгийг би өнөөдөр ***** гэх залуугаас бэлнээр хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-16/,

 

-Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дараа нь камер шүүж үзэхэд 2 тоотын залуутай хамт байсан залуу 4 тоо өрөөнөөс тал архи авч гарч ирээд 2 тоот өрөө рүү орохдоо цамцаа сөхөж өмднийхөө тэлээг засаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар 850000 /найман зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хавтаст хэргийн 30-31/,

-Хохирогч Н.Т-ын хохирлын мөнгө хүлээн авсан тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 73/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ноос 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх” зочид буудлын 04 тоот өрөөнөөс иргэн Н.Т-ын “самсунг А50” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Т.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т-д 850000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар / хавтаст хэргийн 30-31/ нотлогдож байх бөгөөд хохирогч Н.Т- нь мөрдөн байцаалтын шатанд “...гар утасны үнэлгээгээр тогтоогдсон хохирлын мөнгө болох 850000 төгрөгийг би өнөөдөр ***** гэх залуугаас бэлнээр хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14-16/ өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Шүүгдэгч Т.Ад Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж байсан бөгөөд тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялаас шүүх сонгож оногдуулах эрхтэй бөгөөд заавал хорих ял оногдуулна гэж ойлгогдохооргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай төрүүлсэн эх Д.Т аргаа/хавтаст хэргийн 66/, 84 настай эмэг эх Ч.Д /хавтаст хэргийн 67/ нарыг асрамжлан амьдардаг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Агийн биечлэн эдлэх ялын хэмжээг  7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 850000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.А-г Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.А-д240 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.А-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Агийн биечлэн эдлэх ялын хэмжээг  7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ