Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар   2018/ШЦТ/46

 

2018.03.20                                                                2018/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг

Шүүгдэгч З.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б холбогдох эрүүгийн 1719000910072 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Б нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн байранд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Гын нүүрэн тус газарт аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч З.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд гэмшиж байна. Анх би гэртээ хүмүүстэй архи уусан байсан. Хэтрүүлж  уусан байсан. Тухайн үед цагдаагийн байранд очиход цай хийж өгөхөд нь Г луу шидсэн байсан.Миний хувьд болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Ямарч байсан хэсгийн төлөөлөгчийн өрөөнд гавлуулсан байсан,тэгэхэд л  зарим зүйлийг санаж байгаа. Хохирогч,гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэгтэй маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...би уг өдөр албаны байрандаа байж байтал өдөр 14 цагийн орчим Б.Б, Дапужав гэх хоёр хүн гэрт орж ирсэн. Тэгэхээр нь хоол цай хийж өгтөл Дапужав сандал дээр сууж чадахгүй унах үед нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болохыг мэдсэн. Тэгээд тухайн үед Дапужав гарч яваад орж ирээгүй. Б нь гэрт сууж байхдаа аяга шидсэн. Санаатай, санамсаргүй байдлаар шидсэнийг нь мэдэхгүй байна. Тухайн үед би доошоо харж тонгойгоод Ган-Эрдэнэд наад хүнээ аваад гар гэж хэлчихээд шууд эрүүл мэндийн төв рүү явж Л.Бүнчин эмчид үзүүлээд 2 оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим нөхөр хүүхдийн хамт гэртээ байж байтал манай суманд хуучин засаг дарга байсан Б гэх хүн үл таних хүнтэй цуг согтуу орж ирсэн. Бийг орж ирэхэд манай нөхөр Г та Солонгос улсаас хэзээ ирсэн юм суугаад цай уу гэж хэлсэн. Тэгтэл Б гэх хүн манай нөхрийг өдөөд хэл амаар доромжлоод байсан. Яг юу гэж хэлсэн талаар би мэдэхгүй байна. Би нөхөр Гаас юу гэж хэлээд байгаа юм гэж асуутал манай нөхөр согтуу хүний үгээ битгий тоо гэж хэлтэл Б манай нөхөр лүү ууж байсан аягатай цайгаа шидчихсэн. Бийн шидсэн аяга манай нөхөр Гын дээд уруулын хэсэгт оносон. Г амаа дараад доошоо хараад сууж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

              Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гаралгүй гзртээ байж байтал төлөөлөгч Гынд согтуу хүмүүс дуугараад байхаар нь яваад ортол Дапужав, Б 2 ирсэн. Гал тогоонд сууж байсан. Тэгэхээр нь би гэрийн гадаа гараад тамхи татаад зогсож байтал гэнэт Гын гэрт шуугилдаад эхэлсэн. Тэгэхээр нь ортол Гын уруулаас цус гарсан, Г амаа дараад доошоо хараад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

            

             Насанд хүрээгүй гэрч Б.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Цэрэнчимэд болон манай 2 найз бид нар манай хашаанд тэр өдөр тоглож байсан юм. Тэгээд бид нарыг тоглож байхад Цэрэнчимэд соёлын төв гялс явчихаад ирье Оргилмаа ирж байгаа байх гээд гүйгээд явчихсан ба удахгүй буцаад ирсэн. Тэгэхэд цонх хагарах чимээ гарсан. Тэгээд л бид нар цонх хагарах шиг боллоо хэдүүлээ очиж харъя гэсэн тэгэхэд Цэрэнчимэд аав гэрээс гарсан байж магадгүй, гарсан бол гэрээ цоожилно гээд гэрлүүгээ орсон. Тэр үед мөн дахиад цонх хагарах чимээ гарсан юм. Тэгээд л бид нар баруун тийш читээрээ гудамжаар явахад цагдаагийн байрны хойд талын цонх нь хагарчихсан байсан юм. Тэгтэл дотор нь Цэрэнчимэдийн аав Б ах байсан ба Цэрэнчимэдийг ээжийгээ дууд, намайг зодоод байна гээд байгаа бололтой байсан. Тэгээд л Цэрэнчимэд ээжийгээ дуудахаар ажил руу нь явсан, бид нар Соёлын төвийн хажууд Цэрэнчимэдийг хүлээсэн ба ээжийнхээ ажил дээр очоод ээж алга байна гээд ирсэн. Тэгээд гар утсаар ээжийгээ дуудаж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 107 дугаар хуудас/

 

             Насанд хүрээгүй гэрч Б.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх манай гэрт Дапужав ах, аав 2 архи уусан юм. Тэгээд би гадаа тоглохоор гарсан. Би гадаа гараад зүүн талын хашаанд байдаг Энхжин болон найз Мягмарсүрэн бид 3 тоглосон. Тэгээд бид нарыг тоглож байхад манай нэг найз мөн ирсэн. Тэгээд бид нар тоглож байгаад би тэр хэдийг үлдээгээд баруун тийшээ цагдаагийн байрны араар нь гараад баруун талд нь байдаг соёлын төвийн үүдэнд очиж ангийнхаа хүүхдийг харчихаад буцсан юм. Учир нь манай ангийн охин манайд ирж тоглоно гэж байсан. Би ирж байна уу гээд тосож явсан юм. Тэгээд буцаад цагдаагийн байрны араар гэррүүгээ зүүн тийшээ явсан. Тэр үед цагдаагийн байрны цонх хагарсан байсан эсэхийг мэдэхгүй байна. Аавыг бас дуудсан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд Энхжингийн хашаанд ороход цонх хагарах чимээ гарсан. Тэгээд би хашаандаа ороод гэртээ ортол аав Дапужав ах 2 байхгүй гэр онгорхой орхиод гарсан байсан. .......цагдаагийн байрны хойд талын цонх хагарсан байсан.Дотор нь манай аав байсан. Намайг ороод ир аавыг нь зодоод байна гэсэн мэдүүлэг,

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25, 29, 34, 40, 46/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26,30, 35, 41, 47/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 зэргийг шинжлэн судлав.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  З.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын  цагдаагийн байранд байрлах хэсгийн төлөөлөгч Б.Гын гэрт орж  ууж байсан цайтай аягаа түүний нүүрэн лүү шидэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Б нь гэрт сууж байхдаа аяга шидсэн. Тухайн үед би доошоо харж тонгойгоод Ган-Эрдэнэд наад хүнээ аваад гар гэж хэлчихээд шууд эрүүл мэндийн төв рүү явж Л.Бүнчин эмчид үзүүлээд 2 оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гэрэлтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим нөхөр хүүхдийн хамт гэртээ байж байтал манай суманд хуучин засаг дарга байсан Б гэх хүн үл таних хүнтэй цуг согтуу орж ирсэн. ...Б манай нөхөр лүү ууж байсан аягатай цайгаа шидчихсэн. Бийн шидсэн аяга манай нөхөр Гын дээд уруулын хэсэгт оносон...”гэсэн мэдүүлэг , шинжээч эмчийн 2017 оны  10 сарын 18-ны өдрийн 332 тоот  дүгнэлт болон шүүгдэгч З.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч З.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгч З.Б нь хохирогч Б.Гын нүүр лүү  аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруу нь  тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж үзлээ. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч З.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Бөд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсэн болно.

 

Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Басан хаалгач овогт Зундуйн Бийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийг  850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  850000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч З.Бийг 850000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  З.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН