Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 01933

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Дагдан овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Халзан овогт О.У-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.                      

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би хариуцагч О.Утай 2005 онд танилцаж хатм амьдарч байгаад гэр бүл болсон. Бидний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 09-нд хүү Б.Тэлмэн төрсөн. Бид 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний бие хамт амьдарч байх хугацаандаа 2011 онд Солонгос улс руу гэрээгээр ажил хийхээр яваад 2014 онд буцаж ирэхэд эхнэр О.У нь бусадтай гэр бүл болоод өөр амьдрал зохиосон байсан. Ер нь хүү маань манай эгч дээр байж байгаад намайг ирснээс хойш надтай байнга хамт амьдарч байна. Би ч одоо өөр хүнтэй амьдарч байгаа учир бид цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Тэлмэнг би өөрийнхөө асрамжинд байлгана. Хүү маань ээжтэйгээ байнга холбоотой уулздаг, ээж нь хувцас хунар авч өгдөг байнга харж ханддаг.  Цаашдаа энэ байдал хэвээр үргэлжлэн би ээжтэйгээ уулзах, хамт байхад нь саад болохгүй. Хүүдээ оногдох хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч О.У-аас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бид 2005 оноос гэр бүл болж амьдарсан. Хүү маань 2006 онд төрсөн. 2011 онд нөхөр маань Солонгос улс руу ажил хийхээр явснаас хойш бид тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд би хамтран амьдрагчтай болсон нь үнэн. Д.Б Солонгос улсаас ирээд гэр бүлтэй болсон. Бид хэн хэн нь тусдаа амьдралтай болсон,  цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.Тэлмэнгээ аавынх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна. Хүү маань багаасаа аав, эмээ дээрээ байсан, аавынхаа эгч, дүү, эмээ нартай дотно өссөн учраас аавынхаа асрамжинд байвал өөрт нь илүү ая тухтай, зөв хүмүүжих байх гэж бодож байна. Би өөрөө хүүтэйгээ байнга уулзаж, холбоотой байдаг, тусалж дэмждэг. Цаашдаа ч хүүтэйгээ холбоотой байна. Бидэнд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.У нар нь  2005 онд  танилцан улмаар хамтран амьдарч гэр бүл болсон ба тэдний дундаас хүү Б.Тэлмэн нь  2006 оны 04 дүгээр сарны 09-нд төрж, гэрлэгчид эрх бүхий байгууллагад 2007 оны 03 дугаар сарын 23-нд бүртгүүлсэн болох нь Г-711 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, Г-457 тоот гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаатай, хамтран амьдрах боломжгүйн улмаас 2014 онд салж, түүнээс хойш удаан хугацаагаар тусдаа амьдарсан, гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, хэн аль нь  бусадтай гэр бүлийн харьцаатай болсон,  Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.2., 28.1.4.-т заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчид хүү Б.Тэлмэнг аавынх нь асрамжинд байлгах  талаар харилцан тохиролцож, маргаагүй ба нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

 

Мөн гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Б.Тэлмэнг  нэхэмжлэгч Д.Б-ын  асрамжид үлдээн шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-т заасныг удирдлага болгон  

                                                                                                                ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч  Дагдан овогт Д.Б, хариуцагч Халзан овогт О.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2006 оны 04 дүгээр сарын 09-нд төрсөн хүү Б.Тэлмэнг эцэг Д.Б-ын  асрамжинд үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Д.Б нь хүү Б.Тэлмэнд оногдох хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэхгүй гэснийг болон зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, хариуцагч тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ                                     Ж.БАЙГАЛМАА