Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0018

 

2014 оны 01 сарын 02 өдөр               Дугаар 18                              Улаанбаатар хот

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У нарыг Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-ыг зөрчиж, 100 га-гаас дээш хэмжээний газар олгох тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой. Гэтэл 500 га газар олгосон, газрын суурь үнийг 14000955, газрын төлбөрийг 14000943 дугаарын дансанд төлөх ёстой гэтэл энэ дансанд мөнгө төлөөгүй Баянхангай хөгжил сан гэсэн дансанд газрын үнэ гэж тушаасан, газрын төлбөрийг 2011 онд л төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй гэжээ.

Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Э” ХХК нь тус сумын Засаг даргын 2010 оны 07 сарын 26-ны өдрийн 83 тоот захирамжаар олгогдсон тариалангийн газрыг бусдын хууль бус үйлдлийн улмаас ашиглах боломжгүй болсон болохоо тайлбарласаар байтал "... өргөдөл, гомдол албан ёсоор гаргаагүй, цагдаагийн байгууллагад шалгуулсан баримт байхгүй тул нэхэмжлэгчийн бусдын хууль бус үйлдлийн улмаас ашиглах боломжгүй байсан" гэсэн тайлбарыг хүлээн авч үнэлэх боломжгүй гэж үзсэн болно" гэж шийдвэрийн үндэслэн хэсэгт дурдсан нь зүйд нийцэхгүй байна.

Учир нь тухайн үед бид орон нутгийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж байсан нь үнэн бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулах, үнэлэх замаар мөрдөн шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шууд үнэлэх шаардлагагүй гэж үзсэн нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан чиг үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасныг биелүүлээгүй гэсэн үндэслэлийг хууль бус гэж үзэж байна.

Учир нь Тариалангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулийн тодорхой зохицуулалт мөн тус сумын газрын даамал Б.Сарантуяагийн шүүхэд өгсөн "... энэ талбайнуудыг “Э” ХХК-иас өмнө ямар нэг аж ахуйн нэгж, иргэний эзэмшилд олгоогүй атаршсан газар байсан" гэсэн мэдүүлгээс үзэхэд тус компанийн эзэмшилд дөнгөж олгогдоод байсан эдгээр тариалангийн талбай нь атаршсан газрын ангилалд хамаарч байгаа тул атаршсан газрыг өнжөөх гэсэн хууль зүйн ойлголт, түүний зохицуулалт Тариалангийн тухай хуулиар зохицуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Тариалангийн тухай Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д заасан үүргийг нэхэмжлэгчийн зүгээс хэрэгжүүлэх хууль зүйн болон учир шалтгааны холбоо хамаарал тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Э”ХХК нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг “анх газар эзэмшихдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газрыг эзэмших хуулийг зөрчиж, нууцаар эзэмшсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд сумын Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаар захирамжаар газар тариалангийн зориулалтаар Баянхангай сумын Найрамдал багт 500 га газар эзэмших эрх үүсжээ. Гэвч энэ эрх нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна.

  1. Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т зааснаар тариалангийн газрыг эзэмшүүлэх асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулахаар зохицуулжээ.

                           Гэтэл энэ тохиолдолд сумын Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ багийн Иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүйгээр газар эзэмшүүлж, хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчжээ.

                           Маргаан бүхий нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 500 га газар нь хэн нэгний эзэмшил ашиглалтад олгогдож байгаагүй, малын бэлчээрийн зориулалтаар ашиглаж байсан газар болох нь гэрч Ц.Г, Б.С нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тухайн орон нутгийн иргэдийн бэлчээрийн зориулалтаар эзэмшиж байсан нийтийн эзэмшлийн газрыг тэдний саналыг харгалзахгүйгээр, нийтэд ил тод мэдээлэхгүйгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нь буруу байна.

                           Захиргааны байгууллагаас энэ ажиллагааг дутуу хийснээс нэхэмжлэгч хуулийн этгээд болон орон нутгийн иргэдийн дунд маргаан үүсэж, нэхэмжлэгчийн барьсан хашааг буулгасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

                           Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар багийн Иргэдийн Нийтийн Хурал нь нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.

                           Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулжээ. Үүний дагуу Засгийн газрын тогтоолд заасан бүс, газар нутагт тухайн маргаан бүхий газар хамаарч байгаа эсэхийг шалгаж тогтоолгүй, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг зөрчиж, тухайн сумын иргэд нийтээрээ ашиглаж байгаа газрыг тэдэнд мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгчид эзэмшүүлжээ.

  1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй болон давуу эрхээр газар эзэмшүүлэхээс бусад зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй, олон нийтэд зарлалгүйгээр газар эзэмшүүлж, газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн байна.

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байршил байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газрын байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж болох газрын байршлыг тодорхой заах ёстой атал Төв аймгийн Баянхангай сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх газрын байршлыг тодорхой заагаагүй байна. Ийм байхад сумын Засаг дарга ямар баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн газрын байршлыг зааж, газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар Засаг даргад газрын байршлыг заах эрх олгогдоогүй болно.

Дээрх байдлаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актаар хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны шүүх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчийн “гэрээ байгуулснаас хойш 2 жил болоогүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэх гомдлын тухайд:

Захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2010 оны 7 дугаар сарын 26-нд газар эзэмшүүлэх захирамжийг гаргаж, улмаар талууд 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулжээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8-д зааснаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулах нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины үүрэг болно.

Нэхэмжлэгчээс “гэрээ байгуулахаар олон удаа захиргааны байгууллагад очсон боловч захиргааны байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалан гэрээ хийгдээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон баримт нэхэмжлэгч хуулийн этгээдэд байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн буюу орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандаж байсан баримтыг цуглуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар хашаа хатгаж байсан ба түүнийг орон нутгийн иргэд буулгасан байсан. Энэ тухай гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргаж байсан гэж маргаж байгаа боловч энэхүү үйл баримтыг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй тул энэ үйл баримтыг тогтоох шаардлагагүй.

Нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид газрын дуудлага худалдаатай холбоотой хуулийн заалтыг үндэслэж, нэхэмжлэгчийг буруутгаагүй хэр нь шүүхэд тайлбарлахдаа захирамжийн үндэслэлээ өөрчилж байгаа нь буруу” гэх гомдлын тухайд:

Захиргааны байгууллага нь маргаан бүхий А/49 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг баримтлаагүй боловч шүүхэд маргахдаа хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгож, тайлбарлаж байгаа тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт өгөх үүрэгтэй болно.

Түүнчлэн захиргааны акт агуулгаар хуульд нийцсэн, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгыг хангасан тохиолдолд захиргааны шүүхээс дээрх үндэслэлээр тухайн актыг хүчингүй болгох боломжгүй.

Харин анхан шатны шүүх тухайн маргааныг нарийвчлан зохицуулаагүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 60 дугаар зүйлийн 60.2 гэсэн заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

  1. Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын

15-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн “тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаас “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2” гэснийг “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2

дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.