Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч А.Баясгалан нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баясгаланд холбогдох Эрүүгийн 201619000488 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1973 оны 02 сарын 15-ны өдөр Төв аймагт  төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бүүвэй овогт Аюурын Баясгалан /РД:НМ73021516/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Баясгалан согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байрлах Нийтлэг үйлчилгээний 2 давхарт байрны гадна талбайд байсан Т.Бат-Эрдэний эзэмшлийн 46-48 ХЭҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслиййн зүүн урд талын дугуйг хутгаар хатгаж санаатай гэмтээсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүүгдэгч А.Баясгалан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

Хохирогч Т.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Би 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн  “Бой” гэх газар манай нөхөр А.Баясгалан ар гэртээ агсан тавиад намайг зодох гээд байна гэсэн дуудлага Нямгэрэл гэх хүнээс өгсөний  дагуу ар гэрт нь очиход шарга зүсмийн морь унаад А.Баясгалан нь зугтаад явсан. Тэгээд ойр орчмоор хайсан боловч А.Баясгалан олдоогүй. Би шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд машинаа байрны гадаа цонхны доод талд тавьсан. Тэгээд гэртээ байж байхад хий гарах чимээ гарахаар нь цонхоор харахад  А.Баясгалан машины хойд талын дугуйны хажуу талд сууж байсан. Тэгэхээр нь хөөе гээд орилоход мориндоо мордоод зугтаагаад явсан. Тэгээд би гараад машинаа харахад зөв талын урд дугуй хагараад хий нь гарсан байдалтай байсан ба хутгаар зүссэн болов уу гэмээр мөр гарсан байсан. Тэгээд би А.Баясгалангийн араас нь мотоцикльтой  очиход тэр манай гэрийн зүүн талын уулын хажууд мориноосоо буучихсан сууж байсан ба баруун гартаа хутга барьчихсан босоод мориндоо мордоод зугтаасан. А.Баясгалан ар гэртээ үе үе агсан тавьдаг бөгөөд би дуудлагаар очиж арга хэмжээ авч байсан. Тиймээс А.Баясгалан үүнд өс санадаг бололтой намайг хорлох гэсэн оролдлого хийж байгаа байх. Би ногоон өнгийн истана маркийн 46-48 ХЭҮ улсын дугаартай машинтай. Уг машиндаа энэ оны 4 сард шинээр 95.000 төгтөгөөр “Өгөөмөр” захаас авсан даацын шинэ дугуй байгаа юм. Би албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбогдуулан надад заналхийлж  миний эд хөрөнгөд санаатайгаар халдаж устгаж гэмтээж байгаад би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Хашбаяр нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай нөхөр ажилтай явж байгаад шөнийн 00 цагийн орчим гэртээ орж ирээд амрах гэж байхад кола задалж байгаа юм шиг чимээ гарахаар нь би Бат-Эрдэнэд хаана ундаа задлаад байна аа гэхэд Бат-Эрдэнэ цонхоор хараад миний машины дугуйг Баясгалан хагалж байна гэж хэлээд гараад явсан. Бат-Эрдэнэ надад хэлэхдээ машины урд талын дугуйг хутгаар цоолсон байна гэж байсан. Тэр хүн манай нөхрийн ажилтай холбогдуулан өс санаж дугуйг нь шөнө ирж хагалсан байх гэж бодож байна. “ гэх мэдүүлэг /хх-ийн 21-р ху/,      

Гэрч О.Нямгэрэл нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр А.Баясгалан архи уучихсан морьтойгоо давхиж ирээд миний үснээс татаад цохих гээд байхаар нь би гарыг нь барьж аваад үснээс зулгаасан гарыг нь тавиулаад явах гэтэл хэл амаар доромжлоод явъя гэртээ ор гээд гэрлүүгээ дагуулж орох гээд байхаар нь цагдаа дуудсан. Тэгээд сумын цагдаа Бат-Эрдэнэ ирэхэд А.Баясгалан морьтойгоо зугтаагаад явсан. А.Баясналан бид хоёр 2015 оны 04 дүгээр сараас эхлэн гэр бүл болно гээд нэг гэрт орсон. Тэгээд тэрнээс хойш А.Баясгалан үе үе агсан тавиад цагдаа дууддаг. Тэгээд А.Баясгалан надад уурлахаараа чиний гавъяагаар цагдаа нар энд тэнд таарахаараа намайг явуулахгүй байна. Муу сайн хар хэрээ нар эд нарыг чаднаа гээд байдаг юм. Тэгээд архи уусан ч эрүүл байсан ч муу сайн цагдаа нар гээд хараагаад байдаг юм. Цагдаа нар ирээд арга хэмжээ аваад байдаг учраас үзэн ядаад байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р ху/,

 Яллагдагч А.Баясгалан нь  мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2016 оны 04 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ганцаараа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи уугаад шөнийн 22 цагийн орчим хамтан амьдрагч Ц.Нямгэрэлтэй муудалцсан. Тэгэхэд Ц.Нямгэрэл тухайн үед сумын цагдаад дуудлага өгсөн ба цагдаа Бат-Эрдэнэ машинтайгаа ирж байхаар нь  би морио унаад зугтаасан. Тэгээд би 00 цаг өнгөрч байхад цагдаа Бат-Эрдэний гэрийн гадаа очоод истана маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйг нь гэрээсээ авсан жижиг ногоон иштэй хутгаар нэг удаа хатгаж хагалсан байгаа.Тэгээд гадуур архи ууж явж байгаад цагдаад баригдсан. Би хамтран амьдрагч Нямгэрэлтэй хааяа хувийн таарамжгүй харилцаа үүсэхэд тэр дандаа цагдаад дуудлага өгдөг Бат-Эрдэнэ цагдаа ирж байнга надад арга хэмжээ авдаг. Тэгээд би тухайн үед Цагдаа Бат- Эрдэнэ дуудлагаар ирсэн болохоор би түүнд дургүй хүрээд машиных нь дугуйг хагалсан юм. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тус хутгыг морьтой давхиж явахдаа хаясан байх. Хаана хаясан талаараа согтуу байсан болохоор санахгүй байна” гэх мэдүүэлг /хх-ийн 31-33-р ху/,

 

Бусад баримт сэлт:

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол

-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-13/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-14/,

-эд зүйлийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-16/,

шүүгдэгч А.Баясгалан ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "... Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан... " гэх лавлагаа /хх-36/,

-шүүгдэгч А.Баясгаланг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр /хх-30-31/, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-32-33/ байцаасан тэмдэглэлүүд,

 

Шүүгдэгч А.Баясгалан согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт байрлах Нийтлэг үйлчилгээний 2 давхарт байрны гадна талбайд байсан Т.Бат-Эрдэний эзэмшлийн 46-48 ХЭҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслиййн зүүн урд талын дугуйг хутгаар хатгаж санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Т.Бат-Эрдэний “..Би шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд машинаа байрны гадаа цонхны доод талд тавьсан. Тэгээд гэртээ байж байхад хий гарах чимээ гарахаар нь цонхоор харахад  А.Баясгалан машины хойд талын дугуйны хажуу талд сууж байсан...”, гэрч Б.Хашбаярын “...шөнийн 00 цагийн орчим гэртээ орж ирээд амрах гэж байхад кола задалж байгаа юм шиг чимээ гарахаар нь би Бат-Эрдэнэд хаана ундаа задлаад байна аа гэхэд Бат-Эрдэнэ цонхоор хараад миний машины дугуйг Баясгалан хагалж байна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Нямгэрэлийн: “..Тэгээд архи уусан ч эрүүл байсан ч муу сайн цагдаа нар гээд хараагаад байдаг юм. Цагдаа нар ирээд арга хэмжээ аваад байдаг учраас үзэн ядаад байдаг юм...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч А.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч А.Баясгалангийн өмгөөлөгчийн “ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, анх удаа хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү “ гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Баясгалан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

                       Хохирлын талаар:

            Хохирогч Т.Бат-Эрдэнэ нь 95 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Баясгалан нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

            2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн цагаан өнгийн хөргөгч, улаан өнгийн угаалгын автомашин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “истана” маркийн тээврийн хэрэгслийн зүсэгдэж гэмтсэн 185/85 R16 хэмжээстэй 1 ширхэг өвлийн дугуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүүвэй овогт Аюурын Баясгаланг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баясгаланг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Баясгаланд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Баясгаланд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Баясгаланд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан А.Баясгаланд мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар “истана” маркийн тээврийн хэрэгслийн зүсэгдэж гэмтсэн 185/85 R16 хэмжээстэй 1 ширхэг өвлийн дугуйг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн комисст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн цагаан өнгийн хөргөгч, улаан өнгийн угаалгын автомашин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Ялтан А.Баясгалан нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг ялтан А.Баясгаланд мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА