Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Ю.Тгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00389 дүгээр шийдвэртэй

Ю.Тгийн нэхэмжлэлтэй

М-ийн Архангайн БСд холбогдох

цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговор 7 059 545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч М-ийн Архангайн Багшийн сургуулийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие М-ийн Архангайн БСд 2001 оноос эхлэн математикийн багшаар ажилласан бөгөөд тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/65 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ингээд уг тушаалыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд хандан, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсанаар Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир 2016.09 сард ажилдаа орохоор очоод захирал Г.Бтай уулзахаар бүтэн өдөржин үүднийх нь өрөөнд хүлээж суусан боловч уулзаж чадаагүй. Учир нь тэр өдөр захирал Г.Б сургууль дээр байсан боловч өрөөндөө орж ирэхгүй байгаа нь надтай уулзах хүсэлгүй байна гэж би ойлгосон. Захирал надтай уулзахаас зайлсхийгээд байсан учир би албан ёсоор ажилдаа орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл бичиж нарийн бичгийн даргад нь өгсөн. Хэд хоногийн дараа ня-бо Д.Номинчулуун “таныг сул зогсолтоор /үндсэн цалингийн 60 %-иар/ цалинжуулах тушаал захирал гаргасан байна” гэж хэлсэн. М-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай Б/39 тоот тушаалыг Г.Б гаргасан байсан. Надад захирал Г.Б заах цаг байхгүй, мөн ийм тушаал гаргасан тухайгаа хэлээгүй. Мөн энэхүү Б/39 тоот тушаалын эх хувийг ч гардуулж өгөөгүй. Нарийн бичгээс Б/39 тоот тушаалын эх хувийг авъя гэтэл захирал эх хувийг нь өгч болохгүй гэсэн гээд хуулбарыг өгсөн. Би М-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын Б/39 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон боловч надад ажпыг маань хүлээлгэж өгөөгүй ба сул зогсолтоор цалинжуулах заалт оруулсан тушаал гаргасанд гомдолтой байна. Би энэ сургуульд математикийн багшаар тасралтгүй 20 жил ажиллаж байгаа бөгөөд надаас сүүлд орсон багш нар олон байхад яагаад заавал намайг сул зогсолт нэрээр ажилгүй байлгаад байгааг, мөн энэ бүхэнд хувийн сонирхлоор хандаж төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн энэ сургуулийг өөрийн хувийн сургууль мэт өөрийн дураар авирлаж байгааг гайхаж байна. Би дахин 2016.09.20-нд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 654 тоот шийдвэрээр 2016.07.08-2016.09.20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааныхаа цалинг 100%-иар тооцож, ажлын 52 өдрийн нийт 2 346 000 төгрөгийг гаргуулсан болно. Шүүхийн энэ шийдвэрийн дараа мөн л ажилдаа орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл нарийн бичгийн даргад нь бичиж өгсөн. Гэтэл намайг ажилд эгүүлэн авалгүй өнөөдрийг хүрч байгаа ба ажлаас халсан анхны тушаал гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл би нэг өдөр ч ажил хийгээгүй болно. Иймд 2016.09.20-2017.04.06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү /40%/ 2 900 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017.04.15-наас өнөөдрийг хүртэлх цалингийн зөрүү ажлын 33 хоногоор /33x20 000=660 000/ 660 000 төгрөг /сарын үндсэн цалин 1 075 001 төгрөг, 1 075 001:21,5=50 000 төгрөг/нэг өдрийн цалин/ үүний 40 хувь буюу зөрүү 20 000 төгрөг /1 өдрийн цалингийн зөрүү//, мөн 2016-2017 оны хичээлийн жилийн амралтын мөнгө 3 499 545 төгрөг, нийт 4 519 545 төгрөгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Иргэн Ю.Т манай сургуулийн нэр дээр ээлжит нэхэмжлэлээ гаргажээ. Нэхэмжлэлийг үзвэл тус сургуулийн захирал Г.Б миний нэр дээр ирүүлсэн байгаа ба мөн нэхэмжпэлд намайг Монгол Улсын ямар хуулийн аль зүйл заалтыг хэрхэн зөрчсөн тухай нэг ч үг өгүүлбэр алга байна. Иймэрхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авч ажил үрэх нь гайхалтай боловч нэгэнт шүүхээс надад нэхэмжлэлийг гардуулсан учир зохих тайлбар хийх нь зүй. Үүнд:

1. Иргэн Ю.Т уг асуудлаар өмнө нь шүүхэд хандаж байсан ба Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийн “ТОГТООХ нь:” хэсгийн 4 дүгээр заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч М-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан бөгөөд уг хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж ийм шийдвэр гаргасан байдаг. Энд дурдсан миний Б/39 дүгээр тушаалаар иргэн Ю.Тг сул зогсолтоор цалинжуулж байгаа юм. Гэтэл иргэн Ю.Т нэг асуудлаар шүүхэд хоёр удаа хандаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

2. Миний 2016.09.08-ны өдөр гаргасан, шүүхээс хүчингүй болгоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон Б/39 тоот тушаалаар өнөөдөр иргэн Ю.Т сул зогсолтоор цалинжиж байгаа. Багшийн сургуулийн захирал би Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно гэж, 56.2-т хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэж тус тус зааснаар иргэн Ю.Тгаар хийлгэх ажил байхгүй тул 60 хувиар цалинжуулж хуулийг биелүүлж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуульд ажилласан жил харгалзан сул зогсолтоор цалинжуулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ямар ч заалт байхгүй тул ийм шийдвэр гаргасан ба уг тушаалыг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 654 дугаартай шийдвэрээр буруутгаагүй билээ.

3. Хамгийн сүүлд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Ю.Т “Би энэ сургуульд математикийн багшаар тасралтгүй 20 жил ажиллаж байгаа бөгөөд надаас сүүлд орсон багш нар олон байхад яагаад заавал намайг сул зогсолт нэрээр ажилгүй байлгаад байгааг...” гэх мэтээр дурджээ. Үүнд би захирлын хувиар тайлбар хийе. Иргэн Ю.Т 2001 онд тус сургуульд Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дарга өөрийн эгч Цогзолмаа гэгчээр гуйлгаж ажилд орсон байдаг юм. Тэр хугацаанаас хойш үзвэл 15 жил ажилласан, 1 жил сул зогссон л хүн. Иргэн Ю. Тг сул зогсоосон шалтгаан нь энгийн бөгөөд хамт ажиллагсад болон үйлчлүүлэгч оюутнуудаас энэ хүнтэй холбоотой гардаг байнгын санал хүсэлтээс болсон юм. Тухайлбал Ю.Тг ажиллаж байх үед намайг сургуулийн захирал болсны дараа буюу 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын Зг ангийн оюутнууд Ю.Т гэдэг энэхүү мэдлэггүй, оюутантай зөв харилцдаггүй багшаар хичээл заалгамааргүй байна гэдэг саналыг сургуулийн удирдлагуудад бичиж өгч байсан (24 оюутны гарын үсэг бүхий өргөдлийг хавсаргав), өөрийн хүүхдийг сургуулийн заланд тоглуулаагүй шалтгаанаар жижүүр Э.Шинэтөгсийг “гөлөг, шээс, бүдүүлэг новш” гэх мэтээр доромжилж байсан (жижүүрийн дэвтрийн хуулбарыг хавсаргав) зэрэг олон шалтгаанаар бид иргэн Ю.Тг “заавал сул зогсолт нэрээр” байлгаж байгаа болно. Бусад багш нар буюу иргэн Ю.Тгийн “...надаас сүүлд орсон багш нар олон байхад...” гээд байгаа багш нарын талаар иймэрхүү санал гомдол гардаггүй юм. Надаас өөр хэн ч захирал байсан ийм л шийдвэр гаргана гэдэгт би үл эргэлзэнэ. Эцэст нь тэмдэглэхэд архи уусан нь тогтоогдоод ажлаас халаад, анхан шатны шүүх нь батлаад байхад дахин дахин заргалдаж, төрийн олон байгууллагын ажилд хүндрэл чирэгдэл учруулдаг энэ мэт тохиолдлыг шүүх хянан үзээсэй. Төрийн байгууллагыг архичин согтуучуудаас хамгаалдаг шүүх хүчний байгууллагууд нь зарим тохиолдолд архичдыг хамгаалсан мэт шийдвэр гаргадаг нь энгийн иргэдийн гайхлыг ихээхэн төрүүлэх юм. Ажлын хамт олноос асуусан ч үүнийг батлах бөгөөд Багшийн сургуулийн захирал миний хувьд Ю.Т гэгч хүнтэй ямар нэгэн өш хонзонгүй, гагцхүү сургууль оюутнаа л бодсон шийдвэр гаргаж, гаргахаас өөр аргагүй байдалд хүрч өдий хүрсэн болно.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00389 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1, 49 дүгээр зүйлийн 49.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Архангай аймгийн Багшийн сургуулиас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговор нийт 7 059 545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Тд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 127 903 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Бийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Манай сургуулийн нэр дээр нэхэмжлэгч Ю.Тгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00389 дугаартай шийдвэр гарсан байна. Уг шийдвэрээр нэхэмжлэгч Ю.Тд ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын олговор 7 059 545 төгрөг олгохоор тогтоосон байна. Үүнийг манай байгууллага эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч Ю.Т ажилгүй байгаагүй бөгөөд бид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчоос шалтгаалж ажлаар хангах боломжгүй болсон тул сул зогсолтоор буюу 60 хувиар цалинжуулж өдийг хүрсэн болно. Иймд энэ хэргийг дахин хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага 3 560 000 төгрөгийг “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү” гэж тодорхойлсон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Ю.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалаар урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд эгүүлэн тогтоогдож, М-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай б/39 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон боловч сул зогсож байгаагаас ажилдаа орж чадаагүй, ажил олгогч ажлыг нь хийлгэхгүй байгаа талаар дурдаад “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 3 560 000 төгрөг болон ээлжийн амралтын олговор 3 499 545 төгрөг, нийт 7 059 545 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Т нь М-ийн Архангайн Багшийн сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 654 дүгээр шийдвэрээр захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна. /хх 13-17/

Харин нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл М-ийн Архангайн БС нь Ю.Тг урьд эрхэлж байсан математикийн багшийн ажилд нь 2016.09.08-ны өдөр эгүүлэн авсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 3 560 000 төгрөгийг “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү” гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан буюу ажилгүй байсан хугацааны олговрын талаархи маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ.

Мөн Ю.Т 2017 оны ээлжийн амралтын олговор 3 499 545 төгрөг нэхэмжилсэн ба энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан биш байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ. Энэхүү зохицуулалтаар зохигчдын хооронд гарсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх шүүхээр хянан шийдвэрлэх маргааны харъяаллыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх зохицуулалтыг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00389 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ю.Тгийн нэхэмжлэлтэй М-ийн Архангайн БСд холбогдох цалингийн зөрүү болон ээлжийн амралтын олговор 7 059 545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 127 903 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                            Д.БЯМБАСҮРЭН