Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор С.Энхням,

Хохирогч А.Н,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Оид холбогдох  эрүүгийн  .....  дугаартай  хэргийг  2019  оны  12-р  сарын  03-ны өдөр хүлээн  авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.О,

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.О нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр 30 дугаар зөрлөгийн орчим босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай засмал зам дээр Замын-Үүдээс зорчигч тээвэрлэн хойд чиглэлд буюу Улаанбаатар хот хүргэхээр ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн ... кредит ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мөн бүлгийн 12.2-т заасан” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Э.А, Э.П нарын эрүүл мэндэд хүнд, хохирогч А.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Оийн шүүхийн хэлэлүүлэгт өгсөн “2019 оны 07 дугаар сарын 20- нд  Замын-Үүд  сумаас  хүн  авч  явж  байгаад  Айргын  30  дугаар  зөрлөг  дээр  унасан. Сайншандаас дайвар аваад явсан. Даланжаргалан сум дээр байх дайвар авах хүн утастаад цагдаа байна шүү гэхээр нь хүмүүсийг бүсээ зүү гэж хэлэхэд машины арын дугуй гацаад зуурахад нь шидэгдсэн. Өөрийн бурууг ойлгож гэмшиж байна. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө” гэсэн мэдүүлэг     Хохирогч А.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бодлоор 20 цагийн үед осол болсон байх, дугуй хагарлаа гээд дараад онхолдсон байх. Хурдаа сааруулсан бол зогсох боломж байсан. Намайг ухаан орж байхад гэгээ тасарч байсан. Замын хүмүүс анхан шатны тусламж үзүүлээд бид Айраг сумын эмнэлэгт очсон. Улаанбаатар хотод ирээд эмнэлэгт хэвтсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирол өгсөн гэж байна. Би хэдэн төгрөг яаж өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед эхнэр бид хоёр бие муу хэвтэж байсан. Эхнэрийн эмчилгээний төлбөр хэд гарсныг мэдэхгүй байна. Миний эмчилгээний төлбөр 800 гаруй мянган төгрөг болсон. Би 12 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд ороод гарсан. Дахин хагалгаанд орохоор болсон. Гар эдгэрэхгүй буглаад байгаа, гарын сарвуу хөдлөхгүй байгаа. Цаашид гарах зардлыг цаг тухайд нь өгвөл миний болон эхнэрийн зүгээс гомдолтой гэх зүйл байхгүй. Эхнэрийн биеийн байдал гайгүй байгаа. Гэхдээ ядрахаар нэг нүд нь харахгүй, бие нь өвдөөд байгаа.  MRI зураг авахуулахаар төмөр суулгасан болохоор болохгүй гээд байгаа. Хэрвээ О хоригдвол бидний эмчилгээний зардлыг өгч чадахгүй тул тэнсэж өгнө үү....” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.Агийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:’’...би уг машины хамгийн ард сууж явсан ба хажууд сууж явсан ахтай хөзөр тоглоод явж байгаад унтсан. Тэгээд унтаад явж байтал урд сууж явсан хүмүүс муухай орилоод замын хажуу талруу орж онхолдсон...надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Би эмчилгээний мөнгө болох 2 сая төгрөг авсан ба ажилгүй байх хугацааны цалин мөнгөө жолооч Ооос гаргуулж авсан...” гэсэн мэдүүлэг. Гомдолгүй гэх хүсэлт/хх-ийн 98-99, 124-125,139-р тал/

Хохирогч Э.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орохоор хувийн таксинд суусан юм...ослын улмаас нуруу хугарч хагалгаанд орсон...Би ослын өмнө жолоочийн хянах самбарыг 30 минутын өмнө харахад 110-115 км цагийн хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг, хугарлуудаа хадуулах хагалгаанд орсон. Бүх хагалгааны зардлыг О нь барагдуулж өгсөн тул гомдол, санал байхгүйг мэдэгдье гэх хүсэлт. /хх-ийн 94, 138-р тал /

Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Айраг сумын 30 дугаар зөрлөгийн орчимд замаас гарч онхолдсон...зүүрмэглээд байж байтал жолооч “ээ пизда” гээд орилох нь сонсогдсон ба нүдээ нээгээд хартал манай машин зам дээр хөндөлсөж замаас гарч байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг. /120-121 -р тал / Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...колонк дээр зогсоод цай уугаад байж байхдаа уг машины арын дугуйг харахад хоёр тал нь алцайсан байдалтай, зүүн талын хойд талын дугуйны хий сул байсан. Тухайн үед би жолоочид дугуйны чинь хий сул байна, гэхэд жолооч маань зүгээрээ гэж хэлсэн...довцог өнгөрөөд явж байтал хойд талын дугуй нь хагарчих шиг болсон ба машины бөгс хаялаад шарваад эхэлсэн, зам дээр шарваж замын хажуу талын жалгаруу орж өнхөрч онхолдсон. Би уг автомашины урд сууж явсан ба машины дэр гараад би гайгүй гарсан...3амын- Үүдээс гараад замдаа явахдаа 100-125 км цагийн хурдтай яваад байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 122-123-р тал /

Гэрч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд:”...унтаж явж байсан чинь юм мөргөх чимээ гарсан автомашин онхолдсон... гэсэн мэдүүлэг./хх-ийн 154-р тал / Хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /үзүүлэлт. /ххийн 3-10, 115-119-р тал / ...улсын дугаартай Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 11-17-р тал /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Б.Агийн биед зүүн уушгины эдийн няцрал, цээжний хөндийн зүүн хэсгийн хий хуралт, зүүн талын суудал ясны доод салаа, умдаг ясны доод салааг хамарсан хоёрлосон зөрүүтэй хугарал, зүүн талын умдаг ясны дээд салаа ясны хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, ууцны 1, 2, 3, 4 дүгээр нугалмын нүх дайрсан хугарал, зүүн эгэм ясны хугарал, зүүн 4, 5, 6, 7, 8, 9 хавирганы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, цээж, нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт./хх-ийн 35-36-р тал / Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/0419 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...Э.Пын биед зүүн уушгины урагдал, цээжний хөндийн хий болон цус хуралт, зүүн эгэм ясны хугарал, баруун 3, 4, 6 дугаар хавирганы хугарал, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн дал ясны хугарал, сээр нурууны 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3 дугаар нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 1, 2, 3, 4 дүгээр нугалмын сэртэнгийн хугарал,  нүүр,  хоёр  гарын  шуу,  хоёр  хөлийн  олон  тооны  зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна... гэсэн дүгнэлт. / ххийн 558-59-р тал /

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны .... шинжээчийн дүгнэлтэнд:”...А.Нгийн биед баруун шуу, зүүн атгаал ясны хугарал, толгойн шарх, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 43-44-р тал / 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. / хх-ийн 127-129-р тал / Ашид бигүүн ХХК-ны газраас 75-21 Тоёота альпард маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт . /хх-ийн 131-132-р тал/

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн зам тээврийн ослын талаар тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдэд:”...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан Тоёота Альфард маркийн ..... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэсэн дүгнэлтүүд. /хх-ийн 81, 136-р тал/ Өмчлөгч “Тайгын Булаг кредит” ХХК ...улсын дугаартай тоёота альпард маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /хх-ийн 101-р тал / Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 162 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч О.О нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр 30 дугаар зөрлөгийн орчим босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай засмал зам дээр Замын-Үүдээс зорчигч тээвэрлэн хойд чиглэлд буюу Улаанбаатар хот хүргэхээр ...улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг мөн бүлгийн 12.2-т заасан” Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Э.А, Э.П нарын эрүүл мэндэд хүнд, хохирогч А.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугр бүлгийн 12.1, 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн болох нь хохирогч А.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...” Миний бодлоор 20 цагийн үед осол болсон байх, дугуй хагарлаа гээд дараад онхолдсон байх. Хурдаа сааруулсан бол зогсох боломж байсан..”гэсэн мэдүүлэг,хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:’’...би уг машины хамгийн ард сууж явсан ба хажууд сууж явсан ахтай хөзөр тоглоод явж байгаад унтсан. Тэгээд унтаад явж байтал урд сууж явсан хүмүүс  муухай  орилоод  замын  хажуу  талруу  орж  онхолдсон...”  гэсэн мэдүүлэг,хохирогч Э.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хот орохоор хувийн таксинд суусан юм... Би ослын өмнө жолоочийн хянах самбарыг 30 минутын өмнө  харахад  110-115  км  цагийн  хурдтай  явсан...”  гэсэн  мэдүүлэг,  гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Айраг сумын 30 дугаар зөрлөгийн орчимд замаас гарч онхолдсон...зүүрмэглээд байж байтал жолооч “ээ пизда” гээд орилох нь сонсогдсон ба нүдээ нээгээд хартал манай машин зам дээр хөндөлсөж замаас гарч байгаа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг, 

гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...колонк дээр зогсоод цай уугаад байж байхдаа уг машины арын дугуйг харахад хоёр тал нь алцайсан байдалтай, зүүн талын хойд талын дугуйны хий сул байсан. Тухайн үед би жолоочид дугуйны чинь хий сул байна, гэхэд жолооч маань зүгээрээ гэж хэлсэн...довцог өнгөрөөд явж байтал хойд талын дугуй нь хагарчих шиг болсон ба машины бөгс хаялаад шарваад эхэлсэн, зам дээр шарваж замын хажуу талын жалгаруу орж өнхөрч онхолдсон....3амынҮүдээс гараад замдаа явахдаа 100-125 км цагийн хурдтай яваад байсан...” гэсэн мэдүүлэг, 

гэрч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...унтаж явж  чинь юм мөргөх чимээ гарсан автомашин онхолдсон... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  ...улсын дугаартай Тоёота Альфарт маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 

Аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... ,  .... , 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/0413  дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ... дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн ослын талаар  тогтоосон  шинжээчийн  дүгнэлт  зэрэг  нотлох  баримт  болон  шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн  нотлох  баримтуудаар  тогтоогдож  байна. Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй болохыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заажээ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Иймд шүүгдэгч О.Оийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн2 дахь хэсгийн  2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүхийн  хэлэлцүүлэгт  хэлцэгдсэн  шүүгдэгч  О.Оид  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх  дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ. 

Шүүгдэгч О.Оид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Оид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Хэрэв  шүүгдэгч  О.О  нь  тэнссэн  хугацаанд  шүүхээс  хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна. Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  Шүүгдэгч О.О нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудсаар

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй  болох нь /хх-ийн 162-р тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Оийг  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -т заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих  ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч О.Оид тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хориглосон  хязгаарлалтыг зөрчсөн,санаатай гэмт хэрэг үйлдсэн бол бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Оид анхааруулсугай.     

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.

6.Хохирогч  А.Н,  Б.А,  Э.П  нар  нь  гэмт  хэргийн улмаас  эрүүл мэнддээ учирсан хохирлын цаашид гарах зардлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН