Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбууг суулцуулан

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

 Шүүгдэгч Т.М***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тэрбишийн М***********д холбогдох эрүүгийн *********** тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Т.М***********нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн иргэн О.Н***********гийн гэрийн гаднаас мустанг-5 маркийн мотоцикль хулгайлж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М***********нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн иргэн О.Н***********гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч Т.М***********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "Би 2017 оны 02-р сарын 03-ны орой Арбулаг сумын 2-р багийн нутагт байдаг гэрээсээ манай нутагтай хил залгаа байдаг Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн төв орсон юм. Намайг манай хамаатны ах болох Бадралтуяа ах хүүхэд ханиад хүрээд байна Бүрэнхаан багийн төв ороод эм, ойр зуурын юм аваад ирээч ах нь мөнгөгүй болчихоод байна, нэг ямааны мах аваад дэлгүүрээс ойр зуурын юм аваад ирээч гэж утсаар ярьсан юм. Манай аав, ээж ах бүгд аймгийн төв рүү явсан, би ганцаараа малаа харж үлдсэн байсан юм. Тэгээд би Бадрал ахад орой малаа хотолчихоод очъё гэж хэлсэн. Би орой 18 цагийн үед малаа хотлоод Бадрал ахынд очоод Бадрал ахын захисан зүйлүүдийг бичиж аваад ямааны махыг нь ганзагалаад Бүрэнхаан багийн төв рүү харанхуй болж байхад явсан. Тэгээд Бүрэнхааны төв ороод эхлээд нэг дэлгүүр орж ямааны мах авах уу гэж асуутал авахгүй гэхлээр нь дахиад нэг өөр дэлгүүрт нь очдод асуутал үзье аваад ир гэж хэлэхээр нь оруулж үзүүлтэл авъя гэсэн. Тэр дэлгүүр нь Н*********** гэдэг хүний дэлгүүр байсан юм. Би ямааны махыг Н*********** гуайн эхнэрт нь зараад Бадрал ахын захисан ургамлын тос, чихэр тамхи зэрэг зүйлүүдийг нь аваад гарсан. Миний мотоцикль бензингүй байсан учраас би буцаж орж бензин зарах уу гэж асуутал бензин зарахгүй гэж хэлсэн. Тэгээд мотоциклоо асаагаад дээшээ байдаг дэлгүүр орж бензин асуух гэтэл үүдээ онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд би Бүрэнхаан багийн төвд таних айл байхгүй учраас гудамжинд хэсэг зогсож унаатай хүн явбал зогсож нэхсэн. Тэгээд багийн төвөөс ямар ч байсан гэрлүүгээ дөхөе гэж бодоод гараад явж байтал миний мотоциклийн арын дугуй хагарсан. Би ноцосгүй байсан учраас мотоциклоо түрж нэг хашааны ард түшүүлж тавиад дэлгүүрүүдийн үүдээр очихоор явж байтал Н*********** гуайн хашаанд мотоцикль харагдаж байхаар нь мотоциклийнх нь дугуйг орж дугуйг нь гуйя гэж бодоод орох гэтэл үүдэндээ нохой нь зогсчихоод оруулахгүй байсан. Тэгээд гэртээ харихгүй бол болохгүй, малаа эзэнгүй орхисон гэж санаа их зовж байсан учраас Н*********** гуайн мотоциклийн дугуйг нь тайлж авъя гэж бодоод мотоцикль руу нь дөхтөл нохой нь ирэхгүй байхаар нь түрээд гүйчихсэн. Тэгээд өөрийнхөө мотоциклийг орхисон газарт очоод суудлын ачаан дээр байсан түлхүүр багажаа тайлж Н*********** гуайн мотоциклийн арын дугуйг тайлж аваад өөрийнхөө дугуйтай сольж өөрийнхөө муу дугуйг аваад банкны боолтыг нь тайлаад банкны бензинийг нь өөрийн мотоциклийн банкинд шилжүүлж хийгээд мотоциклио асаах гэж байтал гар чийдэнтэй хүн урдаас ирж явахаар нь мотоциклио түрж гүйж байгаад асаагаад зугтаасан. Тэгээд хөдөө гарч Бадрал ахынд шөнө очиж захисан зүйлүүдийг нь өгчихөөд гэртээ харьж хоносон. Маргааш өглөө нь босоод хонио тууж малдаа явчихаад гэртээ байж байтал цагдаа нар ирж мотоциклийн дугуй хулгайлсан уу гэхлээр нь би тэгсэн гэж хэлээд мотоциклио зааж өгсөн. Тэгээд мотоциклийн дугуйг нь тайлж аваад цагдаа нартай хамт Бүрэнхаан багийн төврүү явсан юм. Н*********** гуайнд очиж мотоциклийн дугуйг нь хийж өгсөн. Би Бүрэнхаан багийн төвөөс бензин олдох байх гэж бодож байтал бензин олдоогүй. Дараа нь дугуй хагарсан учраас ийм хэрэгт холбогдлоо. Би буруу зүйл хийсэн гэдгээ маш их ойлгож байна. " гэх мэдүүлэг /хх-ийн 20- 21 дүгээр хуудас/,

Хохирогч О.Н***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "2017.02.03-ны үдэш 23 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь манай дэлгүүрт хүн орж ирэх гэж байгаа юм байх гэж бодоод хэсэг хүлээж байтал дэлгүүрийн хаалгыг хүн цохихгүй байхаар нь хэсэг байж байгаад гартал миний мотоцикль байхгүй болсон байсан. Миний мотоцикль нь байшингийн баруун талд машины хажууд тавьсан байсан юм. Тэгээд би гар чийдэн тусгай ойр хавьд байхгүй болохоор нь хашааны араар тойроод хойд гудамжаар ортол миний мотоциклийг нэг залуу арын дугуйг нь тайлж аваад өөрийн мотоцикльд хийгээд мотоциклоо асаагаад зугтсан. Би тэр үед араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд сумын цагдаагийн хэсэг рүү дуудлага өгсөн юм. Миний мотоцикль нь дугуй болон бензинийг аваад явсан байсан. Би тэр хүнийг манай дэлгүүрт орой нь орж ирсэн. Арбулаг сумын хүүхэд байна гэж сэжиглэсэн. Тэгээд маргааш өглөө нь хэсгийг төлөөлөгч цагдаа нар ирж тэр хүнийг эрэн сурвалжилж олж ирсэн. Маргааш нь иртэл манай дэлгүүрт орж ирж ямааны мах зарсан залуу мөн байсан. ...би мотоциклоо нэг сая төгрөгөөр үнэлж байна. Дугуйгаа 35.000 төгрөгөөр, 10 орчим литр бензин байсан үнэн нь 20.000 төгрөг болж байна. Би мотоциклио хүлээж авсан. Мөн авч явсан дугуйгаа надад авчирч өгсөн. Бензиний мөнгийг өгсөн. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/, Эд зүйлд хийсэн үнэлгээ /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 200 цагийн албадан ажил хийлгүүлэх ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч О.Н*********** нь шүүгдэгч Т.М***********тэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналаар тогтоогдож байна.

 Иймд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Т.М***********нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цогнууд овогт Тэрбишийн Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Т.М***********д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн *********** тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнх[1]Эрдэнэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР