| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00339/И |
| Дугаар | 394 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
хотын дүүргийн -р хороо, тоотод оршин суух Ш овгийн Дгийн М //-ийн нэхэмжлэлтэй,
аймгийн сумын -р баг, тоотод оршин суух Б овгийн Бгийн Б //-т холбогдох 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь хамтран наймаа хийх зорилгоор надаас 2015 оны 11 сарын 23-нд 2100000 төгрөг авсан. Үүнээс хойш 2016 оны 6 сард 500000 төгрөг, 2017 оны 8 сарын 1-нд 1000000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн мөнгө 600000 төгрөгийг гаргуулмаар байна. Мөн унааны зардал, утсаар ярьсан, хоолны мөнгө, нийт 400000 төгрөгийг нэмж, 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн Д.Мт өгөх ёстой 600000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн болно. Замын зардал, бензин, хоол, утасны зардал гэж нэхэж байгаа мөнгийг өгөх үндэсгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бээс 1000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 11 сарын 7-ны өдрийн 14 цагаас товлогдсон боловч цаг агаарын байдлаас болон амжиж ирсэнгүй. Шүүх хуралдаан хойшлогдоод 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 11 цагт хийхээр болсон байна. Б.Б нь 600000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 400000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн миний бие 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 11 цагт болох шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Би Хилийн цэргийн 0252-р ангид ажилладаг тул чөлөө олдохгүй байна. Иймд хэргийг миний эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М нь Б.Бт холбогдуулан 1000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч болон хариуцагчид 2017 оны 11 сарын 8-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч талаас хэргийг өөрийн эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч тал нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар зохигчийн эзгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “Б.Б нь 600000 төгрөгийг төлсөн үлдэх 400000 төгрөгийг нэхэмжилнэ” гэснээс харахад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 400000 төгрөг болгон бууруулж байна гэж ойлгогдохоор байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагчтай уулзах гэж явсан унааны зардал, бензиний үнэ, утсаар ярьсан болон хоолны мөнгө, нийт 400000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заажээ.
Мөн хэргийн зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өгөх ёстой байсан 600000 төгрөгийг өгөхгүй байсны улмаас уг мөнгийг хариуцагч Б.Бээр төлүүлэхээр оршин суугаа газарт нь очих явцад гарсан зардал гэж 400000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд уг зардал гарсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Мгийн 400000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Мгийн Б.Бээс 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ