Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 аймгийн  сумын-р баг,  тоотод оршин суух Б овгийн Аийн О //-ы нэхэмжлэлтэй,

аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох  аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагчийн төлөөлөгч Б.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.С

Нарийн бичгийн дарга С.Унар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие   аймгийн  сумын хүүхдийн цэцэрлэгт 1987 оны 7 сард ажилд ороод түүнээс хойш туслах багшаар 30 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гаргасан зөрчил байхгүй. 2015 онд 5 хүүхэдтэй болохоор хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэврээ тогтоолгосон. Тэгээд тэтгэмжээ тогтоолгоогүй байсан учраас ажилдаа эргэж орох хүсэлт гаргаад ажилласан. Тэгсэн тэтгэмж олдохгүй болох юм шиг байна. Танай суманд өмнөх хоёр хүний үлдэгдэл 5 сая төгрөг байгаа. Тэр мөнгийг аваад үлдэгдэл мөнгөө дараа оныхоо төсөвт суулгаарай гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 сард тэтгэмжийнхээ хагас мөнгийг аваад, сая 2017 оны 7 сард үлдэгдэл мөнгөө авсан. Тэгсэн нягтлан намайг тэтгэмж чинь ороод ирсэн, тэтгэмжээ ав гэхээр нь би аймагт хүүхэд хараад завгүй байна. Хүсэлт болон бүрдүүлэх бичиг баримтуудаа эгчээрээ бүрдүүлүүлээд өгье гэсэн чинь тэг гээд тэгээд манай эгч тэтгэмжийг нь олгож өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн байна лээ. Тэгсэн манай дарга үдээс өмнө над руу яриад чамайг ажлаас халах тушаал гаргачихлаа гэж хэлэхээр нь би яахаараа ажлаасаа халагддаг юм гэсэн чинь чи тэтгэмж авч байгаа учраас ажлаасаа халагдана гэж хэлсэн. Тушаалынхаа үндэслэл дээр намайг өөрөө хүссэн мөн 60 нас хүрсэн гэж бичсэн байсан. Өнөөдөр би 60 нас хүрээгүй 52 настай. Мөн би өөрөө байгууллагад ажлаасаа халагдах өргөдөл өгөөгүй учраас гаргасан тушаалыг нь зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Иймд  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Оы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч миний бие нэхэмжлэгч А.Оныг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/3 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг удирдлага болгон өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлж, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, 43.7-д заасныг үндэслэн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллан өндөр насны тэтгэвэрт гарч байгаа А.Онд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж 8344100 төгрөгийг олгосон. Гэтэл тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас чөлөөлүүлж, уг тэтгэмжийг авах хүсэлгүй байхад хууль бусаар халсан гэж байгаа учир энэхүү тэтгэмжийг авах хүсэл зоригийг илэрхийлээгүй байна гэж үзэхээр байна. Иймд  сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан А.Онаас Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, 43.7-д заасныг үндэслэн олгосон нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж 8344100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.О хариуцачийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болгоогүй, би өөрөө санаачилж гэрээгээ цуцлаагүй, тэтгэвэрт гарах нас болоогүй байхад ажлаас халсан тушаалын үндэслэлүүд буруу байна гэж үзсэн. Намайг ажлаас халсан тушаалд тэтгэмжтэй холбоотой ямар ч үг, өгүүлбэрийг дурдаагүй байсан. Би уг тэтгэмжийг шударгаар, зохих хууль тогтоомжийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаж авсан болно. Тэтгэмж нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.7-д зааснаар олгогдсон гэж үзэж байна. Ажил олгогчоос надад “тэтгэмж авах юм бол хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгоно” гэж хэлээгүй, 1 сарын өмнө мэдэгдэл өгөөгүй, намайг ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 сарын 23-нд тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна гэсэн өргөдөл гаргасан учраас үүнийг үндэслэж 2015 оны 10 сарын 1-ний өдрийн Б/06 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, ар гэрийнх нь байдлыг харгалзан үзээд тухайн өдөр нь буюу 2015 оны 10 сарын 1-ний өдрийн Б/07 тоот тушаалаар тэтгэмжээ авах хүртэл түр хугацаагаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож дунд бүлгийн туслах багшийн ажилд авсан. Тогтвор суурьшилтай ажилласан хоёр багшийн 5728800 төгрөгийн тэтгэлэг орж ирэхээр нь үүнийг дэмий буцаагаад яах юм. А.О баримтаа бүрдүүлээд өгчихсөн учраас “энэ мөнгийг олгоод тэтгэмжийнх нь үлдэгдэл мөнгийг дараа онд олгоё” гэж боловсролын нягтлан М хэлэхээр нь  2016 оны 8 сарын 26-ны өдрийн А/18 тоот тушаалаар нэхэмжлэгчид эхний тэтгэлгийг олгосон. Үлдэгдэл тэтгэмжийн мөнгийг 2017 оны төсөвт суулгаснаар 2017 оны 7 сард орж ирсэн. Нягтлан энэ хүн буцалтгүй тусламж авахын тулд ажлаас халагдаж байж авна шүү дээ гэж хэлсэн. Тухайн өдөр би тушаалаа 7 сарын 24-ний өдрөөр төлөвлөөд байж байхад нягтлан орж ирээд А.Оны амралт 8 сарын 4-нд дуусна. 8 сарын 4-нд гаргасан тушаалаар чинь би яаж тэтгэлгийг нь олгох юм. 7 сарын 24-нөөр тушаалаа гаргах юм бол тэтгэмжийг нь олгоно гэж хэлсэн учраас тушаалаа 7 сарын 24 гэж гаргасан байгаа.Энэ талаар нэхэмжлэгчтэй яриад чи өөрөө ирж өргөдлөө өгөх ёстой гэсэн чинь миний төрсөн эгч материалуудыг маань зохицуулж байгаа гэхээр нь би тэтгэмж олгохын тулд чамайг ажлаас чөлөөлж байж олгох ёстой. Одоо яах юм бэ гэсэн чинь би аймаг дээр хүүхэд хараад завгүй байна, одоо надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд утсаа салгасан. Бусдаар нэхэмжлэгчтэй би маргаагүй. Намайг амралтын өдөр тушаал гаргаж болохгүй гээд байхад нягтлан одоо л тэтгэмжийг нь өгөхгүй бол буцаагаад татчихвал яах юм гэсээр байгаад тухайн өдөр тушаал гаргуулж тэтгэлэг 8344100 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Төрийн албаны хуульд зааснаар буцалтгүй тусламж авсан тохиолдолд тухайн ажлаас нь чөлөөлөөд дараа нь тэтгэлгээ олгодог. Мөн өмнө нь 2015 оны 10 сарын 1-нд тэтгэлгээ авах хүртэл хугацаагаар түр тушаалаар ажилд томилсон байсан болохоор хөдөлмөрийн гэрээнд нийцсэн гэж үзэж тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.О нь  аймгийн сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн баримтыг судалж дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч А.Оныг аймгийн  сумын хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалаас тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 /хх-ийн 5-рт/ дугаартай тушаалаар чөлөөлжээ. Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4.2 дахь заалтыг үндэслэжээ. Хариуцагчаас ирүүлсэн баримт болох  аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 дугаартай тушаалд /хх-ийн 52-рт/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Эндээс харахад нэг огноо, дугаартай 2 тушаалаар ажилтныг ажлаас халсан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд үл нийцнэ. 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ажилтныг ажлаас чөлөөлж байж тэтгэмжийг олгодог. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлж, тэтгэмжийг олгосон”  гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч А.Оны  аймгийн  сумын хүүхдийн цэцэрлэгийн захиргаа санхүүд гаргасан хүсэлт нь /хх-ийн 44-рт/ “...Нийгмийн даатгалын хуулийн дагуу 5 хүүхэд төрүүлж өсгөсөн тул өндөр насны тэтгэвэрт гарах болзол хангасан. Иймд Боловсролын тухай хуулиар олгодог 1 удаагийн тэтгэмжийг олгож өгөхийг хүсье” гэсэн байгаа бөгөөд энэхүү хүсэлтийг ажлаас чөлөөлөгдөх тухай ажилтны хүсэлт гэж үзэх боломжгүй байна. Мөн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэл буюу талууд харилцан тохирсон, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан ажилтан санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэл бүхий заалтуудыг баримталжээ. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар талууд харилцан тохирсон, ажилтан санаачилсан, ажилтан 60 нас хүрсэн /хх-ийн 6-рт/ нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар “ажилтны ээлжийн амралттай байгаа үед ажил албан тушаал хэвээр хадгалагдах” бөгөөд нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх үед /хх-ийн 24-рт/ ажлаас чөлөөлсөн, ажил олгогч  сумын Хүүхдийн цэцэрлэгтэй ажилтан А.Оны 2017 оны 1 сарын 5-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад /хх-ийн 9-11-рт/ ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар талууд маргаагүй тул нотлох баримтаар үнэлж үзсэн болно.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэвч ажилтныг ажлаас буруу халсан тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тул  аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэжээ. Эндээс харахад цалин хөлсөнд ээлжийн амралтын олговор орохгүй байна. Дундаж цалин хөлс тооцох журмын 7-н б-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна.  Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход ээлжийн амралтын олговор ороогүй сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцлоо. Энэ нь 2017 оны 3, 4, 5 сарын дундаж цалин хөлснөөс /хх-ийн 7-8-рт/ тооцогдох ба 1 сарын дундаж цалин хөлс 580005 төгрөг болж, 1 хоногийн дундаж цалин хөлс 26769 төгрөг болно. Нэхэмжлэгч А.О нь 2017 оны 8 сарын 4- нийг хүртэл хугацааны ээлжийн амралтын олговроо авсан бөгөөд ажилд орох байсан хугацаанаас ажилгүй байсан хугацааг тооцсон болно. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарын 4-нөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 71 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд олгох олговор 1900599 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч А.Оны энэхүү олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох ба олговроос хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 139/ШЗ2017/01197 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэх нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тооцоход ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад 70200, ажилгүй байсан хугацааны олговор 1900599 төгрөг гаргуулах тухай шаардлагад 45360 төгрөг, нийт 115560 төгрөг болно.

            Хариуцагч нь нэхэмжлэгч А.Онаас олгосон тэтгэмж 8344100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч А.О нь нийт 14072900 төгрөгийн тэтгэмж авснаас 8344100 төгрөгийг буцаан төлүүлэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж заасан байх бөгөөд уг мөнгөн тэтгэмжийг буцаан гаргуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Агийн О //-ыг аймгийн сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1900599 /нэг сая есөн зуун мянга таван зуун ерэ есөн/ төгрөгийг аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулж, нэхэмжлэгч А.Од олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг  аймгийн сумын Хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч Б.М/-т үүрэг болгосугай.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу  аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар хариуцагчийн 8344100 /найман сая гурван зуун дөчин дөрвөн мянга нэг зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч аймгийн  сумын Хүүхдийн цэцэрлэгээс 115560 /нэг зуун арван таван мянга таван зуун жаран/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ