Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1627

 

2018.12.03

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,                           

улсын яллагч О.Багшбаяр

шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Боржигон овогт Доржсэмбийн Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806072532002 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овгийн Доржсэмбийн Д.Б, 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 20 настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн ******* оршин суудаг. урьд ял шийтгэлгүй, /РД: ******************/,

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны урд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний автомат машинаас иргэн Н.О нь 500.000 төгрөгийг уншуулж, авалгүйгээр мартаж явсныг завшсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аан банкны АТМ-д картаа хийхн 500.000 төгрөг авах гэтэл гүйлгээ амжилтгүй боллоо гэсэн бичиг гарсан. ...18001917-д мэдээлэл өгөхөд 48 цагийн дараа хариу мэдэгдэнэ гэсэн. Над руу мэдэгдээгүй учраас таны араас нэг залуу таны мөнгийг авсан байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 8-12-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... "...Би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13-р хорооллын автобусны буудлын ард байдаг Хаан банкны ATM руу мөнгө авахаар орсон. Ингээд миний урд оочерлож АТМ-ээр үйлчлүүлж байсан эгч картаа уншуулчихаад мөнгөө авалгүй явчихсан. Ингээд би тэр эгчийн мөнгийг тоолж үзэхэд 500.000 төгрөг байсан. Уг 500.000 төгрөгнөөс 250.000 төгрөгийг сургалтын төлбөртөө өгч, үлдсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсанГ гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн ах Д.Б миний картыг авч дансанд мөнгө байгаа эсэхийг шалгах гэж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын хаан банкны АТМ-ээр үйлчлүүлсэн гэсэн. Тэр үед ATM рүү ороход АТМ-ээс 500.000 төгрөг гараад ирсэн гэсэн. Тэгэхээр нь тэр мөнгийг нь манай ах авчихсан гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны урд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний автомат машинаас иргэн Н.О нь 500.000 төгрөгийг уншуулж, авалгүйгээр мартаж явсныг завшсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.О нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн Д.Бийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР