Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Т.Дийн хүсэлттэй иргэний

                                                      хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/0408 дугаар шийдвэртэй

Т.Дийн хүсэлттэй

нас тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Т.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Д, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Тын Д би 1956 онд Тын 2 дугаар хүү болон төрсөн юм. Намайг анх төрөхөд Баяраа гэдэг нэр өгсөн боловч миний бие өвчин ороож байсны улмаас нэрийг минь сольж Д болгож өөрчилсөн. Мөн миний насыг дарж дүү Д-ын төрсөн огноогоор бүртгүүлж биднийг сургуульд цуг оруулж байсан юм. Иймд улсын бүртгэлийн төв архивын 357/002787 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн Тын Б нь Тын Д мөн болохыг, мөн намайг 1956.11.04-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/0408 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Дийн 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Т.Дийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 129/ШШ2017/0408 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлоо гаргаж байна. Т.Д миний бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1956.11.04-нд төрсөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тус шүүхэд өөрийн зүгээс хүсэлтийнхээ шаардлагыг нотлох гэж Улаанбаатар хот руу эхнэр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы хамтаар явж Оы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас аав Дашнямын Т, ээж Содномдоржийн Хишигт нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, мөн өөрийн төрсний бүртгэлийн лавлагаа, Т.Д миний төрсөн дүү Нямцэцэг, Дашмягмар нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, дүү Нямдаваа, Отгонбаяр нарын төрсний бүртгэлийн лавлагаа, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, мөн мужааны үнэмлэх, цэргийн батлах, өөрийн болон аав Д.Т, ээж Хишигт нарын намтар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд надтай нас чацуу нэг ангид хамт суралцаж байсан Ч.Пүрэвсүрэн, төрсөн дүү Т.Цэцэгмаа, Б.Шура нарыг гэрчээр асуулгасан. Миний зүгээс өөрийн боломжит бүхий л нотлох баримтыг тус шүүхэд гаргаж өгсөн гэж үзэж байна. Манай Монголын ард иргэд хүүхдийнх нь нэр хүндэдсэн байна гэх ёс заншлын дагуу миний Баяраа гэдэг нэрийг өөрчилж Д гэдэг нэр өгч, энэ талаараа зохих нэр өөрчилсөн бүртгэлийг тухайн үед нь хийлгээгүй учраас Тын Баяраа гэдэг нэрээ Тын Д болгон өөрчилсөнийг нотлох бичгийн ямар нэгэн баримт олдох боломжгүй байна. Иймд хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж Тын Д намайг 1956.11.04-нд төрсөн болохыг тогтоож өгнө үү. Шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О оролцох болно. Т.Д миний бие эхнэр Ц.Оыхаа тэтгэврийн зээлийг авахуулаад өмгөөлөгчийн хөлс төлж, мөн Улаанбаатар хот руу эхнэр маань нэг удаа, бид хоёр хамт нэг удаа тус тус явж архивын лавлагаанууд авчирсан. Мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Манайх ам бүл 5, манай гэрт ажил эрхэлдэг хүн байхгүй, эхнэрийн тэтгэврээс өөр орлогогүй, нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Т.Дийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хүсэлт гаргагч Т.Д нь Тын Баяраа, Тын Д нар нэг хүн болохыг болон 1956.11.04-нд төрсөнөө тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хуралдааны явцад хүсэлтийн шаардлагаа багасгаж, Тын Баяраа Тын Д нар нэг хүн болохыг тогтоолгох хүсэлтээсээ татгалзжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Т.Д нь 2012.09.14-нд олгосон Монгол Улсын иргэний үнэмлэхэнд 1958.07.24-нд төрснөөр, цэргийн батлаханд 1957.07.24-нд төрснөөр тус тус бичигдсэн байна. /хх-3, 12/

 

Түүнчлэн гэрч Ч.Пүрэвсүрэн “Т.Д нь Архангай аймгийн Ихтамир суманд 1956 онд төрсөн” гэж, гэрч Т.Цэцэгмаа “Т.Д нь 1956.12.04-нд төрсөн” гэж тус тус мэдүүлсэний зэрэгцээ хүсэлт гаргагчийн төрсөн дүү Тын Дашмягмарын нас барсны бүртгэлийн лавлагаанд тэмдэглэсэн регистрийн дугаарыг үзвэл тэрээр 1958.07.24-нд төрсөн байна. Гэрчүүдийн мэдүүлэгт зөрүү байхгүй байна.

 

Хүсэлт гаргагч Т.Дийн хүсэлтийн шаардлага гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх ба хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар болон түүний төрсөн дүү Т.Дашмягмарын нас барсны бүртгэлийн лавлагаагаар төрсөн ах, дүү хоёрын нас ижил байгаа нь хүсэлт гаргагч 1958 онд төрсөн байх боломжгүйг харуулж байна.

Хүсэлт гаргагч 1956.11.04-нд төрсөн болохоо гэрч Ч.Пүрэвсүрэн, Т.Цэцэгмаа нарын мэдүүлгээр нотолж байгаа ба хүсэлт гаргагчийн төрсөн дүү гэрч Т.Цэцэгмаа ахынхаа төрсөн оныг мэдэх боломжтой байхад шүүх тухайн гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ “гэрч Т.Цэцэгмаа нь өөрийн ах Т.Дийг 1956 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн гэж мэдүүлж байгаа боловч гэрч нь хүсэлт гаргагч Т.Дээс дүү, 1956 онд өөрөө төрөөгүй байсан бөгөөд юуг үндэслэн Т.Дийг 1956 оны 12 сарын 04-нд төрсөн гэж мэдүүлж байгаа мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна” гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай юм.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлэх шаардлагатай. 

 

Хүсэлт гаргагч Т.Д 1956.11.04-нд төрсөн нь тогтоогдож байхад хүсэлтийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж, нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангаж, Т.Дийг 1956.11.04-нд төрсөнийг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/0408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Т.Дийн 1956 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн болохоо тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Т.Дийг 1956 оны 11 дүгээр сарын 04-нд төрсөнийг тогтоосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Т.ДАВААСҮРЭН       

 

ШҮҮГЧИД                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ   

 

                                                Д.БЯМБАСҮРЭН