| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0144/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/150 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-ын Г-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 12 сарын 03- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ч.Г
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Нгийн 700000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч Ч.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2018 оны 10 сарын 22- ны өдөр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир архи ууя гэж бодоод л хүний мотоцикль авсан. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд Цагдаагийн журмын хашааны ойролцоо явж байхад мотоциклийн шатахуун дуусаад танихгүй айлын гадаа орхиод явсан. Тэгээд 10 цагийн орчимд ажлынхаа заваар ирээд авах гэтэл мотоцикль алга болсон байсан. .... Би өөрийн алдсан мотоциклио бүрэн бүтнээр нь буцааж авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...12 цагийн орчимд Г гэх танил ах маань... 2 найзын хамт ирж уулзсан...мотоцикль авах уу манай найзын мотоцикль гэж хэлсэн...40000 төгрөг өгөөд тухайн мотоциклийг авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г хэлэхдээ Бын гэрээс гараад урд айлд нь байсан мотоциклийг түрээд урд талын айлын хашаанд тавьчихлаа...гэсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Т ах орж ирээд нэг мотоцикль цуг айлд аваачаад өгье гэсэн ..Т ах мотоциклио чирээд Гандангийн урд талын хамгийн зүүн талын зам дагуух айлд аваачиж зарсан...Т ах хэлэхдээ манай найзын мотоцикль намайг зараад мөнгө болгочих гэсэн юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 05-06/,
Ашид билгүүн ХХК-иас мотоциклийг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 21-23/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Нгийн 700000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд Цагдаагийн журмын хашааны ойролцоо явж байхад мотоциклийн шатахуун дуусаад танихгүй айлын гадаа орхиод явсан. Тэгээд 10 цагийн орчимд ажлынхаа заваар ирээд авах гэтэл мотоцикль алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12 цагийн орчимд Г гэх танил ах маань... 2 найзын хамт ирж уулзсан ...мотоцикль авах уу манай найзын мотоцикль гэж хэлсэн ...40000 төгрөг өгөөд тухайн мотоциклийг авсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ах хэлэхдээ манай найзын мотоцикль намайг зараад мөнгө болгочих гэсэн юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 10 сарын 24-ний өдрийн ТХҮ6 /18-018 дугаартай үнэлгээний дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Г-д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, удаа дараа гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан/, хулгайлсан эд зүйлээ буцаан өгч хохирол төлбөр төлөгдсөн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь хулгайлсан эд хөрөнгийг буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН