| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Хохирогч Н.Баатар
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч С.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Оюунгэрэлд холбогдох 2032001190040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1 дүгээр баг 36-24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Номт ургийн овогт Самбуугийн Оюунгэрэл /РД:МЗ86050609, утас:99231483/
Холбогдсон хэргийн талаар: С.Оюунгэрэл нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, ...........................тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын барьцаанд тавьснаа мэдсээр байж эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад барьцаалагдаагүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж Н.Баатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус орон сууцыг 45 000 000 төгрөгөөр Н.Баатарт худалдаж, залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Оюунгэрэл мэдүүлэхдээ:... Би 2018 оны 11 дүгээр сард Вокзалын ард 5-н давхарт 3-н өрөө байр зарна гэсэн зар хараад байраа томруулах зорилгоор өөрийнхөө байрыг зарах гэж зөр өгсөн. Зарын дагуу олон хүн залгасан тэрний нэг нь Отгонтогос байсан би залгасан бүх хүмүүст банкны барьцаанд байгаа тийм болохоор би хувь лизинг хийнэ гэдгийг нуугаагүй анхнаасаа бүх хүмүүст хэлж байсан.Худалдаж авах гэж байсан байр бас банкны барьцаанд байдаг болохоор би тэр байрыг бас хувь лизингээр авах гэж байсан. Тэгээд бас хуулбарыг нь авч очоод нотариат дээр очиж худалдах худалдан авах гэрээ хийж байсан. Манай нөгөө талын орцонд цэцэрлэгт ажилладаг эгч байдаг цэцэрлэгийн хүүхдүүдийн юмыг хийгээд принтертэй байдаг. Тухайн үед би ангат харыг нь ч тоогоогүй хуулбарыг нь канондуулаад нотариат орж гэрээ хийсэн. Отгонтогос банканд байсныг мэдэж байсан болохоор одоо зэлээ хаана биз дээ гэж надад хэлж байсан. Миний хамгийн гол буруу нь Отгонтогосын урьдчилж өгсөн 25 сая төгрөгийн банканд тушаахгүй худалдаж авах гэж байсан 3-н өрөө байрандаа зарцуулаад үлдсэн мөнгө 27-28 сая төгрөг байсан. Тэр мөнгийг Отгонтогосыг жилийн хугацаанд төлөөд дуусна. Би ч бас цайны газар ажиллуулаад зэрэгцээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй энэ наймааг хийсэн байгаа. Надад байрны гэрчилгээ бэлэн байсан бол би хэзээ ч өөрөө байр авах гэж байж нөгөө талдаа хувь лизинг хийхгүй өөрийнхөө байрыг бэлэн мөнгөөр зарах байсан. Хамгийн гол нь хугацаандаа л мөнгөө төлж чадаагүй нь миний 100 хувь буруу болоод байна. Нотариат яагаад тэхсэнийг мэдэхгүй байна. Тухайн үед би гэрээ хийгээд үг бүрчлэн уншаагүй сүүлд хавтаст хэрэгт танилцахад гэрээн дээр банкны барьцаанд байхгүй эд хөрөнгийн зөрчилгүй гэсэн байсан тухайн үед би гэрээнд тийм юм тусгасныг мэдээгүй.Хэлж байсан харин Отгонтогос надаас хэдэн төгрөгийг барьцаанд байгаа бэ гэж асуугаагүй харин барьцаанд байгааг мэдэж байсан. Хэрвээ барьцаанд байснаа байхгүй гэж хэлбэл захиргаа руу ороод лавлагааны машинаас үзчих боломжтой. Ер нь бол банканд байгаа байрыг л би байраа 45 саяар зарж байгаа банканд 27 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Отгонтогосоос би 25 сая төгрөг аваад үлдэгдэл 20 сая төгрөгийг Отгонтогос сар болгон өгснийг би банканд тушаагаад тэрийг л хэлээд байгаа. Хувь лизинг чинь ер нь бол 2 талдаа харилцан ашигтай наймаа байдаг. Нөгөө тал урьдчилгаа мөнгөтэй банкны зээл бүтэхгүй бол би бол банкны лизингтэй мөртлөө 100 хувь худалдаж авах хүн олдохгүй байх юм бол гэсэн 2 талдаа ашигтай. Миний хувьд Отгонтогостой харилцан тохиролцоод амаараа ярилцаад нотариат орсон. Хамгийн гол нь би тэр нотариат гэрээн дээр яагаад доголдолгүй гэж бичсэнийг одоо болтол мэдэхгүй байна.Би зар дээрээ хүртэл хувь лизинг хийнэ гэж бичсэн байсан. Төлбөр мөнгийг нь өгөөгүй өчнөөн чирэгдэл болоод байгаа болохоор ингэж байгаа юм болов уу гэж бодож байна. 100 хувь миний буруу байгаа л даа... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баатар мэдүүлэхдээ:... Би яагаад хохирогч болоод энд байгаа бэ гэхээр анх манай эхнэр, Оюунгэрэл 2 манай эхнэрийн дүүд байр авч өгөх гээд тохиролцоод хувь лизинг хийсэн байсан. Тэгээд энэ хэрэг шалгагдаад эхлэхэд эхнэр минь хөл хүндтэй жирэмсэн байсан учраас цагдаагаар явж мэдүүлэг өгч чадахгүй учраас оронд нь би хохирогчоор орсон юм. Яг худалдах, худалдан авах гэрээ хийхэд Оюунгэрэлд өгөх 25 сая төгрөгийг би тэврээд явж байсан. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа тэр чинь Монгол улсын үнэт цаас учраас бичгийн цаасан дээр өнгөтөөр канондсанаас эрс өөр ялгаатай ямар ч хүн хараад мэднэ. Эх хувиараа байсан учраас гэрээ хэлэлцээр хийгээд 25 сая төгрөгөө нотариатчийн нүдэн дээр бэлэн тоолоод өгсөн. Хэрвээ банканд 20 сая төгрөгийг үлдэгдэлтэй байгааг мэдсэн байсан бол Оюунгэрэлд 25 сая төгрөгийг өгөөд үлдсэн 20 саяыг сар болгон цувуулж өгье гэхгүйгээр сар болгон банкны зээлийг чинь төлөөд дуусгаад байрныхаа гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авъя гэсэн шал өөр гэрээ хийх байсан. Тухайн үед нотариатч Туяа худалдах, худалдан авах гэрээтэй хамт үлд хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үдээд Оюунгэрэлд өгч байсан. Сая банкийг нь төлөөд үлд хөдлөхийн гэрчилгээг авахад банк хэзээ ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үддэггүй юм. Яг тэр үдээсний 2 мөр байсан тийм учраас Оюунгэрэл банкны ажилтантай хуйвалдаж гэрчилгээг түр авч гарсан гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. Дээрээс нь гэрээ хийхэд нэг хувь илүү хийгддэг тэр нь үлд хөдлөх эд хөрөнгийн газарт очиж бүртгэгдэх ёстой байдаг. Туяа нотариатч энэ хувийг үл хөдлөх хөрөнгийн газарт би очиж бүртгүүлдэг болсон гэж хэлээд авч үлдсэн тийм учраас эхнэр бид 2 үл хөдлөхийн газар оролгүйгээр ингээд болчхож байгаа юм байна гэж бодоод гараад явсан.Тийм учраас банканд барьцаанд байгааг мэдээгүй. Оюунгэрэлтэй байрыг чинь авъя манай дүү Солонгост байдаг юмаа урьдчилгаа 25 сая төгрөг өгье 5 саяыг сарын дараа өгье үлдсэн 15 саяыг сар болгон 1 сая төгрөг төлөөд дуусгая гэж тохироод гэрээ хийхэд банкны барьцаанд байгаа гэж огт хэлээгүй харин байр авах гэж байгаа гэж хэлсэн. Байраа томруулж байгаа 3-н өрөө байр гэж хэлсэн. Өнөөдрийн хувьд бүтэн 2 жил болж байхад Оюунгэрэл өр төлбөрөөсөө нэг ч төгрөг өгөөгүй нэг ч удаа утсаар ярьж байгаагүй бид 2 боломж байвал хамаагүй 100000 төгрөг ч гэсэн хасааж гэж хэлж байсан. Ядаж банкаа төлөөч гэж байсан ковидтой холбоотой банк зээлийг 6 сараар хойшлуулж байсан тэрийгээ ч хойшлуулаагүй. Тэгээд банкных нь хүү өсөөд байдаг банкаа төлж чадахгүй болохоор нь банз байрыг чинь зарлаа шүү гэхэд тэг гээд хүлээн зөвшөөрсөн уул нь хүлээн зөвшөөрөхгүй байсан юм би энэ байраа хүнд зарчихсан цагдаа дээр байгаа гэж хэлээд банк нь шүүхэд хандах байсан. Гэтэл бид 2-т мэдэгдэхгүй тэр байрыг зарах гээд худалдан авагч нь тодорчихсон тийм шатандаа явж байхад нь би мэдэж мөрдөн байцаагчид хэлж прокуророор тэр байрыг битүүмжлүүлсэн. Энэ хүн бид 2-г нэг удаа луйвардсан дахин луйвардах оролдлого хийсэн. Банкны зээлийн хүү нь өсөөд байсан болохоор аргагүй эрхэнд бид 2 тэр байрыг өр зээл тавьж худалдаж авсан. Тэгж худалдан авснаар манай гэрийн амьдралд санхүүгийн хүндрэл үүссэн. Бид 4 хүүхэдтэй том хүүхэд минь оюутан. Оюунгэрэл ямар ч сэтгэл байхгүй хамгийн наад зах нь 6 сараар зээлээ хойшлуулаад өгсөн бол тэгж их хүү тооцогдохгүй байсан. Тэгээд эцэст нь хэлэхэд хохирол төлбөрөө эргүүлэн авах хүсэлттэй байна. нийт 8500000 төгрөг төлсөн үлдэгдэл 14500000 төгрөг байна...гэжээ.
Эрүүгийн 2032001190040 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Н.Баатар мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ:...Би Отгонтогос гэх хүний нөхөр байгаа юм. 2018 онд манайх С.Оюунгэрэл гэх хүнээс хувь лизингээр одоо амьдарч байгаа байрыг худалдаж авахаар тохиролцоод худалдаж авсан юм. Тэгээд энэ жил эхнэр бид хоёр С.Оюунгэрэл гэх хүнд мөнгөө төлж дуусгаад байрныхаа гэрчилгээг өөрсдийн нэр лүүгээ шилжүүлэх гэхээр С.Оюунгэрэл Улаанбаатар хотод байна гээд уулзахгүй байсан. Мөн байрныхаа эзэмшигчийн нэрийг шилжүүлье гэхээр 'би байрны гэрчилгээг Улаанбаатар хотод цайны газар түрээслүүлж ажиллуулж байгаа юм, түүнийхээ барьцаанд тавьчихсан байгаа, удахгүй гэрчилгээгээ аваад очъё, гээд байсан юм. Тэгэхээр нь үл хөдлөх хөрөнгийн газар очоод байрныхаа гэрчилгээний дугаарыг шалгуулахад бидний худалдаж авсан байрыг С.Оюунгэрэл бидэнд зарахаар тохирч гэрээ байгуулахаасаа 2 сарын өмнө Төрийн банканд барьцаанд тавьчихсан байсан. Анх гэрээ хийх үедээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьж ирээд миний нэр дээр байгаа гээд л гэрээгээ хийсэн. Тэгээд нотариатаар орж гэрээгээ батлуулсан. Бидэнд барьцаанд байгаа талаар С.Оюунгэрэл нь юм хэлээгүй. Бид хоёр нотариатын газар 25 000 000 төгрөгийг бэлэн тоолоод С.Оюунгэрэлд өгчихсөн. Худалдах, худалдан авах гэрээн дээр тухайн байрыг барьцаанд тавиагүй, түрээслээгүй, өмчлөлийн ямар нэг маргаангүй гэж зааж өгсөн байгаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч Б.Отгонтогос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Оюунгэрэл гэх хүнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 06 дугаар баг, Номт 213-1-3 тоот хаягт байрлах 43 м2 2өрөө байрыг 45000000 төгрөгт худалдаж авсан. Анх авахдаа Оюунгэрэлд 25 000 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь хувь лизингээр төлөхөөр тохиролцсон. Тэгээд үлдсэн мөнгийг нь өгч дуусгаад байрныхаа гэрчилгээг авах гэхэд миний худалдаж авсан байрыг Оюунгэрэл надад зарахаасаа 3 сарын өмнө Төрийн банканд тавиад зээл авчихсан байсан. Банканд тавьсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яаж банкнаас авч, надтай нотариат дээр гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Г.Тэлмэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би тухайн зээлийг анхнаасаа судалж Самбуугийн Оюунгэрэл гэх хүнд 30 сая төгрөгийн хэрэглээний зээл олгосон. Зээл олгохдоо би түүний нэр дээр байх эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж олгосон бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар авч журмын дагуу хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл Самбуугийн Оюунгэрэл гэх хүний нэр дээр байх Ү-137001619 дугаарт үл хөдлөхийн гэрчилгээг эх хувиар нь авч зээл олгосон. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш манай банканд зээлийн барьцаанд байгаа юм. Банканд зээлэнд тавьснаас хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа гарах боломжгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Л.Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Үл хөдлөх гэрчилгээний эх хувь, гэрээ байгуулагч талын иргэний үнэмлэх эх хувиараа байх ёстой. Тухайн гэрээг баталгаажуулахдаа дээрх бичиг баримтуудыг үндэслэж баталгаажуулсан. ...Би тухайн байрыг банкны барьцаанд тавигдсан гэдгийг мэдээгүй. Хэрэв зээлийн барьцаанд байсан бол эх хувь нь тухайн иргэнд байх ёсгүй, зээл олгосон газраа л тухайн эх хувь нь хадгалагдах ёстой. Гэтэл тухайн байрны гэрчилгээ нь эх хувиараа эзэмшигчид нь байсан тул тухайн байр ямар нэг барьцаанд тавигдаагүй гэж үзэж би нотариатын үйлдэл хийсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Б.Мандхай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөх С.Оюунгэрэл нь тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж манай банкнаас зээл авсан. Түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай банкнаас гарах боломжгүй, Одоо ч манай банканд тухайн гэрчилгээ эх хувиараа хадгалагдаж байгаа." гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч 17, мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Хэрэв банкнаас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түр чөлөөлж авах бол зэлийн хорооны хурлын шийдвэр гарах ёстой. Гэтэл тухайн Ү-1307001619 дугаартай гэрчилгээг түр чөлөөлсөн шийдвэр одоо болтол гараагүй. Хэрэв зээлийн хорооны шийдвэрээр түр чөлөөлсөн бол чөлөөлсөн тухай шийдвэр, холбогдох баримт нь зээлийн гэрээний материалд хавсаргагдсан байх ёстой. Харин С.Оюунгэрэлийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээний материалд түр чөлөөлсөн тухай материал авагдаагүй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн Ү-1307001619 дугаартай гэрчилгээ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эх хувиараа "Төрийн банк"-нд хадгалагдаж байгаа гэсэн үг гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,
Төрийн банканд С.Оюунгэрэл нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан тухай гэрээ болон бусад баримтууд /ХХ-ийн 77-87 дугаар хуудас/,
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч С.Оюунгэрэлийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч С.Оюунгэрэл нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангайн Номт 2 дугаар гудамжны 213 дугаар байрны 1-30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын барьцаанд тавьснаа мэдсээр байж эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад барьцаалагдаагүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж Н.Баатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус орон сууцыг 45 000 000 төгрөгөөр Н.Баатарт худалдаж, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:..Хохирогч Н.Баатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35 дугаар хуудас/, Гэрч Б.Отгонтогосын мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Гэрч Г.Тэлмэнгийн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/, гэрч Л.Туяагийн мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/, Гэрч Б.Мандхайгийн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/, Гэрч А.Дашдэлгэрийн мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/, Төрийн банканд С.Оюунгэрэл нь үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан тухай гэрээ болон бусад баримтууд /ХХ-ийн 77-87 дугаар хуудас/,Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /ХХ-ийн 91-92 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч С.Оюунгэрэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс шүүгдэгч С.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Оюунгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангайн Номт 2 дугаар гудамжны 213 дугаар байрны 1-30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын барьцаанд тавьснаа мэдсээр байж эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад барьцаалагдаагүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж Н.Баатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус орон сууцыг 45000000 төгрөгөөр Н.Баатарт худалдаж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч С.Оюунгэрэл нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангайн Номт 2 дугаар гудамжны 213 дугаар байрны 1-30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын барьцаанд тавьснаа мэдсээр байж эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад барьцаалагдаагүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж Н.Баатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус орон сууцыг 45000000 төгрөгөөр Н.Баатарт худалдаж, залилсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, уг хэрэгт хохирогч Н.Баатараас 23617000 төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжилсэн бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Оюунгэрэл нь 8500000 /найман сая таван зуу/ төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд одоо 14500000 /арван дөрвөн сая таван зуу/ төгрөгийн хохирол төлбөртэй байна.
Гурав.Шүүгдэгч С.Оюунгэрэлд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Оюунгэрэл нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангайн Номт 2 дугаар гудамжны 213 дугаар байрны 1-30 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бусдын барьцаанд тавьснаа мэдсээр байж эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад барьцаалагдаагүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй гэж Н.Баатарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус орон сууцыг 45000000 төгрөгөөр Н.Баатарт худалдаж, залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Оюунгэрэлийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Тиймээс шүүх шүүгдэгч С.Оюунгэрэлд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол төлбөрт 8500000 /найман сая таван зуу/ төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Оюунгэрэлийг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Оюунгэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Номт овогт Самбуугийн Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, эсхүл бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.Оюунгэрэлийг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Оюунгэрэл нь уг торгох ялыг 36 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оюунгэрэлээс 14500000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сум 6-р баг, 51-30 тоотод оршин суух / РД:МЗ78083118, утас:99655889/ Харчин овогт Нямсүрэнгийн Баатарт олгосугай.
5.Энэ хэрэгт С.Оюунгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч С.Оюунгэрэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ