Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2232000000011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1980 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* гэх газарт оршин суух, хувиараа мал малладаг, урьд өмнө Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зэндэмийн Батбилэг/рд:*******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн 44 тоотод оршин суух, Б.Наранцэцэгийн гэрт байхдаа 1884500 төгрөгийн үнэлгээ бүхий алтан хос ээмэг, алтан гинж зэрэг бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1884500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах

талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2232000000011 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

          Хохирогч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө нөхөр Ганбатын хамт Улаанбаатар  хот руу ажлаар явчхаад тухайн өдрөө 22 цагт гэртээ ирсэн. Нөхөр бид хоёрыг гэртээ ирэхэд манай гэрийг харж байсан Билгээ гэх залуу байхгүй манай том хүүхэд Батбаяр ганцаараа байж байсан. Тэгэхээр нь би хүүхдээсээ Билгээ ах нь хаашаа явсан юм гэхэд манай хүүхэд өдөр намайг түлээгээ хагалж байхад өдөр 16 цагийн үед гараад явсан гэсэн. Тэгэхээр нь явчихсан юм байна гэж бодоод унтаж амарчхаад 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед манай дүү нар Улаанбаатар хотоос манай гэрт ирээд хамт айлд очихоор болж би хувцасныхаа шкабан дотроо өөрийнхөө алтан ээмэг гинжийг гаргаж зүүх гэхэд байхгүй алга болчихсон байсан тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Би алга болсон гэх ээмэг бөгжөө 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос 2180000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би алдагдсан ээмэг, гинжээ анх худалдаж авч байсан 2180000 төгрөгөөр үнэлж байна. ...Билгээ нь манай нөхөртэй нийлж 15 гаруй жил хамт модонд явдаг байсан. Билгээ нь манай нөхөртэй модонд явахаар Салхитаас 10 хоногийн өмнө эхнэрийнхээ хамт манайд ирээд мөнгө зээлж аваад Билгээгийн эхнэр нь буцаж Салхит яваад Билгээ манай гэрт үлдсэн. ...Би Билгээ гэх хамт модонд явахаар ирсэн залууг авсан байх гэж сэжиглэж байгаа. ...Билгээ нь 2 жилийн өмнө Зил-131 машины 218000 төгрөгөөр худалдаж авсан шинэ аккумулятор хулгай хийж авч байсан.  ...гэх мэдүүлэг/Хх-ийн 36 дугаар хуудас/ 

Гэрч З.Цэцэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай дүү надад 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200000 төгрөг өгсөн. Манай дүү модонд явдаг болохоор нь модонд яваад мөнгөтэй болж гэж бодоод өгөхөөр нь юм асуулгүй авчихсан. Архи уугаад мөнгөө үрээд хаячхаж магадгүй гэж бодоод би шууд эхнэр Ичинхорлоог нь дуудаад надад өгсөн мөнгийг нь өгсөн. ...Манай дүү Батбилэг жоохон архи уучихсан байсан надад ээмэг бөгж авсан болон байгаа гэх талаар ямар нэгэн зүйл яриагүй болохоор би мэдэхгүй байна. ...Батбилэг манайд 2-3 цагийн орчимд ирсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч Г.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хос алтан ээмгийг 530000 төгрөгөөр Лхагвасүрэнгийн Хараа гэдэг нэртэй МЗ72121008 регистрийн дугаартай хүн барьцаанд тавьсан. Уг ээмгийг барьцаанд тавих үед Тогтохмаа гэдэг хүн уг хүнээс дээрх эмэгтэй хүний хос алтан ээмгийг барьцаанд авсан байсан. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд ажил дээрээ сууж байхад Лхагвасүрэнгийн Хараа гэдэг нэртэй мз72121008 регистрийн дугаартай иргэний үнэмлэх барьж ирсэн эмэгтэй надад ээмгээ авъя гэж хэлээд барьцаанд тавьсан эд зүйлийн иргэнд очих шар хуудсаа үзүүлэхээр нь би уг хүнд ээмгийг нь буцааж өгсөн. Уг ээмгийг 533500 төгрөг болсныг 5025453468 гэсэн данснаас манай захирал Мөнх-Эрдэнийн 5001579501 гэсэн дугаарын данс руу ээмэг авч байгаа хүн шилжүүлсэн. Би тэр Хараа гэдэг нэртэй хүнийг танихгүй. Тэр эмэгтэйг ахиж харвал танихгүй байх. Би тэр ээмгийг хараагүй. Уг ээмэг 5.7 грамм жинтэй 916 сорьцтой ээмэг байсан.  ...Тэр эмэгтэй уг ээмгийг барьцаанд тавих үедээ нэг гинж бас барьцаанд тавина гэж үзүүлж байсан. Уг гинж нь ямар нэгэн сорьц байхгүй байсан болохоор манай ломбард аваагүй гэж тухайн өдөр ээмгийг нь анх барьцаанд авсан хүн ярьж байсан. Энэ эмэгтэй өөр эд зүйлс өмнө нь барьцаанд тавьж байсан эсэхийг би мэдэхгүй. ...Тэр эмэгтэйг ганцаараа эсвэл хүнтэй орж ирсэн гэдгийг санахгүй байна. Уг эмэгтэй бор царайтай дунд зэргийн нуруутай туранхай эмэгтэй байсан гэж санаж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 47-48 дугаар хуудас/

Гэрч Л.Хараа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрөө эд зүйлс барьцаанд тавиагүй. Харин миний бичиг баримтаар Мандалбаяр ах миний иргэний үнэмлэхээр нэг алтан ээмэг “Emerald” нэртэй ломбардад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр барьцаанд тавьсан гэж хэлж байсан. Мөн миний үнэмлэхээр барьцаанд эд зүйл тавьсан хүн ломбардад тавьсан ээмгээ ахиж авахгүй гэж хэлсэн байсан. Тэгээд Мандалбаяр ах миний иргэний үнэмлэхийг надад 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгөхдөө хэлсэн ломбардад хаяна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар өөрийн бэр дүү Нарансувдад миний нэрээр хүн ээмэг тавиад ломбардад хаяна гэж хэлсэн байна чи тэр ээмгийг надаас авахгүй юм гэж би хэлсэн. Тэгээ бид бэр дүүгийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим дээрх ломбардад очиж миний нэрээр барьцаанд тавигдсан эд зүйлийг үзсэн чинь бэр дүү маань авна гэж хэлэхээр би иргэний үнэмлэхээ үзүүлж уг ээмгийг авсан. Уг ээмэгний барьцаанд тавсан 533500 төгрөгийг манай бэр дүү өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн. Тэгээд дүү маань уг алтан ээмгийг аваад надад 70000 төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Гэрч Н.Мандалбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Намайг тус өдөр зах явж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд танд бичиг баримт чинь байна уу ломбардад юм тавих гэсэн юм гэж асуусан. Тэгээд би тэр хүнд надад өөрийн бичиг баримт байхгүй харин эмэгтэй хүний иргэний үнэмлэх байгаа болох юм уу гэж асуусан чинь болно гэж хэлээд захын хажууд байдаг ломбард руу цуг орсон. Тэгээд тэр залуу алтан ээмэг болон алтан гинж гаргаж уг ломбардын хүнд үзүүлсэн. Тэгээд уг ломбардын хүн ээмгийг нь 530000 төгрөгт авч болно гэж хэлсэн. Тэр ломбард гинжийг нь сорьцгүй байна гэж хэлээд барьцаанд аваагүй. Тэр залуу дээрх хос алтан ээмгийг Хараа гэдэг нэртэй эмэгтэйн үнэмлэхээр тавьсан. Уг залуу Хараагийн иргэний үнэмлэхийг үзүүлээд манай эгчийн үнэмлэх байгаа юм гэж хэлээд дээрх алтан ээмгийг барьцаанд тавьсан. Тэгээд тэр залуу надад 20000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь гэртээ хоол ундны зүйл аваад харьсан. ...Би энэ талаар мэдэхгүй. Тэр залуу бид хоёр уг ломбардаас гарсны дараа тэр залуу надад ломбардын шар бичгийг нь надад өгөхөөр нь түүнээс хэзээ энийгээ авах юм бэ гэж асуусан чинь наадахыг чинь авахгүй ингээд хаяна гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Хараад иргэнийх нь үнэмлэхийг өгөхдөө хэлээд ломбардын шар бичгийг нь өгсөн. Тэр залууг би өмнө нь харж байгаагүй. Би тэр залуугаас нэрийг нь асуугаагүй. Тэр залуу 40 орчим насны туранхай биетэй 160 орчим см өндөртэй байсан шиг санаж байна. Тухайн үед тэр залуу архи уучихсан байдалтай байсан. Би тэр залууг ахиж харвал танихгүй байх. Тэр залуу төмөр замын хангалтын куртик өмссөн байсан. ...Хараа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр надтай захын орчим явж байгаад тааралдаад миний бичиг баримтыг Од ахаас авчих би үлдэгдэл 2000 төгрөгийг нь танд үлдээчихье гэж хэлээд надад 2000 төгрөг өгсөн. Тэгээд би Одтой тэр өдөр захын тэнд тааралдаад 2000 төгрөг өгөөд Хараагийн иргэний үнэмлэхийг авсан. Тэгээд түүний иргэний үнэмлэхийг өгч амжаагүй байж байгаад тэр залуутай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим тааралдаж ломбард орж хос алтан ээмгийг Хараагийн иргэний үнэмлэхээр барьцаанд тавьсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Гэрч М.Нарансувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Хараа эгч надад 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ломбардад ээмэг барьцаанд тавьсан байгаа уг ээмгийг хүн нь авахгүй гэсэн чи боломжтой бол аваач хаягдаж байхаар би аваач гэж хэлсэн. Тэгээд би Хараа эгчид үзэж сонирхъё гэж хэлээд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө би Хараа эгчийн хамт ломбардад өөрийнх нь нэрээр тавьсан ээмгийг өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд авсан. Тэгээд тэр ээмэг нь надад таалагдаад би уг ээмэгний барьцааны мөнгө болох 533500 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5025453468 дугаарын данснаас 5001579501 гэсэн дугаартай Хаан банкны данс руу тэр өдрийн 11 цаг 29 минутад 4801 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлээд би тэр ээмгийг авсан. Тэгээд би Хараа эгчид 70000 төгрөгийг өөрийнхөө данснаас нөхөр Алтангэрэлийн 5001122965 дугаарын данс руу шилжүүлээд Хаан банкны АТМ-ээс гаргуулж өгсөн. Надад миний карт байхгүй болохоор би нөхрийнхөө картыг ашигладаг юм. ...Би энэ ээмгийг хэнийх гэдгийг мэдэхгүй. Мөн ямар учир шалтгааны улмаас  барьцаанд хэн анх тавьсан гэдгийг мэдэхгүй. ...Би уг ээмгийг 533500 төгрөгөөр ломбардаас худалдан авсан. Би тэр ээмгийг худалдан авсан мөнгөө буруутай этгээдээс төлүүлж авсаар байна. Энэ байдлыг минь хурдан шийдвэрлэж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 56-57 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч М.Нарансувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би барьцаанд төлсөн 533500 төгрөгийг нэхэмжилж байна. ...Миний барьцаанд төлсөн мөнгийг төлж барагдуулчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 39 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Ганбаттай хамт модонд явахаар салхитаас ирээд гэрт нь 7 хоносон. Тэгээд Ганбат эхнэр Наранцэцэгийн хамт Улаанбаатар хот руу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр явж би хүүхэд Батбаяртай нь хамт Ганбатын гэрт үлдсэн. Би тухайн өдөр архи уучихсан байсан ахиж архи авч уух гэхэд мөнгө олдохгүй байхаар нь Ганбатын гэрийн хувцасны шүүгээнд  байсан алтан ээмэг болон гинжийг авч ломбардад тавьж архи авч уусан. ...Би байсан талаар нь мэдээгүй хувцасны шүүгээг нь онгойлгоход  дотор талд нь жижигхэн хайрцаг байсан тэрийг онгойлгож үзтэл алтан ээмэг гинж байхаар нь авсан. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Тиймээ алтан ээмэг болон гинжийг буцааж өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 71 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 5 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 6-9 дүгээр хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-13 дугаар хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 26-32 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/Хх-ийн 33 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №ТХҮ-621/2781 дугаартай дүгнэлт/Хх-ийн 61-63 дугаар хуудас/

Хохирогч Б.Наранцэцэгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт/Хх-ийн 93 дугаар хуудас/

               Шүүгдэгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт/Хх-ийн 94 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

 

               Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн 44 тоотод оршин суух, иргэн Б.Наранцэцэгийн түр амьдарч байхдаа алтан хос ээмэг, алтан гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1884500 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Наранцэцэгийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 36 дугаар хуудас/,гэрч З.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Г.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 47 дугаар хуудас/, гэрч Н.Мандалбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/ Иргэний нэхэмжлэгч М.Нарансувд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/ХХ-ийн 39 дүгээр хуудас/,Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №ТХҮ-621/2781 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 62-63 дугаар хуудас/,шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 71 дүгээр хуудас/,шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэх, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

 

               Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

   Шүүгдэгч *******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Наранцэцэгийн эд хөрөнгөд учирсан 1884500 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, эд хөрөнгөд учруулсан 1884500 төгрөгийн бодит хохирлыг шүүгдэгч ******* нь хохирогчид биет байдлаар буцаан өгсөн/эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл Хх-ийн 33 дугаар хуудас/ тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхээр байна. Иргэний нэхэмжлэгч М.Нарансувдад учирсан гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох 533500 төгрөгийг шүүгдэгч *******ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Зэндэмийн Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  заасныг баримтлан шүүгдэгч *******ийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4.Шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 533500/таван зуун гучин гурван мянга таван зуу/төгрөгийг гаргуулж

            -Иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 45 дугаар байр, 27 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхбаярын Нарансувдад олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ