Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 1923001410092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын баг, тоотод оршин суудаг, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:******* Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

******* овогт *******гийн ******* нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шөнийн 04 цаг 10 минутанд иргэн Б.*******ийн ХААН банкны тоот данснаас 350.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...Тухайн өдөр шөнийн 04 цагийн орчим миний ХААН банкны тоот данснаас 350.000 төгрөгийн гүйлгээ миний зөвшөөрөлгүй гарсан байна. Тухайн үед би мэдээгүй, миний гар утсанд мессеж ирдэггүй ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр данснаасаа мөнгө авах гэсэн мөнгө байхгүй байхаар нь дансныхаа хуулгыг ХААН банкнаас авч үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 26- ны өдөр 04 цаг 10 минутанд 350.000 төгрөгийн гүйлгээ АТМ-с гарсан байна. ...Миний картны нууц үгийг мэдэх хүн гэвэл ******* гээд манай дүү байгаа, учир нь би дэлгүүр лүү картаа өгч явуулж бараа, бүтээгдэхүүн авахуулдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.ын “...шөнө гэртээ унтаж байсан чинь ******* манайд ирээд надаас үхэр авна гээд 350.000 төгрөг бэлнээр өгсөн юм. ...Эгчийн картнаас авсан гэж ярьж байсан. Бэлнээр 350.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*******ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө байх, 01 цагийн үед байх би хөдөөнөөс мотоциклтой орж ирэх замдаа Цэнгэлдэхийн цаана байдаг дромны тэнд өөрийн төрсөн эгч *******тэй таараад, эгч хэдэн хүмүүстэй жимсэнд явж байна гээд машинтай явж байсан юм. Тэд нар тэнд голын зах дээр пиво ууцгаасан юм. Эгч хүмүүстэй пиво уугаад сууж байхдаа цүнхээ өөрийнхөө хажуу талд газарт тавьчихсан байхаар нь өөрт нь мэдэгдэлгүй цүнх рүү нь гараа хийж, түрүүвчийг нь аваад, түрүүвчин дотроос картыг нь авчихаад түрүүвчийг нь буцаагаад хийчихсэн юм. Тэгээд картыг нь аваад аймгийн төв рүү орж ирээд эмнэлэг дотор байдаг АТМ-ээс эхлээд 50.000 төгрөг нэг аваад, дахиад 300.000 төгрөг аваад, нийт 350.000 төгрөг эгчийн картнаас хулгайлсан юм. ... эгч өмнө нь надаа картаа өгч картнаасаа мөнгө авахуулах, бас дэлгүүрээс юм авахуулдаг байсан тул би нууц дугаарыг нь мэддэг байсан юм. ...Нийт 350.000 төгрөг авсан, ХААН банкны ногоон өнгөтэй, “5565” гэсэн нууц кодтой карт байсан, картнаас авсан мөнгөө хөдөө Өсөхөө гэдэг хүнд бүгдийг нь идэшний үхэр авна гээд өгсөн юм” гэсэн мэдүүлэг болон иргэн Б.*******ийн ХААН банкны Депозит дансны хуулга, мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банкны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогчид 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б. *******т хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Д.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогчийн эзэмшлийн ХААН банкны тоот данснаас 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийн ХААН банкны тоот данснаас 350.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй. Шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Б.******* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1,7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ид 240/хоёр зуун дөч/цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 240/ хоёр зуун дөч/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хугацаанд биелэгдээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 4.Шүүгдэгч Д.*******ид 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Нэгдсэн эмнэлэг дотор байрлах 063 дугаартай бэлэн мөнгөний АТМ-ын хяналтын камерын бичлэгийг хуулсан /ANGTE DVD+R/4.7 GB/ RW гэсэн бичигтэй DVD-ийг 1923001410092 дугаартай хэрэгт хавсаргасугай. 6.Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******т 350000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА