Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0158/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ч.Мядагбадам

Хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Хохирогч С.С,

Гэрч Ч.Н, Б.А,

Шүүгдэгч Б.Б, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б.Г нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007880576 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр .........  аймгийн .... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “.......... ” ХХК-д гутал бүрдүүлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...  аймгийн ...  сумын .. дүгээр баг ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Т овогт Б.Г, ... оны ... дүгээр сарны .... -ний өдөр ..........  аймгийн ......  суманд төрсөн, ....  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, .........-т цахилгаанчин ажилтай, ам бүл ..., .....-ийн хамт ......  аймгийн .... сумын ......  дугаар багийн ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ....  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим .....  аймгийн .... сумын ...  дүгээр баг ..... дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн Д.Э зодож эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С зодож эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа 19:30 цагт буугаад Г, А нартай уулзаж манайд орсон. Манайд ороход гэрт Н байсан. Бид нар 0,75 литрийн нэг шил архи хувааж уучхаад 23 цагт гэрээс гараад үйлчилгээний төвд байх “.....” бааранд орсон. Баарнаас гараад такси бариад гэрийн гадаа буухад хохирогч нар тамхи асуухаар нь тамхи зуулгаад аман дахь тамхийг нь асааж өгөх гээд гал гаргаж ирээд асаах гэхэд миний чихтэй хавсраад шанаа руу цохисон. Тэр үед Г яаж байна гэж хэлсэн. Гэтэл Д.Э нь Б.Г цохиж унагаасан. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд Д.Э бид хоёр харилцан зодолдсон. Г цохиход нь би өмднөөсөө тэлээгээ тайлаад тэлээгээр цохисон. Д.Э унахаар нь тэлээгээ хаясан. Намайг А дагуулаад орц руу орсон. Д.Э зодоход Б.Г оролцоогүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагт ажлаасаа буугаад А уулзаад 0,75 литрийн архи аваад Б , Н нарын гэрт 20 цаг өнгөрч байхад очиж архиа хувааж уучхаад 23 цагийн үед “.....” бааранд орсон. Тэгээд баарнаас гараад такси хөлслөөд гэрт нь буцаж очсон. Таксинаас хамгийн сүүлд би буусан. Бид нарыг таксинаас буухад хохирогч Д.Э тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд цаашаа алхаж байтал Б тамхи гаргаж өгсөн. Гэтэл Д.Э  түүнийг цохихоор нь очсон чинь намайг шууд цохисон. Намайг ухаан ороход С миний хөлөөс барьсан байсан. Би хөлөө тавиулах гээд цохисон. Удалгүй цагдаа нар ирээд Бцыг аваад явсан. С биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин Д.Э биед гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Д.Э биед хүрээгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн үед үеэл С манайд 0,5 литрийн Экс нэртэй архийг авч орж ирэхээр архийг нь хувааж уучхаад “Манайд хоноод явах уу.” гэхэд харина гэж хэлэхээр нь түүнийг хүргэж өгөхөөр гараад байрны булан өнгөрөхөд машинаас шүүгдэгч нар найзуудтайгаа бууж ирсэн. Тэгэхээр нь ахын дүү тамхи байна уу гэхэд Б.Г пизда минь байхгүй гэж хэлэхээр нь чи яахаараа хүнийг пизда гэж хараадаг юм бэ, тамхи байна уу гэж л асууж байна шүү дээ гэж хэлсэн чинь “байхгүй гэж байна пизда минь” гэсэн. Тэр үед  Б иш нь норсон эссэ тахи аманд зуулгах гэсэн. Би тэр үед куртикныхээ халаасанд тамхи байгааг санаад “тамхи байгаа юм байна гал өгөөч” гэхэд Б.Б  “май ах үүнийг тат” гээд иш нь норсон ченж эссэ аманд зуулгах гэхээр нь тамхи  байгаа гэж хэлсэн. Гэтэл духаа толгойд тулгаад “энийг татчих” гээд байхаар нь нүүр лүү нь гараараа түлхсэн чинь “тамхи асуухаар чинь тамхи өгөөд байна шүү дээ татахгүй бол ална шүү гээд зодоон эхэлсэн. Өнөөдрийг хүртэл намайг зодоон эхлүүлсэн гэж яриад байгааг гайхаж байна. Б цохисноор зодоон эхлээд, Г намайг цохихоор дайрч зүүн талаар орж ирснийг сууж гаргаад зөрүүлээд цохиход Г бөгсөөрөө хойшоо унаад суусан. Би Б цохилцоод газар унасан. Тэр үед С миний дүү толгойдоо бэртэлтэй гээд дээрээс дарж хэвтсэн, тэр үед Г, Б нар дээрээс дэвсэж байсан. Би С намайг дарчхаад эсэргүүцэх чадваргүй байдалтай байхад дэвсээд байхаар нь босоод цохисон чинь Б  тэлээгээр намайг ороолгож гарын сарвуу луу цохисон. Би тухай үед “би толгойдоо бэртэлтэй шүү дээ” гэхэд “чамайг ална,” гээд цохиж байгаад ар дагз руу цохиход цус шүүрч байгаа нь мэдэгдсэн. Тэгээд хүзүү дагаад цус урссан. Намайг ална гээд 3-4 удаа цохисон. Цохилтын улмаас ухаан балартаж толгой эргээд унасан. Эдгээр байдлаас болж миний хуучин гэмтлийн оёдол задарч, нэгдсэн эмнэлэг дээр очиж 2 оёдол тавиулсан. Б.Б нь тэлээний үзүүр талаа гартаа бариад арал хэсгээр нь намайг цохисон. Тэлээ нь миний тэлээтэй ижил саарал ногоон өнгийн цэргийн тэлээ байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ: “...Би үеэл Д.Э гэрт 0,5 литртэй архи авч ороод хамт уучхаад харих гэтэл Э намайг хүргэж өгнө гээд хамт гэрээс нь гарсан. Энэ үед шүүгдэгч нар машинаас бууж байсан. Би тухайн үед Д.Э нэлээн хойно алхаж байсан. Би нэлээн согтолттой байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан шүүгдэгч нартай Д.Э маргалдах гээд байхаар нь болиулсан. Э бид хоёр архи уугаад халсан байсан учир зодоон болох байх гэж бодсон учир больцгоо гэж хэлээд холдуулсан. Д.Э шүүгдэгч нартай юм ярьж байхад нь би хажууд нь зогсож байсан. Гэнэт миний араас татах шиг болсон эргээд хартал намайг цохисон. Тэгээд маргалдаад зодолдож эхэлсэн. Миний санаж байгаагаар эхлээд Б.Б намайг салгахааар очиход цохисон. Би Г-д зодуулснаас хойш миний зүүн хавирга, нүдний ухархай хатгаж өвдөөд байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Н мэдүүлэхдээ: “Зодоон болсон өдөр би нэлээн согтолттой байсан. Миний санаж байгаагаар энэ хоёр ах ирэхэд А бид хоёр таксины жолоочид мөнгийг нь өгөөд таксийг явуулсан. Тэгээд эргэх хооронд Э, Б гал өгсөн. Тэгэхдээ нүүрэнд нь хүрсэн болохоор Э түүнийг цохисон. Тэр үед Б хойшоо ухарсан. Г хажууд унахдаа гараа саваад унасан. Яагаад унасныг нь мэдээгүй. Бичлэг дээрээс харахад Э цохиулаад унасан байсан. Би цааш юу болсныг санахгүй байна. Би бичлэг үзээд  юу болсон талаар л мэдсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А мэдүүлэхдээ: “Намайг таксинаас бууж ирэхэд Б.Б, Д.Э нар зодолдоод эхэлсэн. Яг тухайн үед юу болсон талаар би санахгүй байсан учир бичлэг үзсэн. Бичлэг үзээд юу болсныг харсан. Б.Б, Д.Э цохиж байхыг нь болиулсан. Би Г, Э цохиж байхыг хараагүй.”гэв.

 

Эрүүгийн 1918007880576 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

 

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтад 2019  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн: "...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед манай үеэл С.С гаднаас жаахан архи үнэртүүлчихсэн 0,5 литрийн Экс нэртэй архитай орж ирээд бид хоёр авчирсан архийг нь хувааж уугаад 23 цаг 40 минутын үед түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод манай гэрээс гарцгаасан. Тэгээд тэдний байрны тийшээ шинэ хорооллын хойд зам дээр шинээр баригдсан байшингуудын тэнд байдаг “Эс” нэртэй супермаркетын хажуугаар гарч явахад хэдэн залуучууд зогсож байсан бөгөөд хажуугаар нь өнгөрөхөд орилолдоод байсан. Тэр үед манай үеэл С хөөе залуучууд юу болоод байна. С нь байна аа” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуучууд бид хоёрыг тойроод зогсчихсон. Гэтэл тэр залуучуудын нэг нь намайг “.......... ” худалдааны төв дээр писи тоглоомын газар ажиллуулдаг байсан ах мөн үү гэхээр тийм байна. Намайг таньж байгаа бол найзуудыгаа аятайхан аваад явчих гэж хэлсэн. Намайг таниад байгаа залуугаас хөөе тамхи байна уу гэхэд тамхи байхгүй.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би халаасандаа тамхи байсныг санаад тамхиа гаргаж ирээд гал байна уу гэж асуухад миний тамхийг асааж өгсөн. Тэгээд би тамхи асааж өгсөн дүүд тамхи өгч тамхилсан. Тэгсэн чинь хажуугаас нэг залуу нь намайг зүүн шанаа руу гараараа цохиод авахаар нь яаж байна гээд тэр залууг түлхсэн чинь дахиад цохих гээд дайрахаар нь бултаад түүнийг зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Тэгсэн тэр залуу хойшоо бөгсөөрөө унасан. Тэгснээ босож ирээд дахиад цохих гээд дайрахаар нь хавираад түлхээд унагасан. Тэгсэн хажуугаас нэг залуу өмднийхөө тэлээг гаргаж ирээд саваад миний толгой руу 2 удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гарч байгаа нь надад мэдэгдсэн бөгөөд би тухайн залууд ахын дүү миний толгойд хүрч болохгүй шүү би толгойдоо гэмтэлтэй гэж хэлсэн. Тэгсэн чинь үхсэн ална чамайг гээд өмдний тэлээгээр миний толгой руу 3-4 удаа цохиход би ухаан балартаад гаар унасан. Тэгээд өндийгөөд харахад гурван залуу ирчихсэн тал талаас өшиглөөд нэг нь миний нүүр дээр нэг нь цээжин дээр дэвсээд нөгөө нь хажуу талаас зүүн бөөр рүү өшиглөөд зодоод байсан. Би ингэж зодуулж байгаад ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт ухаан орсон. Миний хоёр нүд хөхөрсөн, чамархайд оёдол тавиулсан, тархины гол судас тасарч цусан хураанаас болж хүнд хагалгаанд орсон. Би одоо харвалтын байдалтай гар хөл сулраад байна. Тэдгээр залуучууд бүгд хар бараан хувцастай байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Хохирогч С.С мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 14, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед би хамаатны дүү болох Д.Э гэрийн хажуугаар явж таараад ойрд уулзаагүй байсан тул гэрээр нь ороод гаръя гэж бодоод 1 шил 0,5 литрийн архи, ундаа, шоколад аваад ороход Д.Э болон түүний эхнэр М хоёр хүүхдийнхээ хамт байсан. Би авч орсон архиа Д.Э ууж дуусахад Д.Э намайг хүргээд өгье гээд надтай хамт гарсан. Ингээд манай байрны наана “Эс маркет” нэртэй дэлгүүрийн хажуугаар гараад явж байхад дэлгүүрийн хажууд 2-3 залуу зогсож байсан. Би хамаатны залуу Д.Э арай түрүүлж 2-3 алхмын урд явж байсан. Тэгээд ард Д.Э тэдгээр залуусаас уу эсхүл нөгөө залуучууд Д.Э-О-оос уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гал байна уу гэж нэг нэгнээсээ асуусан. Тэгсэн Д.Э тэдгээр залуус та “............. ” төвд писи тоглоомын газар ажиллуулдаг залуу мөн үү гэж байсан. Тэгсэн Д.Э тийм писи тоглоомын газар ажиллуулдаг байсан гээд ярилцаад байсан. Тэгсэн тэдгээр залуус түүнийг тойрч зогсоод дуу нь өндөрсөөд байхаар нь би маргалдаж магадгүй гэж бодоод боль боль гээд дундуур нь орсон чинь Д.Э тэдгээр залуусын нэг нь цохихоор нь би дундуур нь ороод салгах гэхэд жижиг биетэй сахалтай залуу буюу Б.Г гэх залуу намайг араас татаад унагасан. Намайг Б.Г татаж унагаад миний нуруу, хавирга, өвдөг, тохой руу олон удаа өшиглөсөн. Би тухайн үед унаад шууд нүүрээ дараад хэвтсэн. ...Намайг Г зодохоо болихоор нь босоод харахад Д.Э газар уначихсан байхад гурван залуу тойроод зогсчихсон байсан бөгөөд нэг нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод хөөе наадах чинь толгой тархины өвчтэй хүн шүү, болохгүй шүү гээд орилоод очиход тэдгээр хүмүүс зугтаагаад 3 дугаар байрны орц руу бөөнөөрөө гүйлдээд орчихсон. ...Намайг Д.Э дээр очиход босох гээд байхаар нь байж бай наанаа жаахан хэвт гээд өндийлгөөд замын хөвөөн дээр суулгахад толгойнх нь зүүн орой хэсгээс цус гарч шанааг нь дагаж урсаж байсан. Мөн хамрынх нь нуруу орчим битүү хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Түүнээс гайгүй юу, юу болов оо гэхэд өмдний тэлээний арлаар миний толгой руу цохичихлоо гэж хэлсэн.

...Би тухайн зодооны үед толгойн духны гол, зүүн дал, баруун гарын тохой, хоёр хөлийн шилбэ рүү өшиглүүлснээс болж хөхөрч цус хурсан байсан. Мөн уруул руу өшиглөсний улмаас миний дээд доод уруул язарсан байсан. Б.Г-ын хөлөөс зуурах үед миний толгой болон уруул, хоёр нүд рүү гараараа цохисон. Дараа нь дух руу хөлөөрөө өшиглөж унагаахад баруун гарын тохой хэсэгт зулгаралтын гэмтэл учирсан. Тиймээс миний биед учирсан гэмтлүүдийг Б.Г, Б.А хоёр учруулсан. Б.Б миний зүүн шанаа руу цохиход бага зэрэг хөндүүрлэснээс биш гэмтэл учраагүй. 180.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө буруутай хүнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 06, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед Г гэдэг найзтайгаа уулзаад шинэ хорооллын 380 гудамжинд байдаг “ОАО” нэртэй нийтийн караокед орж дуулж юм ярьж хүний хоёр шил пиво уусан. Тэгж байхдаа Г утсаар Н, Б нартай ярьж  байсан. Тэгээд  тэр караокенаас гараад Б, Н нар хамт нэг гэрт амьдардаг учир тэдний гэрт очихоор болоод бид хоёр 0,75 литрийн Экс нэртэй архи аваад орсон. ...”.....” бааранд Н, Б, Г бид дөрөв орж хүний нэг шил пиво ууж бүжиглэж байгаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Баарнаас гараад такси хөлслөөд Б, Н нарын амьдардаг шинэ хороололд шинээр баригдсан 3 дугаар байрны үүдэнд очоод би таксины тооцоог хийчхээд буухад Б гартаа тэлээ барьчихсан байсан бөгөөд нэг өндөр залууг гараараа цохиход нөгөө залуу нь газар унаж байсан. Тэгсэн Б гартаа барьсан тэлээгээ хаяад дээр нь гараад гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би очоод түүнийг араас нь тэврээд салгасан. Тэгсэн Г бас гартаа тэлээ барьчихсан байсан бөгөөд түүний аль хөлөөс гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хөлөөс нь хар өнгийн хүрэмтэй залуу зуурчихсан байсан чинь түүнийг хөлөөрөө жийгээд татаж авахаар нь бид нар бөөндөө Б, Н  нарын хамт гэрт нь орсон. Б холдуулчхаад эргээд харахад Э зогсож байсан. Тэгсэн Б хажуугаар тойрч гүйгээр С унагасан. Яаж унагасныг мэдэхгүй. Тэр үед Э Г хавираад унагачихсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг явъя гээд Б  байр луу явсан. Тэгээд орц руу явж байх үедээ би эргэж дэлгүүр онгорхой байгаа эсэхийг шалгахаар очиход хаалттай байсан тул буцаад явсан. Тэр үед С ирчихсэн Г хөлөөс зуурчихсан. Харин Г хөлөөрөө жийгээд барьсан байсан гарыг нь тавиулаад орц руу орсон. Би урьд мэдүүлэг өгөхдөө тэр хоёрыг хоёуланг нь тэлээ барьчихсан байсан гэж андуурч мэдүүлсэн байна. Камерын бичлэг үзэхэд тухайн өдөр Б л гартаа тэлээ барьчихсан байсан. Г  бол тэлээ гартаа бариагүй байсан. Б гартаа барьсан тэлээгээр нэг удаа зүүн талын суга руу нь ороолгож байгаа харагдсан.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Ч.Н мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 06, 2020 оны 01 дүгээр сарын 04-нйи өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад гэртээ ирсэн байсан. Манай баз хүргэн Б, Г, А нар 20 цагийн үед 1 шил 0,75 литрийн архитай манайд орж ирсэн. Тэд нар орж ирэхээсээ өмнө утсаар холбогдоод хамт ирсэн бололтой байсан. Тэгээд тэр гурвын авчирсан архийг нь бид дөрөв хувааж ууж сууж байгаад 1 цаг гаруй хугацааны дараа Г эхнэр С бас манайд нэмэгдэж ирсэн. Ингээд С, манай эхнэр Х, Б эхнэр Х нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд нэг шил архи дууссаны дараа дахин нэг шил архи аваад ууж байхад эхнэрүүд хүүхэд унтахгүй байна гэхээр нь бид дөрөв архиа ууж дуусаад  .....” баар орж хүний нэг шил пиво уугаад баар хаах дөхөхөөр нь гарч үйлчилгээний төвийн “Од” нэртэй дэлгүүрээс 1 шил архи, ундаа аваад такси барьж гэрийнхээ үүдэнд хүргүүлсэн. Гэтэл манай байрны урд “Эс” нэртэй хүнсний дэлгүүрийн урд хар өнгийн хүрэмтэй намхан залуу, улаан өнгийн цамцтай өндөр согтуу хоёр залуу зогсож байсан. Тэгээд машинаас улаан өнгийн цамцтай өндөр залуу нь Г тамхи байна уу гэж асуухад Г байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Б тухайн залууд хандаад би тамхи өгье, асаагаад өгье гэж хэлж байгаа нь надад сонсогдсон. Би тухайн үед тортой архи ундаа барьчихсан орц луугаа алхаж явсан. Тэгсэн хажуугаас Г гүйж явснаа унах шиг болохоор нь эргээд харсан чинь Б, нөгөө улаан цамцтай өндөр залуутай нэг нэгнийгээ нүүр лүү нь цохилцоод зууралдаад байсан. Тэгсэн байрны 2-3 оршин суугчид цонхоороо больцгоо, яагаад зодоон хийгээд байгаа юм бэ гээд орилоод байхаар нь би дээшээ хараад тэдгээр хүмүүст эдгээр хүмүүс өөрсдөө эхлээд байна одоо болиуллаа салгалаа гэж хэлээд эргээд харсан чинь Г нэг жижиг хар өнгийн хүрэмтэй ахтай зууралдчихсан, тухайн залуу нь газар уначихсан байдалтай байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Харин Б нөгөө улаан цамцтай залуугийн дээр нь гарчихсан нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж харагдсан. Тэгсэн А, Б дээр очоод араас нь  тэврээд салгасан. Тэгээд шууд бид нар манай гэр лүү орсон. Удалгүй цагдаа нар ирээд Б эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2019  оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 40 минутын үед шиг санаж байна. Эхнэр хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байхад гадаа согтуу хүмүүс байгаа бололтой нэгнээсээ тамхи юм байна уу гэж ярилцаж байгаа бололтой сонсогдсон. Тэгсэн чинь пид пад гээд дуу чимээ гараад хүн аллаа, алчихлаа шүү дээ гээд орилохоор нь гайхаад цонхоор харахад нэг залуутай хэдэн залуучууд маргалдаад нэг залууг 4 залуу унагачхаад гишгээд юмаар ороолгож цохиод өшиглөөд гараараа нүүр лүү нь олон удаа цохиод байгаа бололтой харагдсан. Наана нь нэг намхан хар хувцастай залуу болиоч ээ хүн  аллаа гээд байсан. Би тэгэхээр нь хүргэн Д цагдаа дуудаарай гээд дуудлага өгүүлсэн. Анх манай байрны гадаа маргалдаж байгаад 4 дүгээр байрны хажуугийн харанхуй орчинд зодоон болоод байсан учир яг тийм ийм гээд хэлж чадахгүй байна. Бүгд хар бараан хувцастай байсан. ...Хоёр залуу нь гартаа тэлээ бололтой зүйл барьчихсан нэг залууг цохиод байсан. Тэгээд нэг нь гараараа цохисны дараа ээлжлээд нэг нэгээрээ толгой руу нь өшиглөөд байгаа харагдсан. Зодуулж байгаа залуутай хамт явж байсан залуу оршин суугчдаас та нар цагдаа дуудсан уу гэхэд цагдаа дуудсан гэж хэлэхэд тэнд байсан залуучууд манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар луу гүйгээд орж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн айлаас нөгөө залуучуудын нэгийг машинд суулгаад аваад гарч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Э.М мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 00 цаг болж байх үед гэртээ унтах гэж хэвтэж байсан чинь гадаа хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь цонхоор харсан чинь нэг ахыг хар хувцастай хүн гүйж очоод нүүр лүү нь цохиход нөгөө цохиулсан хүн нь газар уначихсан. Тэгсэн тэр цохиж унагасан залуу газар унасан залуугийн нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгсэн нэг залуу очоод нөгөө цохиод байгаа залууг одоо боль гээд хөлөөс нь татахад хажуугаас нь тэр залуугийн ах нь  бололтой хүн хүүе болиоч та нар миний дүүг зодчихлоо гээд байсан. Тэгсэн тэдгээр залуус манай урд талын 3 дугаар байр луу орох гэхэд нөгөө зодуулсан залуугийн ах нь гэх залуу явуулахгүй гэхэд нэг нь түүнийг унагаасан чинь хөлөөс нь бариад авсан. Гэтэл хөлөө бариулсан залуу тухайн хөгшин хөл барьсан залуугийн толгой руу нь цохичхоод  гүйгээд явсан. Харин нөгөө зодуулаад газар унасан залуу босохгүй хэвтээд байсан чинь ах нь очоод дүүгээ босгох гээд оролдоод байсан. Тэгж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь 07 цаг 50 минутын үед хичээлдээ явахдаа тухайн зодоон болсон газрын хажуугаар явахад шаргал өнгийн тэлээний арал газар хэвтэж байхыг харсан. Би тэр зодуулсан ахыг тэнд байсан хүмүүст бүгдэд нь зодуулж байхыг хараагүй. Намайг харахад нэг залуу цохиж унагаад дээр нь гараад гараараа олон удаа цохиж байхыг харсан. Тухайн зодоон болж байх үед нийт 6 залуу байсан ба 4 хүн нь зодоон дууссаны дараа 3-р байр руу гүйгээд орсон.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Г.Г мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 50 минутын үед эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхад хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь жижиг өрөөнийхөө цонхоор харахад байрны доор 5 залуу хоорондоо зодолдоод байгаа харагдсан. Нэг хөгшин бололтой залуу газар дээшээ хараад унасан. Тэгэхэд тэдгээр залуусын 2 нь өмднийхөө тэлээг сугалаад толгой, цээж, гар луу нь ороолгосон. Мөн толгой руу нь хэдэн хэдэн удаа өшиглөж зодчихоод манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар руу гарч байгаа харагдсан. Тэдгээр залуус орц руу орохын өмнө нөгөө газар унаад ухаангүй байгаа залуугийн найз бололтой залуу нэг намхан мяраалаг залуугийн нэг хөлөөс нь  тэвэрч суучхаад явуулахгүй гээд байсан. Тэгсэн нөгөө залуу тавиач гэж байгаад гарыг нь тавиулчхаад орцруу орсон. Ингээд удаагүй цагдаа болон эмнэлэг ирэхээр нь унтсан.” гэх мэдүүлэг[10],

 

Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байх гадаа хүмүүс орилолдоод байгаа чимээ сонсогдохоор нь өрөөнийхөө цонхоор харахад 2 залуу 4 залуутай маргалдаад байгаа харагдсан. Тэгээд нэг залуутай нэг залуу заамдалцаад нэг нэгнийгээ цохиход нэг нь газар унасан. Унахад нь цохиж унагасан залуу өмднийхөө тэлээг сугалаад гар орчим руу нь 4-5 удаа ороолгож цохисон. Тэгэхээр нь би эгч М-д тэлээгээр нэгнийгээ цохиод зодоод байна шүү дээ гэж хэлэхэд манай эгч тухайн зодооныг харсан. Тэлээгээр ороолгож цохиж байсан залуу тэлээгээр цохисныхоо дараа гараараа толгой, нүүр орчим руу нь хоёр гараараа ээлжлээд олон удаа цохиж байгаад босоод явсан. Тэгснээ буцаж очоод дээрээс нь цохиход бас нэг залуу ирээд хөл рүү нь өшиглөсөн. Яг хөл рүү нь байсан уу гар руу нь байсан уу мэдэхгүй 3-4 удаа өшиглөсөн. Тэр хоёр залуугийн хажууд нэг залуу хараад зогсоод байсан. Бас нэг залуу 3 дугаар орцны урд зогсож байсан. Газар зодуулсан байсан хүний ах нь бололтой хүн нэг залууг явуулахгүй гээд хөлөөс нь тэврээд авахад тэр залуугийн толгой руу 3-4 удаа цохиод хөлөө татаад орц руу гүйгээд орсон” гэх мэдүүлэг[11],

 

Хохирогч Д.Э өвчний түүх, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[12],

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13664 дугаартай “...Д.Э биед баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт[13],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 953 дугаартай “...С.С биед баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[14],

 

Шинжээч Т.Ч мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, Э.О-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд[15],

 

Шүүгдэгч Б.Г, Б.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], шийтгэх тогтоолын хуулбар[17], хувийн байдалтай холбоотой бусад баримтууд[18] болон хохирогч нарын эмчилгээний зардлын баримтууд[19]-ыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн хэрэглэсэн үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим ...... аймгийн ......... сумын ......  дүгээр баг ....  дугаар хороолол ......  дугаар байрны гадна иргэн Д.Э зодож эрүүл мэндэд нь баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь зодооныг салгах гэсэн иргэн С.С зодож эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г, Б.Б нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Э зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г нь тухайн цаг хугацаанд зодооныг салгах гэсэн хохирогч С.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ:Улсын яллагчийн саналыг дэмжиж байна, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батжаргал дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч шүүгдэгч Б.Б бүлэглэж Д эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч Б.Г-ын хувьд хохирогч Д.Э-О-ын биед хүнд хохирол санаатай учруулсан болох нь эргэлзээтэй. Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч Д.Э эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдэг нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Эргэлзээтэй байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх хуулийн заалт байгаа тул шүүгдэгч Б.Г холбогдох хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Э биед хүнд хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Б, Д.Г нар нь хохирогч Д.Э бүлэглэж зодоогүй,  харин Б.Б нь ганцаараа зодсон гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон хохирогч Д.Э[20], С.С[21], гэрч Б.А[22], Ч.Н[23], Л.Б[24], Э.М[25], Г.Г[26], Б.А[27], шинжээч Т.Ч[28] нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13664 дугаартай шинжээчийн дүгнэлт[29] зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хохирогч Д.Э эрүүл мэндэд учирсан баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “Тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн  няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна.” гэх хүнд гэмтлийн шалгуур шинжийг,

Хохирогч С.С эрүүл мэндэд учирсан баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан.” гэх хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын  согтууруулах ундаа хэрэглэсэн үеийн зүй бус, бүдүүлэг харилцаа, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.Б бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, шүүгдэгч Д.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлт гаргасныг хүлээн авч, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч Д.Э эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч Б.Г холбогдох бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь согтуурсан үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, шүүгдэгч Г.Г үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч Б.Б бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд завсарлага авч гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э 2,316,200 төгрөгийн, хохирогч С.С 180,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч Д.Э нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 11 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 40 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нь улсын яллагчтай санал нэг байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал: “Хохирогч нарын зүй бус үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан. Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх байдал тогтоогдоогүй. Хэдийгээр хэрэг гарах үед шүүгдэгч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх байдалд хамаарахгүй. Хохирогч Д.Э нь хүнд гэмтэл учирсан гэх боловч энэ хэрэгт хохирогчоор тогтоогдохоос өмнө биедээ гэмтэл авсан байсан тул ял оногдуулахдаа хохирогчийн хувийн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгч нарт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж ял оногдуулан, ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдаагүй байх тул шүүгдэгч Б.Б, Б.Г нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Б.Г энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хорих, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Шүүгдэгч Т овогт Б.Г-г бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б 6 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Б.Г оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Хохирогч Д.Э нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Б.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ИДЭР

 

 

                                                        ШҮҮГЧ                            Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                         ШҮҮГЧ                            З.ТӨМӨРХҮҮ

 

 

[1] Хавтаст хэргийн 7-8  тал

[2] Хавтаст хэргийн 13 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 206-209 тал

[4] Хавтаст хэргийн 62-63, 64 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 67-68, 210-211 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 74, 216-217 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 78, 79 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 80-81 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 83-84 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 85-86 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 90-91 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 93-105, 107-108 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 110-111 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 127-128 тал

[15] 1 дэх хавтас хэргийн 214, 215 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 143, 145 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 147-156

[18] 1 дэх хавтаст хэргийн 159-181 тал

[19] 1 дэх хавтаст хэргийн 16-59, 205 тал

[20] Хавтаст хэргийн 62-63, 64 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 67-68, 210-211 тал

[22] 1 дэх хавтаст хэргийн 74, 216-217 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 78, 79 тал

[24] 1 дэх хавтаст хэргийн 80-81 тал

[25] 1 дэх хавтаст хэргийн 83-84 тал

[26] 1 дэх хавтаст хэргийн 85-86 тал

[27] 1 дэх хавтаст хэргийн 90-91 тал

[28] 1 дэх хавтас хэргийн 214 тал

[29] 1 дэх хавтаст хэргийн 110-111 тал