Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/141

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Э.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бовогт Эын Цид холбогдох 2212000000131 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Б сумын З багийн Бийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Эын Ц /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох найз охин Т.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун мөрний үений мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000131 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Агийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн үед найз Цгийнд сууж байсан чинь Ц согтуу орж ирээд хэсэг сууж байгаад гараад явсан. Тэгээд би удалгүй харих гээд Цгийнхоос гарсан чинь хашааны гадна Ц хүлээгээд байж байсан. Тэгээд Ц намайг гэр рүүгээ дагуулаад явсан бөгөөд Цийнд яваад орсон чинь Нгэх хүн гэрт нь байсан. Тэр 2 архи ууж сууж байгаад гэнэт уурлаад намайг алгадаад сууж байсан сандал өшиглөөд би унахдаа мөрөө мулталсан. Тэгээд тэднийхээс гараад эгч Оийг дуудаад бид 2 эмнэлэг рүү явсан. Би Цтай 2021 оны 08 дугаар сараас эхлэн үерхэж байгаа юм. Бид 2 хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Ц гэнэт уурлаад намайг алгадсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, харин Ц согтуу байсан. Ц намайг 2-3 удаа гараараа алгадсан. Тэгээд сууж байсан сандал өшиглөсөн. Тэгээд би газар унахдаа эвгүй унаад мөрөө мулталсан. Миний баруун мөр мултарсан. Өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний мөр 2020 онд бөмбөг тоглож байгаад нэг удаа мулталж байсан. Ц өмнө нь намайг зодож, цохиж байгаагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Зодуулсандаа гомдож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Агийн дахин мэдүүлсэн: ...Манай найзууд нөхөргүй, нөхрөөсөө салсан хүмүүс байдаг болохоор янз бүрийн залуучуудтай уулзана гэж бодоод намайг манай найзуудтай уулзуулдаггүй юм. Түүнээс бол өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тийм зүйл байхгүй. Ц өмнө нь намайг ямар нэгэн байдлаар өөрийн эрхшээлдээ байлгах ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй. Манай найзууд мэдэхгүй. Би тэр талаар найз нартаа хэлдэггүй болохоор. Манай гэр бүл болон Э.Цийн гэр бүлийнхэн бүгд мэдэж байгаа. Би хохирол, төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардал мөнгө болох 200.000 төгрөгийг Э.Ц бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Оийн мэдүүлсэн: ...Манай дүү А 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой “Соёлын төв”-д болж буй тоглолт үзнэ гээд явсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 05 цаг өнгөрч байхад над руу залгаад манайд хүрээд ирээч, би мөрөө мулталчихлаа гээд дуудсан. Тэгээд сумын эмч рүү ярьсан чинь суманд боломжгүй, аймагт очоод оруул гэсэн. Тэгээд Аг аваад аймаг руу яваад Нэгдсэн эмнэлэг дээр очиж Агийн мөрийг эмчлүүлээд буцаж ирсэн. Миний Агаас сонссоноор бол Агийн найз залуу Ц Аг найз Цгийндоо байж байхад нь ирж гэр рүүгээ дагуулж яваад, хэдэн удаа алгадаад сууж байсан сандлыг нь өшиглөөд тэгээд А газар унахдаа гараараа дараад мөрөө мулталсан гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар манай дүү 2-3 жилийн өмнө нь нэг удаа мулталж байсан. Ц, А нарын хооронд өмнө нь ийм асуудал болж эсэхийг би мэдэхгүй байна. А архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн оройны 22 цагийн үед Агийн хамт гэртээ байхад Ц орж хэсэг сууж байгаад гараад явсан. Тэгээд Цийг явснаас хойш А гэртээ харина гээд явсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Аг мөрөө мулталсныг мэдсэн. Ц, А нар хоорондоо үерхдэг гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй байна. Ц, А нар манай гэрт байхдаа хоорондоо маргалдаагүй. Ц архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин А нэг лаазтай пиво уусан байсан. А бид 2 арван жилийн нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд тухайн үеэс бие биеэ мэднэ. Харин Агийн мөр өмнө нь мултарч байсан гэж сонсож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Ны мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой Цийнд унтаж байсан чинь хүн дуугараад байхаар нь босоод харсан чинь Ц, А 2 ороод ирсэн юм яриад сууж байсан. Тэгээд би ус уучихаад ирээд за за та 2 юмаа ярь, би унтлаа гээд хойд өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд өөр юу болсныг мэдэхгүй байна. Ц, А нар хоорондоо үерхдэг гэж сонссон. Өөр зүйл мэдэхгүй байна. Би унтаж байсан болохоор тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор Ц, А нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ц, А, тэгээд би унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Би Ц, А нарыг бага наснаасаа мэднэ. Бид нар найзууд байгаа юм. Би Агийн мөр өмнө нь мултардаг байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Жы мэдүүлсэн: ...Т.А, Э.Ц нар нь хоорондоо үерхэж найзалдаг юм байна лээ. Мөн манай гэрээр Т.А хааяа, хааяа орж гардаг. Миний бодлоор Т.А манай бэр болох гээд байгаа юм шиг байна лээ. Хэрэв бэр болоод ирвэл сайн л байна. Манай хүүхэд эхнэргүй болохоор. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. 2021 онд анх танилцсан юм шиг байна лээ. Манай гэрт 2022 оноос хойш хааяа, хааяа ирдэг болсон. Манай хүүхэд Ц Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Булаг гудамжны 03-02 тоотод надтай цуг амьдардаг юм. Төрийн албанд бол ажиллаж байгаагүй. Харин 10 жилийн сургуулиа төгсөөд хувиараа хөрөө араам ажиллуулж байгаа юм. Цэргийн алба хаагүй. Харин тус аймгийн Булган суманд дүйцүүлэхээр 2 жилийн хугацаатай хаасан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 3 дугаар сургуулийг 10 дугаар анги төгсөж байсан. Яг хэдэн онд төгсөж байсныг нь би мэдэхгүй байна. Миний хүү аав, ээж нарын гар дээр Архангай аймгийн Булган сумын төвд өсөж торнисон. Зан араншны хувьд хүнд тусархуу ямар нэгэн элдвийн буруу зангүй хүүхэд байгаа юм. Мөн архи, тамхи миний нүдэнд хэрэглэж байгаа харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын дахин мэдүүлсэн: ...2020 онд авсан гэмтэл бүрэн оруулсан хөдөлгөөнд саад учруулаагүй байсан бол эдгэсэн гэж үзнэ. Мөрний үе олон дахин мултрах тусам холбооснууд сунаж гэмтэнэ. Бичил түвшинд холбоосны хялгасан утаслагуудын тасрал явагддаг гэж үздэг Т.А нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчийн асуумжид ер нь мөр мултардаг гэж хэлсэн байсан. Миний асуумжаар 2017 онд чулуу шидэж тоглож байгаад анх удаа мөрөө мулталж байсан бариачаар оруулж байсан. 2020 онд бөмбөлөг тоглож байгаад мулталж байсан гэж хэлсэн. Тухайн үед авсан гэмтэл нь шинэ гэмтэл мөн. Учир нь мултралыг өөрөө оруулж чадахгүй мэс заслын эмчийн унтуулах тарианы тусламжтай оруулсан байсан. Тийм болохоор шинэ гэмтэл юм. 3 дахь удаагийн мултрал байсан болохоор сурмаг мултрал гэж үзнэ. Тодорхой завсарлагатайгаар хоёроос дээш удаа мултрахыг сурмаг мултрал гэж үзнэ. Мөр анх удаа ба давтан мултарсан үед өвдөлт үүснэ, хавдана, үеийн хөдөлгөөн хязгаарлагдана энгийн хөдөлгөөн хийж чадахгүй болдог ба эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Тэр даруй мултралыг оруулахгүй бол мөрний үе гүйцэд орохгүй мэс заслаар оруулах болдог. А нь тухайн үед мөрний мултралыг унтуулах тарианы тусламжтай мэс заслын эмч оруулсан байсан. Зарим тохиолдолд хувь хүн өөрөө бариачаар оруулах тохиолдол байдаг. Мултралыг хэн оруулах нь хамаарахгүйгээр ямар ч мултралын үед дээрх зовуурь илэрч эрүүл мэнд түр хугацаагаар алдагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Цийн мэдүүлсэн: ...Би уншиж, бичиж чадна. Архангай аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн 3 дугаар сургуулийг 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Т.Агийн биед баруун мөрний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, мөрний үеэр эвгүй хөших үед үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Т.А нь баруун мөрний үений сурмаг мултралтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт Т.А нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох найз залуу Э.Цдаа зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ц Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох найз охин Т.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Т.Агийн мэдүүлсэн “Ц намайг гэр рүүгээ дагуулаад явсан бөгөөд Цийнд яваад орсон чинь Нгэх хүн гэрт нь байсан. Тэр 2 архи ууж сууж байгаад гэнэт уурлаад намайг алгадаад сууж байсан сандал өшиглөөд би унахдаа мөрөө мулталсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 63-64/,

 

гэрч Т.Оийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 05 цаг өнгөрч байхад над руу залгаад манайд хүрээд ирээч, би мөрөө мулталчихлаа гээд дуудсан. Тэгээд сумын эмч рүү ярьсан чинь суманд боломжгүй, аймагт очоод оруул гэсэн. Тэгээд Аг аваад аймаг руу яваад Нэгдсэн эмнэлэг дээр очиж Агийн мөрийг эмчлүүлээд буцаж ирсэн. Миний Агаас сонссоноор бол Агийн найз залуу Ц Аг найз Цгийндоо байж байхад нь ирж гэр рүүгээ дагуулж яваад, хэдэн удаа алгадаад сууж байсан сандлыг нь өшиглөөд тэгээд А газар унахдаа гараараа дараад мөрөө мулталсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,  

 

гэрч Б.Цгийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Аг мөрөө мулталсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,  

 

гэрч Л.Ны мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой Цийнд унтаж байсан чинь хүн дуугараад байхаар нь босоод харсан чинь Ц, А 2 ороод ирсэн юм яриад сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,  

 

шинжээч Б.Оын дахин мэдүүлсэн “2020 онд авсан гэмтэл бүрэн оруулсан хөдөлгөөнд саад учруулаагүй байсан бол эдгэсэн гэж үзнэ. Мөрний үе олон дахин мултрах тусам холбооснууд сунаж гэмтэнэ. Бичил түвшинд холбоосны хялгасан утаслагуудын тасрал явагддаг гэж үздэг Т.А нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчийн асуумжид ер нь мөр мултардаг гэж хэлсэн байсан. Тухайн үед авсан гэмтэл нь шинэ гэмтэл мөн. Учир нь мултралыг өөрөө оруулж чадахгүй мэс заслын эмчийн унтуулах тарианы тусламжтай оруулсан байсан. Тийм болохоор шинэ гэмтэл юм. А нь тухайн үед мөрний мултралыг унтуулах тарианы тусламжтай мэс заслын эмч оруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,  

 

өөрийн гэм бурууг хүлээж Э.Цийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

хохирогч Т.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Э.Ц Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох найз охин Т.Ад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Э.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Э.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Э.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Т.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Э.Цийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Бовогт Эын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Цид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Цийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ