Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Т.Згийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэртэй

Т.Згийн нэхэмжлэлтэй

Б.Эд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9 990 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй 2013.05.25-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Т.З би Б.Эд 2013.05.25-нд 4 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2014.10.25 болтол сунгасан. Зээлийн гэрээ сунгалттай учраас Б.Эыг зээлсэн мөнгөө өгчихнө гээд тайван байгаад байсан. Сүүлд нь Б.Э эгчтэй уулзаад 4 000 000 төгрөг дээр өгөөгүй хүүнүүдээ нэмээд 6 550 000 төгрөгийн гэрээг хийж гарын үсэг зуруулсан. Уг гэрээг сая нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээгээ гурван ч удаа сунгасан байгаа. Би Б.Э эгчид 4 000 000 төгрөг зээлчихсэн болохоор сар болгон л ажил дээр нь очдог. Тэгээд очихоор хөгжмийн дуунд утасныхаа дууг сонссонгүй гэдэг. Утсаар ярихаар “Хүүхэд өвчтэй байна. Ингэж эмнэлгээр явлаа. Ганаа бид хоёр хоёулаа мэдэж байгаа” гэдэг. Тухайн үед эднийх кимчи хийдэг байсан. 2014 онд 6 550 000 төгрөг дээр зээлийн гэрээ хийчихээд мөнгөө өгөхгүй болохоор дахин уулзахад “Намар зээлээ хөөцөлдөөд чамаас зээлсэн мөнгөө өгнө” гэсэн. Тэгээд өгөөгүй бүх хүүгээ нэмээд 8 990 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. 8 990 000 төгрөгийн гэрээ хийчихээд 2016.01.25-ны өдөр Б.Э эгчийн ажилладаг сургууль дээр нь очиж гарын үсэг зуруулсан. “Энэ мөнгөө яг хэзээ өгөхөө хэл. 2013 онд зээлсэн 4 000 000 төгрөг зөндөө удчихлаа. Одоо яах вэ? Хэзээ өгөх вэ?” гээд сургуулийнх нь урлагийн залны эхний эгнээнд сууж байгаад “8 990 000 төгрөгийг 2016 онд ихэвчлэн барагдуулна” гэж би өөрөө бичээд зөвшөөрсөн гэдэг дээр нь Б.Э эгчээр гарын үсэг зуруулж байсан. 2016 онд Б.Э эгч “Солонгос улс руу явна” гэж хэлж байсан. Уулзах болгондоо “Нөхөр чинь мэдэж байгаа юу?” гэхэд “Мэдэж байгаа. Бид хоёр энэ мөнгийг чинь төлнө. Хүүхэд өвдөөд мөнгөний боломж болсонгүй. Зээл бүтсэнгүй” гэдэг байсан. Би ч хэрүүл хийдэггүй байсан. 2016 оны хичээлийн жил эхлэхэд нь очиж уулзахад Б.Э эгч Солонгос яваад ирсэн байсан. “Мөнгөө өгөх үү?” гэхэд “Эгч нь 2 сар л ажилласан. Удахгүй эгч нь дахиад явна. Дахиж хөөцөлдөж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би худлаа ярьж намайг хий чулуу хөөлгөөд хэдэн жил ч хамаагүй явах юм байна гэж бодоод шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 8 990 000 төгрөгөөс хүү, алданги тооцож 16 000 000 төгрөг нэхэмжилж хандсан. Эхлээд Б.Э эгч эвлэрүүлэн зуучлагчтай уулзахдаа “Мөнгө төгрөг аваагүй, энэ мөнгийг нь төлж чадахгүй” гээд гараад явсан байсан. Гэрээн дээр гэрээ хийсэн нөхцөлд бэлэн мөнгийг хүлээн авсанд тооцно гэж заасан байгаа. 4 000 000 төгрөг зээлснээс хойш хүүнд 280 000 төгрөг 2 удаа, 100 000 төгрөг 2 удаа, 60 000 төгрөг 1 удаа, 50 000 төгрөг 1 удаа, нийт 770 000 төгрөг өгсөн. Иймд 2013.05.25-2014.10.25 болтол 17 сарын хүү 4 760 000 төгрөгөөс 770 000 төгрөгийг хасч 3 990 000 төгрөг, 2014.10.26-наас хойш 100 өдрийн алданги 2 000 000 төгрөг, үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, нийт 9 990 000 төгрөгийг Б.Эаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Б овогтой Э би Т.Згээс зээлж авсан мөнгөө өгч барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээж авахгүй татгалзаж байна. Би Т.Згээс 4 000 000 төгрөг бэлнээр аваагүй, 1 000 000 төгрөг л авч байсан. Т.З хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Тэгээд өөрөө нөхөөд биччихсэн байна. Үүнд гомдолтой байна. Гэрээгээ авъя гэж нэхсэн боловч надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Өөрөө л ингэж янз бүрээр яриад байгаа болохоос биш одоо ч гэсэн надад гэрээний нэг хувь байхгүй. Сүүлийн их мөнгөтэй гэрээн дээр намайг машин дотор оруулж дарамталж байгаад гарын үсэг зуруулсан. Сургууль дээр очиж янз бүр болоод, янз бүрийн мессеж бичээд байхаар нь би түүн дээр нь гарын үсэг зурсан байж магадгүй. Түүнээс биш би яг 4 000 000 төгрөг бэлэн тоолж аваагүй. Манай нөхөр ч үүнийг нотолж байгаа. Сургууль дээр зодолдсон асуудал байхгүй. Гэрээ байгуулсан бол надад нэг хувь нь байх ёстой. Гэтэл надад ямар ч гэрээ өгөөгүй. Өөрөө л нотлох баримт болгон бичиж, гэрээн дээр надаар гарын үсэг зуруулж баримтжуулж байгаа байх” гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбарт: “Т.З нь Э надаас 2013.05.25-ны өдөр зээлдүүлсэн 4 000 000 төгрөг, хүү 3 990 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 9 990 000 төгрөг нэхэмжилсэн байна. Би энэ өдөр 4 000 000 төгрөг бэлнээр зээлж аваагүй. 2010 оны зун шиг санагдаж байна, би Т.Згээс 1 000 000 төгрөг бэлнээр зээлж авсан. Энэ үед гэрээ хийх гэтэл Т.З дараа нь хийе гээд бичгийн гэрээгүйгээр авсан. Зээлсэн 1 000 000 төгрөгийн хүү болон үндсэн зээлээ 2011-2012 онд төлж дууссан. Гэтэл Т.З нь утсаар байнга доромжилж дарамталдаг, ажил дээр ирж дуудаж ажил хийлгэхгүй дарамталж загнаж байгаад гэрээний хоёр ширхэг маягтан дээр гарын үсэг зуруулж зээлдэгчийн хаяг, индекс, утсыг надаар бөглүүлж, мөн нэг ширхэг хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авч явсан. Гэрээгээ авъя гэхээр дараа ирж аваарай, би биччихээд дуудъя гээд өгдөггүй. Гэрээний нэг хувь нь одоо болтол надад байхгүй. З бид хоёр 2013.05.25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Миний гарын үсгийг ашиглаж гэрээг нөхөж хийсэн байна. Иймд 2013.05.25-нд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарт: “Т.З би Б.Эд 4 000 000 төгрөг зээлдүүлсэн ба энэ нь ямар нэгэн 1 000 000 төгрөгийн хүүг нэмсэн дүн биш. Би хоёр ширхэг зээлийн гэрээ болон хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, дараа нь нөхөж бичээгүй. 4 000 000 төгрөгийн гэрээ нь 4 000 000 төгрөг зээлдүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Хоёр гэрч асуулгаж байгаа нь хуурамч нотлох баримт бүрдүүлж байна гэж үзэж байна. Ингэж гүтгэж гүжирдэж байгаад гомдолтой байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Эаас 9 890 000 /есөн сая найман зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан 2013 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Эын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 173 190 /нэг зуун далан гурван мянга нэг зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, хариуцагч Б.Эын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 790 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун ер/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Б овогтой Э би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Згийн гаргасан нэхэмжлэлийг нэг талд орж буруу шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Т.Згээс 2013.05.25-ны өдөр 4 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй би аваагүй. Т.З хуурамч гэрээ хийсэн байна. Би Т.Згээс 2010 онд 1 000 000 төгрөг зээлж авсан. Зээлж авсан мөнгөө хүүгийн хамт төлж дуусгасан. Гэтэл хүүнээс хэдэн төгрөг дутуу төлсөн гэж 1 сая төгрөгөөс хүүгийн хүү гэж нэмсээр байгаад 4 000 000 төгрөг зээлсэн мэтээр хүчээр дарамталж хоосон цаасан дээр регистрийн дугаар, гарын үсэг зуруулж авч байсан. Ажлын байран дээр хүүхдүүдийн дунд орилж чарлаж хашгичиж байсан. Үүнийг нотлох гэрч Галбадрах, Гансүх нарын мэдүүлгийг шүүх авч үзсэнгүй. Миний анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2010-2012 онд хүү төлж байсан баримтыг шүүх 2015 онд өгч байсан мэтээр шууд дүгнэж Т.Згийн талд шийдвэрлэж байгаа нь илт байна. Энэ нь бас миний өмгөөлөгчийн тавьсан хүсэлт болох 2010-2013.06.25-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж Т.Згийн талд үйлчилж байна. 2015.03.12-ны өдөр Т.Згийн дансанд 100 000 төгрөгийг намайг хийсэн мэтээр харагдуулж нотолж байгаа нь худлаа юм. Би Т.Згийн 2010-2013 оны ХААН банкин дахь дансны хуулгыг авч үзэх хүсэлт гаргасан боловч шүүх авч үзсэнгүй. Тухайн үед миний өгч байсан мөнгө Т.Згийн ХААН банкны дансанд орж байсан. Шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар дамжуулж Т.З надаас 16 сая төгрөг нэхэмжилж байсан. Ингэж худлаа ярьдаг хүн хүнийг яаж л бол яаж гүтгэдгийг шүүх мэдсэн мөртлөө Т.Згийн үгээр орж шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. 16 сая төгрөг нэхэж байсан хүн одоо болохоор 9 990 000 төгрөг надаас нэхэмжилж байна. Т.З ийм аймаар хүн гүтгэдгийг 16 сая төгрөгөөс 9 990 000 төгрөг болж буурч байгааг шүүх мэдсэнгүй. Т.З 2013.05.25-нд 4 000 000 төгрөг надад бэлнээр өгсөн гэдгийг шүүх нотолсонгүй. Т.Згийн 2013.05 сарын дансны хуулгыг авч үзэх хүсэлттэй байна. Надад бэлнээр өгсөн гээд байгаа 4 000 000 төгрөгийг хаанаас хэнээс авч өгснийг нь шүүх нотлох хэрэгтэй байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү. 1 сая төгрөг зээлж аваад 9 900 000 төгрөг болгож өгнө гэдэг илт миний амьдралыг хохироосон зүйл байна. Үүнийг би төлж чадахгүй.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.З 2013.05.25-ны өдөр 4 сая төгрөгийг хариуцагч Б.Эд бэлнээр зээлдүүлсэн гэдэг. Харин Б.Э 4 сая төгрөгийг аваагүй, 2010 онд 1 сая төгрөг аваад 2011-2012 онуудад төлж дууссан гэж талууд хоорондоо маргадаг. Үүний аль нь зөв болохыг ялгахын тулд бичгийн нотлох баримтуудыг судлах ёстой. Гэтэл шүүх Т.Згээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2013.05.25, 2014.06.25, 2015.08.25-ны өдрийн гурван удаагийн зээлийн гэрээг үндэслэсэн. Шүүх “Нэхэмжлэгч Т.З хариуцагч Б.Эд 2013 оны 05 сарын 25-ны өдөр 4 сая төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь... зээлийн гэрээ,... 3 сарын 4-нд 100 000 төгрөг дансаар гэж тэмдэглэсэн,... нэхэмжлэгч Т.З гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна. ...2015 оны 03 сарын 12-ны өдөр... тушаасан баримтаар хариуцагч нь 2015 оны 03 сард нэхэмжлэгч Т.Зд 100 000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн./шийдвэрийн 4 дүгээр хуудас/ Тэгвэл нэхэмжлэгч Т.З болон хариуцагч Б.Э нарын гаргаж өгсөн 09.26-нд 280 000 төгрөг бэлнээр, 10.30-нд 100 000 төгрөг бэлнээр, 12.22-нд 280 000 төгрөг бэлнээр, 03.04-нд 100 000 төгрөг дансаар, 04.17-нд 100 000 төгрөг бэлнээр гэж хүлээлгэн өгсөн хүлээн авсан хоёр талын гарын үсэг зурсан нотлох баримтууд нь хэдэн оны гэрээний үүргийг биелүүлээд байгаа нь тодорхой бус, он ерөөсөө байхгүй байдаг. Ийм байхад шүүх 2013.05.25-ны өдөр 4 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч Т.Згийн 2017.05.26-ны өдрийн хүсэлтэд “Б.Э нэрээр тушаасан гүйлгээнүүд Б овогтой Эын тушаасан орлогын гүйлгээ биш болно” гээд орлогын баримтыг ХААН банкнаас гаргуулсан байдаг. /104 дүгээр хуудас/ Энэ баримтаар 2015.03.12-нд Б.Э нь Т.Зд 100 000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогддог. Нотлох баримтаар гаргаж өгсөн “Зандаад 100 000 төгрөг 03 сарын 04-нд дансаар тушаав” гээд Т.З нь дансаар авсан гэж гарын үсэг зурсан баримт нь хэдэн оны гэрээний үүргийг биелүүлж байгаа нь мэдэгдэхгүй байсан ба 2013.06.25-2016.12.31-ний өдрийг хүртэлх дансны хуулганд байхгүй байдаг. Тэгэхээр Т.З нь Б.Эд 2013.05.25-ны өдөр 4 сая төгрөгийг зээлдүүлээгүй гэж үзэж байна. 2013.05.25-ны өдөр зээлийн гэрээ хийсэн атлаа энэ өдрөөс өмнө зээлийн хүү төлөөд байгаа нь энэ гэрээ аль зэрэг хууль зүйн үндэстэй хийгдсэн байна вэ гэдгийг, мөн хууль зүйн фактыг сайтар судалж үзэх шаардлагатайг харуулж байсан. Тийм ч учраас өмгөөлөгчийн зүгээс Т.Згийн 2010-2013.06.25-ны өдрийг хүртэлх хугацааны ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах тухай 2017.06.26-ны өдрийн 55 тоот хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. /149 дүгээр хуудас/ Шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгч Т.З, хариуцагч Б.Э нарын байгуулсан гурван гэрээ нотлох баримтаар авагдаж, 2013.05.25-нд байгуулсан гэрээг нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Б.Эыг дарамталж байгуулсан гэж шалгаж тогтоосон баримт байхгүй, 4 сая төгрөгийг нэхэмжлэгч Т.Згээс  зээлж бичгээр байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцлийг баримтаар нотлоогүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.  /шийдвэрийн 5 дугаар хуудас/ Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх дүгнэсэн атлаа нотлох баримтыг үнэлж дүгнэлгүйгээр орхигдуулсан гэж үзэж байна. Тухайлбал нотлох баримтаар гаргаж өгсөн 2013.05.25-ны өдрийн 4 сая төгрөгийн зээлийн гэрээг 2013.05.25-2014.06.25-ны өдөр хүртэл сунгасан. Тэгснээ 2014.06.25-ны өдөр 6 550 000 төгрөгийн гэрээ хийгээд 3 сарын хугацаатай байгуулсан уг гэрээгээ 2014.09.25-2015.02.25, 2015.02.25-2015.05.25, 2015.05.25-2015.07.25-ны өдөр хүртэл тус тус сунгасан. Дараа нь 2015.08.25-ны өдөр 3 сарын хугацаатай 8 990 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Зээлийн хүүнд төлсөн гэх 870 000 төгрөг нь хэдэн оны гэрээний үүргийг биелүүлж төлөөд байгаа нь тодорхойгүй, 2013.06.25-2016.12.31-ний өдөр хүртэлх нэхэмжлэгчийн дансны хуулганд байдаггүй. Нэхэмжлэгч өгөөгүй хүүг нэмээд бичдэг гэж тайлбарладаг, мөн 4 сая төгрөгөө Б.Эд хаана яаж өгснөө санадаггүй /хуралдааны тэмдэглэлд байгаа/  зэргээс үзэхэд магадгүй Б.Эд 2010 онд зээлсэн 1 сая төгрөгийн өгөөгүй хүүнүүд нэмэгдсээр байгаад 4 сая төгрөг болсон, үүнийгээ Б.Эаар гарын үсэг зуруулсанаа ашиглаж гэрээ хийсэн гэж үзэж байна. Дээр дурдсан гэрээнүүдийг дүгнэн үзэхэд анхны гэрээг сунгасан хугацаанд дахин гэрээ хийсэн нь тодорхой байдаг. Бас нэг тодорхой харагдаж байгаа нотлох баримт бол “03.04-нд Зандаад дансаар 100 000 төгрөг өгөв” гэсэн баримт нь гэрээ байгуулснаас хойшхи онуудын дансны хуулганд байдаггүй юм. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 435 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Б.Эаас 9 990 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд 2013.05.25-ны өдрийн зээлийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “4 000 000 төгрөг зээлж аваагүй. Т.З надаар гэрээний хоосон маягтан дээр гарын үсэг зуруулж авсан. Түүн дээрээ нөхөж гэрээ бичсэн байна. Би Т.Згээс 2010 онд 1 000 000 төгрөг зээлж аваад зээл, хүүгээ бүрэн төлж барагдуулсан. Иймд 2013.05.25-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж маргажээ.

Б.Э нь нэхэмжлэгчээс 2013.05.25-ны өдөр 4 000 000 төгрөгийг 5 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцжээ. /хх-3/

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Гэрээний зүйл болох мөнгийг бэлнээр шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүйн зэрэгцээ зохигчид зээлийн гэрээг 2013.10.25-2014.10.25-ны өдөр хүртэл сунгасан, үндсэн зээл 4 000 000 төгрөг дээр төлөгдөөгүй хүүг нэмж 2014.06.25-ны өдөр 6 550 000 төгрөгийн, 2015.08.25-ны өдөр 8 990 000 төгрөгийн гэрээ тус тус байгуулсан ба хариуцагч 8 990 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогджээ. /хх 102-103, 206/

Хариуцагч зээлийн төлбөрт 870 000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүүнд 280 000 төгрөг хоёр удаа, 100 000 төгрөг хоёр удаа, 60 000 төгрөг нэг удаа, 50 000 төгрөг нэг удаа тус тус авсан гэсэн атлаа нийт 770 000 төгрөг авсан гэж тооцооны алдаа гаргажээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч зээлийн төлбөрт нийт 870 000 төгрөг буцаан төлсөн гэж үзэн үлдэх 9 890 000 төгрөгийг гаргуулахаар, 2013.05.25-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э нь 2013.05.25-ны өдөр 4 000 000 төгрөг зээлж аваагүй ба нэхэмжлэгч хариуцагчаар гэрээний хоосон маягтан дээр гарын үсэг зуруулж, түүн дээрээ нөхөж гэрээ бичсэн гэж тайлбар гаргасан боловч энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.А нарын гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 129/ШШ2017/00435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, түүний өмгөөлөгч Б.А нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 173 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ                           Т.ДАВААСҮРЭН       

 

ШҮҮГЧИД                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ   

 

                                                Д.БЯМБАСҮРЭН