Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-эд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс,

хохирогч Э.О-г,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс, хохирогч Э.О-г нарын давж заалдах гомдлоор Н.Г-эд холбогдох эрүүгийн 1804001730129 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н.Г, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............... аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомашины механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт .............. дүүргийн .. дүгээр хороо, Сургалтын задгайн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................./;

 

Н.Г нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” нэртэй хүнсний дэлгүүрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд Э.О-г утсаар ярьж хардлаа гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа алгадаж унагасны улмаас Э.О-гийн биед зүүн талын зулайн дэлбэнгээс доош даган хөхлөг сэртэн дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун талын дух ба зулай хэсэгт цусархаг няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Н.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Н.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 3 жил, 4 cap, 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-эд оногдуулсан 3 жил, 4 cap, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Г нь хохирогчийн эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн, хохирогч Э.О-г нь xoxирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.Гэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар  шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Э.О-г гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн нөхөр Н.Г-тэй утсаар муудалцан хэлэх хэлэхгүйгээр доромжилсны дараа манай ажил дээр нөхөр маань ирээд “ажил тарж байна харих уу” гэхээр нь “харихгүй” гээд нөхөр рүүгээ мөн л элдэв муу үг хэлж “тэр уулзаад байсан хүүхэн рүүгээ яваач” гэж хөөсөн юм. Тэгтэл нөхөр маань уурлаад намайг нэг удаа алгадсан. Би ойчихдоо юм мөргөж унаад тархиндаа гэмтэл авсан. Энэ хэрэгт миний нөхөр Н.Г-ийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгээд явж байснаа гэнэт шүүхэд өгөх өдрөө 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйл ангийг нь өөрчлөөд шууд шүүхэд шилжүүлчихсэн байсан. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн үг юм билээ. Ингээд шүүх хурал болоход би өөрийн буруугаас болоод нөхрийгөө ийм үйлдэл хийхэд хүргэсэн, миний нөхрийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй, урьд өмнө нь намайг зодож байгаагүй гэдгээ хэлсээр байтал гэр бүлийн хүчирхийлэгч гэсэн ойлголтоор 3 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай урьд өмнө нь тийм асуудал гаргаж байгаагүй хүнийг яагаад нэг удаагийн, миний өөрийн буруутай үйлдлээс болж надад гар хүрсэн асуудалд нь ийм чанга ял шийтгэл оногдуулж байгаа юм бэ? Гэр бүл юм чинь бидний дунд хэрүүл гарах үе байдаг л байсан. Гэхдээ хэрүүл маргаан ихэвчлэн надаас эхэлдэг. Би л орилж, хашгирч, хэлэх хэлэхгүйгээр дайрч, хөөж тууж байдаг хүн. Миний хувьд аав, ээждээ эрхлээд өсчихсөн хүнээс хатуу үг дуулж байгаагүй. Миний үг, санаанаас хүн зөрөхөөр уур хүрээд байдаг муу зантай хүн. Хүнд дээрэлхүүлээд хүчирхийлүүлээд суугаад байх ч хүн биш. Гэтэл өөрөөсөө болоод хань нөхрөө хүчирхийлэгч болгож байгаад маш их харамсаж байна. Хамгийн гол нь ямар нэгэн хүчирхийлэл хийгээд байдаггүй хүнийг хүчирхийлэгч гэж хүндрүүлэн үзэж ял оногдуулсан явдал нь буруу байна.

2. Миний хувьд энэ хэрэгт хохирогчоор оролцсон бөгөөд тухайн үед биедээ гэмтэл авч шуурхай эмчилгээ хийлгэсэн. Одоо бол ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй бүрэн эдгэрсэн байгаа. Анхнаасаа би гомдол, санал ямар нэгэн нэхэмжлэх зүйл гаргаагүй. Хэдийгээр би түргэн огцом ааштай нөхөртөө алгадуулж унах үед биедээ гэмтэл авсан нь үнэн боловч тухайн асуудал хэний буруугаас болсон гэдгийг маш сайн ойлгож гэмшиж байгаа. Би бодохдоо Г намайг алгадсан нь бүруу ч гэсэн шууд намайг алгадсанаас болоод миний тархинд гэмтэл аваагүй байх гэж боддог. Би унахдаа юм мөргөөд л эсвэл шал мөргөөд л гэмтсэн байх. Хэрэв би унаагүй байсан бол, хэрэв   юм мөргөөгүй бол гэмтэл авахгүй байх байсан. Тэгэхээр энэ гэмтэл нь Г-ийн алгадсанаас үүдэлтэй ч гэсэн түүний үйлдлээс шууд учирсан гэмтэл биш гэж хөнгөрүүлэн үзэх байх гэж бодож байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Н.Г-эд оногдуулсан хуулийн зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Г нь хувиараа таксинд явах болон бусад янз бүрийн ажил хийж хангалттай орлого олдог учраас торгуулийг өөрийн орлогоор бүрэн төлөх боломжтой хүн юм.” гэв.

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар” гэж дүгнэлт хийхдээ шүүгдэгч Н.Г-эд ял шийтгэл оногдуулах талаар Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн заалтуудыг баримтлан түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэжээ. Гэтэл тухайн хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага бүрт цагдаагийн алба хаагч нь аюулын зэргийн үнэлгээ хийх, нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийж байхаар зохицуулж өгсөн байдаг. Үүний дагуу энэ хэрэгт эдгээр эрх бүхий ажилтнууд үнэлгээ дүгнэлт гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнээгүй бөгөөд тохиолдлын чанартайгаар, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн талаар дүгнэлтүүд гаргасан ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хувьд ч шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ыг заавал тусгасан байхаар заасан байхад шүүх нь шүүгдэгчийг яллах талын баримтад дүгнэлт хийж яллах үндэслэл болгосон мөртөө түүнийг цагаатгах, ялыг хөнгөрүүлэн авч үзэх баримт үндэслэлийг няцаасан дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа зөвхөн яллах талыг барьсан, дээрхи хуулийн заалтыг хангаагүй байна гэж үзэж байна.

2. Мөн прокурор нь анх 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Н.Г-эд яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Э.О-г нэг удаа алгадаж хүнд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн. Н.Г ч энэ гэм буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөд явж байтал хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хуулийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар ялыг өөрчлөн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг гаргахдаа яг ямар үндэслэлээр гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх болов гэдгээ огт бичээгүй. Зөвхөн “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй” байна гээд л тогтоолыг өөрчилсөн. Үүнийг нь холбогдогч ч ойлгоогүй, мөн зүйлчлэлийг ч зөвшөөрөөгүй. Уг нь аль нэгэн эрх бүхий этгээдээс гарч байгаа тогтоол шийдвэр нь эрх зүйн акт бөгөөд эрх ашгаа хамгаалуулж байгаа болон эрхээ хязгаарлуулж байгаа этгээдүүд хэн алинд нь ойлгомжтой, тодорхой, үндэслэл бүхий байх ёстой бөгөөд дараагийн шатанд гомдол гаргах эрх үүргийг тайлбарлаж эрхийг нь эдлүүлэх ёстой байсан. Гэвч ял өөрчлөн тогтоол гаргаж, танилцуулж байцаалт аваад л шууд шүүхэд шилжүүлсэн. Мөн өмнө нь яллагдагчаар татсан тогтоолын үндэслэл нь ойлгомжтой байсан, яг тэр үндэслэл хэвээрээ байхад яагаад хүндрүүлж байгаа үндэслэлээ тодорхойлохгүйгээр шууд хүчирхийлэл гэж үзлээ гээд л өөрчилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...прокурор ... үндэслэл бүхий дараах шийдвэрийг гаргана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Прокурор нь ийнхүү хуулийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөхдөө тухайн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгосон бөгөөд энэ нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд хамрагдаж байгаа. Гэтэл мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг Эрүүгийн хариуцлагад татах үндэслэл нь “гэр бүлийн хамааралтай хүнийг байнга” буюу хууль хэрэглээний ойлголтоор 2 буюу түүнээс дээш удаагийн үйлдэлтэй байхаар хуульчилсан байна. Энэхүү хэрэгт хохирогчийг удаа дараа зодсон, дарамталсан байж болох мэдүүлгүүд байдаг хэдий ч эдгээр нь нотлогдоогүй баримтжуулагдаагүй бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд ч зөвхөн нэг удаа буюу анх удаа зодсон гэх үйлдлийн улмаас шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдэлтэй бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байхад зөвхөн нэг удаагийн үйлдлээр хүнд гэмтэл учруулсан энэхүү үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулан хүндрүүлэн зүйлчилсэн нь буруу бөгөөд үүнийг шүүхийн шатанд ч зөвтгөн өөрчилж зүйл ангийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах боломжтой байхад шууд яллах дүгнэлтэд дурьдсан зүйлчлэлээр шийдвэрлэсэн нь мөн буруу байсан гэж үзэж байна. Хэрэглэж буй хуулинд нь тухайн үйлдлийг хэрхэн ойлгох тухай шууд заагаад өгчихсөн байхад өөр хуульд заасан ойлголтыг өөрийн хэрэглэж байгаа хуулиндаа авч хэрэглэсэн нь буруу бөгөөд хэрэв хэрэглэж байгаа хуулинд нь энэ талаархи ойлголт огт байхгүй байсан бол өөр хуульд заасан ойлголтыг авч хэрэглэж болдог гэж хуульч би ойлгож байна.

4. Н.Г-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн буруутай үйлдлийн улмаас эхнэртээ хүнд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 2 хүүхэдтэй, хувиараа ажил эрхэлж тогтмол орлого олдог, хохирогчийн биеийн байдал эрүүл болсон, хохирогчоос гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй зэрэг нөхцлүүд байгаа нь түүнд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгуулын ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Дээрхи нөхцөл байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгон өөрчилж хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаас цагаатгах болон хөнгөрүүлэх баримтуудыг үндэслэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж мөн хуульд зааснаар түүний орлого, гэр бүлийн байдлыг харгалзан торгуулийг 3 жилийн хугацаанд барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Багануур дүүргийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 131 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Н.Г-эд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ түүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, хүнд гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Г-эд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дүгээр зүйлд зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Н.Г нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” нэртэй хүнсний дэлгүүрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд Э.О-г утсаар ярьж хардлаа гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа алгадаж унагасны улмаас Э.О-гийн биед зүүн талын зулайн дэлбэнгээс доош даган хөхлөг сэртэн дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун талын дух ба зулай хэсэгт цусархаг няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.О-ийн “...би 2018  оны 7 дугаар сарын 27-ны өдөр ... ажил дээр байхдаа нөхөр Н.Гтэй утсаар ярьж байснаа санаж байна. Н.Г-тэй утсаар би маргалдаж байсан. Тэр үед Н.Г архи уусан байсан. Би Н.Г-ийг архи уулаа гэж л загнасан байх гэж бодож байна. Ингээд түүнээс хойш ямар асуудал болсныг огт санахгүй байна. Би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр 2018 оны 7 дугаар сарын 28-ны орой 16 цагийн үед ухаан орж сэргэсэн. Би Гэмтлийн эмнэлэгт 10 хоног, дараа нь Цэргийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд Багануурт гэртээ ирсэн. ...миний бодлоор би Н.Гтэй утсаар хэрэлдээд улмаар Н.Г ажил дээр орж ирээд миний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-13-16/, гэрч Ч.Жанчивын “...манай бараа өрөгч Э.О-гийн нөхөр Г гэдэг залуу архи уучихсан бололтой, халамцуу дэлгүүрт орж ирээд надаас “О хаана байна” гэж асуухаар нь би түүнд “О тэнд бараа өрж байгаа” гэж хэлсэн. Ингээд би үйлчлүүлэгч нартай тооцоо хийж байтал дэлгүүрийн ногооны тасгийн орчим тас, няс гэх дуу чимээ гарсан. Би эргээд хартал О газар, шалан дээр дээшээ хараад уначихсан, хоёр гар нь татаад ухаан алдсан байдалтай байсан. Тэр үед Г нь О-гийн цээж хэсэг рүү олон удаа өшиглөж байсан. ...би Г-ийн араас “чи ямар аймар юм бэ?, эхнэр чинь ухаан алдсан байна шүү дээ” гэж хэлэхэд Г эргэж ирээд намайг архины тасагт зогсож байтал “эр, эмийн асуудал чамд хамаагүй, илүү” гэж хэлээд гараа атгаж байгаад миний толгойн хэсэгт нэг удаа цохичихоод дэлгүүрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-17-18/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-7/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 299 дугаартай дүгнэлт /хх-41/, шүүгдэгч Н.Г-ийн яллагдагчаар өгсөн “...би О-гийн хацар руу гараараа алгадахад О дэлгүүрийн плитан шалан дээр толгойгоороо унасан.” гэх мэдүүлэг /хх-50-51/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Н.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Н.Гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тухайн зүйлд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Ганганбарс, хохирогч Э.О-г нар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй нөхцөл байдлыг заавал хангасан байх бус гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, санаа зорилго, учирсан хор уршигаар тодорхойлогдох тул тэдний гаргасан гомдлуудыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.О-г, шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.О-г, шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Л.Ганганбарс нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                     ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ