Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0437

 

2015 оны 9 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/1437

Улаанбаатар хот

 

 

С.Аын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор С.Аын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдохзахиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би улсад 29 жил ажиллаад, 50 нас хүрээд, 2006 оны 5 дугаар сарын 16-нд ердийн нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон. Хүнд нөхцөлд ажиллаж байсан материалууд тухайн үед олгодоггүй байж байгаад тэтгэвэрээтогтоолгосны дараа нь олдсон. Хүнд нөхцөлд ажиллаж байснаар тэтгэвэр авч байсан. Гэтэл 2013 оны 05 дугаар сард Нийгмийн даатгалын Ерөнхий газраас шалгалт ирсний улмаас миний тэтгэвэрт акт тавигдсан.Тухайн үед тасралтгүй ажилласан сүүлийн 20 жилийн аль нэг дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаар тэтгэвэр тогтоолгоно гэсэн аргачлалын дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгосон билээ.

Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу 1990 он ба түүнээс өмнөх хөдөлмөрийн хөлсийг 649 дахин нэмэгдүүлж тооцох болсон билээ. Засгийн газрын энэ тогтоолын дагуу 1986-1990 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргаж хандсан боловч боломжгүй гэх юм.

Миний бие өөрийн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох эрхийг нийгмийн даатгалын байгууллага эдлүүлэхгүйгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь надад олгогдсон иргэний эрхийг зөрчиж, 2012 оноос хойш тэтгэврийн зөрүүгээр намайг хохироож, Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" журмыг хэрэгжүүлэхээс Нийгмийн даатгалын байгууллага татгалзаж, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох хуульд заасан иргэнийг хуулиар олгогдсон эрхийг маань ноцтой зөрчиж, өнөөдрийг хүрлээ.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасны дагуу 1986-1990 оны дараалсан 5 жилийн

хөдөлмөрийн хөлснөөс тооцон, өндөр насны тэтгэвэрээ нэмэгдүүлэн тогтоолгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчтэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлно" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч С.А нь 28 жил 4 сар 16 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлсөө 2007-2011 онуудыг сонгож, өндөр настны тэтгэвэр тогтоолгосон байна. Түүний танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 1986-1990 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон, өндөр настны тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах тухай байна.

Нэгэнт тогтоогдсон өндөр настны тэтгэврийн хэмжээ өөрчлөн тогтоолгох харилцааг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулжээ. Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох үндэслэл байхаар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-ийн 1 дэх хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч С.Аийн тухайд авч үзвэл өндөр настны тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн хөдөлмөрийн хөлс/2007-2011 онууд/-ний хэмжээ болон шимтгэл төлсөн хугацаа нэмэгдэн өөрчлөгдөх үндэслэлтэй болохыг нотолсон баримт байхгүй юм.

Тухайлбал хэрэв нэхэмжлэгч С.Аийн 2011 онд шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь сард 500,000 төгрөг байсан бөгөөд энэ нь хожим 1,000,000 төгрөг болох нь баримтаар тогтоогдсон нөхцөлд хуулийн дээрх заалтыг дагуу тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох юм. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох 5 жилийг цалин хөлсийг сонгох боломжийг хууль тогтоогч иргэнд нэг л удаа олгосон бөгөөд тэтгэвэр олгогдоод явж байх хугацаанд 5 жилийн цалин хөлсийг дахин сонгох боломжгүй юм гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Аын өндөр насны тэтгэврийг 1986-1990 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон өөрчлөн тогтоохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгажшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо: Ховд аймгийн Үенч сумын иргэн С.Аын нэхэмжлэлтэй Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан 1986-1990 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэн тогтоохыг хариуцагчид даалгахыг хүссэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалинд өөрчлөлт орох үндэслэлтэй болсон тохиолдолд тухайн 5 жилийн цалинг дотор нь өөрчлөлт оруулж болохоос биш өөр дараалсан 5 жилийн цалинг сонгох ямар ч үндэслэлгүй болно. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 08 сарын 04-ний өдрийн 13 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул хариуцагчийн гомдлын ханган, шийдвэрийг хүчингүй болгож, С.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлдээ ... би улсад 29 жил ажиллаад 50 нас хүрээд, 2006 оны 5 дугаар сарын 16-нд ердийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон болно ... Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу 1986-1990 оны 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгохыг хүссэн боловч нийгмийн даатгалын хэлтэс боломжгүй гэх юм ... гэж дурдсан боловч С.А нь улсад 28 жил 4 сар ажиллаж,2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ингэхдээ өөрийн хүсэлтээр 2007-2011 оны хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийг тооцуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэг, өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл, С.Аийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: гэж заажээ.

Нэхэмжлэгч С.А нь 2006 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байсан хэдий ч тогтоолгоогүй байх тул тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн 1986-1990 оны цалин хөлс нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2011 оноос тооцоход дээрх хуульд заасан сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай 5 жилгэдэгт хамаарахгүй байна.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолоор 1990 оноос өмнөх цалин хөлсийг 645 дахин өсгөх итгэлцүүр баталсан тул түүний дагуу тэтгэвэр тооцох цалин хөлсөө өөрчлөх эрхтэй гэх боловч уг тогтоолоор цалингийн итгэлцүүрийг баталсан зорилго нь Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй дүйцүүлэн тооцох замаар нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтооход оршдог.

Харин жил бүр итгэлцүүрийг шинэчлэн тогтоох нь нэгэнт тогтоогдсон тэтгэврийн хэмжээг тооцсон 5 жилийг тэтгэвэр авч байгаа иргэдийн хүсэлтээр тухай бүр өөрчлөх зорилгогүй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр өөрчлөн тогтоох-оор заажээ. Энд заасан өөрчлөгдөх үндэслэлтэй болсон хугацаа,хөдөлмөрийн хөлс нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан сүүлийн 20 жилийн доторх 5 жилийн хөдөлмөрийн хөлс байх шаардлагыг хангасан байх ёстой. Түүнээс гадна уг хугацаа-г тэтгэвэр тогтоолгох үедээ тэтгэвэр авагч мэдээгүй, эсхүл энэ талаарх баримт байхгүйгээс тухайн хугацаа тэтгэвэр тогтооход тооцогдоогүй байхыг ойлгох бөгөөд С.Аийн хувьд 1986-1990 оны 5 жилийн хугацаа нь тэтгэвэр тогтоолгох үед мэдэгдэж байсан, нийт улсад ажилласан жил буюу 28 жил 4 сард орж тэтгэврийг тооцсон болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэг, С.Аийн гаргасан өргөдөл, тэтгэврийн тооцоолол зэргээр тогтоогдож байна. Иймд хариуцагчийн С.Аийн тэтгэврийг өөрчилж тогтоогоогүй эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй байх тул С.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхийг анхаараагүй, мөн маргааны үйл баримтад хамаарах хуулийн заалтуудыг уялдуулан зөв хэрэглэлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1-д заасныг баримтлан С.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ