| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0194/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/204 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:Н.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Яллагдагч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн ... гэх газар иргэн Т.Пгийн адуунд нийлсэн алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Бт 800 000 төгрөгийн хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сайншанд суманд байж байгаад хөдөө гэр болох Дорноговь аймгийн... гэх газарт очсон. Тэр үед манай ахын адуунд загал зүсмийн сувай гүү 1 ширхэг орчихсон бэлчээрт яваад байдаг байсан. Тэгэж байгаад надад гэнэт мөнгөний хэрэг гараад байсан болохоор би аав, ээж 2-ын эзэмшлийн тэмээнүүдээс нэгийг нь төхөөрөөд зарж мөнгөтэй болох санаатай тэмээгээ хайгаад 2 өдөр явтал олдохгүй байсан. Тэгэхээр нь ах Пгийн адуунд эзэнгүй гүү байгаа юм чинь тэрийг төхөөрчихье гэж бодоод худаг дээр очоод Этай хамт барьж аваад Хоёр овоот гэх газарт байх ахынхаа өвөлжөөн дотор оруулж байгаад нугасалж төхөөрсөн. Тэгээд янзалсан махаа Замын-Үүд сум руу аваачиж зарна гэж бодож байтал манай нутгийн залуу М гэх тухайн өдрийн өглөө надад бас үхэр янзлаад Замын-Үүд сум руу явж зарна гэж хэлж байсныг санаад хамтдаа Замын-Үүд сум руу явахаар ярилцан тохиролцсон. Тэгээд би Эар дамжуулан Э ахын машиныг гуйж аваад буцаж өвөлжөө ороод адууныхаа махыг аччихаад Мтай уулзаж үхрийн махыг нь бас ачаад Замын-Үүд сум руу явсан. Маргааш нь нэг танихгүй ахад адууныхаа махыг 870 000 төгрөгөнд зарчихсан. Зарсан мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл аваад ойр зуурын зүйлд үрээд дуусгасан... Э манай хамаатны залууд ...өөрийнхөө гүүг л төхөөрч байгаа мэтээр ойлгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар хуудас/,
Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 2 дугаар багийн нутагт “Хоёр овоот” гэх газар оршин суудаг Т.Пгийн адуунд миний им тамгагүй Загал зүсмийн гүүг азарга нь хураагаад авчихсан байсан. Т.Пг танидаг болохоор адуунд нь гүүгээ үлдээхээр хавар унагалах үед нь авнаа гээд захиж үлдээгээд явсан байсан юм. 2018 оны 12 дугаар сард миний загал гүү алга болчихсон гэж Т.П надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э, Н.Б хоёр нэг адууны мах янзлаад дэлгэсэн байсан. Тэгээд би машиндаа ачаад гэрлүүгээ явсан Б.Э, Н.Б хоёр Э гэх залуугийн цагаан өнгийн Ландкрузер 100 маркийн машинтай ирсэн, үхэр, адууны махыг тэр машинд нь ачаад Замын-Үүд сум руу явсан... Би Э, Б хоёрт адууны ширээ ачихгүй юм уу гэхэд хогийн жалганд хаясан арьсыг нь зүссэн тийм болохоор ченж нар авдаггүй гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Т.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай адуунд 2017 оны намар 8 сард загал зүсмийн тамга тэмдэггүй нэг гүү нийлсэн байсан. Тэгээд загал зүсмийн гүү манай адуунд нийлсэнээс хойш удаагүй Улаанбадрах сумын 1 дүгээр багийн иргэн Х.Б гэх залуу надтай уулзаад танай адуунд миний загал гүү нийлсэн байна гэж надад хэлж байсан, би тэр үед Х.Бийн адуу гэж мэдсэн... Х.Б хэлэхдээ загал гүү танай адуунд байж байг танай зээрд азарганаас төл авах санаа байна гэж хэлээд явсан... 2018 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санаж байна ямар ч байсан өдөр хоногийг нь яг сайн санахгүй байна, адуугаа харж явтал Х.Бийн загал гүү манай адуунд байхгүй байхаар нь Х.Бт загал гүү чинь манай адуунд байхгүй байна, ирж эрж хайгаарай гэж хүнээр хэлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамаатны залуу болох Н.Б 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр надтай уулзаад би хүнд өр өгөх хугацаа нь болчихоод мөнгөний хэрэг байна, чи унаа олоод өгчих би ганц адуутай Замын-Үүд сум руу явах хэрэг байна гэж хэлсэн... Н.Б надад хэлэхдээ би хүнээс адуу авсан байгаа юм гэж хэлсэн. Би хэний адуу байсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг/хх- ийн 13-14 дүгээр хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 253 дугаартай: “... соёолон гүү 800 000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 16 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн ... гэх газар иргэн Т.Пгийн адуунд нийлсэн алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Бт 800 000 төгрөгийн хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан.
Хохирогч Х.Б нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Б нь хохирлоо бүрэн төлүүлсэн тухай мэдүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Бгийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА