Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Эрэнмаш  овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга             Алаг адуун овогт Мижиддоржийн Пүрэвдорж

Улсын яллагч                           Баяжих овогт Батжаргалын Одонтуяа

Шүүгдэгч                                   Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтох

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нэргүйн Бүрэнтогтоход холбогдох 1923001390093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтох, Регистрийн дугаар: ДЛ79121210,

Шүүгдэгч Нэргүйн Бүрэнтогтох нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэргүйн Бүрэнтогтох нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн нутаг Буга гэх газар үл ялих зүйлээр шалтаглан Г.Сүхбаатарын толгойн тус газарт чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн  хохирогч Г.Сүхбаатарын “ ... Бүрэнтогтох намайг толгойны орой хэсэг, баруун шанааны дээд хэсэгт чулуугаар цохисон. Миний толгойны орой хэсэг мөн баруун шанааны дээд хэсэг хоёр газарт мэсний шархтай болоод овгор шархтай болсон. ...5 оёдол тавиулж 5-6 удаа боолт хийлгэсэн. Энэ асуудлаас болж надад 1 сая төгрөгний хохирол учирсан. Хохирлоо бүрэн барагдуулахаар тохиролцсон байгаа...” гэсэн мэдүүлэг

Бүрэнтогтох, Сүхбаатар нарыг зодолдсон тухай мэдүүлсэн гэрч А.Гансүхийн “...Монлом Сүхбаатар 2 нь маргалдсан байдалтай байсан. ...Бүрэнтогтох, Сүхбаатар 2 хоорондоо зодолдоод байсан.  ...чулуугаар 3 удаа цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг           

Н.Бүрэнтогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Монломжамцыг Сүхбаатар зодоод байхаар нь би Гансүх гэдэг залууг салгаатах гэсэн чинь Гансүх салгаж чадахгүй байхаар нь би Сүхбаатарыг хүн аллаа наадахаа боль гэсэн чинь Сүхбаатар тэгвэл би чамтай үзнэ чамайг ална гэхээр нь би газраас чулуу авч бос ч ирээд Сүхбаатарын толгой руу нь цохисон... Би Сүхбаатартай уулзаж уучлалт гуйж буруу зөвөө ойлголцож эвлэрсэн. Мөн Сүхбаатарт учруулсан хохирол болох 1 сая төгрөгийг төлөхөөр тохиролцож баталгаа гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Бүрэнтогтохын үйлдлийн улмаас хохирогч  Г.Сүхбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 000000155  дугаартай шинжээчийн “ ...иргэн Г.Сүхбаатарын биед духны урд хэсэг, толгойн оройн зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй, ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Духны урд хэсэг, толгойн оройн зүүн хэсэгт шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд  Н.Бүрэнтогтохын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Хохирогч Г.Сүхбаатар нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн ба  гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ сувилгаатай холбогдон  гарсан зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй  байна.

Харин шүүгдэгч Н.Бүрэнтогтох нь хохирогчтой эвлэрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бүрэнтогтох нь иргэн Г.Сүхбаатарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Бүрэнтогтохыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Н.Бүрэнтогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Н.Бүрэнтогтохыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Бүрэнтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7,1.8-д  заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтоход 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтох оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өртөө харуул овогт Нэргүйн Бүрэнтогтоход оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Н.Бүрэнтогтоход 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Н.Бүрэнтогтох хохирогч Г.Сүхбаатарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Н.Бүрэнтогтохын хувьд ногдох хөрөнгөнөөс 15 тооны эр хонийг  битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Н.Бүрэнтогтох нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ                               Н.ДЭЛГЭРМАА