Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0204

 

Б  ХХК, И  ХХК, Э  ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Л.Хэрлэнчимэг, нэхэмжлэгч Б  ХХК-ийн төлөөлөгч Б.О , И  ХХК-ийн төлөөлөгч И.Т , Э  ХХК-ийн төлөөлөгч Ү.Э , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Х , Д.Х нэхэмжлэгч И  ХХК, Э  ХХК-ийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , С.Б , Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж , Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж , өмгөөлөгч Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж давж заалдах гомдлын дагуу Б  ХХК, И  ХХК, Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-д захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, мөн энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл, 32.5.3-т захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой бичихийг заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х ын 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж бичсэн 01/2693 дугаар албан бичиг нь дээрх нэр бүхий компаниудын хууль ёсны ямар ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж, тэдгээрийн эрх ашигт ямар хохирол учруулсан, үүний улмаас зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар тодорхой дурдсан нэг ч өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл түүний гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн хэлбэр, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй ба нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой биш байна.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэж үзэх бөгөөд дээрх нэр бүхий компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х ын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд ...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч компаниуд болон тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалж буй Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо Төрийн бус байгууллагын зүгээс удаа дараа дээд шатны байгууллага, албан тушаалтнууд болох дээрх яамдын сайд нарт хандаж албан бичиг, гомдол, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй... гэж дурдсан мөн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд Монголын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо Төрийн бус байгууллагын захирал И.Т ын гаргасан нэхэмжлэгчээс гаргаж буй тодотгол тайлбар зэргээс харахад нэр бүхий компаниуд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргасан юм шиг эсхүл Монголын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо Төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргасан ч юм шиг хэн нь нэхэмжлэгч болох нь ойлгогдохгүй байна. Нэхэмжлэлд дурдагдсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол шинжлэх ухааны яаманд хандаж бичсэн 01/2693 дугаар албан бичиг нь нэр бүхий компаниудад хандаагүй, тэдгээрийн эрх ашгийг огт хөндөөгүй зөвхөн яамд хоорондын ажлын зохион байгуулалтыг зохицуулсан дотогш чиглэсэн захиргааны акт юм. Иймд хуульд заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй Б , И , Э  ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х ын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Боловсрол шинжлэх ухааны яаманд холбогдох маргааныг захиргааны акттай холбоотой маргаан биш гэж ойлгож байна. Учир нь нэхэмжлэлд дурдагдсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан даалгавар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж бичсэн 01/2693 дугаар албан бичиг нь нэр бүхий компаниудад хандаагүй, тэдгээрийн эрх ашгийг огт хөндөөгүй зөвхөн яамд хоорондын ажлын зохион байгуулалтыг зохицуулсан дотогш чиглэсэн захиргааны акт юм.

Захиргааны акт гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан байх ёстой. Энэхүү маргаан бүхий акт нь захиргааны акт мөн эсэхийг шалгахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4.1 дэх заалтыг агуулж байгаа боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус заасан шинжүүдийг агуулахгүй байгаа нь захиргааны акт биш гэдгийг харуулж байна. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт явуулсан албан бичиг нь Боловсролын яамнаас дотогшоо чиглэсэн буюу боловсролын үйл ажиллагаа явуулдаг доод шатны байгууллага руу чиглэсэн акт байна. Өмнөх шүүх хуралдаанаар Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн боловсролын газрууд нь сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загварыг баталсан байдаг. Иймд 21 аймаг, нийслэлийн боловсролын газрын даргын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг баталсан тушаалуудыг нотлох баримтаар гаргуулахаар шүүхэд хандсан боловч шүүх эдгээр тушаалууд болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч, өмгөөлөгчид ирээгүй учраас асуудал зөвхөн Боловсрол шинжлэх ухааны яаманд холбогдуулан яригдаж байгаа юм шиг санагдаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар энэхүү маргаан бүхий актуудыг захиргааны акт мөн гэдгийг нь тогтоосон гэж тайлбарлаж байна, Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны акт мөн гэж үзэж байгаа тайлбар нь учир дутагдалтай байна. Захиргааны акт мөн гэсэн шаардлагыг яагаад хангаж байгаа гэдэг үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны дотогш чиглэсэн шийдвэрийг захиргааны акт гэж үзэж байгаа нь буруу юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б , И, Э  ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б  ХХК, И  ХХК, Э  ХХК-ууд нь Боловсрол шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Э , Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.З нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Засгийн газрын бүтцээс Үйлдвэр, хөдөө ая ахуйн яам хасагдаж, татан буугдсан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1-т заасны дагуу хуулийн этгээд татан буугдах, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлэх зэргээр тухайн эрх зүйн маргаанаас гарсан тохиолдолд шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болдог. Энэхүү хэргийн хувьд Аж үйлдвэрийн яамыг эрх залгамжлагчаар оролцуулах тухай аливаа хүсэлтийг талууд гаргаагүй. Анхан шатны шүүх ч Аж үйлдвэрийн яамыг эрх залгамжлагчаар оролцуулах ажиллагааг хийгээгүй ба хариуцагчийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн бичгийн дарга гэж тодорхойлж шийдвэрээ гаргажээ. Гэвч шүүх хэргийг шийдвэрлэх үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам татан буугдсан байсан ба Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн бичгийн дарга гэсэн албан тушаал байгаагүй юм.

Ийнхүү шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрх залгамжлагчаар Аж үйлдвэрийн яамыг тогтоогоогүй атлаа шүүхийн шийдвэрийг манай яаманд хүргүүлсэн нь ойлгомжгүй байна. Хэрвээ Аж үйлдвэрийн яам нь эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тохиолдолд нь манай яамнаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг шүүх зохих журмын дагуу гүйцэтгэх ёстой байсан. Эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн үүрэг хариуцлагыг бүрэн хүлээдэг учир түүнд эрх, үүргийг нь зохих журмын дагуу танилцуулах ёстой байдаг. Гэтэл шүүх Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, тэдгээрт эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг манай яаманд хүргүүлжээ. Шүүхийн шийдвэрт шүүх хуралдааны товыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй... гэж бичсэн ба татан буугдсан яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид утсаар мэдэгдэнэ гэсэн ойлголт байх учиргүй. Ийнхүү шүүх эрх залгамжлахтай холбогдсон ажиллагааг хуулийн дагуу хийгээгүйн улмаас хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдэлж чадаагүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсан.

Анхан шатны шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар албан бичгийг өрсөлдөөнийг санаатайгаар хязгаарласан, зах зээлд цөөн тооны компаниудад давуу байдал олгох замаар нэхэмжлэгч, компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө батлагдаж үүнд оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг дэмжих чиглэлээр Засгийн газар ажиллахаар тусгасан байдаг. Мөн уг хөтөлбөр батлагдахтай зэрэгцэн 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын Үйлдвэржилтийн шинэ эрин үе зарласныг дэмжих тухай 118 дугаар тогтоол гарч үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр Засгийн газар тодорхой ажиллагаануудыг эхлүүлсэн. Улмаар 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгө буюу Чингис бондын хөрөнгөөс Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая доллар хүртэл хэмжээний санхүүжилт, зээлийг олгохоор шийдвэрлэж зээлийг зарцуулах, эргэн төлүүлэх асуудлыг хариуцаж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Б-д үүрэг болгосон. Дээрх Засгийн газрын шийдвэрүүд, сайдад өгөгдсөн үүргүүдийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын үйлдвэрийг аттестатчилах, техник технологийн үнэлгээ хийх ажиллагааг зохион байгуулж үүнийхээ үр дүнд үйлдвэрлэл явуулах боломжтой бүх аж ахуйн нэгжүүдийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн төрийн нарийн бичгийн дарга Х.З яаман дээрээ урьж сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх талаар 2013 оны 06 сарын 10-ны өдөр уулзалт хийсэн байна. Уг уулзалтад нэхэмжлэгч гурван аж ахуйн нэгж, давуу байдал олгогдсон гэх долоо болон бусад аж ахуйн нэгжүүд оролцсон. Энэхүү хурлаар 2013 оны 9 сардаа багтааж сурагчийн дүрэмт хувцсыг хэрхэн үйлдвэрлэх асуудлыг төр болон аж ахуйн нэгжийн төлөөлөл шийдвэрлэхийг зорьсон байдаг.

Гэвч нэхэмжлэгч И , Э , Б  компаниудын удирдлага нь бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтрахгүй бид дангаар хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж хурлыг орхиж явсан нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Тухайлбал:

Б  ХХК-ийн н.О  ...Бидний талд үйлдвэрлэгчдийн 70-80 хувь зогсож байна. Дэмжвэл сайн, дэмжихгүй бол 2 талдаа гаръя, манай холбоонд энэ асуудал таалагдахгүй байна /энэ асуудлаас болж нилээд маргаан гарав/', И ХХК-ийн Төмөрбаатар 2 сараас энэ тухай асуудал эхэлсэн СДХҮ холбоо байгуулагдаж ажилласан. Та бидний ажлын аргачлал тохирохгүй байна, Б  ХХК-ийн н.О  Сонгон шалгаруулалтыг дахин хийх, би алдах юмтай, та нар алдах юмгүй, би хэзээ ч 6 ХХК-ийг дагахгүй, Засгийн газарт хэлнэ, Сурагчдыг босгоно, О  хашигчин уурлаж энэ үйлдвэрлэлд бид оролцохгүй гэж эсэргүүцсээр хурлыг хаяж гарч явлаа гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компаниуд өөрсдөө төсөл хэрэгжүүлэхээс татгалзсан, бусад компаниудтайгаа хамтрахгүй зах зээлийг дангаар эзлэх сонирхолтой байсныг тодорхой харж болно. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс шүүхийн шийдвэрт заасан шиг өрсөлдөөнийг аливаа байдлаар хязгаарлаагүй, харин ч бүх компаниудад ижил тэгш боломж олгосон гэдгийг энэхүү хурлыг зохион байгуулснаас тодорхой харж болохоор байна. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн бичгийн дарга Золжаргал Та нарыг сонслоо. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд бүх л үйлдвэрлэгчдийг оролцуулах кластераар хөгжүүлэхэд яам бодлогоор дэмжиж байна. Өнөөдрийн хуралдаанаар та бүхнийг Кластераар олон үйлдвэрүүдийг нэгтгэн хамтран ажиллаж зөвшилцөлд хүргэх зорилгоор, мөн та бүхнийг яаж үйлдвэрлэлээ удирдан зохион байгуулах талаар хэлэлцэн тохиролцох гэсэн боловч Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбоотой энэ удаа ойлголцолд хүрсэнгүй. Холбоодод үүрэг болгоход өөр өөрсдийн төслөө боловсруулан ирүүлэхийг хүсье гэж хэлж байжээ.

Үүнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга өрсөлдөөнийг хязгаарлах бус харин ч бүх үйлдвэрүүдийг яам оролцуулахыг хүсч байгаагаа илэрхийлж хурлын төгсгөлд бүгдээрээ төслөө ирүүлээч гэдэг хүсэлтийг үйлдвэрлэгч нарт тавьсан нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүх уг хурлаар өрсөлдөөнийг хязгаарласан мэтээр бодит байдлаас ташаа дүгнэлт хийжээ.

Ийнхүү уг хурлаар бүх аж ахуйн нэгжүүдэд төслөө боловсруулан ирүүлэхийг хүссэний дагуу Оёдлын нэгдсэн холбооноос холбогдох төсөл, саналуудаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн ба үүнтэй холбогдуулан 14/22 дугаар албан бичгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн байдаг. Харин Сурагчийн дүрэмт хувцасны холбоо буюу И , Б , Э  компаниудаас ямар нэгэн төсөл албан бичгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлээгүй юм.

2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө сурагчийн дүрэмт хувцас бэлэн болгох үүрэгтэй ажиллаж байгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын хувьд Оёдлын нэгдсэн холбооноос ирүүлсэн 14/22 дугаар албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яам руу 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 01/2693 (маргаан бүхий албан бичиг) албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү албан бичиг нь яам хооронд харилцсан мэдээлэл солилцсон шинжтэй ба уг бичгээр өрсөлдөөнийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй гэдэг нь илэрхий байна. Түүнээс гадна энэхүү албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхойлсон нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулах, захирамжилсан, эрх зүйн үр дагавар бий болгосон гэх захиргааны актын үндсэн шинжүүдийг хангахгүй байгаа юм.

Сурагчийн дүрэмт хувцасны холбоо болон нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс төсөл, саналаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн бол мөн л Төрийн нарийн бичгийн дарга үүнийг нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхээр байжээ. Хоёр холбооноос ирүүлсэн саналын нэгийг нь хүргүүлээд нөгөөг нь хүргүүлээгүй бол харин нэхэмжлэгч компаниудын эрхийг зөрчсөн гэж үзэх боловч манай тохиолдолд зөвхөн Оёдлын нэгдсэн холбооноос л төсөл ирүүлсэн юм. Яамтай хамтран ажиллахаас татгалзсан, төслөө анхнаасаа ирүүлээгүй эдгээр аж ахуйн нэгжүүдийн ямар эрх энэхүү албан бичгийн улмаас зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байна.

Ийнхүү хэрэгт байгаа баримтуудаар дээр болсон бүх процесс тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийг 13.2.5, 13.2.7 буюу зах зээлийг хуваарилахад чиглэсэн давуу байдал олгосон гэж үзэж хуулийг буруу хэрэглэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Түүнээс гадна анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл буюу эрх залгамжлах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчлөө.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга давж заалдах гомдолдоо: Нэг. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5 дугаар заалт зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр, төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн гэж заасныг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дугаар заалт аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг зөрчиж шийдвэрлэсэн аливаа захиргааны шийдвэр, актыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /хуучин нэрээр/ гаргаагүй бөгөөд энэхүү албан бичигт тус яамнаас гаргасан ийм шийдвэр, шийдвэрийн тухай болон шийдвэрлэсэн агуулга, мэдээлэл байхгүй болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дүрэмт хувцсыг үйлдвэрлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэгчид зах зээл, ажлыг хуваарилах, аль нэг үйлдвэрлэгчдэд давуу байдал олгоход чиглэсэн нийтээр дагаж мөрдөх захиргааны аливаа шийдвэрийг гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү албан бичгээр Боловсролын тухай хуулийн 281.1 Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 281,1.9 аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах гэж заасны дагуу Боловсролын газруудын баталсан загварын дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, нийлүүлэхэд оролцох гэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцас үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, гэрээ байгуулахтай холбоотой Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас /хуучин нэрээр/ ирүүлсэн мэдээллийг орон нутаг, сургуулиудад хүргэж, хуульд заасны дагуу сурагчдыг дүрэмт хувцастай хичээллүүлэх бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиглэлийг орон нутгийн боловсролын удирдлагад өгсөн.

Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дүгээр заалтад заасан Боловсролын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд Бага, дунд боловсролын тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар хэсэгт заасан Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид дүрэмт хувцастай байна гэсэн хуулийн заалт, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аймаг, нийслэлийн Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөх тухай Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.9 дүгээр заалт, Монгол Улсын Засгийн газрын Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг тус тус хангахтай холбогдуулан дээрх албан бичгийг Боловсролын газруудад хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газраас дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах үндэсний үйлдвэрлэлийн бодлогыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ бодлогын хүрээнд Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоолыг гаргасан байдаг.

Албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын хүрээнд сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн холбогдох мэдээллийг хүргэсэн.

Хоёр. Албан бичигт Боловсролын тухай хуулийн 281.1 Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 281.1.9 аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварыг батлах-аар аймаг, нийслэлийн боловсролын газарт олгогдсон бүрэн эрхийг хязгаарласан ямар нэгэн шийдвэр, чиглэл байхгүй болно. Боловсролын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газрууд сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвараа баталсан. Мөн түүнчлэн тус албан бичигт нэхэмжлэгч компаниудын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх, нийлүүлэх талаар зах зээлд чөлөөтэй өрсөлдөж байсан эрхийг хязгаарласан, хөндсөн ямар нэгэн шийдвэр, чиглэл мөн байхгүй болно.

Боловсрол, шинжлэх ухааны яамны /хуучин нэрээр/ зүгээс нэхэмжлэгч компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бий болгох талаар 2013, 2014 онуудад тавьсан хүсэлтийг нь хууль, тогтоомжийн хүрээнд хангах талаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр компаниудын хувьд 2013 оноос хойш өөрийн дүрэмт хувцсаа борлуулах хууль эрх зүйн нөхцөл нээлттэй байсан бөгөөд мөн хугацаанд худалдаа, борлуулалтыг хийсээр ирсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид 2013 оноос эхлэн Боловсролын газрын баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг өмсөх хуулийн шинэ зохицуулалттай болсон. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч компаниуд өөрсдийн дүрэмт хувцасны загварыг холбогдох Боловсролын газруудаар 1-2 жилийн хугацаатайгаар нэмэлтээр зэрэгцүүлэн батлуулж бэлэн байгаа дүрэмт хувцсаа борлуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж тавьсан байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ эдгээр компаниудын хүсэлтийг өөрсдийн загвараа батлуулахаар нэрлэсэн Боловсролын газруудад уламжилж, дүрэмт хувцасны талаарх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор өмнө нь дүрэмт хувцас нийлүүлж байсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл хувцсыг борлуулах боломжийг нээж өгөхийн тулд загварыг нь баталж, бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нээж өгөхийг судалж шийдвэрлэх хүсэлт, зөвлөмжийг Боловсролын газруудад 2013 оны 05 дугаар сарын 28-нд явуулсан.

Энэ цаг хугацаа нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс хүчингүй болгосон Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/-ны 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 4/3931 дүгээр албан бичиг гарахаас сар гаруй хугацааны өмнө болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны яам /хуучин нэрээр/ дүрэмт хувцасны ханган нийлүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагуудаас тус яаманд ирүүлсэн хүсэлтийг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар адил тэгш зарчмыг баримтлан ажиллаж ирснийг тэмдэглэж байна.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэл гаргасан компаниудаас И  ХХК үлдэгдэл дүрэмт хувцсаа бүрэн борлуулаагүй байгаа мэдээлэл байна.

И  ХХК-иас хүсэлт болгосны дагуу Нийслэлийн боловсролын газар тус компанийн дүрэмт хувцсаа борлуулах хуулийн үндсэн нөхцөлийг хангаж загварыг нь баталж 2013, 2014 онуудад борлуулалт хийх боломжийг нь хангаж өгсөн байдаг.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжоор дүрэмт хувцсыг төрөөс худалдаж авдаггүй бөгөөд дүрэмт хувцас борлуулах нь дүрэмт хувцасны загвар, хийц, өнгө, үзэмж, материалын чанар, үнэ, компанийн худалдаа, борлуулалтын маркетинг, борлуулалт, үйлчилгээний сүлжээ, санхүүгийн чадавхи, хүний нөөц, хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд олон зүйлээс хамаарна.

Гурав. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байгаа албан хаагчийг үндэслэлгүйгээр илтэд гүтгэн доромжилж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Д.Э ийн гаргасан гэх бичиг нь хувь хүний хүсэл сонирхлыг илэрхийлсэн бичиг биш бөгөөд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас эрхлэх үндсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагуудад явуулсан албан мэдээлэл болно.

Дөрөв. Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хэлсэн дээрх тайлбарууд нь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дүрэмт хувцасны талаарх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын хууль, тогтоомжийг илтэд худлаа тайлбарлаж, шүүх хуралдааныг санаатайгаар төөрөгдүүлж, хариуцагч талыг хууль бус үндэслэлээр буруутгах үйлдэл хийснийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам анхааруулж, нэхэмжлэгчийн энэ хуудуутай үйлдлийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хүсч байна. Бага, дунд боловсролын тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар хэсэгт Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид дүрэмт хувцастай байна Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.9 дүгээр заалтад аймаг, нийслэлийн Боловсролын газар аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах -аар заасан байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аймаг, нийслэлийн Боловсролын газрын баталсан загварын дүрэмт хувцсыг өмсөнө.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн тайлбарласан шиг сургуулиуд аль компанийн ямар загвартай дүрэмт хувцас өмсөхөө өөрсдөө сонгох эсвэл дүрэмт хувцас нийлүүлэх компанийг шалгаруулсны дараа түүний дүрэмт хувцасны загварыг батлах зохицуулалт хууль, тогтоомжид байхгүй юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс Б , И , Э  ХХК-уудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаас гаргасан 2015 оны 99 тоот шийдвэрийн ТОГТООСОН хэсгийн 1 дүгээр заалт дахь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, 13.2.7-д заасныг баримтлан....Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичгийг хүчингүй болгосугай гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргыг итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан С.Ж  шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч компаниуд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.З итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын бүтцээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хасагдсан.

Ийнхүү Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам татан буугдсан учраас тус яамны төлөөлөгч С.Ж , өмгөөлөгч Н.Ц, Г.Т бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болсон ба уг асуудлыг шүүх шийдвэрлэсний үндсэн дараа хэргийг шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн хүсэлтийг шүүх хурал дээр амаар болон 2015 оны 02 дугаар сарын 25 өдөр бичгээр шүүхэд гаргасан. Гэвч шүүх биднийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас олгосон хуучин итгэмжлэл болон Аж үйлдвэрийн яамны албан бичгийг үндэслэн татан буугдсан яам-ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой гэж үзжээ.

Хэдийгээр яам татан буугдан, бидэнд олгосон итгэмжлэл хүчингүй болсон боловч анхан шатны шүүх биднийг хэргийн оролцогч, хариуцагчийн өмгөөлөгч гэж үзсэн учраас хэргийн оролцогч, өмгөөлөгчид олгосон эрхийнхээ хүрээнд давж заалдах гомдол гаргаж байгаа болно. Аж үйлдвэрийн яам эрх залгамжлагчаар тогтоогдоогүй, мөн хэргийн оролцогч биш учраас тус яам итгэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй. Түүнээс гадна Аж үйлдвэрийн яамны албан бичиг нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Тиймээс уг албан бичгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 29 дүгээр зүйлийн дагуу төлөөлөгч, өмгөөлөгчид олгосон итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй. Улмаар анхан шатны шүүх татан буугдсан яам, ажлаа хүлээлгэж өгсөн албан тушаалтанд холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.1-т захиргааны байгууллага гэдгийг ...гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага..., тус хуулийн 3.1.2-т захиргааны албан тушаалтан гэдгийг ...төрийн албан хаагч, ... захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан гэж тус тус тодорхойлсон ба шүүхийн шийдвэр гарах үед Монгол Улсад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэсэн байгууллага, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга гэсэн төрийн албан хаагч байгаагүй юм.

2. Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор гардуулаагүй.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам татан буугдаж тус яамнаас бидэнд олгосон итгэмжлэл хүчингүй болсон хэдий ч шүүх биднийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч буюу хэргийн оролцогч гэж үзэн утсаар хурлын товыг мэдэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагч томилогдоогүй, бидний итгэмжлэлийн асуудал тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан. Гэвч шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэжээ.

С.Ж , Н.Ц , Г.Т нарыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч, өмгөөлөгчөөр хуралд оролцох ёстой байсан гэж анхан шатны шүүх нэгэнт дүгнэсэн учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.5-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг бидэнд гардуулах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг бидэнд гардуулаагүй ба биднийг шийдвэрээ авахыг хүсэхэд шүүх шийдвэрийг өгөхөөс татгалзаж байна.

3. Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга хэргийн оролцогч биш.

Дээр дурьдсаны дагуу шүүх шийдвэрээ бидэнд гардуулахаас татгалзаж буй шалтгаанаа шүүх Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад шийдвэрийг хүргүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгч талаас Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргыг хариуцагч гэж үзээгүй, мөн шүүхээс Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргыг хариуцагчаар эсхүл эрх залгамжлагчаар тогтоосон шийдвэрийг гаргаагүй учраас Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга хэргийн оролцогч биш юм.

Түүнээс гадна анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасны дагуу Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад эрх, үүргийг нь тайлбарлах, тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй зэргээс Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцагч буюу хэргийн оролцогч биш гэдгийг харж болохоор байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 73.5-д заасны дагуу шүүх зөвхөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид л шүүхийн шийдвэрийг гардуулах ба хэргийн оролцогч биш Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад шийдвэрийг гардуулсан нь алдаа болжээ.

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргуулах талаар

Дүгнэвэл дээрх процессын алдаанууд нь нэхэмжлэгч тал хариуцагчаа тодорхойлж чадаагүйгээс үүсэлтэй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана, 32.2.2... хариуцагч хуулийн этгээд бол нэр, 24.1-т ...хариуцагч биш болох нь тогтоогдвол ...нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино, 30.1-т сонирхогч этгээд /үүнд нэхэмжлэгч хамаарна/-ийн хүсэлтээр эрх залгамжлагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэснээс үзэхэд хариуцагчийг сонгох, солих, эрх залгамжлагчаар оролцуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байх ба уг үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам татан буугдсаны дараа итгэмжлэлийн асуудал хоёр, гурван удаагийн шүүх хурал дээр яригдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч компаниудаас аль нэг яам, байгууллагыг эрх залгамжлагчаар оролцуулах хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй ба харин ч татан буугдсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам оролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаниудаас эрх залгамжлагч оролцуулах тухай хүсэлт гаргаагүй учраас хэн нэгэн субьектийг шүүх эрх залгамжлагчаар тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцоогүй тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7-т хуулийн этгээд татан буугдсан боловч эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэснийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан боловч татан буугдсан яаманд холбогдуулан хэргийг шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4.1.7-т заасан эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэдэг нь татан буугдсан этгээдийн эрх, үүрэг нь хууль, гэрээний үндсэн хэн нэгэн этгээдэд огт шилжээгүй гэж ойлгогдохоос гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцоогүй гэдэг утгыг мөн илэрхийлж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцсоноор л эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжих ба харин энэ журамд заасны дагуу эрх залгамжлагч оролцоогүй тохиолдолд эрх үүрэг нь эрх залгамжлагчид шилжихгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй байхад анхан, давж заалдах, хяналтын аль ч шатны шүүхээс сайн дураараа эрх залгамжлагчийг томилох, тогтоох, эрх залгамжлагчаар аль нэг байгууллагыг оролцуулах ажиллагааг хийх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7, 74 дүгээр зүйлийн 74.3, 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргахыг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931 дүгээр албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Б  ХХК, И  ХХК, Э  ХХК-уудаас гаргасныг шүүх хүлээн авч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам татан буугджээ.

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг залгамжлахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан журмыг баримтлана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно гэж заасны дагуу эрх залгамжлагчийн асуудлыг шийдвэрлэх, үүний тулд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын хариуцаж байсан асуудал 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар байгуулагдсан Засгийн газрын бүтцийн аль яаманд шилжсэн, тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7-д заасан Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтсан хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудалд тухайн асуудал нь багтаж хамаарч байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулж, энэ талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэх байжээ.

 

Үүнээс гадна шүүх Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын маргааны үйл баримттай холбоотой эрхэлж байсан асуудал Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад шилжсэн гэдгийг тогтоосон бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх залгамжлалын асуудлыг шийдвэрлэсний дараа тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, эрх үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах болон хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг олгох ажиллагааг явуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болно.

 

Харин шүүхээс Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас шүүх хуралдаанд оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг удаа дараа шаардаж байсан нь эрх залгамжлагчаар тогтоосон гэх үндэслэл болохгүй.

 

Үүнээс гадна Засгийн газрын бүтцийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орсноор Аж үйлдвэрийн яамыг Засгийн газрын бүтцэд байхаар, сайдынх нь эрхлэх асуудлыг шийдвэрлэж өгснийг хуулиар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эрх залгамжлалын асуудлыг шийдвэрлэсэн, тодруулбал Б  ХХК, И  ХХК, Э  ХХК-уудын нэхэмжлэлтэй энэхүү захиргааны хэрэгт Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шууд хариуцагчаар оролцох боломжтой гэж үзэхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд дээрх зөрчлийг арилгаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР