Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-улсын яллагч Б.Энхбат,

-шүүгдэгч С.Эрдэнэтөгс нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэтөгсөд холбогдох Эрүүгийн 201619000565 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1982 оны 05 сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Цавхангай хорооллын 4-44 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэтөгс /РД:АЕ82051471/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь 2016 оны 07-р сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн Цавхангай хороолол гэх газар Ц.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан лапаткыг зэвсэгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Эрдэнэтөгс шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв. 

 

Хохирогч Ц.Жавхлантөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “..Би 2016 оны 07-р сарын 15-ны өдөр гэртээ байж байсан. Тэгтэл манайд Баянхангай сумын иргэн Мөнхбаатар, Эрдэнэтөгс нар ирээд намайг хамт утас хайгаад ирье гэсэн. Тэгээд бид гурав хамт утас хайгаад утсаа олоогүй. Тэгээд Эрдэнэтөгсийнд очсон ба Эрдэнэтөгсийнд очиж 4 хонь нядалсан. Малаа нядлаад дуустал Эрдэнэтөгс 3 шил 0,5 граммын хараа нэртэй архи авсан. Тэр архийг Мөнхбаатар, Эрдэнэтөгс бид гурав хувааж уусан.Тэрнээс хойш юу болсоныг би санахгүй байна. Ямар ч байсан нэг сэртэл Эрдэнэтөгс миний нуруу руу цохиж байсан маргааш нь миний нуруу хөндүүрлээд байсан өөр зүйл болоогүй..” гэв.

            Шүүх эмнэлгийн үзлэгийн акт №343

1. “... Ц.Жавхлантөгсийн биед ууц, зүүн хонго, гуяанд зөөлөн эдийн няцрал, ууц, баруун даланд цус хуралт, ууц, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Ц.Жавхлантөгсийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-27/,

-шүүгдэгч С.Эрдэнэтөгсийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-21/, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-24/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь 2016 оны 07-р сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн Цавхангай хороолол гэх газар Ц.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан лапаткыг зэвсэгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Жавхлантөгсийн “...Ямар ч байсан нэг сэртэл Эрдэнэтөгс миний нуруу руу цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-15/, шинжээчийн 343 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Эрдэнэтөгсийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эрдэнэтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч С.Эрдэнэтөгстэй, хохирогч Ц.Жавхлантөгс нь сайн дураараа эвлэрсэн байх тул С.Эрдэнэтөгсөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн төмөр лапаткыг шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь буцаан авна гэсэн байх тул буцаан олгох нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэтөгсийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтөгс нь хохирогч Ц.Жавхлантөгстэй сайн дураараа эвлэрсэн байх тул С.Эрдэнэтөгсөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. С.Эрдэнэтөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн төмөр лапаткийг С.Эрдэнэтөгсөд буцаан олгосугай.

5. С.Эрдэнэтөгсөд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эрдэнэтөгсөд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА