Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 115/ШШ2020/0014

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай, иргэн О.О-ийн нэхэмжлэлээр,

             Хариуцагч: ДГА-ийн СХАА /дарга Х.О/-нд холбогдуулан үүсгэсэн

       Нэхэмжлэлийн шаардлага: Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн  “Багш нараас татаж авсан хөрөнгийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-01 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, гэрч Ж.Б, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Айраг сумын ЕБС-ийн захирал О.О миний нэр дээр Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг 2020.01.15-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Тайванбаатар гэдэг хүн гэнэт ажил дээр ирж танилцуулсан. Юуны тухай болохыг үзээд үнэхээр гайхлаа. Тэгээд учрыг тайлбарлаад явуулсан ба улмаар аймгийн Засаг дарга болон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нартай уулзаж бодит байдлыг бичиж өгснөөр дахин судлах, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах тухай хариу 2020 оны 04 дүгээр сарын 03-нд шуудангаар хүлээн авсан. Иймд шүүхэд хандаж байна.

          Учир нь 2013 оны 12 сарын 27-оос иргэний өргөдлийн дагуу байцаагч ирж шалгасны дараа тухайн үеийн МХГ-ын даргад эдгээр яригдсан асуудлын талаар тайлбар бичиж, бүх зураг баримтуудын хамт өгч, биечлэн уулзаж байсан. Ингээд энэ асуудалд О.О нь улсын төсвийн мөнгийг хувьдаа ашиглаагүй, харин үр ашигтай зарцуулсан байхад анхаарч сургуульдаа юм хийсэн байна гэж яригдаад, асуудал шийдэгдээд өнгөрсөн гэж бодож байтал 6, 7 жилийн дараа гэнэт сөхөж, ийм зүйл ярьж шүүхэд өгөх тухай мэдэгдэх ч үгүй, бас шүүхээс ямар ч тайлбар авалгүй шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гарсаныг бас мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод гүйцэтгүүлэх ажиллагаа явагдах гэж байгаад их харамсаж байна.

          2013 онд “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд 5 багш дугуйлан хичээллүүлж байгаа гэж бүртгүүлсэн байгаад 10 сараас хойш хичээллээгүй байсан, намайг 2013.03.25-нд томилогдон ирснээс хойш ч 4, 5 сард алдаг, оног хичээллэсэн /нэг багш 108 цагийн хичээл заахаас 12-42 цаг заасанг сургалтын менежерийн бүртгэлээр харагддаг/ тул би шаардлага тавьсан юм. Сургалтын менежерийн 2013.05.20-нд гаргаж өгсөн цагийн тооцоогоор:

Багш Э.А-чөлөөт бөх-42 цаг

Багш С.О-гар бөмбөг-32, сагсан бөмбөг-24 цаг

Багш Н.Мг-гар бөмбөг-12

Багш Ч.О-зээгт наамал-42 цаг

Багш Ч.М -уран уншлага-34 цаг л тус бүр хичээллүүлсэн байдаг.

 

          Багш нар дугуйлангаа хичээллүүлээгүй байж хуурамч ирц бүртгэсэн, сургалтын менежер хяналт тавиагүй тиймээс мөнгө олгохгүй гэтэл, яамнаас намар бүртгүүлсэн дугуйлангийн дагуу 5 багшийн мөнгө сургуулийн дансанд ирсэн тул гүйлгээг хийсэн.

          Тэгээд дээрх 5 багштай уулзаж би уг нь төсвийн мөнгийг зөв зарцуулах, түүнд хяналт тавихаар төр төлөөлж байгаа хүн, та нарын дугуйланг бараг хичээллээгүй гэдгийг хүүхдүүд ч, бусад багш нар ч мэдэж байгаа гэж ярилцан, хагас мөнгөөрөө сургуульдаа, хүүхдүүдэд хэрэгтэй зүйл хийе гэхэд тэд зөвшөөрч өөрсдөө хагас мөнгөө өгцгөөсөн. Тухайн үед цугларсан 1070000 төгрөгөөр нь сургуулийн төсөвт зардал байхгүй, шаардлагатай зүйлүүдийг санхүүжүүлсэн. Тэр үеийн сургуулийн улирлын тайлан мэдээнд тусган, зургийг тавьж байсан.

           Шинээр томилогдон ирээд зарчмын шаардлага тавиад зарим хүмүүст таалагдахгүй байсан нь үнэн, намайг тэр мөнгийг хувьдаа ашиглана гэж бодож өргөдөл бичсэн байх, гэтэл МХГ-ын шалгалт ирэхээс өмнө бүгдийг хэрэгцээт зүйлд нь зарцуулсан байсан. Энэ мөнгөний зарцуулалтыг нярав мэднэ. Үүнд:

       Сумын ойн бэлтгэлд 90 хуурч бэлдэхэд Морин хуурын дугуйлан хичээллүүлэхэд 270000 төгрөг сургууль гарга гэсэн, манай няравт захиргааны нярав аваачиж өгсөн. /Данзанравжаа гэдэг залуу морин хуур заасан/

         Сургуулийн коридорт 34 м материал авч олон жил болсон хуучин хөшигийг солиход 146000 төгрөг

Дотуур байранд ажилчидаараа засвар хийлгээд, 6 тасгийн уранхай хулдаасыг сольж өгсөн 240000 төгрөг

Сургуулийн үүдний саравч жил бүр дусаал гоожиж, өөрсдөө засварлаж чаддаггүй байсан тул шинэ сургууль барьж байгаа хүмүүсийг гуйж засварлуулахад 60000 төгрөг өгсөн.

Урсдаг самбар төгсөх ангийнхан хийж өгөхөд цугларсан мөнгөний дутууд 148000  төгрөг нэмж өгсөн.

Театрын ахмад ажилтан Лантуу гуайг урьж авчран үндэсний хөгжмийн дугуйлан хичээллүүлэхэд 200000 төгрөг тус тус зарцуулсан.

           Дээрх ажилд байгууллагын төсвөөс болон багш ажилчид, эцэг эхээс мөнгө гаргуулаагүй, надаар төлүүлэх гээд байгаа 1070000 төгөргөөр л хийсэн юм. Намайг хувьдаа ашигласан байх гэж хардах эрх нь тухайн өргөдөл бичсэн хүмүүст байж болох ч, энэ асуудлын бодит нөхцөл байдлыг үнэлээгүй акт тавьсан, надаар төлүүлэх гэж олон жилийн дараа ийм байдал үүсгэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэн нэгэн хүнийг хохироосон болон улсын төсвийн мөнгийг хувьдаа ашиглан, буруу зарцуулсан зүйл байхгүй.

         Одоо болтол буюу түүнээс хойш 6, 7 жил үр шимийг сургууль болон хүүхдүүд хүртээд, хэрэглэгдээд явж л байна. Төсвийн /улсын/ мөнгийг зөв хэрэгтэй зүйлд зарцуулсан гэж ойлгож байгаа гэтэл надаар төлүүлэх гэж байгаад гомдолтой байна.

          Энэ асуудлын талаар аймгийн Засаг дарга болон Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад амаар, албан бичгээр тайлбар, гомдол гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

          Иймд энэ мөнгийг өөрт ашиглах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд дээрх зүйлд зарцуулсан тул 1070000 өгрөгийг төлөх боломжгүй. Энэ нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, алдар хүндэд ч халдаж байгаа тул хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бичгээр ирүүлж, улмаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтай О.О миний бие 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр захиралаар дахин томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Дээрх нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан нь 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн аудит манай сургууль дээр санхүүгийн хяналт орсон. Тухайн үед хэсэг хүмүүсийн өргөдөл гомдлын дагуу уг шалгалт хийгдэж, энэ шалгалтаар сургуулийн захирал Одончимэгт акт тавьсан.

         Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Амгаланзаяагийн тавьсан акт нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарсан акт бөгөөд миний хувьд тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Оюунцэцэгт актыг хүлээн зөвшөөрөхгүй  тухайгаа зураг, тайлбарын хамт хүргүүлэн хаяглаж явуулж байсан. Тухайн үед гурван акт тавигдсанаас зарим хэсэг нь хүчингүй болоод 11/08/023-01 дүгээр акт нь хэвээр үлдсэн. Тус актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2013 онд болсон процессоос хойш миний бие 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тус албан тушаалд хэвээрээ байсан.

           Гэтэл энэ хугацаанд тус актын талаар дахиж эргэж яриагүй. Иймээс тухайн үеийн Засаг дарга болон иргэдийн Хурлын дарга, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бүх газарт учрыг нь тайлбарлаж өгсөн учраас дээрх мөнгийг Одончимэг гэх хүн өөрөө аваад идсэн зүйл биш байна гэж үзсэн байх гэж бодсон. Учир нь тухайн үед аль, аль тал нь энэ талаар дурсаагүй, мартсан байсан. Дараа нь би орон нутгийн Хурлын сонгуулийн ар дээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн боловч шүүхэд хандсанаар 2018 оны 09 дүгээр сарын 20-нд эргэж ажилдаа орсон бөгөөд гурван шатны шүүхээр аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилсон.

        Ингээд ажилдаа ороод, ажлаа хийгээд явж байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байцаагч Тайванбаатар гэх залуу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над дээр ирээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, мэдэгдлийг хүргүүлж тухайн өрийг барагдуулах тухай ярьсан. Би тэр үед үнэхээр гайхаж, энэ талаарх шүүхийн шийдвэр хэзээ гарсан тухай асууж лавласан. Шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очих хүртэл надад яагаад юу ч мэдэгдээгүй юм бэ гэхэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Амартүвшин гэсэн шүүгчийн захирамж гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байсан.

        Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг нь одоо бие даасан байгууллага болж байгуулагдсан Санхүүгийн хяналт, аудитын албанд харьяалагдах болсон юм байна. Энэ байгууллагын зүгээс мөн намайг шүүхэд өгөх тухайгаа албан ёсоор хэлээгүй бөгөөд шүүхээс ч бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж байгааг хэлээгүй.  Гэхдээ шүүгчийн хувьд хууль дүрмийн дагуу ажиллагаагаа хийсэн л байх, энэ тухай мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод тус байгууллагын шийдвэр гараад дээрх өрийг төл, төлөхгүй бол хөрөнгийг чинь битүүмжилнэ гэх зүйл яригдсан.

         Миний хувьд их цочирдсон, учир нь 7 жилийн дараа энэ асуудлыг надад холбогдуулж гаргаж ирсэнд, мөн ажлын байран дээр ирж хэрвээ төлөхгүй бол цаашид дансыг чинь хаана гэх мэт зүйл ярьсан, энэ нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн ажлын чиг үүрэг байх. Гэхдээ үүнийг хэрвээ надаар төлүүлэх гэж байгаа бол энэ асуудалд хөөн хэлэлцэх хугацаа гэж зүйл байгаа байх гэж бодсон. Намайг захирал байх үед буюу 2013 онд болон халагдсан хугацаанд энэ талаар хэлээгүй, тодруулаагүй. Үүний дагуу би сургуулийн захирлыг томилдог албан тушаалтны хувьд аймгийн Засаг дарга Энхтүвшин дарга дээр очиж уулзсан, мөн  Санхүүгийн хяналт, аудитын алба зэрэг байгууллагад хандсан. Аймгийн Засаг даргын зүгээс энэ актын талаар хариуцан харьяалах газар нь Санхүүгийн хяналт, аудитын алба тул тийшээ хандаж, ярилцаж үз гэснээр тус албаны дарга Оюунтуяа гэх хүнд албан бичгээр болон биечлэн уулзаж хандахад гомдолтой байгаа бол шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж хэлсэн ба тухайн албаны хувьд шинээр байгуулагдсан алба учраас яг тухайн үеийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн явуулсан хяналт шалгалтын процессыг сайн мэдэхгүй байсан.

           Актаар тогтоосон 1070000 төгрөгийг төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан байлаа гэж бодоход 2020 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд надад танилцуулаагүй ба хэрэв албан ажил, үүрэг явагдаж байгаа бол дээрх 4 сарын хугацаанд надад мэдэгдэх ёстой байсан гэж бодож байна.

         Нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэлэхэд багш нарын тухайн үед өгсөн тодорхойлолтуудад хөтөлбөрийн хүрээнд дугуйлан секц явуулаагүй байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг, үүнийг анхаарч үзнэ үү. Иймд энэ бол сайн дурын үндсэн цугларч, сургуульдаа зориулж ашиглагдсан зүйл юм.

          Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11/08/023-01 дүгээр актад хөөн хэлэлцэх хугацаа байдаг байх, мэдээж төрийн алба жигд тасралтгүй явж байгаагийн хувьд хугацаа байгаа байх үүнийг харч үзээсэй гэж хэлэх байна. Сургуулийн захиралын хувьд төсвийн мөнгийг тодорхой хэмжээгээр Төсвийн тухай хуулиараа хянаж, зөв зарцуулах, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд сургуульд байхгүй зүйлсийг авч Төсвийн тухай болон Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаар захиралын хэрэгжүүлэх эрх, үүргийн хүрээнд ажилласан. Үүнийг шүүх анхаарч шийдвэрлэхийг хүсч байна. 1070000 төгрөг гэдэг бол тухайн үеийн мөнгөөр миний 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө, тухайн үед би энэ мөнгийг өөртөө хэрэглэсэн бол төлөх нь зүйтэй байх. Гэтэл өөртөө хэрэглээгүй нь баримт нотолгоотой байгаа, тус мөнгөөр хийсэн зүйлс одоог хүртэл сургуульд хэрэглэгдэж, ашиглагдаж байгаа тохиолдолд ямар үндэслэлээр акт тогтоосон болохыг хууль, эрх зүйд нийцүүлэн бодитойгоор шийдэж өгнө гэж найдаж байна гэв.

          Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 01-р сарын 21-ний өдрийн 11/08/023-01 дүгээр акт тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтэй, иргэн О.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч /А.Амгаланзаяа/-ийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш нараас татаж авсан хөрөнгийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-01 дүгээр актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2020 онд гомдол гаргах үед Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн Яаманд шилжүүлж, мөн аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг орон тоог аймгуудын Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэхээр,

          Тус тогтоолыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын дэргэд Санхүүгийн хяналт, аудитын албыг  байгуулан бүтэц орон тоог баталж, мөн захирамжаар Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус албанд шилжин ажиллах албан хаагчдын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг тогтоол, шийдвэр /хх-ийн 17-19-р хуудас/-үүдийн дагуу тус захиргааны акт болох Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн актыг эрхлэн гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжсэн байсан бөгөөд,

           Энэ дагуу нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг эс зөвшөөрсөн гомдлыг Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад хандан гаргасан бөгөөд түүний гомдлыг хянан шийдвэрлэж гаргасан хариуцагч тус албаны даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 165 тоот хариу албан бичиг /хх-ийн 13-р хуудас/-ийг нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авсан /хх-ийн 14,15-р хуудас/-аас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн ...” үндэслэлээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зүйлд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

           2. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ... хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасан бөгөөд дээрх байдлаар үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч захиргааны байгууллага болох Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу тус албаны дарга Х.Оюунтуяа нь “...биеийн байдлаас шалтгаалж, оролцох боломжгүй байгуу тул миний эзгүйд шүүх хуралдаан болоход татгалзах зүйлгүй ...” гэх хүсэлт /хх-ийн 120-р хуудас/-ийг тухайн байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас дээр бус гараар бичиж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, ... ээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасан шаардлагад нийцээгүйгээс гадна,

         Тус хүсэлтэд дурдсанаар биеийн байдлаас шалтгаалж оролцох боломжгүй талаарх нөхцөл байдлыг нотолсон /эмнэлгийн чөлөө олгох хуудас г.м/ баримтыг шүүхэд ирүүлээгүй зэрэг байдлуудаас хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг хүсэлттэй холбогдох саналыг шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн нэхэмжлэгчээс тодруулснаар хариуцагчийг заавал байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй талаар түүний гаргасан тайлбарыг хуульд зааснаар “нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан”-тай адилтган үзэж,

          Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол”-ын талаар зохицуулсан 91 дүгээр зүйлийн 91.4-т “ Хариуцагч, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        3. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг нотлох баримтаар үнэлж, дүгнэн доорхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

         3.1 Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн хэсэг багш, ажилчдаас тус аймгийн Засаг даргад хандан гаргасан гомдлын дагуу Төсвийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, ... ээр ... хийнэ”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх ...” гэж заасныг үндэслэн гарсан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  “Айраг сумын сургуулийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх тухай”  3/111 дүгээр “Хяналт шалгалтын удирдамж” /хх-ийн 35-47-р хуудас/-ийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж тогтоосон,

       Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч /А.Амгаланзаяа/-ийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш нараас татаж авсан хөрөнгийг төсөвт төлүүлэх  тухай” 11/08/023-01 дүгээр акт /хх-ийн 78,79-р хуудас/-аар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал О.О-ийг дугуйлан секц хичээллүүлсэн багш нараас 2013 оны 07 дугаар сард 1070000 төгрөг /нэг сая далан мянга/-ийг буцаан татан авч, 2-4 сарын хугацаанд өөр дээрээ төвлөрүүлэн байлгаж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, тушаал шийдвэргүй зарцуулсан зөрчил гаргаж,

        Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д” Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн  хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”,

          Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг болон,

         Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 10-д “Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулах тохиолдолд энэхүү эрх бүхий ажилтныг томилно” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэж,

         Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх зүйлүүдэд заасныг үндэслэн багш нараас буцаан татаж авсан 1070000 төгрөгийг захирал О.Оээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

           3.2 Дээрх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж үзвэл улсын байцаагчийн зүгээс тус актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь зүйлийг  үндэслэж гаргасан байх ба тодруулбал,

          Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг зохицуулж өгсний дотор мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхийг  улсын байцаагчийн хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн нэг байхаар тусгаж өгсөн байна.

        Энэ дагуу улсын байцаагчийн дээрх хуулийн 10 дугаар зүйлийн  10.9.8-д зааснаар хэрэгжүүлсэн бүрэн эрхийн хүрээнд гаргах эрх зүйн баримт бичгийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт батлах тухай 207 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын стандарт”-аар нарийвчлан зохицуулж өгснөөр,

         Уг стандарт дахь “Улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн төрөл”-ийг зохицуулсан 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан “... Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтнаас шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулахад үйлдэх баримт бичиг” болох  “Албан шаардлага” үйлдэхээр зохицуулагджээ.

          Гэтэл 2014 онд Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн хяналт шалгалт явуулж, гаргасан  санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 11/08/023-01 дүгээр акт үйлдэгдсэн үндэслэлийг үзвэл тэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг үндэслэн актыг гаргасан атлаа тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд “Улсын байцаагчийн акт” үйлдсэн нь уг хууль болон дээр дурдсан стандартад “Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч үйл ажиллагаандаа энэхүү стандартыг заавал мөрдөнө” гэж зааснаар мөрдөх ёстой тус стандартын 11 дүгээр зүйлийн 11.7-д заасны дагуу үйлдэгдэх баримт бичигтэй нийцэхгүй байна.

          3.3 Нөгөө талаар “Улсын байцаагчийн акт” үйлдэх эрх зүйн үндэслэлийг хянаж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь зүйлд улсын ерөнхий болон ахлах байцаагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулж өгсөн бөгөөд, мөн зүйлийн 10.12.2-т  “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлснээр гаргах эрх зүйн баримт бичгийг,

          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 207 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын стандарт”-ын 11 дүгээр зүйлийн 11.6-д “Акт” – Барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр буюу бүр зогсоох, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглох, устгах, өөр зориулалтаар ашиглах, саатуулах, буцаах, шинжилгээнд дээж авах, улсын орлого болгох, хураах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, актын үйлчлэлийг дуусгавар болгож, үйл ажиллагааг сэргээхэд үйлдэх баримт бичиг” гэж заасан баримт бичиг буюу “Улсын байцаагчийн акт” байхаар зохицуулагджээ.

         Хууль болон стандартын дээрх зохицуулалтуудтай холбогдуулан “улсын орлого болгох болон хохирлыг нөхөн төлүүлэх” тухай асуудлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь зүйлд заасан агуулгаас үзвэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн орлого, эд хөрөнгийг “хууль бусаар олсон” болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон тохиолдолд “улсын байцаагчийн акт” үйлдэж, тэлгээрийг улсын орлого болгох, улмаар бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр зохицуулагдсан байна.

          3.4 Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох 11/08/023-01 дүгээр улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчээр төлүүлж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн  1070000 төгрөг /нэг сая далан мянга/-ийг нэхэмжлэгч буюу Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд “хууль бусаар олсон орлого” гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

            Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яамны 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Нэмэлт санхүүжилтийн тухай” 7/3570 дугаар албан бичгийн 2 дахь хэсэгт дурдагдаж буй Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2012 оны А/52 дугаар тушаал /хх-ийн 81-р хуудас/-аар “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд “дугуйлан, секц ажиллуулсан багш, авьяастнуудад ажлын хөлс олгох”-оор заасан нэмэлт санхүүжилтийн хүрээнд олгогдох тус аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд хуваарилагдсан бүгд 2253500 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөг /хх-ийн 80-84-р хуудас/ нь Дорноговь аймгийн Боловсрол, Соёл урлагийн газраар дамжин хуваарилагдаж очсоны дагуу тус сургуулийн захиралын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Дугуйлан, секц хичээллүүлсэн багшид урамшуулал олгох тухай” А/19 дүгээр тушаал, түүний хавсралт /хх-ийн 85, 86-рхуудас/-аар нэр бүхий 5 багшид тус бүр 450700 төгрөг /дөрвөн зуун тавин мянга долоон зуу/-ийг олгохоор, уг мөнгөнөөс багш тус бүрээс 10 хувийг суутган тооцож татварын албанд шилжүүлэхийг нягтлан бодогчид зөвшөөрч тус тус шийдвэрлэсний дагуу дээрх мөнгө нь уг тушаалд заасан нэр бүхий багш нарт олгогдсон болох нь дээрх тушаал, шийдвэрүүд болон тэдгээр багш нараас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байх үед гаргаж өгч байсан тодорхойлолт /хх-ийн 52-56-р хуудас/ -уудад тус урамшууллын мөнгө нь тэдгээр багш нарын дансанд тухайн үедээ орсон болохыг дурдсан байдал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаагаар Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2012 оны А/52 дугаар тушаалд “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд дугуйлан, секц ажиллуулсан багш, авьяастнуудад ажлын хөлс олгохоор заасан нэмэлт санхүүжилт зориулалтын дагуу зарцуулагдсан байна.

           Харин Төсвийн тухай хууль дахь “Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага”-ын асуудлыг зохицуулсан 25 дугаар зүйлийн 25.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зөвхөн доор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно” гэж заасны дагуу үзүүлэх төсвийн байгууллагын нийгмийн үйлчилгээний нэг болох мөн хуулийн 25.2.2-т заасан “бүх шатны боловсролын үйлчилгээ”-нд хандив, тусламжийг тус хуульд заасан журмын дагуу авч болохыг хуулиар зөвшөөрсөн байх ба энэ хүрээнд,

         Нэхэмжлэгч болох Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зүгээс Бага, Дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг” дэх мөн зүйлийн 20.2.6-д “суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх”, 20.2.9-д “багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан үүргийг хэрэгжүүлэх үүднээс тухайн үед урамшуулал авсан нэр бүхий багш нараас тодорхой хэмжээний мөнгөн орлогыг гаргуулан авч, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх болон сургуулийн тохижилт, орчин нөхцөлийг сайжруулах асуудалд зориулан зарцуулж, сургуулийн төсөвт зохих хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлсэн үйл ажиллагаа нь хуульд харшлаагүй байх бөгөөд,

         Үүнээс гадна дээр дурдсан нотлох баримт болох санхүүгийн хяналт шалгалтын явцад тус нэр бүхий багш нарын гаргаж өгсөн тодорхойлолтууд дахь “сургуулийн захиралын зүгээс утсаар холбогдож хэлснээр тухайн урамшууллын мөнгөнөөс зохих хэмжээний мөнгийг буцааж өгсөн” талаар дурдсан /хх-ийн 52-57-р хуудас/ нөхцөл байдлаас үзвэл уг мөнгийг сургуулийн захиралын зүгээс тэдгээр багш нарт мэдэгдэлгүй, шууд суутган аваагүй бөгөөд харин багш нарын зүгээс тухайн үед уг үйл ажиллагааг дэмжиж, зөвшөөрснөөр тодорхой хэмжээний мөнгийг эргүүлж өгсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч буюу тус  сургуулийн захирлын хувьд түүнийг “хууль бусаар орлого олсон” гэж үзэх боломжгүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч нь уг мөнгөн орлогыг сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх болон багш, суралцагч, ажилтны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэйгээ  холбогдуулан тус сургуулийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан түүний тохижилт, үйлчилгээнд болон сурагчдад хөгжим заалгасан ажлын хөлс зэрэг үйл ажиллагаануудад зарцуулагдаж дууссан болох нь:

         Хэрэгт нотлох баримтаар авагдсан сурагчдад ятга, ёочин, шанз, хуучир хөгжим заасан ажлын хөлсөнд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг/ авсан тухай иргэн Лантуугийн бичиж өгсөн илтгэх хуудас гэх баримт, Морин хуур заасан багшийн ажлын хөлсөнд 270000 /хоёр зуун далан мянга/ төгрөг зарцуулсан тухай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зарлагын баримт”, мэдээллийн урсдаг туузан самбарын үнийн зөрүү төлсөн тухайг нотлох баримт гэх 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарлагын баримт” баримтууд /хх-ийн 95,97,98-р хуудас/-уудаар болон,

          Шүүх хуралдаанд оролцсон гэрч болох тухайн үед тус сургуулийн няраваар ажиллаж байсан Ж.Бгийн “... Багш нарын дугуйлан секц хичээллүүлсний мөнгийг бүтэн цагаар нь оруулж өгөөд төсвийн мөнгөний хүрэлцээ муу байдаг учраас багш нартай харилцан тохиролцож, уг мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг эргүүлж татсан, энэ мөнгө нь сүүлд захиралаас над дээр ирж зарцуулагдсан. Үүнд морин хуурын дугуйлан хичээллүүлсний тал мөнгө болох 270000 төгрөгийг сумын тамгын газарт би өөрийн биеэр аваачиж өгсөн, мөн сургуулийн коридорт хөшиг авахад 146000 төгрөг, сургуулийн барилгын үүдний саравчны дээврийн засварт 60000 төгрөг, сургуулийн дотуур байрны тасгуудын шалны хулдаасанд 240000 төгрөгийг тус тус зарцуулсан бөгөөд аймгийн театрын дуу хөгжмийн багшид дугуйлан хичээллүүлсний хөлсөнд 200000 төгрөгийг захирал өөрийн данснаас шилжүүлсэн, мөн дараа нь 150000 төгрөгөөр урсдаг самбар авсныг захирал өөрөө очиж авчирсан бөгөөд бидэнд томилолтын зардал олгогддоггүй учраас захирал явж авчирсан ...” гэх,

         Мөн гэрч тус сургуулийн биологийн багш ажилтай Д.Бямбасүрэнгийн “... тухайн үед би төгсөх анги удирдаж байсан бөгөөд тус төгсөх ангийн эцэг, эх  болон сурагчдаас сургуульдаа үлдэх дурсгалтай зүйл авч өгье гэсэн санаачилга гаргасны дагуу юу байвал зохимжтойг ярилцаж саналууд дэвшүүлэхэд мод таръя гэсэн боловч би биологийн багш хүний хувьд хүүхдүүдийн өгсөн мөнгөөр мод авч тарилаа гэхэд хэдэн хувь нь ургах билээ гэх зэргээс бодож үзээд өөр зүйл болгохоор ярилцсаны үр дүнд сургуульдаа мэдээллийн урсдаг самбар авъя гэж шийдсэнээр бусад төгсөх анги удирдсан багш нартай хэлэлцээд захиралд орж хэлсэн. Захирал үүнийг хүлээн зөвшөөрснөөр нэг хүүхдээс 5000 төгрөгөөр тооцож хураасан мөнгө нь урсдаг самбарт хүрэлцэхгүй байсан тул сургуулиас туслалцаа үзүүлж уг самбарыг авсан бөгөөд энэ мөнгийг “Авъяас” хөтөлбөрийн мөнгө гэж хэлж байсан ба тухайн урсдаг самбарыг одоо хүртэл ашиглаж байгаа ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг мөнгийг тус сургуулийн захиралаас гаргуулж, төсвийн орлогод оруулах үндэслэлгүй байна.

            3.5  Мөн түүнчлэн тус улсын байцаагчийн актад тухайн зөрчлийг “ ... өөрийн гар дээр байлгаж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, тушаал шийдвэргүй зарцуулсан ...” гэж дүгнэсэн байгаагаас үзвэл түүнийг “хууль бусаар олсон орлого” гэсэн үндэслэлээр бус зөвхөн Нягтлан бодох бүртгэлийн  тухай хууль, холбогдох журамд заасныг зөрчиж зарцуулсан гэх үндэслэлээр тогтоосон байдал болон мөн дээр тогтоогдож буй бусад нөхцөл байдлуудлаас үндэслэн шүүхээс дүгнэхэд,

            Тус  11/08/023-01 дүгээр актыг улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь зүйлд заасныг үндэслэн гаргасны дагуу тэрээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны  “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт батлах тухай 207 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын стандарт”-ын 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан “Албан шаардлага” болох баримт бичгийг үйлдэхээр байтал, холбогдох хууль, журам, стандартад заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж  “хууль бусаар олсон орлого” гэж үзсэн зөрчилд үйлдэх “Улсын байцаагчийн акт” үйлдсэн нь эрх зүйн хувьд мөн зөрчилтэй болжээ.

          Иймд дээр дурдсан холбогдох хууль болон журам, стандартад нийцэж гараагүй захиргааны акт болох тус улсын байцаагчийн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш нараас татаж авсан хөрөнгийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-01 дүгээр актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

           3.6  Харин нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 3.10-т “Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулах тохиолдолд энэхүү эрх бүхий ажилтныг томилно” гэж заасан журмын дагуу нэр бүхий багш нараас тус мөнгөн орлогыг цуглуулахдаа тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий өөр этгээдийг томилж гүйцэтгүүлээгүй,

              Мөн Төсвийн тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.6-д “Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална”, 25.7-д “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана” гэж заасан байгаагаар тухайн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй  байдал нь буруу бөгөөд цаашид уг алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх,

           Гэвч нэхэмжлэгчийн дээрх буруутай үйл ажиллагаа нь түүнд холбогдуулан тогтоосон тус улсын байцаагчийн актыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй зэрэг байдлуудыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь  зүйлд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

          1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6, 20.2.9 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Багш нараас татаж авсан хөрөнгийг төсөвт төлүүлэх тухай” 11/08/023-01 дугаар актыг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЦЭНД