Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2232000270022 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн мандал суманд 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ганцаараа ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Сартуул овогт Чинзоригийн Бат-Ирээдүй /рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч *******н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би өмнө нь эдний ажлын хүмүүсийн гуйлгаар хот руу юмыг нь үнэгүй дайгаад аваад явдаг байсан. Тэр болгонд ажлынхаа эмэгтэйчүүдтэй хардаад чамайг нөхөрт нь хэлнэ гэж тэрнээс болж маргасан. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн үедээ найзыгаа зодож хохироосондоо маш их харамсаж байна. Нүүр ам чинь ийм болчихсон юм чинь эхний ээлжид эм тариа авчих. Дараа нь 2 уулаа хамрыг чинь тэгшлүүлье гэж ярьж тохирсон. 2-3 хоногийн өмнө ярихад хамар зүгээр байгаа гэж хэлсэн гэв. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2232000270022 тоот хавтаст хэргээс

 

   Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай найз Амарсүх Улаанбаатар хотоос ирсэн байна гээд Мандал сум 2 дугаар баг Старс бааранд хүрээд ирээч гэхээр нь би очсон. Тухайн үед очиход манай хүргэн Тулга, эхнэр нь болох Одончимэг, Амарсүх болон түүний эхнэр Мөнхцэцэг нар байсан. Тэгээд тэр ууж идэж байгаад гадаа гараад тамхи татчихаад буцаад бааранд орсон чинь зүс таних Бат-Ирээдүй сууж байхаар нь мэндлээд урьд өмнө болсон явдал уучлалт гуйсан юм. Урьд өмнө Бат-Ирээдүйн гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд их согтсон байсан учир Бат-Ирээдүйн гэрт унтаж байх үед намайг гэнэт учир шалтгаангүй зодож байсан. Тухайн үед гэрээс нь гараад зугтаад гэртээ очиж хонож байсан. Ямар шалтгаанаас болж урьд өмнө намайг зодоод байсныг асуухаар надад хэлж байгаагүй. Тэгээд Бат-Ирээдүйгээс уучлалт гуйгаад салсан. Тухайн үед бааранд кара-оке өрөөнд Бат-Ирээдүй орж ирээд цуг сууж байгаад цаг нь дуусаад тарахаар болоод Бат-Ирээдүйтэй хамт замын хойшоо алхаад Төмөр замын гармаар гараад явж байсан чинь Бат-Ирээдүй манай ажлын даргын гэрт нь очно гээд байхаар нь яах гэсэн юм бэ? муу ч сайн ч манай дарга болохоор очиж яах юм бэ? хөгшөөн чи ингэж яриад байвал би гэртээ харилаа гээд Бат-Ирээдүйгээс салаад хэд алхаад явж байсан чинь араас ирээд намайг боогоод нүүр ам руу удаа дараа цохиж, би үхлээ гээд уучлалт гуйгаад байхад намайг дарж дээр суучхаад цохиод байсан. Тухайн үед миний амьсгал боогдоод амьсгалж чадахгүй худлаа үхсэн юм шиг жүжиглэж хариу үйлдэл үзүүлэхгүй хэвтээд байсан чинь битгий жүжиглээд бай гээд намайг хэд хэдэн удаа газар мөргүүлж сэгсрээд хариу үйлдэл үзүүлэхгүй гүрийгээд хэвтээд байсан чинь миний дээрээс босоод хажууд суухаар нь би босож гүйж зугтаагаад ногоон байранд байдаг ажлынхаа эгчийнд очиж утсаар яриад найз С.Бум-Эрдэнийг машинтайгаа хүрээд ир гэж дуудаад, ирэхээр нь цагдаа дээр ирж гомдол гаргасан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 7-11  дүгээр хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн №31 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1. *******ын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруу, баруун хацар зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 15-16 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 40 дүгээр хуудас/

Хохирогчийн хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй тухай хүсэлт /Хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч *******н Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 62 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  *******н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруу, баруун хацар зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /Хх-ийн 7-11 дүгээр хуудас/, шүүгдэгч *******н эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 27-28 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн № 31 дугаартай дүгнэлт /Хх-ийн 15-16 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******н нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохиж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, хамрын нуруу, баруун хацар зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сартуул овогт Чинзоригийн Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******г  500 /таван зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ