| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/02210/И |
| Дугаар | 181/ШШ2017/02701 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2017/02701
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2017/02701 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б \РД:/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.Б нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06155 дугаар захирамжаар Ж.Түвшинтөгсд 45.692.725 төгрөг төлж барагдуулахаар болсон.
Дээрх шүүхийн шийдвэрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, 418 дугаар байр 193 тоот орон сууцыг битүүмжпэн хурааж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэлийг надад шуудангаар хүргүүлсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, өмчлөгч надаас үнийн санал аваагүй, хөндлөнгийн шинжээч томилсон эсэх талаар надад мэдэгдээгүй, үнэлэгдсэн үнэлгээг надад танилцуулаагүй байж миний өмчөлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлэн, худалдан борлуулах ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа тул орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06155 дугаар захирамжаар Охиндойн Боос 45.692.725 төгрөгийг гаргуулж Ж.Түвшинтөгсд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17260052 дугаар тогтоолоор үүсгэж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол 418 дугаар байрны 193 тоот 70 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 2557/01 тоот тогтоолоор битүүмжлэн сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгсөн.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 6155/02 тоот хураах тогтоол үйлдэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч 140.000.000 төгрөгөөр үнийн саналаа өгсөн, хамтран өмчлөгч Ж.Энхтуяад үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2017 оны 04 дүгээр эарын 10-ны өдрийн 1/11024 дүгээр мэдэгдлээр хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээчээр зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпанийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хульд заасан журмыг баримтлах”-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг Төлбөр төлөгч О.Б, Ж.Энхтуяа нарт үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 5 сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байхад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Нэхэмжлэгч О.Б нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6155 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага болох 45.500.000 төгрөгийг хариуцагч О.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 5.687.500 төгрөгөөр төлж нийт 45.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан 6155 дугаартай шүүгчийн захирамж, түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17260052 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна. \хх-ийн 20-26–р хуудас\
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6155/01, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6155/02 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 6155 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлэхийг шаардаж, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 3557/01 дугаартай Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6155/02 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /х.х-ийн 31-36-р хуудас/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч О.Б нь үнийн саналаа 140.000.000 төгрөг гэж ирүүлснийг төлбөр авагч Түвшинтөгс эс зөвшөөрч шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн байна. /хх-ийн 38,39-р хуудас/
Харин дээрх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Энхтуяад үнийн санал ирүүлэхийг мэдэгдээгүй, хүргүүлээгүй, үнийн санал аваагүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Энэ үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2. дах заалтад нийцээгүй байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн йанхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6155 дугаартай шүүгчийн захирамжаар О.Б-с 45.500.000 төгрөг гаргуулах тухай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО