| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0193/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д-н Ж-д холбогдох эрүүгийн 2118000000215 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б овогт Д-н Ж /РД:ТБ82013118/, 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдийн хамт ….. аймгийн ..... сум .....-р баг ...... хороолол ....-р байрны ...... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай. ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Ж нь ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймаг ..... сумын .....-р багийн нутагт иргэн Ч.М зодож эрүүл мэндэд тархи доргилт, нүүр, баруун мөр, өвдгөнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...бид нарын хоорондоо юм яриад сууж байхад Н нөгөө залуу руугаа утсаар яриад хүрээд ирээч гэж хэлээд байхаар нь бид нар хэсэг сууж байгаад ирвэл бөөн зодоон болж магадгүй гээд машин дуудаад тэдний гэрээс гараад үерийн далан дагаад явж байхад урдаас нэг залуу утсаар яриад энэ мөн үү гэж хэлээд шууд миний нүүр рүү 2 удаа, элэг 1 удаа цохиход би далан руу унасан. Газар унаад босоод ирэхэд нөгөө залуу гүйгээд цагаан өнгийн приус маркийн машинд суугаад яваад өгсөн...” гэх хохирогч Ч.М-ын мэдүүлэг /хх-ийн 8-11/,
- ... Н нөгөө залуутайгаа утсаар яриад хүрээд ирээч гэхаар нь бид нар явлаа шүү, найз залуу чинь ирвэл ам нийлэхгүй байх гэж хэлээд тэдний гэрээс гараад явсан. Бид нар үерийн далан дагаад цуваад явж байтал өөдөөс нэг залуу ирээд манай нөхрийг энэ мөн үү гэж хэлээд шууд нүүр рүү нь цохисон...” гэх гэрч Ц.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 13/,
- ...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний бие өөрийн нөхөр Н-н хамтаар найз Н-н аавынх нь гэрт буюу Древений ..... тоотод очсон. Тухайн үед Н өөрийн нөхөр болох М-н хамт байсан. Бид нар бөөндөө архи дарс ууцгаагаад байж байсан. Гэтэл Н “би нэг залуутай суух гэж байгаа, би шийдсэн” гэж хэлсэн. Манай нөхөр болон М нар “чи манай найзыг ингэж болохгүй, чи ч гэсэн миний найз, ийм хурдан шийдвэр гаргаж болохгүй” гэдэг байдлаар зөвлөгөө өгсөн юм. Тэгээд Н нөгөө залуу буюу Ж гэдэг залуугаа хүрээд ир гэж дуудсан. Н бид хоёр “чи дуудаж яах гээд байгаа юм бэ? тэгвэл зодоон болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Н тэр залуугаа дуудчихлаа гэхээр нь бид дөрөв ирэхээс нь өмнө явъя гэж хэлээд 7-ийн буудал руу машинд суух гээд далан дагаад алхсан. Гэтэл нэг залуу машинтай ирээд, утсаар ярьж байгаад “энэ мөн үү” гэж хэлээд М-ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон юм...” гэх гэрч Б.О-н мэдүүлэг /хх-ийн 19/,
-Гэрч У.Н-ийн “... Би Ж руу залгаад “манай найзууд чамайг ална гээд гэрээс гараад явлаа” гэж хэлсэн. Ж надад хэлэхдээ “М-ын нүүр рүү нэг удаа цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх –ийн 17/,
- ...замд Н залгаад “манай найзууд чамайг ална гээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дархан сумын 3 дугаар багт байдаг Н-н ээж аавынх нь гэр лүү орох замдаа Н-гтэй утсаар яриад “ямар хувцастай юм бэ?” гэж асуусан. Замд хоёр согтуу залуу, ард нь хоёр эмэгтэй хүн явж байхаар нь Н-н найзууд мөн гэдгийг таниад хамгийн урд явж байсан М-н нүүр рүү нь нэг удаа цохисон чинь далан руу уначихсан...” гэх яллагдагч Д.Ж-ы мэдүүлэг /хх-ийн 32/,
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ….. дугаартай “...Ч.М-н биед тархи доргилт, нүүр, баруун мөр, өвдгөнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх шинжээчийн дүгнэлт /ххийн 22-23/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.М-ын биед тархи доргилт, нүүр, баруун мөр, өвдгөнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.М-ын “...би гэм буруутай этгээд болох Д.Ж-аас эмчилгээний зардалд 400.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, “...эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 52/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Ж-ы 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ..... аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.М биед тархи доргилт, нүүр, баруун мөр, өвдгөнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ж-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ж нь “.............” ХХК-нд инженер ажилтай болох нь хэрэгт авагдсан “..........” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 47/-оор нотлогдож байх бөгөөд түүний цалин орлого, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-н Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ж-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР