Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алагадуун овогт Мижиддоржийн Пүрэвдорж Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Шар нуруу овогт Баянжаргалын БатЮнрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бат-Юнрэнд холбогдох 1923000000091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Ногоочдын хэсгийн 1-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шар нуруу овогт Баянжаргалын Бат-Юнрэн, /Регистрийн дугаар: ИФ87121717/ Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нутаг Нефтийн хэсэгт гудамжинд иргэн Ш.Мягмартай маргалдаж, түүний нүүр рүү гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Шар нуруу овогт Баянжаргалын Бат-Юнрэн нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нутаг Нефтийн хэсгийн гудамжинд иргэн Ш.Мягмарыг “утсаараа яриулсангүй” гэсэн шалтгаанаар түүний нүүр рүү гараараа цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал шүүгдэгч нүүр рүү нь гараараа цохисон гэж шууд тусган мэдүүлсэн хохирогч Ш.Мягмарын “...Тэр өдөр 21 цаг өнгөрч байх үед... портер машин зогсоод намайг дуудсан, тэр машин дотроос нэг хүн бууж ирээд “чи Даваажавын ахын найз уу?” гэсэн, тэгэхээр нь би “тийм байна” гэсэн чинь “утас байна уу? дуудаад өг” гэхээр нь би “утсаа гэртээ орхисон байна” гэсэн чинь цээжээрээ түлхээд “би том хүн шүү, чамайг ална шүү” гээд баруун нүд рүү цохиод, намайг заамдаад бариад авсан, тэгээд бид 2 ноцолдоод би барьцыг нь тавиулаад гэр лүүгээ зугтаасан, манайх дэлгүүрээс 20-30 метр байдаг...” гэсэн мэдүүлгээр Б.Бат-Юнрэн Ш.Мягмарыг зодож байсныг харсан талаараа мэдүүлсэн гэрч М.Галбаасангийн “...Би гэртээ байж байсан чинь манай хүү ээж цагдаа дуудахаас гээд ороод ирсэн. Тэгээд би гүйгээд гарсан чинь манай нөхөр Мягмар нэг залуутай заамдалцсан зогсож байсан. Тэгээд би салгах гээд ноцолдоод хүчрээгүй. Тэр залуутай хамт явсан нэг хүн нь манай нөхрийг зодсон тэр залууг салгаж авч явах гээд нилээн үзсэн. Манай нөхрийн хамар луу тэр залуу цохичихсон” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Өлзийтогтохын “...манай дүү Мягмар надтай зөрөөд хашаа руу орж ирсэн. тэгсэн чинь араас нь нэг согтуу залуу нилээн хашгираад ирж байсан. ...Тэгээд ноцолдоод байхаар нь би тэнд байсан хүмүүсийг зодож болохгүй шүү, дараад ав, тэгээд цагдаа дууд гэсэн. Тэгээд цагдаа дуудсан юм. Цагдаа удалгүй ирээд аваад явах гээд машин руугаа суулгах гэсэн чинь буцаж ирээд манай дүү Мягмарын хамар луу нь цохьчихсон” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна..” Шүүгдэгч Б.Бат-Юнрэнгийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000000173 дугаартай “...иргэн Ш.Мягмарын биед хамрын хянга ясны хугарал, ухархайн ханын хугарал, хамрын таславч ясны муруйлт, тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт, зүүн эгэмний хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.Бат-Юнрэн нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.Бат-Юнрэн иргэн Ш.Мягмарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.Бат-Юнрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид эмчилгээний зардалд 800000 төгрөг нөхөн төлсөн, ба 1700000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хохирогчийн хүсэлтээр болон шүүгдэгчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Бат-Юнрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ба түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар нуруу овогт Баянжаргалын Бат-Юнрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Бат-Юнрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Юнрэнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Б.Бат-Юнрэнд өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгчийн өмчлөлийн 480000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 39 инчийн ЛСД өнгөт зурагт 1 ширхэг, 1000000 төгрөгийн үнэ бүхий Самсунг маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхгийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5/48 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид 1700000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ