| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | 149/2021/0111/Э |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Д .Жамбаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2132000000151 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р баг хөдөө хэсэг, одоо Сэлэнгэ аймгийн Мандал ...... тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Орлой овогт ******* Жамбаа /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэцүү хад” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ууланд хуш модны самар бэлтгэхээр очсон хүмүүсийн хоол хийж байсан зуухыг өшиглөн иргэн ******* хоёр хөл дээр халуун хоол асгарч улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.
Эрүүгийн 2132000000151 тоот хавтаст хэргээс:
Хохирогч 11.6 мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн орчим би хүмүүсийнхээ хоолыг хийгээд отог дээрээ байж байхад хажуу талын отог болох Отгондорж гэх хүний отогт явж байсан Жамбаа гэж дууддаг залуу согтуу орж ирээд хоол хийж байсан зуухыг өшиглөсөн. Гэтэл зуухан дээр буцалж байсан хоол унаж миний 2 хөлийг түлсэн...гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-13-р хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 11 дүгээр сарын эхээр отгийнхоо хүмүүстэй архи ууцгаасан. Тэр орой би архи уугаад нэлээд согтчихсон хажуу талын отог болох Норовын отог руу ороод зуух руу өшиглөсөн. Тухайн үед согтчихсон байсан учраас яагаад зуух руу өшиглөсөн гэдгийгээ санахгүй байна. Гэтэл зуухан дээр байсан шөлтэй хоол асгарч хоол хийж байсан Энхнямын хөл дээр асгарчихсан. Би согтуугаар тэдний байрлаж байсан отог руу орж зуух руу өшиглөж ******* эрүүл мэндэд хохирол учруулснаа санаж байна... гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 247 дугаартай “...******* биед баруун шилбэ, шагайн үений дотор хэсэг, зүүн шилбэ, зүүн шагайн үений гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт болон бусад нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын 5 дугаар баг, Өгөөмөр хэсэгт оршин суух лавлагаа /ХХ-ийн 35 дугаар хуудас/, Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэцүү хад” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ууланд хуш модны самар бэлтгэхээр очсон хүмүүсийн хоол хийж байсан зуухыг өшиглөн иргэн ******* хоёр хөл дээр халуун хоол асгарч улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Шинжээчийн №247 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хэцүү хад” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ууланд хуш модны самар бэлтгэхээр очсон хүмүүсийн хоол хийж байсан зуухыг өшиглөн иргэн ******* хоёр хөл дээр халуун хоол асгарч улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орлой овогт ******* Жамбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.