Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0116/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Д овогт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001440090 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д овогт Б.Б, суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн .......... тоотод оршин суудаг, урьд:

-2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

-2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,

-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн ........ тоотод байх өөрийн гэртээ хадам эцэг Д.М эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шилбэний шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Хадам аав орж ирээд миний өөдөөс уурлаад байсан. Тэгээд би уураа барьж чадалгүй хүрз шидсэн. Би өөрөө Шарын гол орж, хөлийг нь эмчлүүлж өгч, хадам ааваасаа уучлалт гуйсан. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг учир торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б орж ирээд та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө гэж хэлээд цээж нүцгэн орж ирж байгаад гараад явсанаа үүдний амбаарт байсан лоом, хүрз, сүх, цемент, блок зэргийг гэр рүү шидээд байхаар нь би эхнэр охиноо хамгаалаад гэрийнх нь унийг бариад зогсоход Билгүүнээ гэрт орж чадахгүй зугатаагаад яваад өгсөн. Тэгэхэд миний зүүн хөлний шилбэ хэсэг газар язраад цус гарсан байсан.

...надад гомдол санал байхгүй. Манай хүргэн архи уухгүй бол амьдралаа аваад явах чадвартай хүн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4/,

-Шүүгдэгч Б.Билгүүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрзийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6, 8/,

 

-Гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Билгүүнээ манай аавтай муудалцаад манай аавын хамар руу 2 удаа цохисон.

...тэгээд удалгүй орж ирснээ шууд намайг үсдэж аваад гэрийн хойморт байдаг стенкийг толгойгоор мөргүүлээд байсан. Тэгсэн аав босож ирээд “чи хүүхэд зодоод арай давраад байгаа юм биш үү.” гэж хэлэхэд Билгүүнээ гарснаа сүх, лоом зэргийг аав руу шидээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/,

 

            -Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэртээ бид дөрөв ирээд байж байхад Билгүүнээ Мягмарт хандан “чи охин Н хутгалуулчихсан байхад ирдэггүй, тоогоогүй биз дээ.” гэхэд М ямар нэгэн зүйл дуугаралгүй сууж байсан. Тэгэхэд Н, Б хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ гэрээсээ хөөгөөд байсан. Тэгж байгаад Б “та нарыг бүгдийг нь цагдаад өгнө.” гэж хэлээд дээгүүрээ нүцгэн, доогуураа оймстой гарч яваад хэсэг байж байгаад буцаж орж ирээд Н үснээс зулгаагаад татаж байгаад гэрийн хойморт байсан мөлхөө стенк рүү түлхээд унагаачихсан. Тэгэхэд М унтаж байгаад босож ирээд Б рүү “чи миний охиныг яахаар зоддог юм бэ?” гэж хэлээд зууралдаад ноцолдож байгаад Б гэрээс гараад явснаа гэрийн хаалга онгойлгож байгаад үүдний амбаарт байсан цементэн блок, хүрз, лоом, банз, сүх шидээд байхад нь М нь “та нар холдож бай.” гээд бид нарыг шидсэн зүйлээс хамгаалсан.

            ...тэр үед Мягмар “миний зүүн хөлнөөс цус гараад байна.” гэж хэлэхэд нь хөлийг нь харахад зүүн хөлийнх нь шилбэ хэсэгт яз цохиод хаячихсан байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18-19/,

 

-Хохирогч Д.М эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 21-22/,

 

-“Д.М биед зүүн хөлийн шилбэний шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл болно. Д.М биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 23-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б хохирогч Д.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Б нь  хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.М руу хүрз шидэж зүүн хөлийн шилбэний шарх учруулж буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Зурагтын 6-69а тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хадам эцэг Д.М эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шилбэний шарх” бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 23-24/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.М нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Б.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д овогт Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Б-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Билгүүнд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ