| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2020/0010/З |
| Дугаар | 00021 |
| Огноо | 2020-08-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00021
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Х.Ш-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай Г-ын Н /РГ89012911/-ийн нэр дээр нэг иргэний өмчөөр улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаарт бүртгэгдсэн, 000311484 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг Х-н Ш миний нэр дээр бүртгэхээс татгалзаж буй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Б.Э/-ийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х.Ш миний нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Х.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гэрч Д.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Х.Ш нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г-ын Н-ээс Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай 458 м.кв талбайтай газар бүхий 77 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 17 000 000 /арван долоон сая/ төгрөгөөр үнэлж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч үнийг бүрэн төлсний үндсэн дээр эзэмшилдээ авсан. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгө нь Г.Н-ийх бус түүнийг захиран зарцуулах эрхгүй байсан тул жинхэнэ өмчлөгч болох Г.Н-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг хийж, зохих журмын дагуу нотариатчаар гэрчлүүлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө нь хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа учир би Улсын бүртгэлийн хэлтэст хандаж өөрийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авах гэхэд “энэ үл хөдлөх эд хөрөнгө Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дээр маргаантай байгаа” гэсэн шалтгаанаар шилжүүлэн бүртгэж өгөхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай Г-ын Н /РГ89012911/-ийн нэр дээр нэг иргэний өмчөөр улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаарт бүртгэгдсэн, 000311484 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг Х-н Ш миний нэр дээр бүртгэхээс татгалзаж буй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Б.Э/-ийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х.Ш миний нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х.Ш-ийн гаргасан Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
Уг нэхэмжлэлтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Н /РГ89/ бүртгэлтэй байх ба Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/239 тоот албан бичгээр Мөрөн сумын 4 дүгээр баг 25 дугаар гудамж 19А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаартай үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зээлийн барьцаанд бүртгэхгүй байхыг мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т “Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаартай үл хөдлөх хөрөнгөнд тусгай тэмдэглэл хийгдсэн болно. Мөн хуулийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Ш-ийн нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, бусад хууль тогтоомжуудыг дагаж мөрддөг. Уг өмч хөрөнгө нь Эд хөрөнгийн өмчийн бүртгэлийн тухай хуулийн 30.1-д заасан хязгаарлалтад орсон байсан. Энэхүү хязгаарлалтыг эрх бүхий байгууллага нь нээсний дараа манай байгууллага өмчлөх эрхийн бүртгэлийг дараагийн хүнд нь хийж өгөх боломжтой. Шүүх ямар шийдвэр гаргана түүний дагуу л шийдвэрлэнэ гэж бодож байна. Манай байгууллага хариуцагчаар татагдсан ч гэсэн хууль тогтоомжийн дагуу ажилладаг. Хуульд заасны дагуу түдгэлзүүлсэн тул сэргээх боломжгүй гэдгийг нэхэмжлэгчид хэлж байсан” гэв.
Гэрч Д.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Манайхаас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/976 тоот Хязгаарлалт тавих тухай албан бичгийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж байсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн Голомт банкны төлбөрт н.Б, Г.Н хоёрын эд хөрөнгөнд хязгаарлалт тогтоосон. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг манай байгууллага 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн. Энэ талаарх албан бичгийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр явуулсан гэв.
Нэхэмжлэгч Х.Ш-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай Г-ын Н /РГ89012911/-ийн нэр дээр нэг иргэний өмчөөр улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаарт бүртгэгдсэн, 000311484 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг Х-н Ш миний нэр дээр бүртгэхээс татгалзаж буй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Б.Э/-ийн эс үйлдэл хууль бус болохыг тогтоож дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Х.Ш миний нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г-ын Н нь Х-н Ш-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамж, 19а тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай 77 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлэн шилжүүлсэн байна. /хх-н 9 дүгээр хуудас/
2. Улмаар энэхүү хэлцлийг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/231 дугаар шийдвэрийг үндэслэн Х.Ш-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19а тоот хаягт байрлах, нэгж талбарын 6712000328 дугаар бүхий 458 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба харин уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр дээрх худалдан авах гэрээг үндэслэн бүртгүүлэхээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зохих журмын дагуу ... мэдүүлэг гаргасан боловч түүнд татгалзсан хариу өгч байжээ. /хх-н 10 дугаар хуудас/
3. Мөн түүнчлэн Х.Ш нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Э-т 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Л.Н-д гараар цохолт хийж хариу хүргүүлэхийг үүрэг болгосон. /хх-н 13 дугаар хуудас/
4. Өмнө нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 529 дугаар захирамжийг үндэслэн төлбөр төлөгч Г.Н-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол гарсан байх бөгөөд харин энэ хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Н нь Х.Ш-д өмчлөх эрхээ шилжүүлж уг, хөрөнгийг худалдсан тухай хэлцэл хийгдсэн байна. Түүнчлэн Хас банкны барьцаанаас чөлөөлөгдсөн, Х.Ш нь уг хөрөнгийг 17.0 сая төгрөгөөр бэлнээр худалдаж авч, хэлцэл хийгдсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан ... татгалзах үндэслэлд хамаарагдахгүй нөхцөл байдалтай байсан байна.
5. Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/239 дугаар албан бичгээр Г.Н-ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 4 дүгээр баг, 25 дугаар гудамж, 19А тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийхгүй, зээлийн барьцаа бүртгэхгүй байх мэдэгдлийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. /хх-н 54 дүгээр хуудас/
6. Хас банкны Хөвсгөл салбарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 117/1399 дугаар албан бичгээр “иргэн Г.Н-ы /РГ89012911/ нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хас банктай байгуулсан 1170015485 тоот гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-25-19А тоот байрлах улсын бүртгэлийн Ү-1723007115 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Уг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хаасан тул үл хөдлөх хөрөнгийг зээлийг барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. /хх-н 57 дугаар хуудас/
7. Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1464, 03/1465 дугаар “Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1747 дугаар шийдвэрийг үндэслэн ... Г.Н-ны өмчлөлийн Хөвсгөл аймаг дахь Мөрөн сумын 4 дүгээр баг 25 дугаар гудамж 19А тоотод байрлах Ү-1723007115 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлан, хамтран өмчлөлд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан эсэх дэлгэрэнгүй лавлагааны хамт хязгаарлалт тогтоосон хариуг ирүүлж бидний ажилд тусална уу” гэх албан бичгээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авсан байна. /хх-н 126 дугаар хуудас/
Иймээс дэрээх нөхцөл байдлыг шүүхээс дүгнэхэд иргэн Х.Ш-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай 77 м.кв талбайтай амины орон сууцыг Х-н Ш-ийн нэр дээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгах шийдвэр гаргах нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг баримтлан Х.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25 дугаар гудамжны 19А тоотод байршилтай 77 м.кв талбайтай амины орон сууцыг Х-н Ш-ийн нэр дээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр 49.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч Х.Ш-г чөлөөлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН