Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0019

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 19                             Улаанбаатар хот

 

 

Х-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, *******,******* нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.О-т холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.О-ийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23- 06-040/294 тоот “Хөрөнгө төлүүлэх тухай”, 2013 оны 06-ны өдрийн 14-ний 23-06- 040/295 тоот “Үйл ажиллагаа зогсоох тухай” 2013 оны 06 дугаар сарын 14-ний 23-06- 040/296 тоот “Хөрөнгө төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийгмийн халамж,******* дарга Д.Д “И” ТББ-ын нэгдмэл сонирхолтой гэж үзэж дээрх маргаан бүхий актуудыг тавьсан гэжээ.

Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23-06-040/295 тоот акт тавих болсон шалтгаан нь Нийгмийн халамж******* дарга Д.Д нь энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө "И" ТББ-ын тэргүүнээр 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл "И" ТББ-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, санхүүжилт олгон, ажиллаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байсан тул акт тавьсан ба энэ нь төрийн албанд ажиллаж байгаа бүх албан тушаалтнуудад нийтлэг үйлчилдэг ба илт хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн.

2013 оны 6 дугаар сарын 14 ний өдрийн 23-06-040/296 тоот акт тавих болсон шалтгаан нь Нийгмийн халамж******* дарга Д.Д нь энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө "И" ТББ-ын тэргүүнээр 2012 оны 10 дугаар сарын 01 ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл "И" ТББ-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, нийт 4200,0 мянган төгрөгийн санхүүжилт олгосон нь Монгол улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 заасныг тус тус зөрчсөн байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу акт тавьсан болно.

Манай байгууллагын зүгээс Авлигатай тэмцэх газарт Д.Д-ын ашиг сонирхлын зөрчлийн талаарх асуудлыг шалгуулахаар өгсөн боловч тус байгууллага нь шалгаад түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн байсан. Манай байгууллагын зүгээс Д.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулахаар тухайн байгууллагад хандаагүй бөгөөд зөвхөн ашиг сонирхлын зөрчил гаргасан асуудлыг шалгуулахаар хандсан байхад энэ асуудлыг шалгаагүй болно.

Шүүх дээрх 2 актыг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн акт гэж үзсэн нь буруу ба мэргэжилтнүүд гэрээ хийж байгаа боловч гэрээний санхүүжилт, баталгаажуулалтын асуудлыг тухайн байгууллагын дарга хариуцаж байгаа болно. Байгууллагын дарга нь биечлэн гэрээ хийдэггүй бөгөөд хариуцсан албан тушаалтан гэрээ хийж, дарга баталгаажуулалт хийхээс гадна 4,2 сая төгрөг шилжүүлэхэд ямар нэгэн захиргааны акт гаргахгүй бөгөөд мөнгөн шилжүүлэг хийж байгаа нь буруу гэж акт тавьсан юм.

Гэтэл шүүх биечлэн гэрээ хийгээгүй, захиргааны акт гаргаагүй гэж дүгнэсэн нь илт хууль зөрчсөн байна. Мөн “И” ТББ-д Д.Д нь тэргүүнээр ажиллаж байгаад ажлаа н.Н гэж хүнд өгсөн гэх боловч н.Н нь шалгалтын явцад дуудаад ирээгүйгээс гадна шалгалтаас илт зайлсхийж байсан болно.Түүнчлэн энэ ТББ-аас гараад 2 жилийн дараа халамж******* даргын үүрэгт ажлыг хийж болохоор хуулийн зохицуулалт байхад үүнийг харгалзалгүйгээр энэ албан тушаалд ажиллаж, өөрийн ажиллаж байсан Төрийн бус байгууллагадаа мөнгө нэмж шилжүүлж, бусад Төрийн бус байгууллагад хуучин олгож байсан санхүүжилтийг олгож байсан нь нэгдмэл сонирхолтой гэдэг нь харагдаж байхад шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

******* үйлчилгээний хэлтэс нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.О-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсан ба үлдсэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хянахад:

  1. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23-06-040-295 дугаар актыг хүчингүй болгуулах

шаардлагын тухайд:

Энэхүү актаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон “И” төрийн бус байгууллагын хооронд хийгдсэн гэрээг цуцалж, 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн санхүүжилтийг зогсоохыг холбогдох албан тушаалтанд хариуцуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас актын үндэслэлээ “Нийгмийн халамж,******* дарга Д.Д нь уг албан тушаалд томилогдохоос өмнө “И” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан. Гэтэл энэ байгууллагатай гэрээ байгуулж, санхүүжилт олгож хууль зөрчсөн” гэжээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болохоор заажээ. Үүний дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нь “И” төрийн бус байгууллага болон бусад төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, уг төрийн бус байгууллагаар халамжийн үйл ажиллагааг гүйцэтгүүлж, шаардагдах хөрөнгийг олгож байжээ.

Нийгмийн халамж******* дарга Д.Д нь “И” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Гэвч энэ байдал нь “Итгэлийн бяцхан элч” төрийн бус байгууллагаар нийгмийн халамжийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэхгүй байх хуульд заасан шаардлага биш байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар албан тушаалтан нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбоотой гэрээ байгуулахыг хоригложээ.

Энэ тохиолдолд Нийгмийн халамж******* даргаар ажиллаж байгаа Д.Д-ыг “И” төрийн бус байгууллагатай хамтран ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь “Итгэлийн бяцхан элч" төрийн бус байгууллага нь ашгийн төлөө хуулийн этгээд биш, харин нийгмийн халамжийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан, чийрэгжүүлэх болон нөхөн сэргээх эмчилгээ, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг, төрийн бус байгууллага болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой байхыг шаарджээ.

Нийгмийн халамж******* дарга Д.Д нь “И” төрийн бус байгууллагатай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдоогүй байна. Өөрөөр хэлбэл “Итгэлийн бяцхан элч” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан иргэн Нийгмийн халамж******* даргаар ажиллах болсон нь тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, санхүүжилтийг зогсоох үндэслэл болохгүй.

Хариуцагчийн “өөрийн ажиллаж байсан төрийн бус байгууллагадаа мөнгө нэмж шилжүүлж, бусад төрийн бус байгууллагад хуучин олгож байсан санхүүжилтийг олгож байсан нь нэгдмэл сонирхолтой гэдгийг харуулж байгаа” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д зааснаар улсын байцаагч нь хийсэн хяналт шалгалт, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд Нийгмийн халамж******* дарга Д.Д нь бусад төрийн бус байгууллагад хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон, өмнө нь хэдэн төгрөгийн санхүүжилт олгодог байсан тухай баримтжуулаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

  1. 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23-06-040-296 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Актаар 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “И” төрийн бус байгууллагын авсан нийт санхүүжилт 4.200.000 төгрөгийг төсвийн орлогын дансанд оруулахыг нэхэмжлэгч байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-д зааснаар улсын байцаагч хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн 4.200.000 төгрөгийг “хууль бусаар олсон орлого” гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин энэхүү мөнгө нь төрийн бус байгууллагын нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулахад шаардагдсан мөнгө байх бөгөөд улсын байцаагчийг акт үйлдэх үед зарцуулагдсан, нийгмийн халамжийг иргэдэд хүргэх зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа болж, хэрэгжээд дууссан хөрөнгө байсан болно. Иймээс энэхүү мөнгийг буцааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.